Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 317

 

 

 

 

 

 

 

 

 

         Л.Чт холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мягмаржав, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор И.Ариунсанаа,

шүүгдэгч Л.Ч,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Алтансүхийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Л.Чт холбогдох ................дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Буянаа овгийн Л.Ч, Ховд аймгийн Дарви суманд 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст Эргүүлийн цагдаа, жолооч ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт, ...................тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .................../,

 

Л.Ч нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эко” март дэлгүүрийн гадна иргэн Т.Амартүвшинтэй “...таксины мөнгөнөөс...” үүдэн маргалдаж, улмаар нүүрэнд нь 2-3 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Чийг торгох ялаас чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Л.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Алтансүх бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөвхөн хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхээр байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй, шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

           

            Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Ч.Алтансүхийн давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл журмыг зааж өгсөн байгаа...” гэв.

 

Шүүгдэгч Л.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын дүгнэлттэй маргах зүйлгүй. Би цагдаагийн байгууллагад ажилладаг тул ял шийтгэлтэй байж болохгүй. Иймд ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Л.Чт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Анхан шатны шүүх, Л.Чт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийтгэх тогтоол нь хууль ёсны болж чадаагүй байна. 

 

Прокуророос шүүгдэгч Л.Чийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эко” март дэлгүүрийн гадна иргэн Т.Амартүвшинтэй “...таксины мөнгөнөөс...” үүдэн маргалдаж, улмаар нүүрэнд нь 2-3 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Чийг торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр тус тус заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь зөвхөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэрэглэхээр байна.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл...” оногдуулна гэж заажээ.

 

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялгүй гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Л.Чийг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж, хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Чт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Чт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл Л.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

  

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                               Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ