Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 331

 

 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Боргүвээ 5 дугаар хэсэг 121 тоотод оршин суух, 39 настай, эмэгтэй, одоо Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянгол уурхайд үйлчлэгч ажилтай, Бэсүд овогт Лувсанцэрэнгийн Баянжаргалын /МЮ-78121564/ нэхэмжлэлтэй

         Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Боргүвээ 5 дугаар хэсэг 120 тоотод оршин суух, 40 настай, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, Авган овогт Бямбаагийн Лхагвадоржид /МЖ-77102615/ холбогдох             

         “Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Баянжаргал, хариуцагч Б.Лхагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Л.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Би 2011 онд анх Б.Лхагвадоржтой танилцаж, 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин Л.Төгсжаргал төрсөн. Охиноо 2 настай байхад нь хэрүүл маргаан хийж намайг зодоод, чамаас саллаа гээд явсан түүнээс хойш бид хоёр тус тусдаа амьдарч байна. Тухайн үедээ миний үснээс зулгааж, нүүр лүү алгадсан бас 40 литрийн  бетонтой ус асгасан. Би өөрөө Б.Лхагвадоржтой гэр бүл болохдоо нэг охинтой байсан. Охин маань одоо 12 дугаар анги төгсөж байгаа. Б.Лхагвадоржтой хамтран амьдрах хугацаанд надад гар хүрдэг, архи уудаггүй мөртлөө архи уусан хүн шиг авир гаргадаг. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

       Хариуцагч Б.Лхагвадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Бид хоёр 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тус тусдаа амьдарч байна. Сүүлийн хэдэн жил бидний дунд гэр бүлийн маргаан байсан. Бид хоёр хамтран амьдрах хугацаандаа би эрхэлсэн тодорхой ажилгүй таксинд явж хэдэн төгрөг олдог байсан. Олсон орлого маань амьдралд төдийлөн хүрдэггүй байсан учраас санхүүгийн асуудлаас болоод маргаан үүсдэг байсан байж болох юм.

        Л.Баянжаргалын хувьд ханийн хайр халамж бага байдаг гэж боддог. Шөнө таксинд яваад ирэхэд хоол, ундгүй хоосон байх жишээний. Түүнээс болж би их ядардаг бухимддаг маргаан үүсгэдэг байсан. Миний хувьд охиноо бодоод салах бодолгүй байна. Охин маань 2 жилийн дараа сургуульд орно, охиноо эцэггүй өсгөмөөргүй байна. Хүүхдийн бага насанд суурь боловсрол сайн байх чухал байдаг. Миний хувьд охиноо сайн боловсролтой хүн болгох бодолтой явдаг. Тэтгэлэг тогтоодог ч бай үгүй ч бай хэрэглээнийх нь мөнгийг өгнө.

        Би Л.Баянжаргалтай эвлэрэх талаар хэлж, гуйж үзсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад би 21 хоногийн сургалтанд яваад Л.Баянжаргал ажилдаа яваад зөрөөд уулзалдаж чадаагүй юм. Би 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн эмнэлэгийн сүрьеэгийн тасагт 1 сарын эмчилгээнд орон эмчлэгдэж байна. Дахин шинжилгээнд орж давтан эмчилгээ хийлгэх шаардлагатай учраас цаашид ажил хийх боломжгүй болж магадгүй юм. Иймд хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэх.

                                                       ҮНДЭСЛЭХ нь :

        Л.Баянжаргалын  нэхэмжлэлтэй Б.Лхагвадоржид холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Зохигчид нь 2011 онд танилцан гэр бүл болж, 2012 оны 03 дугаар сарын 26-ы өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин Л.Төгсжаргал төрсөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

        Б.Лхагвадорж, Л.Баянжаргал нар нь гэр бүл болсон болох нь 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №0164270 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”, охин Л.Төгсжаргалын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрснийг 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр  №4301000492 бүртгэсэн “Төрсний гэрчилгээ”-ний хуулбарууд зэрэг болно.

        Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй бөгөөд зохигчид нь таарч тохирохгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Би 2011 онд анх Б.Лхагвадоржтой танилцаж, 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин Л.Төгсжаргал төрсөн. Охиноо 2 настай байхад нь хэрүүл маргаан хийж намайг зодоод, чамаас саллаа гээд явсан түүнээс хойш бид хоёр тус тусдаа амьдарч байна...Б.Лхагвадоржтой хамтран амьдрах хугцааанд надад гар хүрдэг, архи уудаггүй мөртлөө архи уусан хүн шиг авир гаргадаг. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэх,

           Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Сүүлийн хэдэн жил бидний дунд гэр бүлийн маргаан байсан. Бид хоёр хамтран амьдрах хугацаандаа би эрхэлсэн тодорхой ажилгүй таксинд явж хэдэн төгрөг олдог байсан. Олсон орлого маань амьдралд төдийлөн хүрдэггүй байсан учраас санхүүгийн асуудлаас болоод маргаан үүсдэг байсан байж болох юм...Миний хувьд охиноо бодоод салах бодолгүй байна...Тэтгэлэг тогтоодог ч бай үгүй ч бай хэрэглээнийх нь мөнгийг өгнө. Би Л.Баянжаргалтай эвлэрэх талаар хэлж, гуйж үзсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад би 21 хоногийн сургалтанд яваад Л.Баянжаргал ажилдаа яваад зөрөөд уулзалдаж чадаагүй юм...хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.” гэх мэдүүлгээс үзэхэд зохигчид нь таарч тохирохгүйн улмаас 2 жил гаруй тус тусдаа амьдарсан нь зохигчдын гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байх тул  гэрлэлтийг цуцлах  үндэслэл болно.

        Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Л.Төгсжаргалыг эх Л.Баянжаргалын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Л.Төгсжаргалыг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Лхагвадоржоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

         Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурдах нь зүйтэй.

        Зохигчид нь Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлах хэсгээр орж 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.  

        Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь эцэг Б.Лхагвадоржоос охин Л.Төгсжаргалд төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул ((175.600:2)х12)=1.053.600төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 29.836 төгрөг гаргуулан Төрийн сангийн төсвийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар Л.Б, Б.Л нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Л.Төгсжаргалыг эх Л.Б асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Л.Төгсжаргалыг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Л тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Б.Л 29.846 төгрөг гаргуулан Төрийн банкны Сэлэнгэ салбарын Төрийн сангийн 100130000957 дугаарт оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Анхцэцэгт даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа  өнгөрснөөс  хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.        10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.МӨНХЦЭЦЭГ