| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2017/0045/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/140 |
| Огноо | 2017-08-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч Н.******* даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын
газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 201705000209 тоот
хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Жаа овогт ******* *******, /регистрийн дугаар*******/,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 06 сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8-р багийн нутаг Ар сайрын ам гэх газарт иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:
******* мотоцикльтой явж байхаар нь би ар талаар нь суугаад гэр рүүгээ дөхсөн. Тэгээд явж байгаад Устын амны дээд тохойд байдаг *******ын гэрийн харалдаа би мотоциклиос нь буухдаа чи байшингийн цонх хагалсан, чи нутаг хавчаад байх юм гэж хэлээд тэрнээс болоод маргалдаж, заамдалцаж аваад намайг газар унагаад зүүн талын гар хөл рүү өшиглөөд байхаар нь хамгаалаад байсан чинь эхнэр нь харчихаад ирээд салгаад аваад явсан. Би тэндээ хэвтээд хоцорсон.*******хан хэвтэж байгаад араас нь гэр рүү нь очих гэсэн чинь ******* морь унаад яваад өгч байгаа харагдсан. Тэгэхээр нь би араас нь явсаар байгаад Отгонбаатар гэдэг айлд оччихоор нь араас нь явсаар байгаад очсон. Гэрийн гадаа Шагдар гэдэг хүнтэй хамт байж байсан. Би очоод чи яахаараа намайг зоддог юм гээд бид 2 дахиад барилцаад авсан. Намайг газар түлхэж унагаагаад дээрээс хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд мордоод Тэгээд мордоод явсан. Тэгээд би гэртээ алхаж ирээд гар хугарчихлаа гээд хүүхдээрээ татуулж байгаад боолт хийлгэсэн. Тэгээд хэд хоногоос гар хавдаад хөдөлж чадахаа болиод байхаар нь 2017 оны 06 сарын 12-ны өдөр аймагт ирээд мэс заслын эмчид үзүүлээд боолт хийлгэсэн. Бид 2 нутаг бэлчээрээс болоод таардаггүй маргаантай байдаг. Тухайн үед ******* архи уугаагүй байсан. Би архи уусан байсан учраас дээрх асуудлаас болоод энэ талаар хэлээд маргалдаад намайг зодсон. Отгонбаатарын гэрийн гадаа намайг зодох үед миний гар хугарсан байх гэж би бодож байна. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Рентгэн зураг л авахуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 27-31/
Гэрч *******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 06 сарын 03-ны өдөр Отгонбаатарын гадаа сууж байхад ******* морьтой ирсэн. Юм яриад сууж байхад Пүрэвбаатар алхаад ирсэн. Пүрэвбаатар нь *******аас алчих чи гээд хэрүүл гуйгаад, маргалдаад барилцаж авах гээд байхаар нь салгаад нэгийг нь морин дээр нь мордуулаад нөгөөг нь яв яв гэж хэлээд мордоод эргээд харсан чинь ******* мориноосоо буугаад ирсэн зогсож байсан. Пүрэвбаатарыг өшиглөсөн чинь газар өнхөрөөд ойчсон. Тэгэхээр нь би бууж очоод *******ыг мордуулж явуулаад, Пүрэвбаатарыг гэр рүү нь явуулаад малдаа явсан. Пүрэвбаатар нь чи хэний хүчинд малтай боллоо. Танайхан юутай байсан юм бэ гээд хэрүүл нэхээд байсан. ******* нь өөрөө гай болно шүү гээд байсан. ******* Пүрэвбаатарыг өшиглөөд унагахад Пүрэвбаатар нь газар ойчсон байхдаа гарынхаа бугуйг нөгөө гараараа атгаад хэвтээд байсан. Газар унахдаа хугалсан байх. Манай гадаа ирэхдээ 2 гараа хөдөлгөөд зүгээр байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-36/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 280 дугаартай: *******ын биед зүүн гарын богтос ясны далд хугарал, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн шилбэ, тавхайнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 52-53/
Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн: ******* өвөлжөө бууцны асуудлаас болж байнга намайг дээрэлхэж доромжилдог. Би тэр бүгдийг тэвчиж өнгөрдөг. Манайх тухайн газар 20 гаруй жил нутаглаж байна. Тухайн өдөр ******* миний араар мотоциклиор сундалж яваад надаас хэрүүл нэхээд байсан. Би дуугүй явсаар гэртээ ирж *******ыг үлдээчихээд малруугаа явтал араас ирээд дахиад хэрүүл нэхээд, мод чулуу авч шидээд намайг барьж аваад байхаар нь би нэг өшиглөчихөөд явсан. Намайг явсны дараа *******ыг бугуйгаа бариад үлдсэн гэж Шагдарсүрэн хэлсэн гэх мэдүүлэг -хураан авах тогтоол, тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-14/
-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15/ -тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-19/ -эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 20-24 /
-Баянхонгор сумын 8-р багийн Засаг даргын тодорхойлолт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ххийн 76-79/
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч *******ын бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна. Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Хохирогч ******* нь согтууруулах ундаа хэрэглсэн, согтуурлын байдалд байхдаа бусдыг өдөж, хэрүүл маргаан үүсгэсэн нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч *******ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, рентген зураг 4 ширхэг хураагдсан ба түүнийг хохирогчид буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгчийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллгаа явуулах тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 зүлийн 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, рентген зураг 4 ширхэгийг буцаан олгож, шүүгдэгч *******ын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ