| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2018/00322/И |
| Дугаар | 334 |
| Огноо | 2018-07-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 334
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Б.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Э.Мөнхбаатарт холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Цагааннуур суманд 1988 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, Бэлчир 2 дугаар баг, 05 тоотод оршин суух хаягтай /одоогоор Цагааннуур сум, Баянхангай гэх газарт түр оршин суух/ эрхэлсэн ажилгүй
Боржигон овгийн Бямбадоржийн Мөнхцэцэг
регистрийн дугаар МХ-88121129
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн суманд 1985 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, Бэлчир 2 дугаар баг, 05 тоотод оршин суух хаягтай, хувиараа мал малладаг
Баян-Эрхэт овгийн Эрдэнэжавын Мөнхбаатар
регистрийн дугаар МЖ-85041117
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...
Нэхэмжлэлийн утга: Б.Мөнхцэцэг миний бие 2004 онд Э.Мөнхбаатартай танилцан гэр бүлээ албан ёсоор батлуулж, гэр бүл болсон. Бид хоёрын дундаас охин М.Халиун 2008 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрж мэндэлсэн. Одоо эрүүл саруул өсч, торниж, ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангид суралцаж байна.
Ер нь Э.Мөнхбаатартай гэр бүл болсноос хойш аз жаргал гэдгийг мэдрэхгүй байнгын гэр бүлийн хүчирхийлэл зодуур дарамтанд амьдарч ирсэн. Намайг зодож, дарамтлах юу ч биш. Миний эцэг эхийг элдвээр хараах, доромжлох, гэр орондоо оруулахгүй хөөх, эцэг эхийг харж хандуулахгүй, “охины чинь нүүрийг сийчинэ, үсийг нь хусна, тэгнэ ингэнэ” гэх мэтээр байнгын сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Түүнчлэн Э.Мөнхбаатарын ах нар нь хүртэл намайг зоддог. “Хэрэв хууль хяналтын байгууллагад хэлбэл гэр бүлээр чинь ах дүүгээр чинь хүйс тэмтэрч ална. Биднийг ямар урт гартай, танил талтай гэдгийг мэдэж байгаа бол дуугүй явж үзээрэй” гэж дарамталдаг. Түүний энэ хэлсэн үг биелэх магадлалтай гэж боддог. Байнгын айдас дунд амьдрахад миний гол харлаж залуу сайхан насаа ийм хүний эрхшээл дарамтанд амьдарч байх ямар хэцүү юм бэ гэж байнгын харамсдаг. Сүүлдээ ер нь холдож амьдарч үзье гэж зориглож 2015 оноос нэг гэрт байхгүй тусдаа амьдарч байгаа боловч утсаар байнга дарамталж “чи хаа явах юм, халхын нутгаас хайчих юм, гадаад гарсан ч чи миний гарын шүүс болно гэдгээ мэдэж байгаа биз” гэж утсаар болон мессежээр “янхан банзал” гэж бичиж байдаг. Энэ байдлаас болж би амиа хорлож, бурханы оронд тайван амьдарвал сайхан юм шиг санагдах үе байдаг, гэвч хорвоод мэндэлсэн ганц үрдээ татагдаж, ийм алхам хийж чадахгүй амьдарч явна.
Тухайн зодуулсан үеийн зураг нь утсан дээр байсан ч тэр олж үзээд чи намайг цагдаад барьж өгөх юмаа хийгээ юу гээд л устгаж, ингээд өг гээд л зодно, үүнээс болж миний үүдэн шүд унаж, хиймэл шүүд хийлгэсэн байгаа. Хүний газарт хамт байх хугацаандаа хүнээс ичиж зовно гэж байхгүй зоддог байсан. Үүнийг гэрчлэх олон хүн байгаа. Миний хоолойд хутга тулгаж, одоо эцэг эхтэйгээ утсаар ярь та нар миний талаар юу гэж ярьдагийг чинь сонсмоор байна гэж яриулдаг. Миний хажууд эрэгтэй хүн зогсож байвал бид хоёрыг хоёуланг зодно. Ийм үйлдэл болгоноос болж миний зүрх өвддөг, байнга юмнаас айдаг, цочдог, мартаж санадаг болсон.
Тиймээс цаашид би бие махбодийн болон сэтгэл санааны дарамт шахалтаас ангид байж, өөрийн залуу насыг, амь биеэ үндсэн хуульд заасан эрхээ эдлэх үүднээс энэ хүнтэй батлуулсан албан ёсны гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргаж байна.
...Бид хоёр Солонгос улсад ажиллаж байх хугацаандаа нэлээн мөнгөө хуримтлуулж, 2 өрөө орон сууцны мөнгийг Э.Мөнхбаатарын эгч н.Саранцацралтад явуулж, түүний нэр дээр орон сууцны зээлэнд хамрагдсан.
Монголдоо ирээд зээлээ хурдан чөлөөлөх үүднээс өөрийн Зүүнбүрэнд байсан хувийн хашаа байшинг зарж, мөн өөрийнхөө ээж аавын нэр дээр малчны зээл авахуулж, эгчид нь 10.000.000 төгрөгийг бэлнээр өгч, зээлээ дуусгасан боловч одоо болтол бидний хөрөнгийг бидний нэр дээр шилжүүлж, өгөхгүй чиний юм гэж юу байдаг юм гээд намайг хөөж туугаад өмчийг минь өгөхгүй байгаа. Энэ асуудлыг би дараа нь жич нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлье гэж бодож байна.
Харин одоо гэр бүлээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах зэрэг асуудлыг шийдвэрлүүлэх үүднээс нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: 1.Э.Мөнхбаатартай гэр бүлээ батлуулсан гэрлэлтийн баталгааг цуцлуулах,
2.Охин М.Халиуныг өөрийн асрамжид үлдээх
3.Э.Мөнхбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...гэжээ.
Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Э.Мөнхбаатартай 2004 онд танилцаж, 2006 онд гэр бүл болсон. 2008 оны 02 дугаар сарын 02-ны өдөр охин М.Халиун төрсөн. Гэр бүлийн хүчирхийллээс болж салахаар шийдсэн. Э.Мөнхбаатар нь архи уудаг, харддаг, надад гар хүрдэг. Ер нь Э.Мөнхбаатар ч гэлтгүй ах дүү нар нь надад гар хүрч байсан. Намайг жирэмсэн байхад ч гэсэн хутга, шөвөг барьж дайраад би зугтаж айлын зооринд нуугдаж байсан ч удаа бий. Мөн нэг ах нь төмөр троссоор миний гуяыг ороолгож байсан зэргээр бүгд л гар хүрдэг байсан. Ер нь ах дүү нар нь хоорондоо маргалдах болохоороо л надаас болсон гээд л надад гар хүрэх тохиолдол гардаг.
Би том гэдэстэй байхдаа өглөө орой болгон арав гаруй үнээ ганцаараа саадаг, хонь мал гээд ажил ихтэй болохоороо гар хөл өвдөөд, ядраад байна гээд том ахад нь “надад туслах хүн өгөөч, эсвэл үхэр саалцах хүн хэрэгтэй байна” гэж хэлэхэд элдвээр хэлээд надтай нохой шиг харьцдаг байсан. Одоо охин маань 10 настай. Ганц охиноо бодоод л салахгүй гэж их л бодсон. Гэсэн ч болохгүй юм билээ. Охин маань аавынхаа ээж дээр Дарханд байдаг байсан, одоо хөдөө манай аав, ээж 2 дээр байгаа. Охин маань өөрөө “хэнтэй байна” гэнэ түүний саналыг л дагана гэж бодож байгаа. Охин маань болохоор Дарханд эмээтэйгээ амьдраад, тэндээ сургуульд сурч байгаа. Охин маань “...Дарханд сургуульд явдаг юм чинь энд гэртээ байна. Тэгээд аав, ээж хоёр дээрээ очоод байж байя” гэж хэлсэн. Тэгэхээр охиныхоо саналаар аавынх нь асрамжид үлдээе” гэж бодож байна. Мөн бид хоёр Солонгос явж байгаад байр авсан тэр байр маань одоо манай нөхрийн эгч н.Саранцацралтын нэр дээр байдаг. Тэр байраа охин М.Халиуны нэр дээр шилжүүлээрэй гэж хүссэн. Нөхөр маань ч үүнийг зөвшөөрсөн байгаа. Одоо гэрлэлт цуцалж, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Дархан дахь байраа охиныхоо нэр дээр шилжүүлэх, охиноо эцгийнх нь асрамжид үлдээх гэсэн асуудал дээр тохиролцож байна гэж бодож байна... гэжээ.
Хариуцагч Э.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2004 онд танилцан, 2006 онд гэрлэлтээ батлуулж, 2008 онд охин М.Халиун маань төрсөн. Бид одоогоор тусдаа амьдраад 4-5 жил болж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бол хүлээн зөвшөөрч байна. Охин маань ер нь аав, ээж аль аль талдаа ирж, очоод байдаг. Охин маань өөрөө ч гэсэн Дарханд эмээтэйгээ байсан нь дээр гэж шийдсэн юм байна лээ. Эмээ нь миний ээж байгаа юм. Охин маань миний асрамжид эмээтэйгээ байсан нь дээр байх гэж бодож байгаа. Хамгийн гол нь сургууль соёлдоо ойрхон. Эмээтэйгээ дассан юм. Цаашид бид хамт амьдрах боломжгүй байх л даа. Бид хамт Солонгост ажиллаж байгаад байр авсан. Тэр байрыг охиныхоо нэг дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Ямар нэгэн маргаан байхгүй. Тэр талаар судалж үзэхэд насанд хүрээгүй хүнд дангаар шилжүүлэхгүй, хамтран эзэмшигчээр шилжүүлэх юм билээ. Одоо энэ байр маань Дархан-Уул аймаг, Дархан сум, Хүслийн хотхон, 2 дугаар байр, 3 дугаар орц, 47 тоот, 56 метр квадрат талбай бүхий орон сууц маань манай эгч н.Саранцацралын нэр дээр бүртгэлтэй байгаа.
Бидний хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг нь Э.Мөнхбаатарт холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь 2004 онд танилцан улмаар 2007 онд гэрлэлтээ батлуулан, хамт амьдрах хугацаанд 2008 оны 02 дугаар сарын 02-ны өдөр охин М.Халиун төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан Б.Мөнхцэцэг, Э.Мөнхбаатар нарын гэр бүл болсныг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын тамгын газрын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээрт бүртгүүлсэн баталгаа, мөн байгууллагаас “2008 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин М.Халиуныг бүртгэж, олгосон № 0000974863, Г-14 бүртгэлийн дугаартай “Төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Зохигчид нь гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, бие биенээ ойлгож цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэх, уг асуудлаар эвлэрүүлэн зуучлах байгуулагад хандаж эвлэрэл амжилтгүй болсон зэрэг нь гэрлэлт цуцлах үндэслэл болж байна.
Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг нь шүүхэд “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байх бөгөөд зохигчид шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдаанд “...охин М.Халиуныг өөрийнх нь хүсэлтийг харгалзан Дархан-Уул аймагт эцэг, эмээтэй нартай нь хамт үлдээх, мөн охинд эцэг эхийн зүгээс хайр, халамжийг дутаахгүй хоёр талаас нь харж хандах, зохигчид Солонгос улсад ажиллаж авсан цалин хөлсөөрөө худалдан худалдан авсан, хариуцагч Э.Мөнхбаатарын төрсөн эгч н.Саранцацралтын нэр дээр бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын “Хүслийн хотхоны 2 дугаар байр, 3 дугаар орц, 47 тоотод оршин, 56 м.кв талбай бүхий орон сууцыг охин М.Халиун болон Э.Мөнхбаатар өөрийн нэр дээр шилжүүлэн авах” зэрэг асуудлаар харилцан тохиролцсон байна.
Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй охин М.Халиуныг эцэг Э.Мөнхбаатарын асрамжид үлдээж, Дархан-Уул аймгийн Дархан сумын “Хүслийн хотхоны 2 дугаар байр, 3 дугаар орц, 47 тоотод оршин, 56 м.кв талбай бүхий орон сууцыг охин Э.Мөнхбаатар болон охин М.Халиун нарын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсоныг дурдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй” гэж, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “ Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Б.М, Баян-Эрхэт овгийн Э.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар бага насны охин Мөнхбаатарын Халиуныг насанд хүртэл эцэг Э.М асрамжид хэвээр үлдээсүгэй.
3.Зохигчдын хооронд хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын Хүслийн хотхоны 2 дугаар байр, 3 дугаар орц, 47 тоотод оршин, 56 м.кв талбай бүхий орон сууцыг Э.М болон охин М.Халиун нарын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсоныг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мөнхбаатараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын тамгын газрын /газарт/ Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ