Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020ШЦТ/404 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Болдбаатар,******* нарт холбогдох эрүүгийн 2014004030432 дугаартай 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,******* овогт**************, ***************,

  Монгол Улсын иргэн,  эрэгтэй бага боловсролтой, ******* овогт**************, ********************

Үйлдсэн хэргийн талаар

 Шүүгдэгч******* нь *******тай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Өвдөгийн эх”  гэх газар иргэн М.Болормаагийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь*******тай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 20- ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Өвдөгийн эх”  гэх  газар иргэн М.Болормаагийн  нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодож эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

Би орой  20 цагийн орчимд Жинст сумын 4 дүгээр багийн “Цагаан ус”  гэх газраас*******, манай эхнэр Энхтуяа, Б.Батзориг нарын хамт Портер машинаар Ч.Банзрагчийн араас очиж тэдний малтай нийлсэн байсан малаа авахдаа би Ч.Банзрагчийг орой болж байхад чи нүүлээ гээд хэлэхгүй нэг бол манай малыг тэр хавьдаа ялгаад орхихгүй хүний мал авч явлаа гэж хэлсэн чинь бөөн хэрүүл болсон. Ч.Банзрагч ээжийгээ дуудаад ир гээд хүүхдээ мотоцикльтой явуулсан тэгээд байж байтал Ч.Банзрагчийн эхнэр М.Болормаа ирээд та нар нүүхээс өмнө малаа авахгүй яасан юм гээд орилж газраас чулуу аваад над руу шидсэн тэр үед би М.Болормааг нэг удаа түлхсэн өөр цохиж зодсон юм байхгүй, харин хэл амаар бие биенээ доромжилж хэрэлдсэн өөр зүйл болоогүй. М.Болормаа над руу чулуу шидэж байхад******* таны оёог хөндчих байх гэж бодоод би Болормааг түлхсэн гэж******* надад хэлсэн болохоос биш би өөрөө******* Болормааг түлхэж байхыг хараагүй, харин бид нарыг хэрүүл хийж байхад  Б.Батзориг , Амар-амгалан , Л.Энхмандах, Батжаргал гэх хөдлөнгийн хүмүүс 300 орчим метрийн зайтай байсан тэр хүмүүс сайн харсан байх. Бид нар зодоо хийгээгүй баахан хэрүүл хийсэн. Тэгээд М.Болормаа цагдаа дуудан гээд мотоциклио унаад явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 86-87/,          

Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би орой Энхмандахтай утсаар ярихад Ч.Банзрагчийнх нүүж байна мал нь манай ардуур гарч байна гэж хэлэхээр нь би ******* ах , Энхтуяа эгч,  Батзориг бид нар “Өвдөгийн эх”  гэх газар очиход ******* ах Ч.Банзрагчтай нүүхдээ хэлэхэд яадаг юм гэж хэлээд тэр хоёр маргалдаж эхэлсэн тэгээд байж байтал Ч.Банзрагчийн хүү гэр лүүгээ явсан. Ч.Банзрагчийн эхнэр ирээд ******* ах руу та нар олуулаа ирээд манай хүнийг дээрэлхэж байна уу гээд дайраад чулуу барьж шидэх гээд байсан ******* ах нэг удаа түлхсэн чинь хойшоо хагас суугаад боссон М.Болормаа дахиад чулуу шидэх гэхээр нь би дундуур нь ороод дахин нэг удаа түлхсэн. ******* ах хагалгаанд ороод оёо нь бүрэн эдгэрээгүй байсан болохоор шархыг нь хөндчих юм болов уу гэж бодоод  түлхсэн. Тэгээд бид нар хэсэг хэрүүл хийж байгаад М.Болормаа цагдаа дуудна гээд мотоциклио асаагаад явсан. ******* ах М.Болормаагийн нүүр лүү цохиогүй нэг удаа түлхсэн, М.Болормаа бид нар дээр ирээд битүү багтай байсан . Харин түлхэхэд хагас сууж байсан болохоор хөл нь чулуу дээр дарж хөхөрсөн байж магадаггүй. Нүд хөхөрсөн гэж байсан тэрийг ёстой мэдэхгүй байна. Бид нар хэрүүл хийхээс 4,5 хоногийн өмнө Ч.Банзрагч манайд ямаагаа сурч ирэхдээ хэдэн ямаанаас болж би авгайтайгаа хоорондоо зодоо хийсэн гэж надад ярьж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 94-95/,                  

Хохирогч М.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн

орой 20 цаг өнгөрч байхад ямаагаа сааж дуусаад хонин дээрээ байгаа нөхөр лүүгээ явж байтал урдаас манай хүүхэд хүрч ирээд нөгөө хүмүүс чинь ирчихсэн аавыг загнаад цохиод байна гэж хэлсэн. Намайг очиход *******,*******, Энхтуяа, манай нөхөр Ч.Банзрагч, бас нэг танихгүй залуу байсан. Тэд нар нийлээд хонио ялгаад дуусчихсан байсан. Энхтуяа нь над дээр хүрч ирээд малаа ав гэж хэлдэггүй юм уу гэхээр нь би хэлсэн гээд би эхнэртэй нь хэрэлдэж байтал ******* нь манай нөхрийг хэл амаар доромжлоод зодолдох гээд дайраад байхаар нь болиоч гээд салгах гээд дундуур нь орсон чинь Энхтуяа нь миний гараас татаад намайг түлхээд байх хооронд Д.******* гар нь орж ирээд миний баруун хөмсөг тус газар 1 удаа цохиод аваад түлхээд унагаасан. Энэ үед цаанаас Х.******* хүрч ирэхээр нь би*******т би чамд малаа ав гэж хэлсэн гэж хэлэхэд хуцаад байгаарай пизда минь гээд намайг хүзүүн дээрээс 1 гараараа ороож аваад намайг арагш нь түлхээд чулуун дээр унагаасан, би уур хүрээд чулуу бариад******* руу шидэх гэтэл миний нүүр лүү гараараа 1 удаа баруун нүд орчим цохисон. Тэгээд бид хоорондоо маргалдаж байгаад салах үед******* хажуугаар гарахдаа уурагныхаа үзүүрээр миний духан дундуур цохиж  надаас ингээд юм олж долоогоорой гэж хэлээд яваад өгсөн. Бид хэд мал нийлснээс болоод хоорондоо маргалдсанаас болж намайг зодсон. *******, Х.******* нар нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. ******* миний баруун нүдэнд гараараа 1 удаа цохиод түлхэж унагаасан,******* нь гараа эхлээд миний баруун нүдэнд, дараа нь гарын араар савж миний зүүн хацар луу 2 удаа цохисон, 1 удаа түлхэж унагаасан, дараа нь уурагныхаа үзүүрээр толгойн дух хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

Гэрч Б.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

*******, түүний эхнэр Энхтуяа,******* тэр 3 намайг дагуулаад *******ын  машинд суугаад Ч.Банзрагч гэдэг хүн дээр малаа тууж явахад нь очсон. Тэгээд малаа шүүгээд ялгалцахад нь би машин дээр нь авч ирсэн малыг нь холбоод зогсож байсан. Тэр үед *******, Ч.Банзрагч 2 хоорондоо маргалдаад байсан удаагүй Ч.Банзрагчийн эхнэр бололтой хүүхэн давхиж ирээд ******* луу орилоод чулуу нүүлгээд байгаа харагдсан. Дараа нь хоорондоо түлхэлцээд байгаад удаагүй больцгоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,           

 Гэрч Л.Энхмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

******* нь М.Болормаатай түлхэлцээд байгаа харагдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32/,

Гэрч Т.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

би эхнэртэйгээ Ч.Банзрагчийн гэрийн гадаа 19 цаг өнгөрч байхад манай 2 айл нэг дор ямаагаа сааж байхад М.Болормаагийн нүд ам нь зүгээр байсан. Тэгээд ямаагаа сааж дуусаад гэр лүүгээ явсан. Удаагүй намайг гэрийнхээ гадаа зогсож байтал М.Болормаа мотоциклио унаад манай гэрийн араар давхиад явж байгаа харагдсан. Тэгээд 21 цагийн үед Ч.Банзрагч гэр лүүгээ машинтайгаа манай гэрийн араар гараад гэр лүүгээ явсан. М.Болормаа мотоциклтойгоо манай гадаа давхиж ирээд малаа ялгаад бөөн юм боллоо гэхэд нь юу болсон юм гэж асуухад *******,*******  хоёр Ч.Банзрагчийг нийлээд дээрэлхээд байхаар нь очоод хэрэлдэж маргалдаад зодууллаа гэж хэлээд толгойныхоо багаа дээш нь сөхтөл баруун нүд нь хүрэн бор болчихсон харагдсан. Маргааш  өдөр тэднийхтэй цуг “Чулууг” гэх газар луу нүүж явах үед баруун нүд нь хөхрөөд хавдчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

Насанд хүрээгүй гэрч Б.Цоггалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Намайг тэнд байгаа хүмүүс дээр ирэхэд маргаан болоод *******, Х.******* манай ээжийг хоёулаа цохиж авсан. Би тэднээс холгүй хонины захаас харж байсан хэн нь түрүүлж цохисныг нь одоо санахгүй байна гараараа ямар ч байсан нэг нэг удаа ээжийн нүүрэнд цохисон. Ээж газар унаад шороо самардаж харагдсан. .” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

М.Болормаагийн гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хүний гар орно. Мөн М.Болормаагийн биед үүссэн гэмтэл нь гараар цохиход үүсгэгдэх боломжтой эсхүл хязгаарлагдмал гадаргуутай эд зүйлээр цохигдох боломжтой, М Болормаагийн баруун нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин зүүн өвдөгний цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 474 дугаартай

1.М.Болормаагийн биед баруун нүдний дээд, доод зовхи болон зүүн евдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 57-58/

  -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 72, 74/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 98/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 99, 101/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100, 101/, депозит дансны хуулгууд /хх-ийн 103-109/, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт / хх-ийн 110-111/,   шүүгдэгч *******,******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114-115/,  эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол / хх-ийн 118, 123/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 136/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч******* нь *******тай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Өвдөгийн эх”  гэх газар иргэн М.Болормаагийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь*******тай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 20- ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Өвдөгийн эх” гэх газар иргэн М.Болормаагийн  нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын...М.Болормаа нь та нар нүүхээс өмнө малаа авахгүй яасан юм гээд орилж гараас чулуу аваад над руу шидсэн тэр үед би  нэг удаа түлхсэн өөр цохиж зодсон юм байхгүй,  хэл амаар бие биенээ доромжилж хэрэлдсэн өөр зүйл болоогүй,...М.Болормаа над руу чулуу шидэж байхад******* таны оёог хөндчих байх гэж бодоод М.Болормааг түлхсэн гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 86-87/,

Шүүгдэгч*******ын ...М.Болормаа чулуу барьж шидэх гээд байсан ******* ах нэг удаа түлхсэн чинь хойшоо хагас суугаад боссон Болормаа дахиад чулуу шидэх гэхээр нь би дундуур нь ороод Болормааг дахин нэг удаа түлхсэн учир нь******* ах хагалгаанд ороод оёо нь бүрэн эдгээгүй байсан болохоор шархыг нь хөндчих юм болов уу гэж бодоод  түлхсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 94-95/,                        

Хохирогч М.Болормаагийн...бид хэд мал нийлснээс болоод хоорондоо маргалдсанаас болж намайг зодсон. *******,******* нар нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. ******* миний баруун нүдэнд гараараа 1 удаа цохиод түлхэж унагаасан,******* нь гараа эхлээд миний баруун нүдэнд, дараа нь гарын араар савж миний зүүн хацар луу 2 удаа цохисон, 1 удаа түлхэж унагаасан, дараа нь уурагныхаа үзүүрээр толгойн дух хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/, Гэрч Ч.Банзрагчийн...******* над руу дайраад бид 2 барилцаад автал манай эхнэр салгах гээд дундуур ортол шууд М.Болормаагийн баруун нүдний доод шанаа руу цохиод авсан, ...тэгж байтал******* хараалын үг хэлээд мөн манай эхнэрийг шанаа руу цохиод авсан дараа нь гарынхаа араа зүүн талын хацар луу нь цохиод авсан .. гэх мэдүүлэг/хх-ийн 18-19/

Гэрч Б.Батзоригийн...*******, Ч.Банзрагч 2 хоорондоо маргалдаад байсан, удаагүй Ч.Банзрагчийн эхнэр бололтой хүүхэн давхиж ирээд ******* луу орилоод чулуу нүүлгээд байгаа харагдсан, дараа нь хоорондоо түлхэлцээд байгаад удаагүй больцгоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,

Гэрч Л.Энхмандахын ...******* нь М.Болормаатай түлхэлцээд байгаа харагдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32/,

Гэрч Т.Баатархүүгийн... М.Болормаа нь толгойныхоо багаа дээш нь сөхтөл баруун нүд нь хүрэн бор болчихсон харагдсан. Маргааш өдөр тэднийхтэй цуг “Чулууг”  гэх газар луу нүүж явах үед баруун нүд нь хөхрөөд хавдчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

 Насанд хүрээгүй гэрч Б.Цоггалын ...намайг тэнд байгаа хүмүүс дээр ирэхэд маргаан болоод *******,******* манай ээжийг хоёулаа цохиж авсан,...гараараа ямар ч байсан нэг нэг удаа ээжийн нүүрэнд цохисон. Ээж газар унаад шороо самардаж харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

Шинжээч эмч Б.Баяртогтохын ...М.Болормаагийн гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хүний гар орно. Мөн М.Болормаагийн биед үүссэн гэмтэл нь гараар цохиход үүсгэгдэх боломжтой эсхүл хязгаарлагдмал гадаргуутай эд зүйлээр цохигдох боломжтой М.Болормаагийн баруун нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна харин зүүн өвдөгний цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/

 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 474 дугаартай ...М.Болормаагийн биед баруун нүдний дээд, доод зовхи болон зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 57-58/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******,******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******,*******  нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус  тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэг учрал болсон өдөр хохирогч М.Болормаа , шүүгдэгч *******,******* нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч *******,******* нар нь хохирогчийг нүүрэнд тус газар нь цохиж гэмтэл үүсгэсэн  үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч *******,******* нар нь хохирогч М.Болормааг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед баруун нүдний дээд, доод зовхи болон зүүн евдөгт цус хуралт гэмтэл учирсан болох нь хэргийн /хх-ийн 57-58/ дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хохирогч М.Болормаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 Шүүгдэгч *******,*******  нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.

Шүүгдэгч *******,******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 Шүүгдэгч *******,*******  нараас хохирогч М.Долгормаа  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч М.Болормаа  эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой болон эмчилээ  хийлгэх шаардлагатай бол цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******,******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******,*******  нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид чирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдал болон шүүгдэгч ******* нь 700 бог малтай, шүүгдэгч******* нь 200 бог малтай талаар сумын Засаг даргын тодорхойлолт болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  шүүгдэгч *******,******* нарыг тус бүр таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж , шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч *******,******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч*******ын эзэмшлийн “...SUNKKOMM маркийн гар утас, шүүгдэгч *******ын эзэмшлийн... G mobile маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлүүдийг хэрэгцээний дагуу *******,******* нарт буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******,******* нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт**************,******* овогт************** нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******,*******  нарыг тус бүр таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ан   гийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******,******* нарт тус бүр  оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

5. Хохирогч М.Болормаа нь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч *******,******* хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч *******,******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч*******ын эзэмшлийн “...SUNKKOMM маркийн гар утас, шүүгдэгч *******ын эзэмшлийн... G mobile маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлүүдийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******,******* нарт тус тус буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА