| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0126/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/400 |
| Огноо | 2020-12-22 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимиддорж,
Хохирогч:*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1914006380056 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, жолооч мэргэжилтэй, ******* овогт**************, / регистрийн дугаар:*********** /,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутаг “Баруун Зэгс” гэх газарт 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нямсүрэнгийн Билгүүнтамир гэх 3 сартай хүүхдийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Богд суманд Ж.Энхбаяр, Н.Наранбаатар нарын хамт 2 шил архи хувааж уугаад, дахиж Б.Намнансүрэнгийнд очиж 3-лаа 1 шил архи хувааж уугаад тэндээсээ салаад би машинаараа Богд сумаас хойш 10 гаран километрт байх “Баруун зэгс” гэх газарт эхнэрийн хамаатан Т.Оюун-Эрдэнийнд очихоор явж байгаад салдаг нуруугаар уруудаж явж байгаад элсэнд машинаа суулгаад явган Т.Оюун-Эрдэнийнд очиход Оюун-Эрдэнийн бэр******* гэрийнхээ гадаа хүүхдээ тэврээд зогсож байсан, нөхөр Т.Нямсүрэн байгаагүй. Т.Оюун-Эрдэнэ хорооны хажууд алхаад явж байсан, би******* дээр очиход таны машиныг очиж үзчихээд малаа эргүүлчхээд ирье та хүүхэд авч бай, унтах дөхөж байгаа орон дээр битгий унтуулаарай, эргэж хөрвөөгөөд байгаа юм, орноос ойччихож магадгүй, орны өмнө ор зассан байгаа унтуулаарай гэж хэлээд хүүхдээ өгчхөөд яваад өгсөн. Би хүүхдийг аваад байж байтал унтаад өгөхөөр нь гэрт оруулж гэрийн зүүн талд зассан байсан бүтээлэг дээр унтуулаад аманд нь байсан сүүлийг толгойны баруун талд нь тавьчхаад Т.Оюун-Эрдэнийнд ороход эзэнгүй байсан, орны толгой дээр цаасан хайрцагтай архи байхаар нь нэг шил архийг аваад, Т.Нямсүрэнгийнд орж цайны аяганд 2 хийж уучхаад хүүхдийн дээд талд буюу хоймор хэсгээр толгойгоо зүүн тийш нь харуулаад унтсан. Унтаж байтал хүн өшиглөөд байхаар нь босож иртэл манай эхнэр айлын хүүхэд сонин болсон байна, юугаа хийгээд унтаж байгаа гэж хэлэхээр нь би гэрээс гарч байж байгаад Т.Оюун-Эрдэнийн гэрт орсон, цагдаа нар ирсэн. Миний хувьд Т.Оюун-Эрдэнэд агсам согтуу тавьсан зүйл байхгүй, би гэрт хүүхдийг унтуулчхаад Т.Оюун-Эрдэнийн гэрт орж 0.75 литртэй архи авч, архинаас цайны цагаан аягаар 2 удаа уугаад хүүхдийн хажуугаар унтсан. Талийгаач хүүхдийг гадаа 5-10 минут орчим тэвэрсэн. Талийгаачийг шалан дээр зассан гудсан дээр хэвтүүлэхэд тэр амьсгаатай байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 171-172, 2хх-ийн 64/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ж.Энхбаяр, Н.Наранбаатар нарын хамт 0.5 литрийн 2 шил архи хувааж уугаад, дахиж Б.Намнансүрэнгийнд очиж гурвуулаа 1 шил архи хувааж уугаад тэндээсээ салаад би гэртээ харьж машиныхаа дугуйг нөхүүлчхээд Баянхонгор аймгийн Богд сумаас хойш 10 гаран километрт байх “Баруун зэгс” гэх газарт эхнэрийн хамаатан Т.Оюун-Эрдэнийнд очихоор явж байгаад элсэнд машинаа суулгаад явган Т.Оюун-Эрдэнийнд очиход******* гэрийнхээ гадаа хүүхдээ тэврээд зогсож байсан. Тэгээд намайг******* дээр очиход таны машиныг очиж үзчихээд малаа эргүүлчхээд ирье та хүүхэд авч бай орны өмнө ор зассан байгаа унтуулаарай гэж хэлээд хүүхдээ өгчхөөд яваад өгсөн. Би хүүхдийг аваад байж байтал унтаад өгөхөөр нь гэрт оруулж зассан орон дээр унтуулаад аманд нь байсан сүүлийг хажуу талд нь тавьчхаад Т.Оюун-Эрдэнийнд орсон. Намайг ороход орны толгойд цаасан хайрцагтай 5-6 шил архи байхаар нь нэг шил архийг аваад 2 аягыг уучхаад ороод ирсэн хүүхэд унтаж байгаа бололтой байхаар нь хоймор унтаад өгсөн. Тэгээд хүн өшиглөхөөр нь босоод иртэл манай эхнэр ирчихсэн, айлын хүүхэд сонин болсон байна, юугаа хийгээд унтаж байгаа гэж хэлсэн гэв.
3. Хохирогч*******ын мөрдөн байцаалтад өгсөн:
... 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүүхдийн хамт гэртээ байхад ******* ах 18 цагийн үед ирээд хажуу талын гэр болох хадам ээжийнд орохоор нь би араас нь ороход ******* ах, хадам ээж 2 юм яриад сууж байхаар нь гарч яваад би гэртээ орсон... ******* уяатай хурга тайлах гээд байхаар нь би ******* ахад хадам ээж наад хургыг нь тайлж тавьж явуулахгүй гэж байна гэж хэлэхэд эргээд 2 уулаа гэр лүүгээ цувраад явсан тэр хооронд хадам ээж *******г согтуу манайд байна, машинаа хээр орхисон, архи уусан, агсан согтуу тавиад байна гэж эхнэрт нь хэл гэхээр нь *******гийн эхнэрт танай нөхөр манайд ирсэн агсам тавиад байна, машинаа хээр, хөвөөний орой дээр хаясан байна гэж хэлэхэд түлхүүр байна уу, үзээдэх, байвал аваадах, би очъё, машины түлхүүр дөрвөлжин хар юм байгаа гэж хэлсэн. Тэгтэл ******* ах манай гэр лүү шагайгаад хадам ээжийг хаачив, би агсам тавих гэж ирсэн гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. ******* ах яваад хадам ээжийн том гэр лүү орохоор нь араас нь ороход хадмын гэрийн зүүн талын орон дээр тавьсан архи задлаад сууж байснаа намайг аяга гэж хэлэхээр нь би ******* ахын цамцны уутанд нь түлхүүр байна уу гэж тэмтэрч үзэхэд түлхүүр нь байхгүй байхаар нь би гараад бага гэрээс аяга аваад эргээд ороход ******* гэрт нь байхгүй байхаар нь өөрийнхөө гэр лүү орох гээд явж байхад хадам ээжийн гэрийн зүүн талд байх амбаарын хажуугаас дуудахаар нь гэртээ ороход ******* манай хүүхдийг тэврээд зүүн талын орон дээр сууж байхаар нь би таны машин дээр очоод машиныг үзчихээд ирье гэж хэлэхэд тэг ах нь хүүхдийг чинь аваад сууж байя гэж хэлэхээр нь гараад мотоциклоо асаах гэхэд түлхүүр байхгүй байсан хадам ээж гэрийн хойно алхаж явахаар нь мотоциклийн түлхүүр хаана байгаа талаар асуухад гэрийн хаяанд хийсэн гэж хэлэхээр нь түлхүүрээ аваад мотоциклио асаасан тэр үед манай нөхөр над руу утсаар залгаад ээж гэрийн хойд талд явж байсан хадам ээж дээр очоод нөхөртэйгөө утсаар яриулахад манай нөхрийг ямаагаа тууж ирээрэй хэн ганцаараа яв гэсэн юм гээд нөхрийг загнаж байснаа утсаа тасалсан, би мотоциклоор ******* ахын машин дээр очиход машины жолооч талын хаалга онгойсон, машин, гэрэл нь асаалттай, хөгжим нь дуугараад байхаар нь *******гийн эхнэр рүү залгахад тоормос дээр нь гишгэж байгаад повер гэсэн товчин дээр дараад унтраагаад түлхүүрээ сугалаад авчих гэхээр нь түлхүүрийг нь аваад машины хаалгыг хаагаад түгжээд нөхөр рүүгээ утсаар залгаад би ямааг чинь цуг туулцах уу гэж хэлэхэд нөхөр хүрээд очъё гэж хэлэхээр хамар бариад өгсөөд нөхөр лүүгээ алхаж байхад *******гийн эхнэр залгаад би сумаас гараад явж байна гэхээр нь би ямаа руугаа явж байна, түлхүүрийг чинь машины ард талын дэрсэн дээр үлдээчихлээ гэж хэлээд байж байтал нөхөр мотоциклтойгоо хүрээд ирэхээр нь цуг ямаа руугаа явсан, ... би ямаагаа туугаад явж байгаад дээд айлын хүн рүү залгаад хадам ээж гэртээ очсон уу гэж асуухад хадам ээжийг гэртээ очсон гэж хэлэхээр нь утсаа тасалсан, нөхөр хүрч ирээд ямаагаа туугаад явж байтал хадам ээж залгаад хүүхэд чинь уйлаад байна, чи хаана байгаа юм гэж асуухаар нь би ямаагаа туугаад явж байна, та хүүхэд авч бай гэхэд ******* хүүхэд булаацалдаад өгөхгүй байна гэж хэлэх шиг болохоор нь утсаа таслаад, *******гийн эхнэр рүү залгаад хүүхэд уйлаад байна гэж хадам ээж яриад байна гэхэд эгч нь очоод авч байя гэж хэлээд утсаа таслахаар нь хадам ээж рүү залгаад *******гийн эхнэр очиж байгаа гэж хэлээд утсаа таслаад нөхөртөө хүүхэд уйлаад байна, чи ямаагаа туугаад яв, би түрүүлээд очиж байя гэж хэлээд байж байтал утас дуугарахаар нь утсаа авахад хадам ээж хүүхэд чинь ухаан алдсан байна гэж хэлэхээр нь утсаа таслаад нөхөртөө хүүхэд ухаан алдсан байна явъя гэж хэлээд мотоцикл дээр суухад дахиж утас дуугарахаар нь утсаа авахад *******гийн эхнэр хүүхэд чинь ухаан алдсан байна, хурдан ир гэж хэлэхээр нь нөхрийн хамт гэртээ ирэхэд хүүхдийг *******гийн эхнэр тэвэрсэн, хүүхэд чинь ухаан алдсан байна гээд хүүхдийг надад өгөхөөр нь хүүхдээ аваад мээмийг нь өгөхөд хөхөхгүй, нүд нь аниатай байхаар нь аав, ээж рүүгээ залгаад хүүхэд ухаангүй болсон байна, хурдан ир гэж хэлсэн мөн эгч рүүгээ залгаад хүүхэд ухаан алдсан байна үзээдэх гэж хэлэхэд хүүхдээ хөдөлгөж болохгүй гэж хэлээд, би нөхөртөө хүүхдээ өгөөд хөдөлгөж болохгүй гэж хэлээд, эмнэлэг дуудсан,... ******* ахад хүүхэд үлдээх үед сэрүүн, инээгээд тэврээд үлдсэн, үлдээгээд явахдаа би сүүлийг олж өгөөд аманд хөхүүлээд үлдээсэн, харин сүүлийг би хэрэг болсноос хойш тольтой ширээний өмнө талд өмсөж байсан оймсныхоо хамт олсон юм. Талийгаач хүүхэд дээш нь харуулаад тавихад хөл гар нь сарваганаж хөдлөөд байдгаас биш эргэж, хөрвөөж чадахгүй, би ямаа саах болон түлшинд явахдаа хүүхдээ үлдээгээд яваад эргээд ирэхэд яг байгаагаараа тавьсан газраа байдаг, мяраа ихтэй хүүхэд байсан. Манай хүүхдийг ******* ах доош нь харуулж тавьсан байх, хадам, ээж, эхнэр 2-гоо орж ирэхэд унтаж байсан гэсэн. Би хүүхдээ өөрөө байнга авдаг байсан. толгой хуйх дотор гадаргуу дагзны хэсэгт ямар учраас гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна. Талийгаач хүүхэд маань нас барахын өмнө ямар нэгэн өвчин зовуурь байгаагүй. ******* согтуу хүүхэдтэй үлдэхдээ унагааж эсвэл юманд толгойг цохисон байж магадгүй. Миний хүүхэд яг тавьсан чигтээ байж байдаг. Хүний гар хүрэхээс нааш эргэж чадахгүй. Ор биш гудас байсан юм гудсыг нугалаад шаланд дэвсчихдэг юм. Тухайн үед хүүхэд дан хувцастай байсан ба гаднаас ямар нэгэн зүйлээр ороож бүтээгээгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 35-37, 134-136, 2хх-ийн 67 /
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч******* мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ******* манайд согтуу алхаад ирсэн. Тэгээд хадам ээжийнх рүү ороод чанга, чанга дуугараад байсан. Хадам ээж гэрээсээ гарч ирээд ******* агсам согтуу тавиад байна эхнэр рүү нь залгаад хэл гэхээр нь би эхнэр рүү нь залгаад хэлэхэд машины түлхүүр байна уу гэж асуусан байхгүй байна гэхэд очоод машиныг нь унтраачих гэсэн. Намайг *******гийн машин дээр очиход машиных нь хаалга үүд онгорхой, хөгжим нь асаалттай, гэрэл дохионууд нь анивчиж байсан. Тэгээд эхнэр рүү нь залгаад яаж унтраадаг юм гэж асуусан чинь тоормоз дээр нь гишгэж байгаад “power” гэсэн товчийг дараад унтраачих гэсэн. Тэгээд унтраачхаад байж байтал нөхөр ирээд бид хоёр ямаа руугаа явсан ямаан дээр очоод байж байтал хадам ээж залгаад хүүхэд чинь ухаангүй байна гэсэн. Нөхөр бид хоёрыг гэртээ ирэхэд *******гийн эхнэр манай хүүхдийг тэвэрсэн байсан гэв.
5. Гэрч Т.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:
... 2019 оны 09 дүгээр сарын 12-ны 16 цагийн үед малдаа явсан, малдаа явж байгаад эхнэр рүүгээ залгаж ярихад манайд ******* согтуу ирсэн байна, машины манай хажуу талын хөвөөнд элсэнд суулгасан гэнэ би машиныг нь унтраах гээд явж байна гэж ярихаар нь цаанаас нь мотоциклтой ирэхэд манай эхнэр *******гийн машины түлхүүрийг барьсан хажууд нь зогсож байсан, Ж.Бямбасүрэн эгч машиныг нь унтраагаадах гэхээр нь унтраах гээд явж байна, ******* ах манай дунд гэрт орсон архи задлаад сууж байхаар нь би тал архиар сольчхоод ирлээ, явахдаа хүүхдээ тэврүүлсэн чинь ******* ах хүүхэд тэвэрчхээд өгөхгүй байна гэж хэлсэн, би ээж хаашаа явсан юм гэхэд хойд айл руу хурганы өт рүү хийх эм тариа авчхаад ирж байна гэж хэлэхээр нь 2-лаа яваад малаа туугаад ирье гэж хэлээд малаа туугаад ирж байтал Ж.Бямбасүрэн эгч залгаад хүүхэд чинь доошоо хараад, ширээний хажууд хэвтэж байна, нэг сонин байна гэж хэлэхээр нь эхнэрийн хамт гэртээ ирэхэд Ж.Бямбасүрэн эгч хүүхэд тэвэрч байгаад надад өгсөн, тэр үед ******* зүүн талын орны хажууд сууж байсан, хүүхдийг бид нар гар, хөл, шанаа, зулай хэсгийг илээд гар хөлийг нь барьж байсан тэрнээс хойш 1 цагийн дараа эмнэлэг ирээд хүүхдийг нас барсан байна гэж хэлсэн. Би ээжийг эхнэр рүү ярьсан талаар мэдэхгүй байна. Хүүхэд чинь ширээний хажууд хөндлөн хэвтэж байна. Хажууд нь******* ах хэвтэж байна гэсэн. Би эхнэртэйгээ*******гийн машины хажууд байхад нь очиж уулзаж байхад******* ах дунд гэрт орсон. Шинэ архи задалсан байхаар нь архийг сольчхоод ирлээ явахгүй хүүхэд тэврүүлсэн чинь тэвэрчхээд өгөхгүй байна гэж хэлсэн. Харин манай эхнэр энэ талаар яагаад хэлээгүй талаар мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг / хх-ийн 44, 53, 155 /
6. Гэрч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
... 2019 оны 09 сарын 12-ны орой 20 цаг өнгөрч байхад манай охин******* залгаад түргэн ирээч хүүхэд ухаангүй байна гэж залгаад хүүхэд ухаангүй байна гэж ярьсан, тэр үед цаана нь хүн орилж байгаад утсаа тасалсан. Би эргүүлээд залгахад Т.Бямбасүрэн нь хүүхэд түрүүлгээ харсан ухаангүй байна гэж хэлэхээр нь би эмч дуудаач, хөдөлгөж болохгүй гээд утсаа таслаад гэрээсээ машинаар гараад*******ын гадаа 22 цаг өнгөрч байхад ирээд гэрт ороход гэрийн баруун талын оронд дээр хүүхдийг өлгийнд боосон манай охин орилж уйлаад, мөн хадам ээж, эмч, хүргэн Т.Нямсүрэн, Ж.Бямбасүрэн нар байсан. Манай нөхөр хүүхдийг үнсээд толгойг барьж үзээд байсан, мөн хүүхдийг харахад дух хэсэг, шанаагаар нь улаан хүрэн зүйл байсан, цагдаагаас групп дуудсан гэж хүмүүс ярьж байсан,…тэр үед *******тэй хамт машинд сууж байхад ******* би хүүхдийг унтуулчхаад, хажуу айлын Оюун-Эрдэнийнд орж орны толгой дээр байсан архийг авч уугаад, унтсан байсан гэж хэлсэн. Ж.Бямбасүрэн утсаар ярихдаа түрүүлгээ харсан ухаангүй байна гэж хэлсэн, харин ирсэн хойно ороод ирсэн толгой нь хажуу тийшээ болсон байхаар нь аваад үзсэн, ухаангүй, бие нь халуун байсан гэж хэлж байсан,...миний ач эрүүл, саруул өсөж торнисон, ямар нэг өвчлөл байгаагүй,...миний зээ хүү их мяраалаг, дээш нь харуулаад тавьсан бол хөл, гар нь сарваганаж хөдөлнө, өөр ямар нэг хөдөлгөөн хийхгүй, эргэж, хөрвөөж чадахгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 49/
7. Гэрч Т.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:
... 2019 оны 09 дүгээр сарын 12-ны 20 цагийн үед бэр охин******* руу залгасан бол үнэн, харин гэрээс хойно нэлээд хол явж байхад хүүхэд уйлж байгаа чимээ дуугарахаар нь бэрийг гэртээ ирсэн юм бодоод утас руу нь залгаад хаана явж байна гэхэд мал дээр явж байна, Ж.Бямбасүрэн эгч очиж байгаа гэж хэлэхээр нь би Ж.Бямбасүрэн рүү залгахад хөвөөнөөс буугаад алхаж байгаа бололтой гар утасны гэрэл нь харагдахаар нь нохой руугаа алхаад, нохойгоо хориод сууж байтал хүрээд ирсэн Ж.Бямбасүрэн гэр лүү түрүүлж ороод, араас нь гэр лүү орсон, ...би бэр лүү ярихдаа ******* хүүхэд өгөхгүй, булаацалдаад, хэл амаар доромжлоод гэж хэлээгүй. Би тухайн үед хол явж байхад хүүхэд уйлах чимээ сонсогдсон тэгээд бэр лүүгээ залгасан, мөн ******* согтуу ирчхээд намайг айлгаад янз бүрээр хэлээд байхаар нь би айгаад гэр лүү ороогүй. Би хүүхэд уйлах чимээг сонсогдохоор нь бэр******* руу залгаж хэлсэн. Би гэрээсээ гарахдаа утсаа авч яваагүй, хүүхэд уйлах шиг чимээ гарахаар нь гэртээ гүйж ирээд утсаа аваад чимээ чагнахад ямар нэг чимээ сонсогдоогүй тэгээд жижиг гэрийнхээ хойд талд гарч байгаад бэр лүүгээ залгаж хэлсэн. Би гэрийн гадаа ирээд ямар нэг чимээ чагнахад ямар нэг чимээ сонсогдохгүй байхаар нь гэр лүү нь ороогүй шууд гэртээ орж утсаа авсан. Анх гэр лүү Ж.Бямбасүрэн орсон харин би нохойгоо хорьж байгаад араас нь орсон юм. Би малын хашааны хойд үзүүрт байхад хүүхэд уйлах шиг чимээ гарсан Би гэрийн хажууд ирээд чагнахад ямар ч хүүхэд уйлсан зүйлгүй байсан. Би өөрийнхөө гэрээс утсаа аваад бэр Баянзул руу залгаад хаана байна хүүхэд хэн авч байгаа юм гэж хэлэхэд чи аваагүй юм уу Бямбасүрэн эгчид хэлсэн гэж хэлсэн. Тэгээд Бямбасүрэн эгч рүү залгахад Бямбасүрэн очиж байна гэсэн. Тэгээд Бямбасүрэн эгчид нохойгоо хориод сууж байтал Бямбасүрэн ирээд цуг буцаж алхаад Т.Нямсүрэнгийн гэрийн үүдэнд очоод би гэрэл асаах гэж гэр лүү түрүүлж орсон. Араас Бямбасүрэн орж ирсэн. Миний хувьд гадаа ирээд сонсоход ямар нэгэн чимээ гарахгүй байхаар нь ороогүй юм... гэх мэдүүлэг / хх-ийн 51-52, 156-157 /
8. Гэрч Э.Санжидын мөрдөн байцаалтад өгсөн:
... Богд сумын “Ам гол” гэх газар хүүхэд ухаангүй болчихлоо гэх дуудлага ирээд очиход баруун талын орон дээр аав Т.Нямсүрэн нь тэвэрсэн, ээж Г.Баянзул нь урдаас нь хараад сөхрөөд суусан байхаар нь хүүхдэд үзлэг хийхэд хүүхэд ямар нэг хөдөлгөөнгүй, ухаангүй, амьсгал байхгүй, чагнуураар чагнахад зүрх цохилохгүй захын пульс тэмтрэгдэхгүй, арьс зэвхийж цайсан, 2 гараа атгаад хөшсөн байсан. Биед гэмтэл харагдаагүй, хүүхдийн долоовор хуруунд пульс хэмжигч хийх гэж үзэхэд хуруу нь хөшсөн, хуруу тэнийгээгүй тул пульс хэмжигч хийгээгүй, хуруу руу пульс хэмжигч хийх гэхэд орохгүй байсан мөн бие хөрсөн байсан тул нас бараад удсан байна гэж бодсон … гэх мэдүүлэг /хх-ийн 54/
9. Гэрч Д.Төмөрсүхийн мөрдөн байцаалтад өгсөн:
... орой 18 цаг 20 минутын орчим байх Т.Оюун- Эрдэнийн бэр******* миний утас руу залгаад би ямаагаа явган туугаад явж байна, манай хадам ээж Т.Оюун-Эрдэнэ танайд удсан уу гэж асуухаар нь би удаагүй гэж хэлэхэд хүүхэд уйлаад гэж хэлээд утсаа салгасан, өөр зүйл яриагүй, тухайн үед ямар учраас залгасныг нь мэдээгүй,…маргааш өглөө нь хүүхэд нас барсан талаар мэдсэн, би тэр үед гэртээ ганцаараа байсан .Т.Оюун-Эрдэнэ мал өтөөд малын эм авъя гэж хэлж өмнө хэлж байгаад тэр өдрөө ирж авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 138/
10. Гэрч А.Цэцэгбадамын мөрдөн байцаалтад өгсөн:
... талийгаач Н.Билгүүнтамирыг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үзэхэд биеийн байдал хэвийн, бага зэргийн жингийн илүүдэлтэй байсан. Мөн аймагт очиж зулай, түнхний эхо-д харуулаад ирээрэй 08 дугаар сард ирэхдээ аймагт үзүүлсэн, вакцинаа хийлгэчхээд яваад өгсөн...Н.Билгүүнтамирыг үзэхэд ямар нэгэн өвчин байгаагүй, гэмтэл гэх зүйл байгаагүй...насны онцлогт тохирсон хөдөлгөөнтэй, хөл гар сарваганаж хөдөлж байсан, хүүхэд 7 сартайгаас хойш эргэж, хөрвөөж чаддаг болдог, талийгаачийн хувьд эргэж хөрвөөж чаддаггүй байсан, өөрөө их мяраатай хүүхэд байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 140/
11. Гэрч Б.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:
... нярай хүүхэд гэж 0-28 хоног хүртэл настай хүүхдийг нярай хүүхэд гэдэг, үүн дотроо эрт нярай үе, хожим нярай гэж хуваадаг, эрт нярай эхээс төрснөөс хойш эхний 7 хоног, хожим нярай гэдэг нь 7-28 хоног хүртэлх хугацааг хэлдэг...хүүхэд 2 сартайгаас толгойгоо дааж эхлээд, 5 сартайгаас хөрвөөх үйлдлээ хийх чадвартай болж эхэлдэг, талийгаач Н.Билгүүнтамирын хувьд төрсөн цагаасаа сар тутамд 1.8кг-аас 2 кг-аар нэмэгдсэн байна, энгийн нярайн өсөх хэмжээ бол сард 650 граммаас 850 граммын түвшинд нэмэгдэх ёстой байдаг, талийгаачийн хувьд сард 2кг-аар нэмэгдэж байсан байна, талийгаач хүүхдийн хувьд ямар нэг хөрвөөх үйлдэл хийх ямар ч боломжгүй юм... гэх мэдүүлэг / хх-ийн 142/
12. Гэрч Ж.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:
... 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Т.Нямсүрэнгийнд очоод гэрт нь ороход хүүхэд гэрийн зүүн талын орны урд хэсэгт, цоохор бүтээлгийн дунд хэсэгт, хүүхдийн толгой баруун тийш харсан, нүүрээрээ доошоо харсан байдалтай хэвтэж байсан, харин манай нөхөр хоймор хэсэгт ширээний араар толгой нь зүүн тийшээ харсан, толгой нь авдрын баруун булангийн хажууд цаашаа харсан байдалтай унтаж байсан...талийгаач хүүхдийг аваад үзэхэд сонин болсон байхаар нь Т.Оюун-Эрдэнэд хүүхдийг өгчихөөд нөхрийгөө араас нь өшиглөхөд нөхөр сэрээгүй, дахиж өшиглөхөд нөхөр сэрээд босож ирсэн, харахад дунд зэрэг согтуу харагдаж байсан...би гэрийн гадаа очоод та гэрэл хаана байдгийг мэддэг юм чинь түрүүлж орж гэрлээ асаа гэж хэлэхэд Т.Оюун-Эрдэнэ түрүүлж ороод гэрлээ асаахад хүүхэд түрүүлгээ хараад хэвтэж байхаар нь очиж авсан. 2019 оны 09 сарын 12-ны орой 18 цаг өнгөрөөд тараад гэртээ ирэхэд манай нөхөр гэртээ байгаагүй, 18 цаг 30 минутын******* над руу залгаад ******* ах манайд ирлээ манай хажуу та хамрын элсэнд машинаа суулгасан манайд бага зэрэг архи уусан ирлээ хэлэхээр би машины түлхүүр нь байвал автахаараа гэж хэлсэн тэгтэл Н.Бая манай мал байдаг газар руу танай машин байна, замаараа очиж үзье машин асаалттай бол унтраая гэж хэлэхээр нь тэг гэж хэлсэн, удалгүй машин дээрээ ирсэн түлхүүр нь зоолттой байна гэж хэлэхээр нь түлхүүрийг нь үлдээгээрэй гэж хэлэхэд машиныг түгжээд машины ар талын дэрсэн дээр тавь гэж хэлсэн, би сумаас охины хамт гараад машины байгаа газар очоод би үлдээд охин яваад өгсөн тэр үед яг 20 цаг болж байсан, би машин дээр машины ард дэрсэн дээр тавьсан түлхүүрээ аваад******* руу ярихад би я дээрээ явж байна гэж ярихаар нь хүүхдээ яасан юм гэхэд хадам ээж байгаа гэж хэлэхээр нь би танай гэр рүү явлаа гэж хэлээд алхаж явтал 08 цагийн минутын үед******* над руу залгаад хүүхэд уйлаад байна гэнэ та хурдан очоодох гэж хэлэхээр нь би алхаад гэрийн наана очтол нохой хуцаад*******ын хадам ээж Т.Оюун-Эрдэнэ залгаад та нохойгоо хориодох гэж хэлээд очиход гэрийн хойд талд Т.Оюун-Эрдэнэ эгч нохойгоо хориод сууж байхаар түрүүлж ороод гэрлээ асаагаадах гэж хэлэхэд Т.Оюун-Эрдэнэ эгч ороод асаахад манай нөхөр гэрийн хойд талд толгой нь зүүн тийшээ харсан унтаж б хүүхэд зүүн талын орны урд хэсэгт газар хар цоохор бүтээлэг дэвссэн, д хүүхэд баруун тийшээ толгой нь харсан, доошоо харсан байдалтай байх орилоод тэвэрч аваад гар хөлийг нь барьж үзэхэд бүлээн байхаар нь та үзээд" Т.Оюун-Эрдэнэ гуайд өгөөд нөхрийгөө очоод өшиглөж аваад бос гэж хэлсэн сэрээд босож ирээд гараад явсан, би сумын эмнэлэгт дуудлага өгөөд хүүхдийн залгаж хэлсэн, удалгүй аав, ээж нь ирээд, дараа нь сумын эмнэлгийнхэн хүүхдийг үзээд нас барсан байна гэж хэлсэн.... гэх мэдүүлэг / хх-ийн 144, 42-43/
13. Гэрч Ж.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
... Д.Мөнхбаатар гэх айлд таараад 2 шил 0.5 литртэй Ерөөл архи уугаад тэндээсээ Б.Намнансүрэн гэх айлд гурвуулаа очиход Б.Намнансүрэн 1 шил 0.5 литртэй архи авч өгсөн, тухайн архийг 3-лаа хувааж уугаад Н.Наранбаатар хөдөө явна гээд явсан, ******* бид 2 салаад явсан, *******г хаашаа явсныг мэдэхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 147/
14.Гэрч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн:
... талийгаач Н.Билгүүнтамир нь аалзан хальсны шүүдэст үрэвсэл, уушги элэг, бөөрний эдийн завсрын үрэвсэл өвчинтэй байсан, үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй ба мөн амьсгал бүтэлтийг үед үүсэхгүй, архаг өвчнүүд тухайн эд эрхтнүүдэд ямар нэг үрэвсэлийн процесс явагдаж байсныг илтгэж байгаа юм, ямар шалтгаанаар тус эрхтнүүдэд үүссэн, үрэвсэлүүдийн шалтгаан нөхцлийг тогтоох боломжгүй. Амьсгал бүтэх, амьсгалын хурц дутагдал нь амьсгалын замд орох агаарыг саатуулснаас амьсгал бүтэлт үүсдэг, талийгаач Н.Билгүүнтамирын хувьд ам, хамар дарагдсаны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан гэж дүгнэсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 159/
15.Гэрч Н.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:
... *******г хүүхэд байхаас хойш нөхөрлөж байна, 2019 оны 09 сарын 12-ны өдөр Д.Мөнхбаатарын модоор юм хийлгэх гээд очиход *******, Ж.Энхбаяр 2 ирсэн, ирээд уулзаж байгаад ганц шил юм уух уу гээд дэлгүүрээс 1 шил 0.5 литр архи уугаад, дахиж 1 шил 0.5 литр архи уугаад байж байтал Б.Намнансүрэн хүрээд ир гэж байна гэж хэлсэн, *******, Ж.Энхбаяр нар Б.Намнансүрэнгийнх рүү явсан би гэрээрээ орчоод Б.Намнансүрэнгийнд очиход 1шил 0.5 литртэй архи тавьсан ууж байсан, тухайн архийг *******, Ж.Энхбаяр бид 3 хувааж ууж дуусаад би хөдөө явсан, *******, Ж.Энхбаяр гэр лүүгээ салаад явж байсан юм, хэрэг болсон талаар 3-4 хоногийн дараа дуулсан. Д.Мөнхбаатарын 2 шил 0.5 литртэй Ерөөл архийг *******, Ж.Энхбаяр бид 3 хувааж уусан, Д.Мөнхбаатар уугаагүй, Б.Намнансүрэнгийн уусан 0.5 литртэй Ерөөл архийг мөн бид 3 хувааж уусан, Б.Намнансүрэн уугаагүй юм аа...гэх мэдүүлэг /хх-ийн 149/,
16. Гэрч Д.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хашаандаа байшингийнхаа урд талд авдар зүлгэж байтал *******, Н.Наранбаатар. Ж.Энхбаяр нар манайд ирсэн, ирээд манай хашаанд сууж байгаад 2 шил 0.5 литртэй Ерөөл архийг юм ярьж байгаад уусан, манай хашаанд 2 орчим цаг болсон байх ууж дуусаад 3 уулаа манайхаас яваад өгсөн юм, би архинаас уугаагүй, 3-уулаа 2 шил архийг хувааж уусан, өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 151/,
17.Гэрч Б.Намнансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... *******, Н.Наранбаатар, Ж.Энхбаяр манайд орж ирэхэд нь архи уусан гэдгийг мэдээгүй, согтсон зүйл харагдаагүй, өөрсдөө Д.Мөнхбаатарынд архи уугаад гэж хэлж байсан, хэдэн шил архи уусан талаар бол мэдээгүй, манайд 3-уулаа 1 шил 0.5 литртэй архи уусан, өөр архи уугаагүй мөн би архинаас уугаагүй, архиа ууж дуусгаад гараад явсан хаашаа явсан талаар мэдэхгүй байна.******* согтсон зүйл байгаагүй бага зэрэг халсан байх, манайд уусан архийг нэлээд удаан юм яриад 2 цаг орчим уусан болохоор согтсон зүйл байгаагүй юм мөн Н.Наранбатаар, Ж.Энхбаяр нар согтсон зүйл байгаагүй, ямар учраас архи авч өгсөн гэхээр миний өмнө багийн даргаар Н.Наранбаатар ажиллаж байсан мөн Э.Энхбаяр цуг сумын тамгын газарт ажилладаг, манайхаар байнга орж ирээд байдаггүй хүмүүс болохоор ганц шил архи авч өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 153/,
18. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаар шинжээчийн:
1. Талийгаач нь ам, хамар дарагдсаны улмаас амьсгал бүтэж амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ.
2. Талийгаач Н.Билгүүнтамирын нь аалзан хальсны шүүдэст үрэвсэл, уушги, элэг, бөөрний эдийн завсрын үрэвсэл өвчинтэй байсан ба эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй байна.
3. Талийгаачийн биед толгой хуйхны дотор гадаргуун дагзны хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно
4. Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 57-58 /
19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5251 дугаар шинжээчийн: “...шинжилгээнд ирүүлсэн *******гийн гэх цус нь АВО системээр В/ III / бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 63/
20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5250 дугаартай шинжээчийн: “...шинжилгээнд ирүүлсэн Е19006786 гэсэн кодтой цуснаас 0,7 промилл спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0,7 промилл спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, / 64-65/
21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 5252 дугаар шинжээчийн:
1. Хэргийн газраас хураан авсан гэх хөх цоохор өнгөтэй даавуун бүтээлэг дээрх цайвар өнгийн бохирдол нь шүлс биш байна. Уг толбоноос ДНХ-ийн шинжилгээгээр үр дүн гараагүй тул харьцуулсан шинжилгээ хийх боломжгүй байна.
2. Амь хохирогч Н.Билгүүнтамир, гэрч ******* нарын гэх завьжны арчдаснаас ДНХ-ын тогтоцыг тогтоов...” гэх дүгнэлт, /хх-ийн 66-67/ болон Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-19/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 32/, өмгөөлөгч авах хүсэлт /хх-ийн 85/, Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багын засаг даргын 33 дугаар тодорхойлолт /хх-ийн 187/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 188/, хүүхдийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 189/, Монгол улсын онц тээвэрчин үнэмлэхийн хуулбар /хх-ийн 190/, эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторид эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тэмдэглэл /хх-ийн 240-242/, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дүрс оношилгооны төвийн шинжилгээ хийлгэсэн баримт /хх-ийн 243-244/, мессеж бичсэн тэмдэглэл /хх-ийн 245/, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн албан бичиг /хх-ийн 128/, дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас /хх-ийн 129/, Баянхонгор аймгийн прокурорын газрын 5/369 дугаар албан бичиг /хх-ийн 130/, хохирлын баримт хүргүүлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн баримт /хх-ийн 88/, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 89-98/, хохирлын баримтууд /хх-ийн 99-103/, Баянхонгор аймгийн цагдаагийн газарт Баянзулын гаргасан өргөдөл /хх-ийн 104-105/, хүсэлтийн хариу /хх-ийн 106/, Баянхонгор аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 197 дугаар албан бичиг /хх-ийн 107/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 108-109/, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /хх-ийн 70-83/, нарийн мэргэжлийн эмч нарын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 163/, Н.Билгүүнтамирын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 191/, амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 193-195/, Н.Билгүүнтамирын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 200/, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 201/, шүүгдэгчийн өмгөөлөгч 1 хуудас, мөн хохирогчийн зүгээс хохирлын 3 ширхэг нотлох баримт гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутаг “Баруун зэгс” гэх газар нутаглах Т.Нямсүрэнгийн гэрт 03 сартай эрэгтэй, Н.Билгүүнтамирыг гэрт нь түр хугацаагаар асран хамгаалж байхдаа нүүрэн хэсгээр доош харуулж унтуулсны улмаас амьсгал бүтэлт, амьсгалын хурц дутагдалд орж амь насыг нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт болсон нь хохирогч*******, гэрч Г.Ганчимэг, Т.Нямсүрэн, Б.Ганчимэг, Т.Оюун-эрдэнэ, Э.Цанжид, Д.Төмөрсүх, А.Цэцэгбадам, Б.Оюун-Эрдэнэ, Ж.Бямбасүрэн, Ж.Энхбаяр, шинжээч эмч Б.Баяртогтох нарын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 82 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******г болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч ******* нь архидан согтуурсан үедээ 03 сартай эрэгтэй Н.Билгүүнтамирыг гэрт нь сайн дураар харж байх явцдаа болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түүнийг нүүрээр нь харуулж хэвтүүлсний улмаас амьсгал бүтэж амь насаа алдсан нас барсан нь шүүгдэгчийн болгоомжгүй гэмт үйлдэл, амь насыг нь хохироосон эс үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Жамбасүрэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй гэмт хэргийн анх удаа үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогүйг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим зэргийг харгалзан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, харин үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нь хохирогчийн оршуулгын зардалд 3 сая төгрөг нөхөн төлсөн бөгөөд хохирогч******* нь үр хүүхдээ алдсаны улмаас сэтгэл санааны хямралд орж уг хямралын улмаас сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсэн, шүүгдэгч *******гээс сэтгэл санааны хохирол 10 сая төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс хохирогчийн төрсөн хүүхэд нас барсны улмаас сэтгэл санааны гүн
шаналал, хямралд орсныг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээ буюу цаашид сэтгэл зүйн эмчилгээ хийлгэхийг харгалзан найман сая / 8.000.000 / төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин Шүүхийн хэлэлцүүлэг дуусаж эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргахын өмнө шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирол нөхөн төлөх талаар 20 минутын завсарлага авсан бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч ******* нь хохирогч*******д хоёр сая / 2.000.000 / төгрөгийн нөхөн төлсөн тул шүүгдэгч *******гээс сэтгэл санааны хохирол зургаан сая / 6.000.000 / төгрөгийг гаргуулж хохирогч*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодож орлого олдог байдлыг түүнийг хохирлыг нөхөн төлөх бодит боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд нөхөн төлөхөө илэрхийлсэн нь учирсан хохирлыг нөхөн төлөх боломжтой гэж шүүх дүгнэж хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хар цоохор орны бүтээлэг нэг ширхэг, улаан цоохор дэр нэг ширхэг, 0.75 граммын шилтэй хагас архи бүхий шил нэг ширхэг, саарал өнгийн хүүхдийн оймс нэг ширхэг, бор алаг хүүхдийн оймс нэг ширхэг, хонины сүүлний тал нэг ширхэг зэргийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв..
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд нь шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч******* овогт**************г болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 3-д заасныг журамлан******* овогт**************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын / 01 жил 06 сар / хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1- д зааснаар шүүгдэгч *******д гэмт хэргийн хор уршиг зургаан сая төгрөгийг зургаан сарын хугацаанд арилгах үүргийг хүлээлгэж уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******гээс зургаан сая / 6.000.000 / төгрөг гаргуулж, хохирогч*******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хар цоохор орны бүтээлэг нэг ширхэг, улаан цоохор дэр нэг ширхэг, 0.75 граммын шилтэй хагас архи бүхий шил нэг ширхэг, саарал өнгийн хүүхдийн оймс нэг ширхэг, бор алаг хүүхдийн оймс нэг ширхэг, хонины сүүлний тал нэг ширхэг зэргийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ