Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/210

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч В.Дэлгэрмаа, Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* / ******* регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Баян” зоогийн газарт иргэн ******* зодож, иргэн *******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд : 1. Шүүгдэгч Л.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний бие тогтоолтой танилцаа. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна....Миний хувьд эхнэрээ хардаж ******* 2 удаа нүүрэн тус газар нь цохиж авсан нь үнэн. Миний цохиж авсанаас болж хөнгөн хохирол учирсан байна. Хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31 /,

2. Шүүгдэгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй

. 3. Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний бие 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Апелсин” гэж найзын хамтаар дунд зах дээр байдаг “Баян” нэртэй зоогийн газарт орох болж манай найз өөрийн найз хүүхнээ дуудсан гэж байсан. Тэгтэл найз хүүхэн нь бас нэг найз хүүхнийхээ хамтаар ирсэн. Ингээд 4-үүлээ болж пиво уугаад байж байтал гаднаас нэг танихгүй хүн орж ирээд шууд миний нүүрэн тус газар цохиод авсан. Тэгэхэд нь би босоод ирэхэд дахин нүүр лүү хальт нэг цохиж хажуугаас нь хүмүүс барьж аваад би гарч зугтаад цагдаад дуудлага өгсөн юм. Би гомдолтой байна. гэх мэдүүлэг. /хх-ийн 08-09 /, ... Миний хувьд найз нарынхаа хамтаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн “Баян” нэртэй зоогийн газарт байхад танихгүй хүн орж ирээд намайг зодсон талаар гомдол гаргасан байсан. Ингээд уг хүн надтай хамт сууж байсан Ганаа гэж тэр өдөр танилцсан эмэгтэйн нөхөр нь байсныг сүүлд нь мэдсэн. Тэр хүн эхнэрээ хардаж цохиж авсан юм байна лээ. Уг нь Ганаа гэх эмэгтэй надад өөрийгөө танилцуулахдаа нөхрөөсөө салсан ганц бие гэж хэлж байсан. Би хамт байхдаа тэврээд суучихсан байсан. Тэгэхэд тэр эрэгтэй намайг эхнэрийг нь тэврээд сууж байхыг хараад хардаж намайг цохиж авсан юм билээ. Одоо миний биеийн байдал зүгээр болсон би энэ хүнд ямар нэгэн гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 12-13/ 4. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 13-ний 506 дугаартай “1. *******ы биед тархи доргилт, баруун, зүүн нүд, хамарт цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн”зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-23 /, хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудсанд авагдсан эвлэрэлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1- д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Л.*******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлсэнийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.*******гийн эзэмшлийн “хуван толгойтой манан хөөрөг”-ийг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “хуван толгойтой манан хөөрөг”-ийг эзэмшигч Л.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ногоон Гомбо овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ногоон Гомбо овогт ******* *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч Л.*******г 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1. 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Л.*******гийн эзэмшлийн “манан хөөрөг”-ийг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи хөөргийг эзэмшигч Л.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ