Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн,

насанд хүрээгүй шүүгдэгч Д.Амарболд, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Дэмбэрэл,

шүүгдэгч Д.Чулуунбор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Чулуунбор, Д.Амарболд нарт холбогдох эрүүгийн 201619000470 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх ах дүү нарын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 3-27 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх  Боржигон овогт Дэмбэрэлийн Амарболд /РД:НБ00250313/ гэв.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх ах дүү нарын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 3-27 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Дэмбэрэлийн Чулуунбор /РД:НБ96040511/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Амарболд, Д.Чулуунбор нар нь бүлэглэн, давтан үйлдлээр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг Будаан толгой гэх газраас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн М.Мэндсайханы эзэмшлийн улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 700 000 төгрөгийн, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Уйлантын 5-51а тоот хашаанаас иргэн Б.Батбаярын цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 250000 төгрөгийн 2016 оны 06 сарын 20-ны өдөр Уйлантын 2-16 тооот хашаанаас иргэн Ч.Батчулууны эзэмшлийн цэнхэр өнгийн мустанг маркийн мотоциклийг хулгайлж, 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Д.Амарболд нь ганцаараа, давтан үйлдлээрээ Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг, Будааны толгой гэх газарт байх 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө иргэн Т.Тогтохбаярын эзэмшлийн хашаанаас түүний хар өнгийн Даюун маркийн 3076 ТӨЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлж, 700000 төгрөгийн 2016 оны 06 сарын 29-30-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Суваргын 12-83 тоот хашаанаас иргэн А.Мөнх-Эрдэний эзэмшлийн хар өнгийн мустанг маркийн мотоциклийг хулгайлж 700000 төгрөгийн нийт 2750000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн  судлав. Үүнд:   

 

          Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Амарболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

          Шүүгдэгч Д.Чулуунбор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Хохирогч Ч.Батчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 2-15 тоотод эхнэр Шүрэнхүү, охин Саранчимэг нарын хамт амьдардаг юм. Би 2016 оны 06 сарын 20-ны орой Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр баг орчоод буцаад гэр лүүгээ харих гэтэл бороо ороод явахын эцэсгүй байсан тул өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн мустанг-5 маркийн Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийг автомашин дээр ачаад гэртээ харьсан юм. Тухайн шөнө 22-23 цагийн үед хашааныхаа байшингийн зүүн талд хана түшүүлж орхиод гэртээ амарсан юм. Харин маргааш өглөө нь 08 цагийн үед босоод мотоциклоо шалгахад байхгүй алга болсон байсан. Би тухайн үед шалгаж үзэхэд 1 гутлын мөр байсан. Тухайн үед сумынхаа цагдаад хэлж үзүүлсэн. Хэд хоног хайгаад өөрийн хулгайд алдсан мотоциклио олоогүй юм. Нилээд хэд хоногийн дараа манай сумын нэг залуугийн хулгайд алдагдсан мотоциклийг Амарболд унаж явж байгаад цагдаад баригдсан байсан. Тэгээд удаагүй түүний үйлдсэн мотоциклийн хулгайнууд нь илэрч намайг цагдаагаас дуудаж хулгай хийдэг байсан ах дүү хоёр болох Амарболд Чулуунбор нартай уулзуулсан. Би тэр хоёртой уулзаж мотоциклоо авсан.  ....Би мотоциклио 400 000 төгрөгөөр үнэлсэн. Мотоциклио хүлээн авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл алга” гэсэн мэдүүлэг /хх-61 тал/,

Хохирогч М.Мэндсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2016 оны 06 сарын 13-ны орой өөрийн эзэмшлийн улаан өнгийн Даюун маркийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийг байшингийнхаа урд талд 23 цагийн үед тавиад байшиндаа ороод амарсан юм. Тухайн шөнө байшинд ямар нэгэн чимээ сонсогдоогүй бөгөөд маргааш өглөө нь босоод харахад алга болсон байсан. Би тухайн үед хулгайд алдсанаа ойлгоод ойр хавиар хайсан боловч олж чадаагүй. Тэгээд тухайн үедээ сумын хэсгийн төлөөлөгч Наранбаатарт тэмдэглүүлээд орхисон. Нэлээд олон хоногийн дараа өдрийг нь тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Хэсгийн төлөөлөгч Наранбаатар над руу утсаар ярьж дуудахаар нь уулзахад манай сумын уугуул ах, дүү хоёр залуу мотоцикль бүлэглэн хулгайлсан юм ярьж байсан. Миний мотоциклийг Чулуунбор Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд Давааням гэх хүүхэдтэй мотоциклиор сольсон байсныг би өөрийн мотоциклио очиж авсан... Би мотоциклио 800 000 төгрөгөөр үнэлсэн мотоциклио хүлээн авсан тул одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга” гэсэн мэдүүлэг /хх-63 тал/,

Хохирогч Б.Батбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 06 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р баг Уйлантын 5-51а тоотод байрлах хашаан дотроосоо өөрийн эзэмшлийн Даюун маркийн цэнхэр өнгийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийг хулгайд алдсан. Тухайн 2016 оны 06 дугаар сарын 18-ны орой хашаан дотор байсан. Өглөө сэрээд харахад алга болсон байсан. Тэгээд 2 хоног хайгаад олоогүй 3 дахь хоногийн дараа мотоциклио хайж яваад манай гэрээс 2 километр орчим зайд байрлах наадмын талбайн зоорины хажууд мотоциклийн мөр байхаар нь яваад ороход миний өөрийн мотоцикль байсан ба 2 дугуйг нь тайлаад аваад явсан байсан. Учир нь миний мотоциклийн банкинд ус орохгүй асахгүй байсан тул хол явахгүй гэдгийг нь гадарлаж байсан юм. Би тухайн үедээ цагдаад мэдэгдээгүй бөгөөд Наранбаатар хэсгийн төлөөлөгч өөрөө ирээд танайх мотоциклио алдсан юм уу гэхээр нь дугуй нь алга болсон гэдгийг хэлсэн. Миний мотоциклийг манай сумын нутгийн хүүхдүүд болох Чулуунбор, Амарболд нар бүлэглэн хулгайлсан байсан. Энэ хоёр хүүхдийн гэр нь манай гэрээс 3 гудамжийн цаана байдаг. Би мотоциклио 250 000 төгрөгөөр үнэлсэн мотоциклийнхоо 2 дугуйг хүлээн авсан тул одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга” гэсэн мэдүүлэг /хх-66 тал/,

Хохирогч Т.Тогтохбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  2016 оны 04 сарын 21-ний өдөр манай дүү Батхуяг миний мотоциклийг унаж ажилдаа явчихаад орой 20 цагийн орчим намайг гэрт байж байхад байшингийн өмнө оруулж тавьчихаад гэртээ харьсан юм. Тэгээд тэрнээс хойш би мотоциклио гаргаагүй байж байгаад орой 00 цаг дөхүүлээд унтсан. Өглөө босоод иртэл байшингийн өмнө цонхон доор байсан хар өнгийн Даюун маркийн мотоциклио алга болчихсон байсан юм. Би тухайн өдөр 07 цагийн орчим боссод үзэхэд байхгүй болчихсон байсан юм. Миний алдсан мотоцикль 2 яндантай 30-76 ТӨЗ улсын дугаартай юм. Миний алдсан мотоцикль нь буруу талдаа банк нь бага зэрэг хонхойчихсон хар өнгийн 2013 онд худалдаж авсан тухайн үедээ 1 280 000 төгрөгөөр худалдаж  авч байсан одоо 1000 000 төгрөгөөр үнэлж байна. .. Саяхан сураг сонсоход 3-4 мотоциклийн хулгайн хэрэгтээ цагдаа дээр шалгагдаж байсан. Би 2016 оны 06 сарын сүүлээр санагдаж байна Амарболдыг хар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль унаад явж байх үед нь таараад “чи юун хүний мотоцикль унаад байгаа юм бэ” гэж хэлэхэд Амарболд “би 61 дээр байдаг ангийн найз Даваанямын мотоциклийг янзлаад унаж яваа юм гэж ярьж байсан. Тэгээд өөр зүйл болоогүй. .. Надад бол гомдол санал байхгүй. Түүний ээж дэмбэрэл надад 1 тооны гунж өгсөн тул гомдол саналгүй болно” гэсэн мэдүүлэг /хх-69-71 тал/,

Хохирогч А.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..Би 2016 оны 06 сарын 29-ний орой гэрийнхээ зүүн талд өөрийн эзэмшлийн хар өнгийн Супер Мустанг маркийн хятад ард улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийг тавиад гэртээ унтаж амарсан юм. Тэгээд өглөө 06 цагийн үед босоод мотоциклио хартал байхгүй алга болсон байсан. Би хайгаад олоогүй, хашааны хаалга цоожтой байсан ба онгойлгоод буцааж цоожилсон юм шиг байсан. Тэгээд удаагүй 03 хоногийн дараа цагдаагаас дуудсаны дагуу ирээд үзэхэд манай мотоциклийг ах дүү хоёрын дүү нь хулгайлсан талаар ярьж байсан.  .. хэсгийн төлөөлөгч Наранбаатар дараа нь миний мотоциклийг энэ хоёроор хүргүүлж надад хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-58 тал/,

Гэрч Ж.Батжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2016 оны 04 сарын 21-ний орой манай дүү мотоциклио унаж авч ирэхээр нь тэр шөнөдөө хоносон юм. Тэгээд өглөө болоод нөхөр Тогтохбаяр 07 цагийн орчим мотоциклио үзэхэд алга болчихсон байсан юм. Би мотоцикль алдсан талаар манай нөхөр Тогтохбаяр хэлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-11 тал/,

Гэрч Т.Кунанбай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2016 оны 04 сарын 21-ний өдөр санагдаж байна. Би эмнэлэгээс гараад удаагүй байсан юм. Шөнө унтах гэсэн чинь манай урд талын хашаанд хүмүүс архи уугаад шуугиантай байх шиг байсан юм. Батхуягийн хашаанд мотоцикль харагдаж байсан юм. Шөнөжингөө л архи уух шиг болсон” гэсэн мэдүүлэг /хх-76 тал/,

Гэрч Т.Батхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 04 сарын 21-ний өглөө Тогтохбаяр ахын мотоциклийг унаад ажилдаа явчихаад орой 20:30 минутын орчим Тогтохбаяр ахын мотоциклийг хашаанд нь оруулж цонхныхон доор тавьсан юм. Тэгээд байшинд нь ороод унтаад өглөө болтол мотоцикль нь алга болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-79 тал/,

Насанд хүрээгүй гэрч З.Давааням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 сарын 15-ны өдөр Амарболд над руу гар утаснаасаа утасдаад “чи хаана байгаа юм бэ хоёулаа мотоциклио сольё” гээд байхаар нь Түнхэлд байна гэж хэлсэн чинь 30 минутын дараа Амарболд ганцаараа Улаан өнгөтэй Даюун маркийн мотоцикль унаж ирээд надад “энэ миний мотоцикль байгаа юм хоёулаа мотоциклио солъё” гээд байхаар нь ээжээсээ мотоциклио хүүхэдтэй сольчих уу гэж асууж байгаад өөрийнхөө хар өнгөтэй мустанг маркийн мотоциклиор сольсон. Тэгээд Амарболд миний хар өнгөтэй Мустанг маркийн мотоциклийг унаад өөрийнхөө унаж ирсэн улаан өнгөтэй Даюун мотоциклийг үлдээгээд явсан юм. Тэр үед Энхтуул эгчийн найзынхан төрсөн өдөр болоод явчихсан гэртээ эзэнгүй байсан. Энэ явдалаас хойш гурван хоногийн дараа намайг гэртээ байж байтал Батсүмбэр сумын 2 цагдаа Амарболдыг дагуулчихсан манай гэрт ирээд намайг дагуулж Түнхэлд ирээд Амарболдыг хулгай хийсэн талаар надад хэлсэн. Би тухайн үед Амарболдын унаж ирсэн Улаан өнгөтэй мотоцикль надад байгаа гэж хэлээд мотоциклийг нь гаргаж өгсөн”  гэсэн мэдүүлэг /хх-81 тал/,

Гэрч З.Энхтуул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Давааням өөрийнхөө Хар өнгөтэй Хятад улсад үйлдвэрлэгдсэн Даюун маркийн мотоциклио улаан өнгөтэй Хятад улсад үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклиор сольчихсон байхаар нь би Даваанямаас өөрийнхөө мотоциклио яасан юм гэж асуухад Давааням “манай мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны нэг өрөөнд хамт амьдардаг Чулуунбор дотуур байранд байхдаа надтай мотоциклио солъё гэж гуйгаад байдаг байсан юм. Тэгээд тэр Чулуунбортой мотоциклио сольчихсон  юм” гэхээр нь би тоогоогүй өнгөрсөн юм. Тэгтэл хоёр гурван хоногийн дараагаас Амарболд гэдэг хүүхэд нь над руу утасдаад “Давааням байна уу” гэж асуугаад байдаг байсан. Тэр үед нь Давааням гэртээ байхгүй байдаг байсан юм. Тэгтэл хэд хоногийн дараагаас Даваанямыг Батсүмбэр сумын цагдаа ирээд аваад явсан байсан. Улаан өнгөтэй мотоцикль нь хулгайн мотоцикль болж таарсан. Тэр даруйдаа улаан өнгөтэй мотоциклийг нь авч ирээд цагдаад хүлээлгэж өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-82 тал/,

Гэрч Д.Оюунчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Дэмбэрэлийн Амарболдыг танина. Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа Политехникийн коллежид Барилгын засал чимэглэлийн 1 а ангийг хариуцсан ажилладаг ба Д.Амарболд миний хариуцсан ангид суралцдаг сурагч юм. Сурагч Д.Амарболд нь үг дуу цөөнтэй, хүүхдүүдтэй нээх их нийлдэггүй сурагч. Төв аймгийн Батсүмбэр сумаас ирж суралцаж байгаа, оюутаны дотуур байранд амьдардаг. Гоц гойд авъяас байхгүй, сагсан бөмбөг тоглох сонирхолтой” гэсэн мэдүүлэг /хх-83 тал/,

 

БУСАД БАРИМТ

- гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-09 тал/,

-Т.Тогтохбаярын Төв аймгийн Батсүмбэр сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-22 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-26, 29, 33, 38, 42-45, 52 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-28, 30-32, 34-37, 39-40, 53-54  тал/,

-эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-41 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-46, 49 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-47, 50 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-48, 51 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-85, 88, 93 тал/,

-орон нутгийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-96, 98 тал/,

-насанд хүрээгүй этгээдийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-118 тал/,

 

-шүүгдэгч Д.Чулуунборыг 2016 оны 07 сарын 04-ний өдөр сэжигтнээр /хх-106-107 тал/, 2016 оны 08 сарын 10-ны өдөр яллагдагчаар /хх-108-109 тал/ байцаасан тэмдэглэлүүд,

-насанд хүрээгүй шүүгдэгч Д.Амарболдыг 2016 оны 07 сарын 04-ний өдөр сэжигтнээр /хх-111-112  тал/, 2016 оны 08 сарын 01-ний өдөр сэжигтнээр /хх-117 тал/, 2016 оны 08 сарын 10-ны өдөр яллагдагчаар /хх-114-115 тал/ байцаасан тэмдэглэлүүд,

 

-шүүгдэгч Д.Чулуунборын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-119 тал/,

 

-насанд хүрээгүй шүүгдэгч Д.Амарболдын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-123 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Амарболд, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Чулуунбор нар нь бүлэглэн, давтан үйлдлээр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг Будаан толгой гэх газраас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн М.Мэндсайханы эзэмшлийн улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 700 000 төгрөгийн, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Уйлантын 5-51а тоот хашаанаас иргэн Б.Батбаярын цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 250000 төгрөгийн 2016 оны 06 сарын 20-ны өдөр Уйлантын 2-16 тооот хашаанаас иргэн Ч.Батчулууны эзэмшлийн цэнхэр өнгийн мустанг маркийн мотоциклийг хулгайлж, 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Амарболд нь ганцаараа, давтан үйлдлээрээ Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг, Будааны толгой гэх газарт байх 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө иргэн Т.Тогтохбаярын эзэмшлийн хашаанаас түүний хар өнгийн Даюун маркийн 3076 ТӨЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлж, 700000 төгрөгийн 2016 оны 06 сарын 29-30-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Суваргын 12-83 тоот хашаанаас иргэн А.Мөнх-Эрдэний эзэмшлийн хар өнгийн мустанг маркийн мотоциклийг хулгайлж 700000 төгрөгийн нийт 2750000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл эд зүйлийн үнэлгээ, орон нутгийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгч Д.Чулуунбор, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Амарболд нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд Д.Чулуунбор, Д.Амарболд нарт Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйчлэл тохирсон байх тул Д.Чулуунбор, Д.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл тус тус оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Чулуунбор, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Амарболд нарт ял шийтгэл оногдуулахдаа “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” “учруулсан хохирлоо сайн дураар арилгасан” зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

 

Хохирлын талаар

Хохирогч М.Мэндсайхан, Б.Батбаяр, Ч.Батчулуун, Т.Тогтохбаяр, А.Мөнх-Эрдэнэ нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул хохирогч нарт энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар

Энэ хэрэгт 40000 төгрөгийн үнэ бүхий Sharp  маркийн хуучин зурагт, 60000 төгрөгийн үнэ бүхий 2 тагтай цагаан өнгийн хуучин угаалгын машин битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгох зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Чулуунбор, Д.Амарболд нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

 

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Дэмбэрэлийн Чулуунбор, насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Дэмбэрэлийн Амарболд нарыг давтан үйлдлээр, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чулуунборыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын  хугацаагаар хорих ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Амарболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Чулуунборт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Амарболдод оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Д.Амарболдод 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар Д.Амарболдыг хууль ёсны төлөөлөгч Т.Дэмбэрэлд хариуцуулсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чулуунборд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

7.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Чулуунборд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

8.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Чулуунбор нь  хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

 

9.Хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  Д.Чулуунбор, Д.Амарболд нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 40000 төгрөгийн үнэ бүхий Sharp  маркийн хуучин зурагт, 60000 төгрөгийн үнэ бүхий 2 тагтай цагаан өнгийн хуучин угаалгын машин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолийг тус тус хүчингүй болгосугай.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.Амарболд, Д.Чулуунбор нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ