Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0161

 

“САЖ-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-

Нэхэмжлэгч: “САЖ-” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Б, Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0029 дүгээр,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-, хариуцагч Б.Б, Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0426/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0029 дүгээр шийдвэрээр:

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт /Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2019 оны/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 7 дугаар зүйлийн 7.3.6-д 12 дугаар зүйлийн 12.2, Татварын ерөнхий хуулийн /2019 оны/-н 7 дугаар зүйлийн 7.2.6, 7.3, 9 дүгээр зүйлийн 9.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “САЖ-” ХХК-ийн “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-21220000045 дугаар Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга:

            2.1. Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөөлөгчийн газрын Татвар хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.Б, Б.Б  нар нь манай компанид Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хэсэгчлэн хяналт шалгалтыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмалын бүтээгдэхүүн худалдан борлуулагч, худалдан авагч татар төлөгч нарыг хамааруулж хяналт шалгалтыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд явуулж, Татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №НА-21220000045 Нөхөн ногдуулалтын актаар 167,118,633 төгрөгийн нөхөн татвар, 50,135,590 төгрөгийн торгууль, 31,852,479 төгрөгийн алданги нийт 249,106,702 төгрөгийн төлбөр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Ийнхүү уг Нөхөн ногдуулалтын актыг Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар тогтоолоор нийт 20,828,361 төгрөгийг бууруулж 228,278,341 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилсөн байдаг.

            2.2. Манай компани зүгээс, энэхүү Маргаан таслах зөвлөлийн өөрчлөн бууруулсан маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар Тогтоолоор хүчингүй болгосон “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт /Улсын их хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/-ыг баримтлан” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

            2.3. Учир нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №НА-21220000045 Нөхөн ногдуулалтын  акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсгийн 4.2.1-т “хуульд үндэслэх” 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлан гаргах учиртай.

            2.4. Монгол Улсын их хурлаас Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмал ашигласны  төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дах заалтыг Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар Дүгнэлтээр: Монгол улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн” Төрөөс хүний эрх эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөвшөөрсөн байна.

            Түүнчлэн эдгээр Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Улмаар Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр Тогтоолоор: Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 03 дугаар Дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн бөгөөд Монгол улсын цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6-д “цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу дээрх Ашигт малтмалын хуулийн холбогдох заалт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон байдаг.

            2.5. Гэтэл энэхүү маргаан бүхий захиргааны акт нь Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 04 дугаар Тогтоолоор хүчингүй болгосон Улсын их хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг үндэслэн гаргасан байхад анхан шатны шүүхээс дараах хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг өгсөн байна.

            2.5.1. Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтдаа оруулсан өөрчлөлтийнхөө үзэл санааг, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-т заасныг тус тус үндэслэсэн: 

            -Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болгосон, Улсын их хурлаас уг хуулийн заалтыг өөрчлөн найруулснаас үл хамааран ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд давхардуулахгүйгээр ногдуулах зарчим хэвээр бус тул нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэлээ болгож, татварыг давхардуулан ногдуулсан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй тайлбар хууль зүйн үндэслэлгүй

            2.5.2. Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлд “Үндсэн хуульд нийцээгүй тухай шийдвэр гаргасны үр дагаврын талаар хуульчилсан буюу мөн хуулийн 22.1, 22.1,-т тус тус заасныг үндэслэн:

            Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь өмнөх хуулийн үйлчлэл сэргээх, буцаан хэрэглэх зэрэг хууль зүйн үр дагавар авчрахгүй болно.

            Нөгөө талаас Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн Их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар Тогтоол гарснаар Улсын их хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заасныг өөрчлөн найруулсан хууль хүчингүй болох боловч, уг хугацаанаас өмнөх хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан уг хуулийн заалтыг хэрэглэхгүй байхыг Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар хуульчлан тогтоогүй байна.

            Ийнхүү Монгол улсын Үндсэн Хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоол нь өөрөө 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтын учруулсан байж болох хор хохирлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн байна.

            2.6. Манай компани нь 2019 онд дотоодын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Б” ХХК, “Ф” ХХК, “Р” ХХК, “П” ХХК, “Ц” ХХК-иудаас нийт 28.620 тн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрс худалдан авч, үүнээс 11,498 тн нүүрсийг дотоодын зах зээлд, 18,547 тн нүүрсийг гадаадын зах зээлд экспортолсон, мөн 2021 онд 213,45 тн нүүрсийг гадаадын зах зээлд экспортолсон байдаг. Хэрвээ 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтаар манай компани ашигт малтмал ашигласны төлбөр /татвар/ төлөгч юм бол 2019 онд дотоодоос худалдан авсан дээрх зургаан компанитай адил ашигт малтмал ашигласны төлбөр / татвар /-г давхардуулан төлөх үр дагавар үүснэ. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх заалтын учруулсан байж болох хор хохирлыг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд гаргаагүй билээ.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0029 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

            2. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татвар, хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.Б, Б.Б нар нь “САЖ-” ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-21220000045 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 167.118.633.42 төгрөгийн нөхөн татвар, 50.135.590.02 төгрөгийн торгууль, 31.852.479.01 төгрөгийн алданги, нийт 249.106.702.45 төгрөгийн төлбөр ногдуулж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргажээ.

            2.1. Тус татварын хяналт шалгалтаар Татварын Ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг дараах байдлаар зөрчсөн гэж үзжээ. Үүнд:

            -2019 онд дотоодоос коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрс худалдан авч экспортод худалдан борлуулахдаа 2019 оны 5 сард 1.305.224.296.88 төгрөг, 6 сард 621.479.668.11 төгрөг, 7 сард 605.906.733.46 төгрөг, 9 сард 605.249.415.87 төгрөг, нийт 3.137.860.114.32 төгрөг, 2021 онд 99.949.394.58 төгрөг, нийт 3.237.809.508.90 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.7. “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг, 47 дугаар зүйлийн 47.1-т “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2 “ашигт малтмал экспортолсон этгээд:”, 47.2.1-т “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан 47.3-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3-д “ энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь” гэж заасныг,

             - 2019 онд дотоодоос коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрс худалдан авч БНХАУ-д ... нүүрсийг экспортод гарган борлуулахдаа 2019 оны 5 сард 1.305.224.296.88 төгрөг, 6 сард 621.479.668.11 төгрөг, 7 сард 605.906.733.46 төгрөг, 9 сард 605.249.415.87 төгрөг, нийт 3.137.860.114.32 төгрөг, борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна, 47.5-д “Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараах байдлаар тодорхойлно, боловсруулаагүй нүүрсний үнийн түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж тооцох хувь; ... Боловсруулаагүй нүүрсэнд тн тутамд зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ 25-50 хүртэл-1.00, 50-75 хүртэл-2.00, 75-100 хүртэл-3.00” байна гэж заасныг,

            -2021 оны 10 сард “Цагц экспорт импорт”-ын компанид 213.45 тонн нүүрс, коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрс 99.949.394.58 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрчлөн найруулсан/-ийн 47 дугаар зүйлийн “47.17. Нүүрс, нүүрсний бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно; ... Боловсруулаагүй нүүрсэнд тн тутамд зах зээлийн үнийн түвшин /ам доллараар/ 25-50 хүртэл-1.00, 50-75 хүртэл-2.00, 75-100 хүртэл- 3.00” байна гэж заасан;

            -2019 онд ... коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсийг дотоодод борлуулахдаа 593.742.658.57 төгрөгийн дотоодод борлуулсан нүүрсний борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй зөрчилд нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.1-д заасан заалтыг тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 7.069.361.676.37 төгрөгийн зөрчил илэрсэн.

            3. Дээрх нөхөн ногдуулалтын актыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.2.1, 47.3, 47.7-д заасныг тус тус баримтлан Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар 7.069.361.676.37 төгрөгийн зөрчилд 167.118.633.42 төгрөгийн нөхөн татвар, 50.135.590.02 төгрөгийн торгууль, 31.852.479.01 төгрөгийн алданги, нийт 249.106.702.45 төгрөгийн төлбөр ногдуулснаас 13.899.238.78 төгрөгийн нөхөн татвар, 4.169.771.63 төгрөгийн торгууль, 2.759.350.71 төгрөгийн алданги, нийт 20.828.631.13 төгрөгийн төлбөрийг бууруулж, 153.219.394.64 төгрөгийн нөхөн татвар, 45.965.818.39 төгрөгийн торгууль, 29.093.128.30 төгрөгийн алданги, нийт 228.278.341.32 төгрөгийн төлбөр” төлүүлэхээр өөрчилсөн.

            4. Нэхэмжлэгчээс “... Татварын хяналт шалгалт хийх талаар Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасны дагуу мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6-д заасан зарчмуудыг хангаагүй, хуульд заасан урьдчилан мэдэгдэх үүргээ зөрчиж алдаатай захиргааны үйл ажиллагаа явуулсан, ... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан, ... хуульд нэмэлт өөрчлөлт орсон хэдий ч тусгайлсан журам нь батлагдаж гараагүй байхад бид тусгай зөвшөөрөлтэй компаниудаас ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар орсон үнээр худалдан авч, БНХАУ-ын худалдан авагчид хүлээлгэх ажлыг хийж гүйцэтгэсэн, ... Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 47.5-д заасныг үндэслэж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь буруу ...” гэж маргажээ.

            4.1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ”,Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн  А/70 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 4.3.1-д “хяналт шалгалт хийх талаар татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн татвар төлөгчийн бүртгэлтэй утас болон цахим хаягт мэдээлэл хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 41.5-д заасны дагуу мэдэгдсэнд тооцно. Хялбаршуулсан хяналт шалгалтын үед татварын албанаас тайлан залруулах шаардлага хүргүүлсэн өдрийг Татварын ерөнхий хуулийн 41.5-д заасны дагуу татвар төлөгчид мэдэгдсэн өдөр гэж тооцно” гэж заасан.

            4.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч улсын байцаагч нар нь Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан “Хяналт шалгалт хийх тусгай удирдамж, Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу “САЖ-” ХХК-ийн татвар төлөгчийн 2306........ дугаар гэрчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болох [email protected] хаягт 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр улсын байцаагч Ц.Б-ын  [email protected] хаягаар хяналт шалгалт хийх талаар урьдчилан мэдэгдэж, томилолтын хамт хүргүүлсэн. Улмаар нэхэмжлэгч компанийн цахим хаягаас 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Хүлээн авлаа, Ирэх 7 хоногт шалгалтанд ороход бэлэн” гэх хариу өгсөн зэрэг үйл баримтуудаас үзэхэд хариуцагч улсын байцаагч нь хууль, нарийвчилсан журмаар зохицуулсан татварын хяналт шалгалтын бэлтгэх үе шатанд хэрэгжүүлэх холбогдох ажиллагааг хийсэн болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн “... “САЖ-” ХХК-ийн оролцоог хангасан, ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

            4.3. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 7 дугаар зүйлийн 7.3.6-д “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” татварын төрөлд хамаарна гэж, 12 дугаар зүйлийн 12.2-т “Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно” гэж, Татварын ерөнхий хуулийн /2009 оны/ 7 дугаар зүйлийн 7.2.6-д “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” нь татварын төрөл байхаар, мөн зүйлийн 7.3-т “Тодорхой төрлийн татварын харилцааг энэ хуулийн болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно” гэж тус тус заажээ.

            Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд мөн эсэх талаарх маргааны тухайд:

            4.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Билэгт баялаг” ХХК-иас 30.000 тонн нүүрс, “Ц” ХХК-иас  нүүрс олборлож “САЖ-” ХХК-д худалдсан, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн SDT-20190520 дугаартай нүүрс худалдах худалдан авах гэрээгээр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Өвөрмонголын Сидаоке худалдаа” ХК-д худалдсан, “САЖ-” ХХК нь улсын хилээр гаргаж буй нүүрст гаалийн бүрдүүлэлт хийжээ.

            4.5. Улсын Их Хурлаас 2011 онд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж өөрчилсөн, Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэж өөрчлөн найруулсан, уг өөрчлөлт 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн мэдээлэл сэтгүүлийн 13 дугаарт нийтлэгдэж, уг хугацаанаас хойш 10 хоногийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байна.

            4.6. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох хувьдаа Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхээ энэ зүйлд заасан маргаантай асуудлаар дүгнэлт гарган, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлыг дахин хянан үзэх замаар хэрэгжүүлнэ”, 8.2-д “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана”, 8.2.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж тус тус заажээ.

            4.7. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “үндсэн хууль зөрчсөн” гэх үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт

“ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэж заасныг хүчингүй болгосон байна.

            4.8. Нэхэмжлэгчийн “2019 онд нүүрс экспортод гаргаж борлуулсан тухайд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан хүрээнд ашигт малтмал экспортлогч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар хуульчлагдаагүй байсан тул актын 2019 онд хамаарах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй”  гэх гомдол тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь,

4.9. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тогтоолд “... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө гэж өөрчлөн найруулсан, ... Дээрх хуулийн зохицуулалтын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч эсэхээс үл хамааран ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бол төлбөр төлөхөөр болсон, уг заалтыг хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх зохицуулалттай логик агуулга, системчлэлийн хувьд уялдуулан авч үзвэл, ашигт малтмалыг худалдах эсхүл ашиглах үйл ажиллагааны хүрээнд экспортод гаргасан бол борлуулалтын үнэлгээг тогтоохдоо зах зээлийн үнийг баримтлах агуулгатай гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заалт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч-ийг тодорхойлсон агуулгагүй, борлуулалтын үнэлгээг хэрхэн тогтоохыг журамласан агуулгатай тул уг зохицуулалт нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тодорхойлсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч-д хамааралтай буюу тухайн цаг хугацаанд, ашигт малтмал худалдаагүй, худалдахаар ачуулаагүй, ашиглаагүй этгээдэд хамаатуулан хэрэглэхгүй ... өөрөөр хэлбэл, ашигт малтмал экспортод гаргасан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хуулийн зохицуулалт 2019 оны 6, 7 дугаар сард байгаагүй ... ” гэж өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг, мөн 2019 оны 11 дүгээр сараас өмнө ашигт малтмал экспортолсон этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болох үндэслэлгүй талаар тайлбарлажээ.  

            4.10. Дээрхээс үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:”, 47.1.1-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.1.3-т “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж өөрчлөн найруулсан байх боловч 2019 оны 5, 6, 7, 9 саруудад ашигт малтмалын нөөцийг экспортод гаргасан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх хууль зүйн үндэслэлгүй байна.

            4.11. Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 3 дугаар зүйлийн 3.1-д татварын зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж заасан тул татварын харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг хэрэглэж, татварын ногдлыг тооцож төлүүлэх зарчим мөрдөгдөхөөр байна.

            4.12.  Энэ тохиолдолд хариуцагч татварын байцаагч нар нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрчлөн найруулсан/ үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж төлөөгүй, борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласан гэсэн үндэслэлээр төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуулийг дагаж мөрдөх журмаар дараах асуудлыг зохицуулна”, 27.1.3-д “өмнө үйлчилж байсан хууль, эрх зүйн зохицуулалтын дагуу үүссэн харилцаа, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг шинэ хуулийн дагуу хэрхэн хамгаалах, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, өөрчлөх, хүчингүй болсонд тооцох болон сөрөг үр дагаврыг арилгах нөхцөл, арга зам, хариуцлагыг зохицуулах хэлбэр”, 27.1.6-д “хууль буцаж үйлчлэх онцгой тохиолдол” гэж заасан.

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд, 47.1.3. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн 47.1 гэснийг 47.16” болгож тус тус өөрчлөн найруулсан байна.

4.13. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө: 1.1 Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; 1.2. Ашигт малтмал экспортолсон этгээд; 1.3. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж заажээ.

Уг хуулийн зохицуулалтаас үзвэл 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалын нөөц ашиглагч этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өөрчлөн найруулагдсан хуулийн зохицуулалтын хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зохих журмын дагуу тооцож улсын төсөвт төлөх талаар зааж журамласан байна.

 Иймээс 2019 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарын хугацаанд ашигт малтмалын нөөцийг экспортолсон харилцаанд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг /Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд, 47.1.3. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн 47.1 гэснийг 47.16/  хэрэглэгдэх хууль зүйн үндэслэлгүй байна.

            4.14. Иймд татварын улсын байцаагч нарын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн зохицуулалтыг үндэслэж “ашигт малтмал экспортод гаргасан тул төлбөр төлөгч” гэх агуулгаар 2019 оны 5, 6, 7, 9 сард ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид төлбөр ногдуулсан актын холбогдох хэсэг үндэслэлгүй байх тул актын холбогдох хэсгийг шүүх хүчингүй болгох үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:”, 25.7.5-ын “б”-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасны дагуу нэхэмжлэгч тухайн хугацаанд улсын хилээр тээвэрлэн гаргасан нүүрсний хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш, энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 06 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2023/0047 дугаар тогтоолд хуулийн тус зүйл, заалтыг тайлбарласан байх тул маргаан бүхий актын 2019 онд хамаарах зөрчилд холбогдох хэсгийн тухайд анхан шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

            4.15. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ашигт малтмал экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар хуульчилсан тул нөхөн ногдуулалтын актын 2021 оны зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаагаа, уг асуудлаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар анхан шатны шүүхийн актын 2021 онд хамаарах зөрчилд холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг зөв гэж үзсэн бөгөөд мөн нэхэмжлэгчээс актын уг хэсэгтэй маргахгүй гэж тайлбарласан тул анхан шатны шүүх энэ талаарх үйл баримтыг тодруулан шалгаж хууль зүйн дүгнэлт хийгээгүйг буруу гэж үзээгүйг дурдах нь зүйтэй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0029 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... “САЖ-” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын хяналт шалгалтын хэлтсийн Улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-2122000000045 дугаар Нөхөн ногдуулалтын актын нийт 7.069.361.676.37 төгрөгийн зөрчлөөс 2019 онд хамаарах 3.137.860.114.32 төгрөгийн зөрчилд холбогдох /нөхөн татвар, торгууль, алданги/ хэсгийг хүчингүй болгож, үлдэх 3.931.501.562.05 төгрөгийн зөрчилд холбогдох /нөхөн татвар, торгууль алданги/ хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

        ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ