| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2018/0046/И |
| Дугаар | 227 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 227
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй Н.Алтаншагайд холбогдох “Зээлээр олгосон үрийн буудайн төлбөр 67.690.303 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Онцгой байдлын Ерөнхий газрын улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газар нь иргэн Н.Алтаншагайтай “Улсын нөөцийн бараа материалыг шинэчлэх гэрээ” 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай гэрээ байгуулж, 1 тонн нь 780.000 төгрөгийн үнэтэй 191.213 тонн , 1 тонн нь 830.000 төгрөгийн үнэтэй 8.769 тонн үрийн улаан буудайг сэлгэн шинэчлэх зорилгоор олгосон. Иргэн Н.Алтаншагай нь гэрээний хугацаанд 93.500.000 төгрөгийн өвс нийлүүлсэн. Иймд үлдэгдэл төлбөр болох 62.938.450 төгрөг, алданги 4.751.853 төгрөг, нийт 67.690.303 төгрөгийг гаргуулж өгнө үү!
Манай байгууллага нь Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41.1.3 дахь зүйлд заасан үндэслэлээр тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болно.
Шүүх хуралд манай байгууллагыг төлөөлж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Дархан сум дахь Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангийн захирагч, дэд хурандаа А.Алтансүх, нягтлан бодогч ахмад Д.Сонинчулуун, агрономич ахлах ахлагч Б.Сэрдамба нар оролцох болно...гэжээ.
Хариуцагч Н.Алтаншагай 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
...Хариуцагч Н.Алтаншагай миний бие Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжилсэн 67.690.303 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг төлөхийг ойлгосон...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар хариуцагч Н.Алтаншагайд холбогдуулан “Зээлээр олгосон үрийн буудайн төлбөр 67.690.303 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Алтаншагай “Зээлээр олгосон үрийн буудайн төлбөр 67.690.303 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 248.201 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ДОБГ нэхэмжлэлтэй хариуцагч Н.А холбогдох “Зээлээр олгосон үрийн буудайн төлбөр 67.690.303 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ДОБГ шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 248.201 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ