Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2024/0180

 

 

 

 

 

 

 

 

 

 

“З*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц*******

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “З*******” ХХК

Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М*******, Б.Х*******

Нэхэмжлэлийн шаардлага: Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн НА-21220000074 тоот актыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0963 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц*******

Хариуцагч Ц.М*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 120/2023/0594/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “З*******” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн НА-21220000074 тоот актыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0963 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1, 47.3, 47.5, 47.8, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З*******” ХХК-ийн гаргасан “Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн НА-21220000074 тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “…Ашигт малтмалын тухай хуулийн 47.8-д "Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална" гэж заасан.

Уг хуулийн 47.8-д заасны дагуу Засгийн газрын 193 дугаар тогтоолоор "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг баталсан, уг аргачлалыг баримтлан ашигт малтмал ашигласны төлбөр төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал тооцох зарчмыг тодорхойлж, үүнийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл уг аргачлалд зааснаар экспортолсон ашигт малтмалыг хүдэр, эсхүл баяжмал бүтээгдэхүүний аль нь болохыг Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэн тодорхойлох бөгөөд нэхэмжлэгч "З*******" ХХК-д төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй…” гэж шүүх дүгнэжээ.

3.2.Дээрх шүүхийн шийдвэрээс болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл:

1.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар нь "З*******" ХХК-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ыг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан акт тогтоосон гэж шүүхэд ирүүлсэн тайлбартаа тодорхойлж бичсэн байдаг.

2.Шүүхээс шийдвэр гаргахдаа Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалыг үндэслэн төлбөр ногдуулан акт тогтоосон нь зөв гэж дээрх байдлаар дүгнэлт хийсэн.

3.3.Үүнийг дараах үндэслэлээр няцааж гомдол гаргаж байна.

1.Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-т “Экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дундажийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” гэж заасан.

Энэ заалтаар манай компанийн экспортолсон бүтээгдэхүүнд олон улсын зах зээлийн үнээр борлуулалтын үнэлгээг тооцжээ. Энэхүү заалтаар борлуулалтын үнэлгээг тооцохдоо “тухайн бүтээгдэхүүн” гэдгийг татварын алба тодорхойлох шаардлага үүсч байна. Тодруулж хэлбэл бүтээгдэхүүний ангилал буюу хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүний аль нь бэ гэдгийг тодорхойлох шаардлага үүснэ.

Энэ шаардлагын дагуу татварын алба нь Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-аар манай экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн нь төмрийн хүдэр юмуу, төмрийн баяжмал юмуу эсвэл эцсийн бүтээгдэхүүн юмуу гэдгийг ангилаад үнэлгээг тооцдог.

2.Тэгэхээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох суурь нөхцөл нь дээрх аргачлал болох нь тодорхой байна.

Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлал нь 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан бөгөөд уг аргачлалын 1.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтооход ашигт малтмалын хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, тооцох зарчмыг тодорхойлоход энэхүү аргачлалыг баримтална” гэж заасан байна.

Энэ заалтаас харвал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахад энэ аргачлал хэрэглэгдэхээр байгаа нь тодорхой зохицуулалттай байна.

Өөрөөр хэлбэл манай компани нь татварын хяналт шалгалт хийх үед ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болох нь татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсэг, Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн нотлох баримтаар нотлогдож байх тул энэхүү аргачлалыг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах боломжгүй байсан байна.

3.Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр тухайн экспортод гаргаж буй бүтээгдэхүүний агуулга хэмжээг тодорхойлдог бөгөөд уг агуулгын хэмжээнээс хамаараад төмрийн хүдэр, төдрийн баяжмал, эцсийн бүтээгдэхүүн аль нь болохыг Засгийн газрын 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу тооцоолон жишиг үнийн тооцооллыг хийдэг байна.

Тэгэхээр энэхүү аргачлал нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд хамааралтай болох нь 1.1 дэх заалтаас тодорхойлогдож байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-т “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан борлуулалтын үнэлгээг тооцох” заалт хэрэгжих боломжгүй юм.

3.4.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт:

“…Нэхэмжлэгчийн төлөөлөгч уг актыг "Ашигт малтмалын тухай хуулийн 47.8-д аргачлалыг Засгийн газар батална гэсэн заалт нь татвар ногдуулалт, төлөлтөд хамааралгүй, энэ заалтыг зөрчсөнөөр ямар ч үр дагавар үүсэхгүй, Засгийн газрын 193 дугаар тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ыг үндэслэн хариуцлага тооцох боломжгүй..." гэх тайлбар гаргаж маргасан боловч хуулийн дээрх заалтууд болон түүнд үндэслэн гаргасан Засгийн газрын тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу тооцоолж нэхэмжлэгч компанид төлбөр ногдуулсныг буруутгах боломжгүй, энэ талаархи нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй…” гэжээ.

Дараах үндэслэлээр няцаалт гарган гомдол гаргаж байна.

1.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар нь "З*******" ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.8-д "Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална" гэж заасныг зөрчсөн гэж НА-21220000074 дугаар актдаа тэмдэглэсэн.

Тодруулж харвал Ашигт малтмалын тухай хуулийн 47.8 дахь заалт нь Улсын Их Хурлаас Засгийн газарт аргачлал батлах эрхийг олгосон заалт бөгөөд татвар төлөгч энэ заалтыг биелүүлэх үүрэггүй, энэ заалтыг зөрчсөн гэх эрх зүйн үр дагавар үүсэхгүй.

2.Татварын улсын байцаагч нар Засгийн газрын 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалыг үндэслэн акт тогтоосон, шүүхээс Засгийн газрын тогтоолоор батлагдсан аргачлалыг үндэслэж төлбөр ногдуулсныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь дээрх аргачлалыг үндэслэж акт тогтоосон гэдэг нь тодорхой байна. Энэ тохиолдолд акт тогтоох үндэслэл болсон аргачлалыг "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтооход энэхүү аргачлалыг баримтална" гэж заасныг анхаарах ёстой байсан.

3.Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын 1.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтооход ашигт малтмалын хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, тооцох зарчмыг тодорхойлоход энэхүү аргачлалыг баримтална” гэж заасанд Засгийн газрын 2023 оны 81 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орж 1.1-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, тооцох зарчмыг тодорхойлоход энэ аргачлалыг баримтална” (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 81 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан) гэснийг анхаарахгүйгээр 2023 онд нэмэлт, өөрчлөлт орсон тогтоолыг 2019-2020 онд АМНАТ ногдуулан 2022 онд тогтоогдсон актад хэрэглэх нь хууль зөрчсөн, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болохыг шүүх анхаарч үзсэнгүй.

4.Шүүхээс уг аргачлалд зааснаар экспортолсон ашигт малтмалыг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний аль нь болохыг Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэн тодорхойлж, дүгнэх байсан боловч хавтаст хэрэгт Гаалийн төв лабораторийн дүгнэлт нь авагдаагүй бөгөөд нотлох баримтгүйгээр хийсвэрээр дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэж заасантай зөрчилдөж байна.

Иймд нотлох баримтгүйгээр хэрэгт үнэлэлт дүгнэлт хийсэн, маргаан бүхий акт гарснаас хойш нэмэлт, өөрчлөлт орсон аргачлалыг үндэслэл болгон тогтоосон татварын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй тогтоосон гэж үзэн нэг талыг барьсан шийдвэр нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0963 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх зарчмыг хангаагүйд гомдолтой байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

             Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг баталсан, уг аргачлалын 1.2-т “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслэнэ” гэжээ.

Гэтэл шийдвэрт “…аргачлалд зааснаар экспортлосон ашигт малтмалыг хүдэр, баяжмал бүтээгдэхүүний алин болохыг Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэн тодорхойлох бөгөөд…” гэж дүгнэсэн атлаа З*******" ХХК нь 2019 онд 3,373.15 тонн төмрийн хүдэр, 2020 онд 10,027.82 тонн төмрийн хүдэр, 16,710.7 тонн төмрийн баяжмалыг экспортолсон нь гаалийн экспортын мэдээгээр нотлогдсон” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэнтэй нийцсэнгүй.

Учир нь нэхэмжлэгч компанийн экспортлосон ашигт малтмал нь төмрийн хүдэр, эсхүл төмрийн баяжмалын алин болохыг тодорхойлсон Гаалийн лабораторийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

2.Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-т “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дундажийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан борлуулалтын үнэлгээг тооцно” гэж заасан, иймд Засгийн газраас баталсан аргачлалын дагуу нэхэмжлэгчийн экспортод гаргасан бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин, өөрөөр хэлбэл төмрийн хүдэр, төмрийн баяжмал, эсхүл эцсийн бүтээгдэхүүний аль болохыг лабораторийн дүгнэлтээр агуулга, хэмжээг тодорхойлохоос бус зөвхөн гаалийн мэдээнд үндэслэж нөхөн ногдуулалтын акт тогтоохгүй.

Энэ талаар ч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолд “…уг аргачлалаар экспортолсон ашигт малтмалыг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн аль нь болохыг Гаалийн төв лабораторын дүгнэлтийг үндэслэн тодорхойлох бөгөөд …” гэж дүгнэсэн, гэвч маргаанд ач холбогдол бүхий энэхүү лабораторийн дүгнэлтийг хэрэгт нотлох баримтаар аваагүй атлаа шийдлийн үндэслэл болгосон энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй байна.

3.Гаалийн мэдүүлгийн жагсаалтад 2019, 2020 онд тус тус экспортолсон ашигт малтмалыг “төмөр” гэж тусгасан, түүнээс төмрийн хүдэр, баяжмалын аль нь болохыг нарийвчлан тусгаагүй, иймд шийдвэрт хийсвэр таамаглал, эсхүл маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хуулбарлах байдлаар “дүгнэлт” өгсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл …шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэсэнд хамаарна.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0963 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.   

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                            ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

 

                              ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ

 

                            ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН