Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0230

 

 

 

 

 

 

2021 03 29 128/ШШ2021/0230

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК, “ТТ” ХХК, иргэн Г.Б нар,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.П, ГАБХ-ийн дарга Д.Б нар,

Гуравдагч этгээд: Гаалийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: ...Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах конторын зориулалтаар Гаалийн ерөнхий газрын эзэмшиж буй 5200 м.кв газрын хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасугай гэснийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.П, түүнийг хянасан ГАБХ-ийн дарга Д.Б нарын ******** нэгж талбарын дугаар бүхий Гаалийн ерөнхий газарт эзэмшүүлэхээр олгосон газрын кадастрын зураглалтыг илт хууль бус болохыг тогтоолгох

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ш, Ч.Б, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Засаг дарга 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар бүхий захирамжаараа Гаалийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төв, Гаалийн төв лабораторийн барилгуудыг барихаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Их тойруугийн 81/1-д 0.5 га газрыг олгосон байна. Энэ захирамж нь “С” ХХК, “ТТ” ХХК, иргэн Г.Б нарын хууль ёсны эзэмшлийн газарт байрлаж байгаа агуулах гражийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн гарч орох зориулалттай нийтийн эзэмшлийн талбайг эзэмшүүлэхээр олгосноос одоо барилгын ажил хийж тус үл хөдлөх хөрөнгийг ашиглах боломжгүй болгож бидний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 43-р зүйлийн 43.1-д /Захиргааны актыг ..... эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна/ заасныг зөрчиж олгосон байна. Энэ нь мөн Захиргааны хуулийн 47-р зүйлийн 47.1.6-д заасны дагуу бидний газар эзэмших болон үл хөдлөх хөрөнгөө ашиглаж захиран зарцуулах эрхийг хязгаарласан хуульд заасан үндэслэл байгаагүй байхад бусдад эзэмшүүлж барилга байгууламж барьж байгаа нь илт хууль бус захиргааны актаас үндэслэлтэй болно.

Тус захирамжийг үндэслэж Нийслэлийн хот төлөвлөлтийн газраас бидний үл хөдлөх хөрөнгийн хаалга үүд гарцыг таглаж ТП 846 цахилгаан дамжуулах объектыг шилжүүлэн барихаар төлөвлөсөн нь бидний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон тул тус захирамжийг хянаж илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү.

Анх энэ захирамж гарсныг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01-1/2524 тоот Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ц.Г*******ний С*********л компанийн захиргаанд өгсөн албан тоотоос мэдсэн бөгөөд энэ албан тоотын хариуг “С” ХХК-ны захирал Д.Ш**********н нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 09 тоот албан бичгээр татгалзсан хариуг өгсөн болно.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А*******нд уг захирамжийг дахин хянаж бидэнтэй зөвшилцөн шийдвэрлэж өгөхийг хүссэн гомдлыг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр явуулсанд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Ш*********р хариу албан тоот өгсөн ба түүндээ өмнө нь эзэмшиж байсан газрынх нь хугацааг сунгаж олгосон гэх боловч амаар мэдэгдэхдээ шинээр барих барилгынх нь нөхцөл байдлаас шалтгаалж томсгож олгосон гэж тайлбарлаад мэргэжлийн хяналтын албаар шинжээч гаргаж дүгнэлт гаргуул гэж мэдэгдсэн болно гэжээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон тодруулсан шаардлагадаа: ...Тус шүүхэд хянагдаж байгаа С ХХК, Т ХХК, иргэн Г.Б нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг доорх байдлаар нэмэгдүүлж байна.

1.    Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04-р сарын 08-ны өдрийн дугаар бүхий захирамжийн 1-р зүйлийн 1-1-т заасан Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах конторын зориулалтаар Гаалийн ерөнхий газрын эзэмшиж буй 5200 м2 газрын хугацааг 15 жилээр сунгасугай гэснийг илт хууль бус болохыг тогтоолгох,

2.    Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.П, түүнийг хянасан ГАБХ-ийн дарга Д.Б нарын ******* нэгж талбарын дугаар бүхий Гаалийн ерөнхий газарт эзэмшүүлэхээр олгосон газрын кадастрын зураглалыг илт хууль бус болохыг тогтоолгох.

Нийслэлийн Засаг дарга нь тус газрын хугацааг газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу 2004 оны нийслэлийн засаг даргын дугаар бүхий захирамжаар олгогдсон газрыг сунгаж олгохдоо доорх холбогдох хуулийн заалтуудыг зөрсөн байна. Газар эзэмшигчийн эрхийн дагуу Газрын тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.5-д заасны дагуу Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй гэсэн байтал газар эзэмшигч Гаалийн ерөнхий газар нь захирамж гэрээ, газрын баталгаат хэмжээг тогтоосон актыг зөрчиж өөрийн эзэмшлийн газраа нэмэгдүүлэн /1157 м2-аар/ хүссэнийг Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж хууль бус болохыг тэмдэглэж түүний хуучин эзэмшиж байсан 5200 м2 газрыг олгохоор шийдвэрлэсэн байна. Гэтэл газар эзэмшигч нь Засгийн газрын 2016 оны 6-р тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 187-р тогтоолын дагуу Гаалийн ерөнхий газрын барилгыг Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээн авсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 193-р тогтоолын дагуу дээрх барилга байгууламжид хамаарах газрыг Шүүхийн ерөнхий зөвлөлд шилжүүлсэн гэж газрын кадастрын зураг хийлгэж нэгж талбарын дугаар авсан байтал газрыг Нийслэлийн Засаг дарга нь хуучин эзэмшиж байсан газрын хэмжээгээр 5200 м2 гэж олгосон нь газрын тухай хуулийн 37.2, 35.1.5, 31.3, 25.5, 35.3.5-т заасан хуулийн шаардлагуудыг зөрчиж нийтийн эзэмшлийн газрыг нэмэгдүүлэн олгож нэхэмжлэгч бидний эрхийг ноцтой зөрчсөн тул Газрын тухай хуулийн 61-р зүйлийн 61.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Газар эзэмшигч Гаалийн ерөнхий газар нь Гаалийн төв лаборатори, Шуурхай удирдлагын төвийн барилгуудыг барихдаа Нийслэлийн газрын албанд 2019 оны 01-р сарын 23-нд гаргасан тоот албан тоотдоо Нийслэлийн газрын албанаас 2018 оны 9-р сард манай байгууллагын эзэмшиж байгаа газрын кадастрын зургийг 6357 м2 байхаар баталгаажуулж өгсөн. /нэгж талбарын дугаар **************/ гэжээ. Мөн 2019 оны 02-р сарын 28-ны өдрийн 03/697 тоот албан тоотоороо цахилгааны ХТП-ийн 16: 17: 18: 19 координат дээр байрлах газрыг манай эзэмшилд шилжүүлж өгнө үү гэж хүссэнийг Нийслэлийн газрын албаны Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хууль бус болохыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь өөрт олгогдсон эрхийн хүрээн кадастрын зураг болон бусад үйл баримтыг /Шүүхийн ерөнхий зөвлөлд шилжүүлсэн үгүй эсэхийг/ хянаж үзэлгүйгээр олгосон нь илт хууль бус шийдвэр гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А********г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “С” ХХК, “ТТ” ХХК, иргэн Ж.Г***********ж нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг хүргүүллээ.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны А дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гаалийн ерөнхий газарт конторын зориулалтаар 5200 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэжээ.

Гаалийн ерөнхий газар нь газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны дугаар захирамжаар 5200 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана... гэж заасны дагуу эрх хэмжээний хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан нь илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх тохиолдлуудыг зохицуулсан бөгөөд 47.1.1-47.1.7-д заасан тохиолдлуудад хамаарахгүй, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О****ү нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...”С” ХХК-ийн захирал Д.Ш*******н, “ТТ” ХХК-ийн захирал Ч.Б************а, Г*******ж овогтой Б*********г нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт Гаалийн ерөнхий газар архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтээ өгснийг судлан тус газраас Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар захирамжийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн МЗХ2019/**** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, загвар зургийг баталсан.

Гаалийн ерөнхий газар нь Барилгын тухай хуульд заасны дагуу баримт бичгийн бүрдлийг ханган Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах хүсэлт өгснийг судлан үзэж, 2019 оны 08 дугаар сарын 30-ны ***/**** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ ... Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас бидний үл хөдлөх хөрөнгийн хаалга үүд, гарцыг таглаж цахилгаан дамжуулах объектыг шилжүүлэн барихаар төлөвлөсөн нь бидний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэжээ. Гаалийн ерөнхий газрын эзэмшил газар дотор цахилгаан дамжуулах объектыг шилжүүлэн барихаар төлөвлөсөн нь нэхэмжлэгчийн ашгийг зөрчөөгүй болно.

Иймд Гаалийн ерөнхий газарт олгосон 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн МЗХ2019/**** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь холбогдох хууль тогтоомжид нийцэж гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Гаалийн ерөнхий газар нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай захирамжаар 5200 м2 газрыг, Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гаалийн ерөнхий газрын конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байна. Манай байгууллага энэхүү эзэмшиж буй газрыг зориулалтын дагуу, холбогдох хураамжийг цаг хугацаанд нь төлж барагдуулан хуулийн дагуу эзэмшиж байгаа болно.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар Гаалийн ерөнхий газрын газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг сунгаж, газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын ****** дугаартайгаар бүртгэсэн.

Улсын Их Хурлаас Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль батлагдаж, энэ хуулийн дагуу Гаалийн шинэчлэл-ийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, үндэсний аюулгүй байдлын зорилгоор Гаалийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төв, Гаалийн төв лабораторийн барилгуудыг барьж ашиглалтад оруулах болсон бөгөөд дээр дурдсан Гаалийн ерөнхий газрын хууль ёсоор эзэмшиж буй газар дээр барилгын ажил гүйцэтгэхээр болсон.

Өөрөөр хэлбэл Гаалийн ерөнхий газар хууль ёсоор эзэмшиж буй өөрийн эзэмшлийн газар дээрээ албаны зориулалтын барилга байгууламж захиалан бариулж байгаа болно.

Харин нэхэмжлэлд дурдагдсан эрх нь зөрчигдсөн гэх этгээдийн эзэмшил газрын хувьд Нийслэлийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай Барилгын байршилт тогтоож, газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжаар Ш ХХК, А сонинд 117000 м2 газрыг, хэвлэл мэдээлэл, худалдаа үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаатайгаар дунд нь ашиглуулахаар шийдвэрлэсэн байдаг. /Газрын нэгж талбарын хувийн хэрэгт Ш ХХК-ийн 5630 м2 эзэмшил газрын баталгаат хэмжээг тогтоосон актад тус маргаан бүхий 4 граж байрлаж буй газар нь баталгаажсан байна/

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаартай захирамжаар С ХХК-д 1724 м2 газрыг, орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд Нийслэлийн засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжаар “С” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байна.

Хэдийгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг 2010.03.25-ны өдрийн 203 дугаартай захирамжаар “С” ХХК-д шилжүүлсэн боловч нэхэмжлэлд дурдсан 4 гражийг Газрын кадастрын мэдээллийн сан-д аливаа ямар нэгэн захирамж шийдвэргүйгээр бүртгэсэн болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02-03/**** дугаартай албан тоотоор нотлогдож байна.

Энэ хууль бус үйлдэл нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь /Эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх/ гэсэн заалтыг зөрчсөн ноцтой хууль бус үйлдэл юм.

Иймд нэхэмжлэл аргасан “С” ХХК Д.Ша********н нарын эзэмшиж буй гэх 4 граж нь хууль бусаар Газрын кадастрын мэдээллийн сан-д бүртгэгдсэн, Газрын кадастрын мэдээллийн санд-д бүртгэж оруулах аливаа захирамж шийдвэргүй бөгөөд дээрх нөхцөл байдлаас үзвэл Гаалийн ерөнхий газрын албан зориулалтаар баригдаж буй барилга нь нэхэмжлэгч нарын аливаа нэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад заасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч “С” ХХК, “ТТ” ХХК, иргэн Г.Б нараас нэхэмжлэлийн шаардлагаа ...Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах конторын зориулалтаар Гаалийн ерөнхий газрын эзэмшиж буй 5200 м.кв газрын хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасугай гэснийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.П, түүнийг хянасан ГАБХ-ийн дарга Д.Б нарын ******* нэгж талбарын дугаар бүхий Гаалийн ерөнхий газарт эзэмшүүлэхээр олгосон газрын кадастрын зураглалтыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар захирамж нь сонсох ажиллагаа хийгээгүй гарсан, тус захирамжийг үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлтийн газраас бидний үл хөдлөх хөрөнгийн хаалга үүд гарцыг таглаж ТП 846 цахилгаан дамжуулах объектыг шилжүүлэн барихаар төлөвлөсөн нь бидний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн... гэж тайлбарлан маргаж, хариуцагчаас ...Гаалийн ерөнхий газар нь эзэмшил газартаа ХТП 846 цахилгаан дамжуулах объектийг барихаар төлөвлөсөн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй, гуравдагч этгээдээс ...хууль ёсоор эзэмшиж буй өөрийн газар дээр албаны зориулалтын барилга байгууламж барьж байгаа нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчөөгүй гэж харилцан маргажээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараахь үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн хувьд:

Нийслэлийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай Барилгын байршил тогтоож, газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжаар Ш ХХК, А сонинд 11700 м.кв газрыг хэвлэл мэдээлэл, худалдаа үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаатайгаар дунд нь ашиглуулахаар шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 тоот протоколыг үндэслэн Орос-Монголын хамтарсан Р****** ББХК, А сонины газар нь 1993 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр Төрийн төв хэвлэлийн дуусаагүй барилгыг барьж дуусгах, хамтран өмчлөх тухай гэрээг байгуулж төрийн төв хэвлэлийн барилгын 50 хувийг А сонинд, үлдэх 50 хувийг Р********* ББХК өөрийн үзэмжээр өмчлөхөөр хэлэлцэн тохирсон байна.

Түүнчлэн 1996 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Р******** ББХК нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт ХГЭЭШК-ийн 1994 оны 08 дугаар тогтоолоор хэмжээг нь тогтоосон 8966 м.кв эдэлбэр газрыг баталгаажуулах тухай хүсэлтийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харъяа Газрын харилцааны албанд ...8966 м.кв газар, 343 сая төгрөгийн өртөгтэй үйлдвэрлэл үйлчилгээ явуулах барилгатай тул газрыг баталгаажуулж, гэрээ байгуулж өгнө үү гэх агуулгаар гаргажээ.

Р********** ББХК нь ХГЭЭШК-ийн 1994 оны 08 дугаар тогтоолоор газрын хэмжээг 8966 м.кв гэж тогтоолгосон байх боловч 1996 оны Эзэмших, ашиглах газрын хэмжээг газар дээр нь хэмжилт хийж зураглал хийж тогтоосон актаар уг газрыг 11670 м.кв болохыг тогтоож, хэмжилт гүйцэтгэсэн мэргэжилтнүүд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Дээрхээс үзвэл уг газар нь 8966 м.кв бус 11670 м.кв хэмжээтэй олгогдсон, хэрэгт Р********* ББХК, А сонины газар нь төрийн төв хэвлэлийн барилгыг 50, 50 хувиар хувааж өмчлөхөөр тохиролцон гэрээ байгуулснаас газрыг хуваан эзэмших талаар байгуулагдсан гэрээ байхгүй байх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл Р********* ББХК, А сонины газар нь дээрх газрыг хуваан эзэмшихээр тохиролцсон нь 1996 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тоот А сонины газраас Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн Эдэлбэр газрын эзэмшлийг баталгаажуулах тухай хүсэлтээр тодорхойлогдож байна.

Тодруулбал А сонин нь хүсэлтдээ ... А сонины газар, Ш ХХК хамтарч 1993 оноос эхлэн барилга барьж байгаа ба манай хоёр байгууллагын эзэмшлийн эдэлбэр газрыг тэнцүү хувиар эзэмшүүлэхээр баталгаажуулж өгнө үү, эдэлбэр газрын хэмжээ 8966 м.кв гэснээр нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна.

Улмаар 1996 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн татварын байцаагчийн гарын үсэгтэй тодорхойлолтоос үзвэл Р ХХК нь Ш ХХК болж өөрчлөгдсөнийг тодорхойлсон байна.

Нийслэлийн Засаг даргын 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дүгээр Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай шийдвэрээр Ш ХХК-д худалдаа үйлчилгээний зориулалтаар 5630 м.кв газрыг, А сонины газарт үйлдвэрлэлийн зориулалтаар 2200 м.кв, автомашины зогсоолын зориулалтаар 1500 м.кв газрыг тус тус ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дүгээр захирамжийг үндэслэн Ш ХХК нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 5630 м.кв газрыг ашиглахаар 1999 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3006/**** дүгээр бүртгэлийн дугаар бүхий гэрээг байгуулжээ.

Улмаар 2004 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 010 дугаартай Ш ХХК, Монгол банкны 2001 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаар зөвшөөрлөөр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн эрх авсан С ХХК-иудын дунд хөрөнгө оруулалт хийх Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Ш ХХК нь барилгын суурьтай 1724 м.кв газрын ашиглах, эзэмших эрхийг С ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчлан тогтоосон байх бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна,  31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан байх ба Ш ХХК, С ХХК-иудын зүгээс 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 07, 2004 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар албан бичгүүдээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Тт хандан 1724 м.кв газрыг С ХХК-д шилжүүлэх, С ХХК-иас шилжүүлэн авах тухай хүсэлтийг тус тус гаргасан байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигч дараахь эрхтэй, 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх; 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана, 38.4-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж тус тус заажээ.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын дугаар бүхий 1724 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар орон сууц, үйлчилгээний зориулалтаар С ХХК-д эзэмшүүлж 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмших, ашиглах гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн 195 тоот акт-аар С ХХК нь 2005 оноос 2009 оныг хүртэлх хугацаанд 4,361,720 төгрөг төлсөн болохыг баталгаажуулсан байна.

С ХХК-ийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаар Банк бус санхүүгийн оноосон нэрийг солих тухай тушаалаар “С” ХХК болж нэрээ өөрчилсөн байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/895 тоот Газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай шийдвэрээр “С” ХХК-д олгосон газрын эзэмших хугацааг сунгаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 143006/0073, ************** нэгж талбарын дугаар бүхий 1724 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 10 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр *********** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот албан бичигт албан бичигт ...нэгж талбарын ************ дугаар бүхий 1787 м.кв талбайтай газар нь анх 2006 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд С ХХК-ийн нэр дээр эзэмших эрхтэйгээр, 2009 оны 12 дугаар сарын архивын зурган мэдээлэлд дээрх нэгж талбарын дугаар болон талбайн хэмжээ өөрчлөгдөн нэгж талбарын 18 дугаар бүхий 1723 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн, 2020 оны 10 дугаар сарын зурган мэдээлэлд ****** дугаар бүхий 1722 м.кв талбайтай болж “С” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байна гэжээ.

Иргэн Г.Бийн хувьд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл Ш ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан ба хэрэгт Ш ХХК нь татан буугдсан, дампуурсан зэргээр өмчийн хэлбэрийн хувьд өөрчлөгдсөн, эсхүл одоо ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн байгаа талаар тодорхой баримт авагдаагүй байх боловч нэхэмжлэлд иргэн Г.Б нь өөрийн эзэмшлийн авто гаражийн орц, гарцыг хаан Гаалийн ерөнхий газар нь ТП 846 цахилгаан дамжуулах объектыг шилжүүлэн барихаар төлөвлөсөн нь бидний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр маргаж байх тул Ш ХХК-ийн газрын талаар цаашид маргааны үйл баримтад хамааралгүй байх тул дүгнэлт хийх шаардлагагүй байна.

2. Гаалийн ерөнхий газрын газар эзэмших эрхийн хувьд:

Нийслэлийн Засаг даргын 1996 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/239 дүгээр Барилгын байршил тогтоож, газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжаар Гаалийн ерөнхий газарт 4000 м.кв газрыг конторын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 1999 оны 07 дугаар сарын 07-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулсан байна.

Дээрх шийдвэрээр 4000 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгож, 1200 м.кв газрыг Монгол улсын Сангийн яамнаас Гаалийн ерөнхий газарт шилжүүлсэн болох нь хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нарын шүүх хуралдаанд гаргасан ...1200 м.кв газар нь Сэргээн босголт банкны өмчлөлд байж байгаад Монгол улсын Сангийн яам банкны өрөнд хурааж авч, Гаалийн ерөнхий газрын өмчлөлд шилжүүлсэн гэх тайлбар мэдүүлэг, Сэргээн босголт банкны Сүхбаатар дүүрэг дэх салбарт 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дүгээр шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны (хуучнаар) нутаг дэвсгэрт 1300 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглах гэрээ байгуулагдсан зэрэг үйл баримтаар нотлогдож, Гаалийн ерөнхий газар нь 5200 м.кв газрыг эзэмших болжээ.

Улмаар Гаалийн ерөнхий газрын 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2/4183 тоот гэрээг шинэчлэх тухай албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар 5200 м.кв газрыг олгохоор шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, 3006/0072 дугаар бүхий 5200 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших ****** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч, газрын төлбөрийн тооцоо нийлсэн 020110161 тоот актаар Гаалийн ерөнхий газар нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 18,304,000 төгрөг төлж, төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг болохыг баталгаажуулжээ.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна, 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах, 37.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ гэж заасан байх ба Гаалийн ерөнхий газар нь Нийслэлийн Газрын албанд ...Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 09 дүгээр сард манай байгууллагын эзэмшиж байгаа газрын кадастрын зургийг 6357 м.кв байхаар баталгаажуулж өгсөн. Иймд дээрх хэмжээгээр газрын гэрчилгээг баталгаажуулж өгнө үү, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тоот албан бичгээр дээрх агуулга бүхий хүсэлтийг мөн хүргүүлсэн байгаа зэргээс үзвэл Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах, хэмжээ нэмэгдүүлэх тухай хүсэлтийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл Нийслэлийн Газрын алба Гаалийн ерөнхий газрын эзэмшиж байгаа газрын кадастрын зургийг 6357 м.кв байхаар баталгаажуулж өгсөн зүйл байхгүй байна.

Тодруулбал Нийслэлийн Газрын албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2/369 дугаартай албан бичигт танай ихэсгэж баталгаажуулахаар хүсэлт гаргаж буй газар нь бусдын автомашины гаражруугаа орж гарах нийтийн эзэмшлийн авто замтай давхцахаар байх тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу, Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэлд Гаалийн ерөнхий газрын эдэлбэр газрын хэмжээг 6357 м.кв байхаар төслийн хэмжээнд хэлэлцсэн ч хурлаас гарсан дүгнэлтээр 5200 м.кв байхаар тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захирамжаар Гаалийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах конторын зориулалтаар эзэмшиж буй 5200 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгахаар шийдвэрлэж, ******* нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмшүүлэх дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байна.

2. Нэхэмжлэгч нарын гаражтай холбоотой маргах эрхийн тухайд:

Иргэн Г.Бийн хувьд, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №**/** дугаартай Газрын төлбөрийг тодорхойлох тухай актаар Г.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол Их тойруу сонины газрын баруун урд талд гаражийн зориулалттай 18 м.кв газрыг ашигласны төлбөр 95040 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төлсөн болохыг тодорхойлж, төлбөр төлсөн Улаанбаатар хотын банкны төлбөрийн баримтыг хавсаргажээ.

“ТТ” ХХК-ийн хувьд хэрэгт 2005 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ********* дугаартай Сүхбаатар дүүрэг А сонины байрны дэргэд 18 м.кв багтаамжтай 2 сая 500 төгрөгийн үнэлгээ бүхий гаражийн барилгатай болохыг гэрчилсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ авагдсан байна.

2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Гараж худалдах, худалдан авах тухай хэлцлээр Ш ХХК-ийн эзэмшлийн газарт байрлах иргэн Б.Одсүрэнгийн 41 м.кв талбай бүхий авто гаражийг иргэн Ч.Ц********э нь үнэ тохиролцон худалдан авч, нэр дээрээ шилжүүлэхээр тохиролцож, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай Гараж шилжүүлэх тухай хэлцлээр иргэн Ч.Ц********э нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Ш ХХК-ийн эзэмшлийн газар дээр байрлах өөрийн эзэмшлийн авто гаражийг “С” ХХК-д шилжүүлэхээр тохиролцжээ.

Газрын төлбөр тогтоох тухай 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаартай актаар Ч.Ц********э нь гаражийн зориулалтаар 24 м.кв газрыг ашиглаж жилд 11,000 төгрөг төлөхөөр тогтоож, 2008, 2009, 2010 онуудад тухайн төлбөрийг төлсөн болохыг баримтжуулсан Хаан банкны төлбөрийн баримтыг гаргаж өгсөн байна.

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгээр Гаалийн ерөнхий газарт өгсөн хариу албан бичигт ...Тус дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн ерөнхий газрын эзэмшиж буй газар дээр байгаа авто машины гараж болон агуулах нь тус албаны мэдээллийн санд бүртгэгдээгүй болно , тус албаны 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичигт ...Гаалийн ерөнхий газрын эзэмшил газрын зүүн талд байрлах гаражуудын доор газрыг газрын мэдээллийн санд 2 нэгж талбар болгон бүртгэсэн байх боловч захирамж шийдвэрийн мэдээлэл бүртгэгдээгүй байна, Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар тус гаражуудын доорх газрыг баталгаажуулаагүй байна гэснээс үзвэл нэхэмжлэгч нар нь тухайн гаражуудын доорх газрыг албан ёсоор эзэмших эрхгүй байна.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх гэж заасныг зөрчсөн байх хэдий ч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нар нь тухайн гаражуудын доорх газрыг эзэмших хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн боловч хэрэгт авагдсан газрын төлбөр төлсөн талаарх холбогдох нотлох баримтууд болон талуудын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан “ТТ” ХХК 17 жил, Г.Б 1998 оноос хойш, “С” ХХК 2004 оноос хойш тус тус ашиглаж байгаа гэх тайлбарыг харгалзан нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй байна гэж шүүх дүгнэсэн.

Монгол улсын 2019 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсны дагуу маргаан бүхий газарт Гаалийн төв лабораторийн барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр 13,393,053,091 төгрөг төсөвлөж барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, 2019 оны 08 дугаар сараас эхэлж, 2020 оны 08 дугаар сард хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар захирамжийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн МЗХ2019/**** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдож, загвар зураг батлагдаж, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ***/**** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогджээ.

Гаалийн ерөнхий газраас “С” ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 05-ны 01-1/2524 тоот албан бичгээр Гаалийн ерөнхий газрын төв лабораторийн барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан цахилгааны ХТП-н суурийн ажлыг ухаж суурийн цутгалт хийхэд “С” ХХК-ийн хашааг 2 метр хэмжээтэй түр хугацаагаар хойшлуулах шаардлагатай болсон, барьсны дагуу хашааг буцаагаад хуучин байранд нь байрлуулах тухай мэдэгдэж, “С” ХХК-иас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 09 дугаар албан бичгээр склад, гараж руу орох зам таглан цахилгааны ХТП-г шилжүүлж байрлуулахыг эрс татгалзаж, 2 метр хойшлуулахыг зөвшөөрөхгүй байгаа талаар мэдэгджээ.

Хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02-03/4103 тоот Мэргэжлийн хяналтын газраас Ган-Эрдэнэ 47 СӨХ-ны холбооны дарга Т.Гт хүргүүлсэн албан бичигт ... шалгалтаар 1989 онд ашиглалтад орсон 2*800 кВА-ын хаалттай дэд станц ХТП 864-ын хүчин чадлыг нэмэгдүүлж, 4*800 кВА-ын дэд станцыг шинээр барьж байгуулах ажлыг 15/00770/19 дугаартай техникийн нөхцөл, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, УБЦТС ТӨХК зэрэг байгууллагуудын баталж, магадлалаар баталгаажуулсан QL25/2019 шифртэй зураг төслийн дагуу, 488/**** дугаартай барилгын ажлын зөвшөөрлөөр У ХХК угсралтын ажлыг гүйцэтгэж байна, дээрх дэд өртөөний барилга байгууламж нь Гаалийн ерөнхий газрын ******** нэгж талбарын дугаартай эзэмшил газарт баригдаж байна гэх албан бичиг, түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тоот, мөн газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот албан бичигт албан бичгүүдэд ...Нийслэлийн Газрын кадастрын мэлээллийн сангийн 2006-2020 оны архивын зурган мэдээллээс нэгж талбарын **************** дугаараар хайлт хийж үзэхэд 2006 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд 6467 м.кв талбайтайгаар анх бүртгэгдсэн, 2008 оны 09 дүгээр сард 6436 м.кв, 2009 оны 12 дугаар сард 6357 м.кв, 2019 оны 06 дугаар сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын ******* дугаар бүхий 5200 м.кв талбайтай болж өөрчлөгдөн бүртгэгдсэн байна гэснээс үзвэл Гаалийн ерөнхий газар нь анх эзэмшүүлэхээр олгогдсон 5200 м.кв газрын хэмжээг хэтрүүлж кадастрын зургийн бүртгэлд бүртгэгдсэн байсан нь тогтоогдож байх боловч 2019 оны 06 дугаар сарын зурган мэдээллээс үзвэл маргаан бүхий захирамжаар олгогдсон 5200 м.кв газрыг эзэмшиж байна.

Шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 05 минутад маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр Гаалийн ерөнхий газрын барьсан түр хашаа нь нэхэмжлэгч нарын гараж, агуулахын зориулалтаар ашиглаж буй барилгын үүдийг хааж /үзлэгийн зургаар нотлогдох/ орж, гарах боломжоор хязгаарласан нь тогтоогдох боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дүгээр албан бичигт ... Газрын нэгж талбарын хувийн хэрэгт Ш ХХК-ийн 5630 м.кв эзэмшил газрын баталгаат хэмжээг тогтоосон актад тус маргаан бүхий 4 гараж байрлаж буй нь баталгаажсан байна гэх, мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шинжээчийн дүгнэлт зэргээс үзвэл гуравдагч этгээд нь өөрийн эзэмшлийн газарт түр хашааг барьсан, түр хашаандаа нэхэмжлэгч нарыг гараж руу орж, гарах хаалгаар хангасан зэргийг харгалзан нэхэмжлэгч нарын бидний үл хөдлөх хөрөнгийн хаалга үүд гарцыг таглаж ТП 846 цахилгаан дамжуулах объектыг шилжүүлэн барихаар төлөвлөсөн нь нэхэмжлэгч нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 тоот тогтоол, 2002 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот Барилга эзэмшүүлэх тухай Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар Татан буугдсан Сэргээн босголтын банкинд саатаж байсан ХК-ийн татварын өрөнд авсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай нийт 5550 м.кв талбай бүхий 2 давхар тоосгон барилгыг Гаалийн ерөнхий газарт шилжүүлсэн байна.

Мөн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 тоот Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Гаалийн ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2,215,104,174 төгрөгийг балансын үнэ бүхий 4300 м.кв талбайтай 9 давхар 64 өрөөтэй албан конторын барилгыг захиргааны хэргийн шүүхүүдийн нэгдсэн байрны зориулалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн балансаас балансад шилжүүлж шийдвэрлэжээ.

Засгийн газрын 2013 оны 193 дугаар тогтоолын дагуу үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажил улсын хэмжээнд зохион байгуулагдсантай холбоотойгоор дээрх барилга байгууламжид хамаарах газар эзэмших эрхийг шилжүүлж авахаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Барилга хот байгуулалтын яаманд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт албан бичгүүд хүргүүлсэн байх ба хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *******, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар хариу албан бичгүүдэд ...Гаалийн ерөнхий газрын саналыг авах, шүүхийн маргаантай байгаа гэх тайлбар, Газар зохион байгуулалтын албанаас тус шүүхэд хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот Хариу хүргүүлэх тухай албан бичигт ..Гаалийн ерөнхий газраас Шүүхийн ерөнхий зөвлөлд шилжсэн барилгын доорх газрын эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Шүүхийн ерөнхий зөвлөлд баталгаажуулаагүй байх бөгөөд Нийслэлийн Газрын мэдээллийн санд тус барилгатай холбоотой мэдээлэл бүртгэгдээгүй байна гэснээс үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөлд шилжсэн 9 давхар барилгын газар эзэмших эрх Гаалийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн аль алины эзэмшилд бус байна.

Иймд Гаалийн ерөнхий газар нь 5550 м.кв талбай бүхий барилгыг Сэргээн босголтын банкнаас шилжүүлэн авсан, 4300 м.кв бүхий 9 давхар барилгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд шилжүүлсэн зэрэг нь маргаан бүхий газартай хамааралгүй байх тул дэлгэрэнгүй дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2993 дугаар захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр:

1. Нэгж талбарын ********** дугаар бүхий 6498 м.кв талбайтай газар нь ****** регистрийн дугаартай аж ахуйн нэгжийн нэр дээр Нийслэлийн Засаг даргын А/239 дүгээр шийдвэрээр, 2020 оны 07 дугаар сарын зурган мэдээлэлд нэгж талбарын 14 дугаар бүхий 5200 м.кв талбайтай газар нь Гаалийн ерөнхий газрын нэр дээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/237 тоот захирамжаар бүртгэгдсэн байна.

2. Маргаан бүхий гаражуудыг газар дээр нь очиж хэмжиж үзэхэд 104 м.кв талбайтай, Гаалийн ерөнхий газрын 5200 м.кв талбайтай газрын кадастрын зурагтай давхцуулан үзэхэд байршлын хувьд давхцалгүй зэргэлдээ байна.

3. Гаалийн ерөнхий газрын барьсан түр хашаа нь 155 метрийн урттай, ХТП нь 112 м.кв талбайтай, барьж буй барилга нь 1686 м.кв талбайтай байна. Гаалийн ерөнхий газрын барьсан түр хашаан дотор нэхэмжлэгч нарын гараж багтаж байна. Гаалийн ерөнхий газрын эзэмшиж буй 5200 м.кв талбайтай газартай ХТП 112 м.кв талбайтай, барьж буй барилгын 1686 м.кв талбайтай газрууд багтаж байна гэжээ.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр захирамжаар шинжээчийн дүгнэлтийн 1 дэх асуултад нэмэлт шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн байх ба Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд ...2004 оны А/ тоот захирамжаар Гаалийн ерөнхий газарт олгосон газрын баталгаат хэмжээг тогтоосон акт нь солбицлын утгагүй байх тул талбайн хэмжээг тодорхойлох боломжгүй байх боловч Нийслэлийн Газрын кадстрын мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын зурган мэдээлэлтэй давхцуулахад 2004 оны А/ дүгээр захирамжаар 5200 м.кв газрыг олгосон байхад төслийн хүрээнд хийгдсэн зураг 6498 м.кв талбайгаар зураглаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа захирамжид заагдсан хэмжээгээр зураглаж бүртгэсэн байна гэх зэрэг дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс үзвэл Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/ дүгээр захирамжаар Гаалийн ерөнхий газарт эзэмшүүлсэн 5200 м.кв газрын хэмжээ, байршил өөрчлөгдсөн боловя 2019 оны 09 дүгээр сарын зурган мэдээллээс үзвэл газрын хэмжээ 5200 м.кв, маргаан бүхий гаражуудын доорх газартай давхцалгүй байгаа нь тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч нарын гаражийн доорх газар нь гуравдагч этгээдийн эзэмшлийн газартай давхцалгүй байх тул эрх ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд гэж үндэслэлгүй байх буюу маргаан бүхий захиргааны актыг сонсох ажиллагаа явуулаагүй гаргасан гэж маргах нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Харин гуравдагч этгээд Гаалийн ерөнхий газраас шүүх хуралдааны үед ...цаашид нэхэмжлэгч нарыг гаражаар орж гарах эрхийг нь хязгаарлахгүй... гэсэн тайлбарыг удаа дараа өгсөн бөгөөд барилга барих хугацаанд нэхэмжлэгч нарын гараж ашиглах эрхийг зөрчсөн нь тогтоогдож байх тул хохирол учирсан эсэх асуудлаа иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 10.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус үндэслэн “С” ХХК, “ТТ” ХХК, иргэн Г.Б нараас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.П, ГАБХ-ийн дарга Д.Б нарт холбогдуулан гаргасан ...Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах конторын зориулалтаар Гаалийн ерөнхий газрын эзэмшиж буй 5200 м.кв газрын хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасугай гэснийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.П, түүнийг хянасан ГАБХ-ийн дарга Д.Б нарын ******* нэгж талбарын дугаар бүхий Гаалийн ерөнхий газарт эзэмшүүлэхээр олгосон газрын кадастрын зураглалтыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ОДМАА