Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 335

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж,  хурлын  танхимд нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх хуралдаанаар Н.Наранчимэгийн нэхэмжлэлтэй “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах”-ыг  хүссэн хэргийг  хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчирийн 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 16 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг

                       Шарга морьт овгийн Нэргүйгийн Наранчимэг   

                       регистрийн дугаар                    МЮ-76122309

          Үрчлүүлэгч: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн 2-ын 18 тоотод оршин суух

                       Манхан овгийн  Дашиймаагийн Цэвэлмаа

                       регистрийн дугаар                 ТЕ-94021900

 

          Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Н.Наранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           ... Миний бие 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 6 настай Ц.Хансүлдийг төрсөн эгч Д.Цэвэлмаагаас өргөж авсан. Хүү Ц.Хансүлдийн аав С.Цолмон, ээж Н.Дашиймаа нар нь нас барсан байсан.  2018 он хүртэл 1 жилийн хугацаанд хүү Ц.Хансүлд бидэнд дасахгүй хэцүү байгаа тул үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү!...гэжээ.

          Нэхэмжлэгч Н.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          ... 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр буюу эх үрсийн баяраар бид гэр бүлийн хамт Улаанбаатар хотод очсон. Ингээд хүү Ц.Хансүлдийн ахынх нь багшийн саналын дагуу хүүг хараад өргөж авахаар шийдээд өргөж явсан. Ингээд 2017 оны 07 дугаар сард хүүгээ албан ёсоор төрсөн эгч Д.Цэвэлмаагаас нь үрчилж авсан тухай захирамж гарсан. Ингээд хүүгээ авчраад хүүгийнхээ нэрийг Ц.Тэмүүлэн болгон өөрчилж, гэрчилгээ бичиг баримтыг нь авсан. Хүүгээ өргөж авснаас хойш бүтэн 1 жилийн хугацаа өнгөрсөн боловч хүү маань бидэнд дасч өгөхгүй, юм л болвол “хувцсаа аваад явна” гээд байдаг болсон. Тэгээд бид хэдий аргадавч явна л гэдэг байсан. Иймэрхүү байдлаар удаан байж болохгүй юм шиг санагдаж эгчтэй нь хүүгээ буцааж өгөхөөр шийдсэн юм... гэжээ.

            Үрчлүүлэгч:  Д.Цэвэлмаа шүүхэд гаргасан тайлбартаа:

         ... Миний ээж, аав хоёр минь нас барсан. Би өөрөө 2 хүүхэдтэй, бас нэг дүүтэйгээ, эмээтэйгээ, нөхөртэйгээ хамт амьдардаг тул бага насны олон хүүхдийн харж, асрах хэцүү байсан. Тэгээд өөрийн хамгийн бага дүү болох Ц.Хансүлдийг 2017 оны 07 дугаар сард Н.Наранчимэг эгч болон түүний нөхөр н.Цолмон нарт үрчлүүлсэн. Тэгтэл дүү маань үрчлүүлсэн ээж аавдаа дасахгүй, хэцүү байна гэхээр нь дүүгээ буцааж авъя гэж шийдсэн. Одоо үрчлэлтийг хүчингүйд тооцоход татгалзах зүйлгүй. Дүүгээ өөрийнхөө асрамжид авна. Анх миний дүүгийн багш нь энэ хүмүүст дүүгээ үрчлүүлээч гэсэн санал тавьсан юм л даа. Н.Наранчимэг эгч, н.Цолмон ах нар миний дүүд сайн ханддаг байсан. Дүү маань л дасч өгөхгүй байна гэдэг юм. Төрсөн дүүгээ буцааж авахад татгалзах зүйл байхгүй... гэжээ.

                 Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:      

          Нэхэмжлэгч Н.Наранчимэгийн “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н.Наранчимэг, Б.Цолмон нар нь 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Ц.Хансүлдийг түүний төрсөн эгч Д.Цэвэлмаагийн зөвшөөрсний дагуу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн Хүүхэд үрчилсний бүртгэлийн 41 дүгээрт бүртгэн үрчлэхийн өмнө хүүхдийн эцэг Халиучин овгийн Сарантуяагийн Цолмон, эх овог Манхан овгийн Нямдаваагийн Дашиймаа, үрчлүүлсний дараах хүүхдийн үрчлэн авсан эцэг Боржигон овгийн Банзрагчийн Цолмон, эх Шаргаморьт овгийн Нэргүйгийн Наранчимэг, хүү Цолмонгийн Хансүлд гэж бүртгэснээр хүү Ц.Хансүлдийг үрчлэн авч, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд овог нэрийг “Цолмонгийн Тэмүүлэн” болгон бүртгүүлэн  өөрийн асрамжид авсан боловч  хүү Ц.Хансүлд нь үрчлүүлсэн эцэг, эхдээ дасахгүй нэг жилийн хугацаа өнгөрснөөс шалтгаалан бага насны хүүг төрсөн эгч Д.Цэвэлмаад буцаан өгөхөөр, төрсөн эгч Д.Цэвэлмаа өөрийн төрсөн дүүг буцаан авахаар хэн аль нь тохиролцсон байх тул үрчлэлтийг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

         Хүү Ц.Хансүлдийг үрчлэн авах үед буюу 2017 оны 07 дугаар сард түүний төрсөн эх Н.Дашиймаа, төрсөн эцэг С.Цолмон нар нь нас барсан байсан ба хүүг үрчлүүлэх тухай асуудлыг түүний төрсөн эгч Дашиймаагийн Цэвэлмаагийн зөвшөөрлийн дагуу үрчлүүлсэн байх ба үрчлэлтийг хүчингүйд тооцон, бага насны хүү Ц.Хансүлд буюу Ц.Тэмүүлэнг төрсөн эгч Д.Цэвэлмаагийн асрамжид буцаан шилжүүлэх нь зүйтэй байна.  

         Үрчлэлтийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт багтаан үрчлэлт бүртгэсэн, овог нэр өөрчлөн бүртгэсэн  байгууллагуудад хүргүүлэх нь зүйтэй.  

Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4,  145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн Хүүхэд үрчилсний бүртгэлийн 41 дүгээрт бүртгэн үрчлэхийн өмнө Халиучин овгийн Цолмонгийн Хансүлдийг Боржигон овгийн Банзрагчийн Цолмон, эх Шаргаморьт овгийн Н.Н нарт үрчлүүлсэн “Хүүхэд үрчилснийг хүчингүйд” тооцсугай.

2.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар бага насны хүү Ц.Хансүлдийг /Ц.Тэмүүлэн/ төрсөн эгч Дашиймаагийн Цэвэлмаагийн асрамжид шилжүүлж, энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц үрчлэлт бүртгэсэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн газарт, Ц.Хансүлдийн овог, нэр сольсон Сэлэнгэ амйгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд шийдвэрийг хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй  болохыг  дурдсугай.

5.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.4 дэх хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал энэ  хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

6.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.5 дахь хэсэгт зааснаар  мөн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу  хүрэлцэн ирж  шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа  өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6 дахь хэсэгт  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.                       

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ