Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/144 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Г.*******,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******т холбогдох 1814002260132 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн,  ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Г.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Орд караокед 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэн *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Орд караокед иргэн *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч *******н ... ******* бид хоёр 10 жилийн талаараа ярьж байгаад ******* жаахан уурлаад ганц нэг удаа орж гараад байх шиг байсан. Тэгж байсанаа ******* “намайг гараад ирдээ” гэсэн. Тэгэхээр нь би өрөөнөөс гарахад ******* миний хамар руу зүүн гараа зангидаж байгаад нэг удаа цохьсон. Тэгтэл миний хамраас цус шалан дээр гоожоод тонгойсон. Тэгэхдээ би хамраа гараараа дараад байж байтал дахиад ******* гараараа миний хамар руу гаран дээрээс цохиод байсан. Тэгж байснаа нэг мэдэхэд угаалгын өрөөнд оруулж миний цусыг угаа гээд угаалгасан. Тэгээд нэг мэдэхэд караокены өрөөнд орчихсон байсан ба ******* намайг шахаж түлхээд байсан. Хананд шахаж түлхсэн байсан байх. Тэгж байгаад нэг харахад караокены өрөөнд хананд байсан зурагт караокены төхөөрөмж дээр дэлгэцээрээ унасан юм шиг байсан. Дэлгэц нь солонгорсон байсан. Түүнээс хойш дахиж зодоогүй хамт байсан эмэгтэйчүүд алга байсан ба цагдаа ирээд бид 2-ыг авч цагдаа дээр ирсэн ...

Би бол 100 хувь тухайн үеийнхээ караокены өрөө гадаа 2-ын хаана цохиулсанаа эргэлзэж байна. Долгормаа ерөнхийдөө архи нэг их уугаагүй байсан эрүүл шахуу байсан учир тэр хүний хэлж байгаа хэлсэн зүйлийг би зөв гэж үзэж байна. Би тухайн үед цагдаа дээр ирээд үлээлгэхэд 1.45 хувийн согголттой байна. Би тухайн үед ерөнхийдөө багцаа байгаа боловч бүдэг санаж байна. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ******* миний хохиролд 200.000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. ******* бид 2 эвлэрч эвлэрэлийн гэрээ байгуулсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-21/,

Иргэний нэхэмжлэгч Л.Одгэрэлийн ... “Би Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Орд” нэртэй караоке ажиллуулдаг. 2018 оны 04 дүгээр сарын 13- ны өдөр манай караокенд 2 эрэгтэй 2 эмэгтэй хүн орж ирээд 1 номерын өрөөнд цаг авч ороод тэндээ хоорондоо зодолдоод караокены өрөөний хананд өлгөөтэй байсан ЗАЗТ маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн зурагт доошоо унаж дэлгэц нь харлаад хагарсан байсан. Уг зурагтын дэлгэц нь солонгорсон байдалтай байсан. Тухайн өрөөнд байсан хүмүүс л уг зурагтыг хоорондоо зодолдож байгаад эвдсэн. Эхлээд тэр хүмүүсийг ороход зүгээр хэвийн ажиллагаатай тэдгээр хүмүүс караокегоор дуулж байсан юм. Уг зурагтыг БНХАУ-д үйлдвэрлэсэн бөгөөд 2018 оны 02 дугаар сард би өөрөө БНХАУ руу яваад худалдаж авсан, 2 сарын хугацаанд ашиглаж байсан шинэ зурагт байсан. Би уг зурагтаа 600.000 төгрөгөөр үнэлж байна. Зурагтыг тогонд залгахад асахгүй байна лээ. Би хохиролоо нөхөн төлүүлж авмаар байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Гэрч *******гийн ... “2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баруун бүсийн үүдэнд ******* Мөнгөндалай 2-тай Буяннэмэх бид 2 уулзаад миний машинаар гол руу явж 4-үүлээ 1 шил виски уусан. Би уулгүй нөгөө 3 уусан. Тэгээд орой 20 цагийн орчим болж байхад бид Орд караокед ороод 1 шил архи хүний нэг нэг пиво аваад би пивоо ууж дууссан. Тэгтэл нөгөөдүүл согтож ******* Мөнгөндалай хоёр 10 жилдээ ангийн дарга байсан, атман байсан гэж маргаж байгаад ******* эхлээд Мөнгөндалайн хамар руу гараа атгаж байгаад 1 удаа цохьсон чинь Мөнгөндалайн хамарнаас цус гарсан. Тэгээд би Мөнгөндалайг аваад нойл руу орж цусыг угааж хамарыг нь бөглөж өгсөн. Тэгээд буцаад орж ирэхэд дахиад ******* Мөнгөндалай 2 маргаад Мөнгөндалай нь сэрээ бариад *******ын хацар руу хатгах шиг болсон. Тэгээд тэр 2 дахиж барилцаад бие биенийгээ цохиж өшиглөсөн. Буяннэмэх бид 2 салгаж дийлэхгүй байсан баарны хүн орж ирээд цагдаа дуудна гэхэд тэр 2 салсан. Тэгэхээр нь Буяннэмэх бид 2 гараад явсан. Тэр 2 ноцолдож байхдаа хананд байсан зурагтыг төхөөрөмж дээр унагаасан ... ******* Мөнгөндалайн нүүр рүү нь өшиглөөгүй харин гараараа бол цохьсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34/,

Гэрч *******ийн ... Би *******ыг өмнө нь таньдаг байсан ба 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ******* “уулзмаар байна” гэсэн. Тэгээд маргааш нь уулзахаар болж 13-ны өдөр 16 цагийн орчим байх баруун бүс дээр би Долгормаа эгч дээр очиход ******* ирсэн. Тэгхэд хамт 1 залуу ирсэн нь сүүлд танилцахад Мөөгий гэж байсан. Тэгээд Долгормаа эгч ******* бид 4 Долгормаагийн машинтай гол дээр очиж 1 шил 0,75 литрийн виски уусан. Долгормаа эгч машин барьж явсан учир уугаагүй. Бид 3 л уусан. Тэгээд орой болоод бид 4 Орд караоке руу очиж 2 давхарт нь гарч 1 шил архи хүний нэг нэг пиво, хоол захиалж суусан. Тэгээд сууж байгаад ******* Мөөгий хоёр 10 жилийн асуудлаас болоод маргаж ******* нь Мөөгий гэх залууг заамдаж авсан. Тэгээд тэр 2 гарснаа өрөөний үүдэнд зодолдоод буцаж караоке руу орж зодолдсон. ******* эхлээд Мөөгийг заамдаж авсан. ******* нь Мөөгийгийн толгой хэсэгт цохисон. Би сайн санахгүй байна. Тэгээд Мөөгийгийн хамраас нь цус гоожиж байсан. Долгормаа эгч Мөөгийг нь нойлын өрөө рүү оруулж цусыг угааж өгсөн. Мөөгий нь ч гэсэн *******ыг цохиж, бас сэрээгээр хацарыг нь хальт зурсан байсан. Тэгээд үйлчлэгчийг дуудаад үйлчлэгч нь орсон. Долгормаа эгч бид 2 тэгсхийгээд яваад өгсөн. Ямар ч байсан толгойн нүүр хэсэгт нь 1 удаа гараа зангидаж байгаад цохьсон. Тэгээд барилцаж аваад бие биенийгээ дарж авч байсан. Тэгэхдээ тэр 2 удаан зодолдоогүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Шүүгдэгч Г.*******ын ... Би 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ангийн найз Мөнгөндалайтай өдөр 15 цагийн орчим байх уулзаад би гэрээсээ 1 шил виски аваад Долгормаа, Буяннэмэх гэдэг 2 хүүхэнтэй нийлж бид 4 Долгормаагийн машинд эхлээд Долгормаагийн байрны хажууд ууж байгаад дараа нь гол руу очиж уусан. Тэгээд уухдаа Долгормаагаас бусад нь болох Буяннэмэх, Мөнгөндалай бид 3 голдуу уусан. Тэгж байгаад орой гэгээ тасрах үед Орд караоке руу бид 4 орсон. Тэнд орж хоол захиалаад 1 шил архи хүний тоогоор нэг нэг пиво захиалж уусан. Тэгж байхад Мөнгөндалай бид 2 их муудсан би бүр караоке орсоноо орон гаран мэдээд байгаа юм. Караокед орохдоо вискигээ бариад орсон ба бараг дуусаж байсан юм. Тэгээд хоолоо идээд архинаас бараг уугаагүй пиво нь ч бараг хэвээрээ байсан. Тэгээд Мөнгөндалай бид 2 маргасан байсан ба нэг мэдсэн чинь Мөнгөндалай бид 2 караокены үүдэнд заамдалцчихсан цамцаар нь биенийгээ боочихсон зогсож байсан. Тэгээд Буяннэмэх, Долгормаа 2 гарч ирээд бид 2-ыг салгаад оруулсан. Тэгээд 2-улаа эвлэрээд дахиад архинаасаа ганц ганц татаад үлдэгдэл хоолоо идээд сууж байтал Мөнгөндалай сэрээгээр миний хацар хүзүү рүү хатгахаар нь цааш нь түлхээд би түүнийг цохих гэсэн чинь хий цохиод унаад Мөнгөндалайн доор нь орчихсон. Дээрээс Мөнгөндалай намайг толгой руу цохиж байсан. Тэгээд би арай гэж босоод эргээд Мөнгөндалайн хамар руу нь цохиод байсан. Тухайн үед бид 2 барилцаж аваад биенийгээ цохиж байсан тэгэхдээ хананд байсан зурагтыг унагааж хагарсан. Өрөө бол их давчуу байсан яаж хагалсаныг мэдэхгүй. Би ухаан орж гараад байсан их согтуу байсан ... Архи хэтрүүлэн ууж нэгэндээ гэмтэл учруулж найзынхаа хамрыг гэмтээсэнд гэмшиж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-68/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 270 дугаартай шинжээчийн ... *******н биед хамар ясны хугарал, хамрын муруйлт, тархи доргилт, хамар, хүзүүнд зулгаралт, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 41- 42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* шүүгдэгч Г.******* нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 90 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүйд тооцож, хохирогч *******д учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Харин уг гэмт хэргийн улмаас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Орд караокены SAST маркийн LCD зурагт хагарч уг зурагтыг “Энх-Нахиа” ХХК-наас 230.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт хэргийн 55-56 дугаар хуудсанд авагдсан байх ба тухайн зурагтны үнийг төлж барагдуулсан талаархи баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Одгэрэлд олгов. Шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******т мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.*******аас 230.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 82 дугаар байр 32 тоотод оршин суух хаягтай Лундаагийн Одгэрэлд олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Г.******* нь хохирогчид төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Б.ГЭРЭЛМАА