| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0026/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/213 |
| Огноо | 2018-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Мөнхтуяа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Улсын яллагч П.Мөнхтуяа,
Хохирогч *******ын өмгөөлөгч Б.Бурмаа,
Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714001730193 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ын ******* / ******* регистрийн дугаартай/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр иргэн *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* нь миний аав *******ын төрсөн ах нь байгаа юм. Манайхан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээр нутагладаг. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны үед манай аавынх тус багийн “Уургатын ам” гэх газарт байсан. Тухайн үед манай эхнэр амралтаа аваад хүүхдийн хамт аавынд бид нар очсон байсан юм. Намайг очсон байхад ******* гуайнх манай аавын өвөлжөөний урд талд байсан. ******* нь адуу үхрээ манай аавын өвөлжөөгөөд туугаад идшийг нь идүүлээд байсан юм. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн орой 20 цаг өнгөрч байхад харанхуй бүрий болж байхад ******* гуайн адууг нэг жаахан банди туугаад аавын өвөлжөөгөөд явж байсан. Би очоод “ахын дүү адуугаа эргүүл, яагаад өвөлжөөгөөд туугаад байгаа юм” гэхэд эргүүлэхгүй байсан. Би адууг нь эргүүлээд туух гэтэл ******* гуай адуун дотроосоо гараад ирсэн ба би “та яагаад адуугаа өвөлжөө өөд туугаад байгаа юм, намайг хөдөө ирснээс хойш олон удаа туулаа” гэхэд "чамд ямар хамаатай юм, чиний өвөлжөөг идэж байгаа биш” гэсэн. Би хариуд нь "минийх, манай аавынх ч” гэхэд “чи ямар малтай биш” гэхээр нь би “та адуугаа эргүүлж чадахгүй бол би эргүүлээд өгөх үү” гэж хэлээд адууг нь эргүүлсэн. Гэтэл буцаагаад туугаад байхаар нь би “та яасан сонин хөгшин төгцөг вэ” гэж хэлэхэд “чи намайг төгцөг гэлээ” гэж хэлээд над руу хэл амаар дайраад байсан. Би “таныг цохивол та гай болно, таныг хаана чинь цохих юм” гэж хэлсэн. ******* гуай намайг цагдаад өгнө гэхээр нь би өг гэж хэлсэн тэгэхээр нь тэг тэг гэж хэлээд салсан. Маргааш нь манай өвөлжөөний доод руу ******* гуайн адуу гараад хоносон байсан ба би доош нь туусан. Би ******* гуайд гар огт хүрээгүй. *******, болон түүнтэй хамт явсан жаахан банди тэгээд би байсан. Өөр хэн нэгэн хүн байгаагүй. Манай аавтай л ******* гуай маргалдаж байсан байх. Би бол хөдөө нэг их байдаггүй ихэнхдээ аймгийн төвд байдаг. Бид хоёрын дунд тийм асуудал байхгүй. Надад ямар миний барьж байгаа “Самсунг”-6 маркийн гар утаснаас өөр ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байхгүй..гэх мэдүүлэг / хх-ийн 51-53 /,
2. Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр *******, ******* гуай хоёр адуугаа туугаад явж байсан. Би ална гэж хэлээгүй, худлаа ярьсан. Би тааралдаад та яагаад өвөлжөө рүү адуугаа туугаад байгаа юм гэхэд чи ямар идэх малтай биш гээд байсан. Насанд хүрээгүй гэрч *******ид ******* гуай үг зааж өгч мэдүүлэг өгүүлсэн. *******ийн аав болох Мянганбаатарт хүүхдээ үнэн зөв мэдүүлгийг нь өгүүлээч гэж би хэлсэн. Би хүн зодоогүй гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 09 дугаар сарын 12-ны орой Эрдэнэцогт сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Хуурай” гэх газраас адуугаа туугаад явж байхад Г.******* гэх нь морьтой давхиж ирээд учир зүггүй намайг ороолгоод намайг мориноос татаж буулгаад заамдаж аваад шанаа руу цохиж аваад элдвээр хэлж доромжилсон юм. Манай өвөлжөөг идчихлээ гээд учир зүггүй ирээд намайг ташуурдаад нүдсэн юм. Г.******* гэдэг залуу манай төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Намайг өвөлжөө рүү малаа туулаа гээд зодсон юм. Миний цээж өвдөөд нуруу ,бөөр өвдөөд байна, би гомдолтой байна ямар ч байсан шалгуулаад гарсан зардлыг төлүүлнэ.. гэх мэдүүлэг / хх-ийн 17-18 /,
.... 2017 оны 09 дүгээр сарын 12-ны орой 20 цаг 30 минутын орчимд би адуугаа туугаад морьтой саахалт айлын Балдка гэх хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар баг “хуурайн дээд гол” гэх газарт явж байтал Г.******* морьтой “таныг ална” гээд орилоод ирээд шууд миний толгой руу сур юм уу мэдэхгүй нэг юмаар цохисон. Тэгэхээр нь би нүүрээ дараад байж байгаад цуг явсан хүүхэд рүү “ахыг чинь аллаа шүү” гээд нөгөө хүүхдийг дуудсан. Нөгөө хүүхэд дэргэд ирсэн ба би түүнд “ахыг чинь аллаа шүү, чи гэрч болно шүү” гэж хэлсэн. ******* миний толгой руу цохиж байгаад намайг морин дээрээс татаж газарт унагаасан. Унагаагаад миний толгой, зүүн шанаа хэсэг рүү гараараа цохисон, цээж рүү толгойгоороо мөргөсөн. “Чи муу ал миний өвөлжөө рүү малаа туугаад” гэхээр нь би өвөлжөө рүү туугаагүй доош нь хуурай ам руу адуугаа тууж байна байгаа юм" гэж хэлсэн. Тэгээд давхиад явчихсан. Г.*******ийнх голын нөгөө талд манайх эсрэг талд нь байдаг түүний тал руу мал гарахаар хэдэн малыг хөөж туугаад байдаг. Би архи амсдаггүй, Г.******* архи уусан эсэхийг мэдэхгүй, уусан болоод л намайг зодсон байх гэж бодож байна. Би түүнд огт гар хүрээгүй. Намайг гараараа цохисон, толгойгоороо миний цээж хэсэг рүү мөргөсөн. Миний ууц нуруугаар өвдөж байна. Би гомдолтой байна. Намайг зүгээр байхад тэр намайг зодсонд гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлүүдийг баримттай нь гаргаж өгнө. гэх мэдүүлэг / хх-ийн 19-23 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ын өмгөөлөгч Б.Бурмаа гаргасан дүгнэлтдээ : 2017 оны 9 сарын 12-ны орой миний үйлчлүүлэгч ******* адуугаа туугаад явж байхад нь ******* ирж толгой руу нь цохин татаж буулгаад цээж рүү нь толгойгоороо мөргөж танхайрсан байдаг. Энэ үйлдэлд хохирогч гомдолтой байгаагаа удаа дараа илэрхийлдэг. Шүүгдэгч уучлалт гуйсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хохирогчийг гүтгэж байгаад хохирогч гомдолтой байдаг. Хохирлын хувьд 1151.000 төгрөг нэхэмжилж байгаа. Эмийн сангийн баримт, цээжний зураг авхуулсан, бензиний баримт, Баянхонгороос Улаанбаатар явсан зардал Улаанбаатараас Баянхонгорт ирсэн зардал, шүд хийлгэсэн зардал, өмгөөлөгчийн зардал зэргийг нэхэмжилж байгаа, шүүгдэгчид ял шийтгэлийг хүлээлгэж хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна гэв.
5. Арван найман насанд хүрээгүй гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ******* ах бид хоёр үхрээ хурааж, гүүгээ саачхаад, адуугаа орой 20 цаг өнгөрч харанхуй болсон байхад туугаад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Хуурайн дээд гол” гэх газар руу туугаад явж байтал нэг морьтой хүн “наад адуугаа эргүүл” гэж хэлээд хүрээд ирсэн. Тэгснээ ******* ахыг мориныхоо цулбуураар цохиод байсан ба тэгээд мориноос татаж унагаад заамдаад цээж хэсэг рүү нь цохиж байсан. ******* ах надад “энэ намайг алах гэж байна, чи гэрч болоорой” гэж байсан. Тэгээд нөгөө хүн яваад өгсөн ба бид хоёр буцаад гэртээ ирсэн. ******* ахын хацар хэсэгт улайгаад шалбарсан, хөл нь шалбарсан байсан. Маргааш өглөө нь толгой өвдөөд гэж байсан. Харин ******* ах зодуулсан. Бид гурваас өөр хэн нэгэн хүн байгаагүй.гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 /,
6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Г.******* нь 1990 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. Эцэг эхээсээ тавуулаа ба айлын дээрээсээ хоёр дахь хүүхэд байсан. Бага насаа сумандаа эцэг эх, ах дүү нарынхаа хамт өнгөрүүлсэн. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын арван жилийн сургуульд 1-8 дугаар анги төгсөөд Баянхонгор аймгийн “Номун далай” сургуульд суралцаж бүрэн дунд боловсролыг эзэмшсэн. Г.******* бид хоёр 2015 онд танилцаж гэр бүл болсон ба одоо 1 хүүхдийн эцэг эх болон амьдарч байна. Архи дарс уугаад байдаггүй, төлөв даруухан зан ааштай. Мөн бусадтай нийтэч харьцдаг хүн байгаа юм. Нутаг усандаа нэр хүнд сайтай. Тухайн үед би хөдөө гэртээ байсан. Манай нөхөр Г.******* нь орой аажуу адуугаа шахах гээд явсан. Тэгээд буцаж ирэхдээ “******* нь манай өвөлжөөгөөд адуугаа туугаад явж байхаар нь очоод хэрэлдчихээд ирлээ цагдаа сэргийлэхэд өгнө гэж байна” гэж хэлээд ирсэн. Манай хүн бол юун зодоон цохион хийх тийм зүйл огт хийдэггүй хүн.гэх мэдүүлэг / ххийн 28-29 /,
7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 441 дугаартай шинжээчийн
1. *******ын биед тархи доргилт, зүүн доод 1-р шүдний мултрал, зүүн хацар, шилбэнд зулгаралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт/ хх-ийн 34-35 /,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 23- ний өдрийн 1221 дугаартай шинжээч нарын :
1. Урьд гаргасан 441 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Тархи доргилтын үед толгой өвдөх, дотор муухайрах, шилэн хүзүү хөших, толгой эргэх гэх мэт шинжүүд илэрч болох бөгөөд үзлэгээр дагзны булчингийн хөшингө, нүдний алимын чичирхийлэл гэх мэт шинжүүд илэрч болдог.
2. *******ын биед тархи доргилт, зүүн доод 1-р шүдний мултрал, зүүн хацар шилбэнд зулгаралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд буюу хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 1-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар тогтонги алдагдуулна.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт / хх-ийн 43-45 /, болон хавтаст хэргийн 13-16 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.*******ийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 36-37 дугаар хуудсанд авагдсан хохирогч *******ын эмнэлгийн тодорхойлолт, хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Г.*******ийн зан байдлын тодорхойлолт, хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.*******ийн хаан банкны тодорхойлолт, хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Г.*******ийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар, хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.*******ийн гэмтлийн зэрэг дахин тогтоолгохоор гаргасан хүсэлт, хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан арван найман насанд хүрээгүй гэрч Б.*******оос мэдүүлэг авахдаа хохирогч *******ын хүргэн ашиг сонирхлын зөрчилтэй ыг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан, мөн арван найман насанд хүрээгүй гэрчийг тусгайлан өрөөнд байцаалт авах талаар Улсын ерөнхий Прокурорын А/57дугаар тушаалыг зөрчсөн, миний үйлчлүүлэгч Г.******* нь хохирогчийг зодсон нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгөх, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч дүгнэлт гаргахдаа их эмч Д.Ганзоригийн тодорхойлолтыг үндэслэж дүгнэлт гаргасан бөгөөд их эмч Д.Ганзориг хохирогчийн өвчнийг асуумждаа 2017 оны 09 дүгээр сарын 11-нд эхэлсэн гэж бичсэн байх тул уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхгүй байх гэсэн дүгнэлтийг гаргав. Шүүх өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хянаад арван зургаан насанд хүрээгүй гэрч Б.*******ийн мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2-д ”арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл садны хүн, сурган хүмүүжүүлэгч оролцуулна” гэж заасан үндэслэл журмыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон нь хохирогч *******ын хүргэн боловч арван найман насанд хүрээгүй гэрч Б.*******ийн нагац ахын хувиар хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг авахад оролцсон боловч сурган хүмүүжүүлэгчийг оролцуулсан байх тул хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй байна. Улсын ерөнхий прокурорын А/57 дугаартай мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага батлах тухай тушаалын 4 дүгээр зүйлийн 4.4-д насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага тусгасан байна. Цагдаагийн газрын мөрдөгч арван найман насанд хүрээгүй гэрч Б.*******оос хүүхдийн өрөөнд мэдүүлэг аваагүй нь нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл болохгүй тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ....үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ” мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-д “ баримтад мэдээлэл нь...хохирогчийн мэдүүлэг.....хүн хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл болон хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах болон шүүхийн өмнөх хэлэлцүүлэгт хохирогч ******* нь өөрийгөө Г.*******д зодуулж гэмтэл авсан тухайгаа мэдүүлж байгаа нь хохирогчийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1,2-д заасан нотлох баримт гэж үзэж үнэлэх нь зүйтэй байх тул шүүгдэгч Г.*******ийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 441 дугаартай шинжээчийн дүгнэлт нь дан ганц их эмч Д.Ганзоригийн тодорхойлолтыг үндэслэж гараагүй бөгөөд хохирогч *******ын өөрийн биеийг үзэж, бусад холбогдох баримтыг үндэслэн гаргасан нь шинжээчийн дүгнэлтийн үзлэгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.1.5, 27.6 дугаар зүйлийн 1.1.6 болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасныг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.*******ийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгөх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, арван зургаан насанд хүрээгүй гэрч Б.*******ийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 441 дүгээр дүгнэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 1221 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Г.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.*******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.*******ийн эзэмшлийн “S-6” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж , дээрх гар утсыг хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.
Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт нэг сая нэг зуун тавин нэгэн мянган / 1151000 / төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүхээс нэг сая гучин гурван мянга таван зуун /10033500 / төгрөгийг шүүгдэгч Г.*******ээс гаргуулж хохирогч *******т олгохоор шийдвэрлэв.
Хохирогч *******ын эмчилгээний зардлын баримтаас 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдөр “Шунхлай” шатахуун түгээх станцаас 4800 БНХ улсын дугаартай автомашинд 60000 төгрөгийн шатахуун авсан гэх баримтыг бүрдүүлсэн боловч хохирогч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 7451 БНХ улсын дугаартай автомашины жолооч гэгчид 30000 төгрөг төлж Улаанбаатар хотоос Баянхонгорт ирсэн гэж тодорхойлолт бичүүлсэн байх бөгөөд хавтаст хэргийн 24-25 дугаар хуудсанд 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 10 цагт Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт хохирогч ******* нь хохирогчоор дахин байцаалт өгч байсан байна.
Иймд хохирогч *******ын 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 60000 төгрөгийн шатахуун авсан гэх, мөн өдөр Улаанбаатар хотоос 30000 төгрөг төлж ирсэн гэх нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байхаар шийдвэрлэв.
Мөн хохирогч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу 27500 төгрөг төлж явсан гэх баримтыг бүрдүүлсэн боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр зүйлийн 23-ний өдрийн 1221 шинжээчийн дүгнэлт бүхий хавтаст хэргийн 44 дүгээр хуудсанд 2017 оны 11 дүгээр сарын 15-нд хохирогч ******* нь шинжээч эмч нарт үзүүлж байсан талаар бичсэн байх тул ******* нь шинжээч нарт үзүүлснээс хойш Баянхонгор аймгаас явсан гэх баримтыг бүрдүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул уг баримтыг нотлох баримтаас хасаж тооцов.
Иймд хохирогч *******ын эмчилгээний зардлын баримтаас нэг зуун арван долоон мянга таван зуун / 117500 / төгрөгийн баримтыг нотлох баримтаас хасаж тооцов.
Шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д шүүгдэгч Г.*******д оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Г.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Г.*******ээс нэг сая гучин гурван мянга таван зуун / 10033500 / төгрөг гаргуулж хохирогч *******т олгож, уг хохирлыг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний дотор төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.*******ийн эзэмшлийн “S-6” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гар утсыг хохирол нөхөн төлөх зорилгоор зарцуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ