Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0277

 

 

 

 

 

 

2021 04 30 128/ШШ2021/0277

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: “С” ХХК

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Б нар

Гомдлын шаардлага: ...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Б нарын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, “С” ХХК нь 2016 оны 4 дүгээр улирал буюу 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн бүртгэлээс хасах болзол хангасан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагч Э.Н, Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч нь шүүхэд гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Б нарын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсаар татвар төлөгч “С” ХХК-д 16,891,755 төгрөгийн нөхөн татвар, 8,039,852.50 төгрөгийн торгууль, 4,934,942 төгрөгийн алданги, нийт 29,866,549.50 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Татварын улсын байцаагч нарын 0295204 дугаартай Шийтгэлийн хуудас-ыг эс зөвшөөрч, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Гомдлыг хангахаас татгалзаж, татварын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ****** шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн зүгээс Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Б нарын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ****** дугаартай Шийтгэлийн хуудас болон Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаар тогтоолыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.    Зөрчилд холбогдогч “С” ХХК нь 2015 оны гуравдугаар улиралд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 29,580,000 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үндэслэл бүрдсэн. Компанийн зүгээс татварын хууль тогтоомжийн мэдлэггүйгээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүйгээр алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 2015 оны 4 дүгээр улирал буюу жилийн эцсээр 38,451,600 төгрөг, 2016 оны нэгдүгээр улиралд үйл ажиллагаа явуулаагүй х тайлан, 2016 оны 2 дугаар улиралд 10,230,000 төгрөгийн борлуулалтын орлого, 2016 оны 3 дугаар улиралд 24,560,450 төгрөгийн борлуулалтын орлого, 2016 оны 4 дүгээр улиралд 28,682,450 төгрөгийн борлуулалтын орлого, 2017 оны 1, 2, 3 дугаар улирлуудад үйл ажиллагаа явуулаагүй х тайлан, 2017 оны 4 дүгээр улиралд 120,501,020 төгрөгийн борлуулалтын орлоготойгоор татварын тайлангаа тайлагнасан байдаг. 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босго 10,000,000 төгрөг байсан бол 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босго 50,000,000 болсон ба уг хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Манай компанийн борлуулалтын орлого нь 2015 оны 3 дугаар улирлаар НӨАТ төлөгчийн босго давсан хэдий ч үүнээс хойшхи тайлангууд нь 2017 оны 4 дүгээр улирал хүртэлх тайлангуудын борлуулалтын орлого нь 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босго болох 50,000,000 төгрөгт хүрэхгүй байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасаж, гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл манай компани нь 2015 оны 3 дугаар улирлын тайлангаар НӨАТ төлөгч болох болзлоо хангасан хэдий ч 2016 оны 4 дүгээр улирлаас дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт заасны дагуу НӨАТ суутган төлөгчийн бүртгэлээс хасагдах болзлоо хангаж, 2017 оны 4 дүгээр улирлын тайлангаар буцаад НӨАТ төлөгчийн босго болзлыг хангасан гэж үзэж байна. Иймд Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн хавсралт С ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцооны 8-д дурдсан 120,501,020 төгрөгийн зөрчлийн дүн бүхий 12,050,102 төгрөгийн нөхөн татвар, 3,615,030.60 төгрөгийн торгууль, 2,410,020.40 төгрөгийн алданги нийт 18,075,153 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэг нь Шийтгэлийн хуудас-аар ногдуулсан төлбөрөөс хасагдах ёстой байсан гэж үзэж байна.

2.    Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал 2013 оноос хямарч эхэлсэн бөгөөд манай компани нь 2016, 2017, 2018 онуудын тайлангаар ногдуулсан татваруудаа хугацаанд нь төлж чадаагүй нь эдийн засгийн хямралтай холбоотой, мөн манай компанийн үйл ажиллагаа бүрэн тогтворжиж өгөхгүй зарим сар, улирлуудад үйл ажиллагаагаа явуулахгүй х тайлан өгдөг байсан. Дээрх нөхцөл байдал нь бид тайлагнасан татвараа хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдлыг үүсгэсэн.

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 70 дугаар тогтоолыг нэхэмжлэгч тал нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гардаж авсан болох нь Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20/180 тоот албан бичиг, Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг гардуулсан тухай тэмдэглэлээр хангалттай нотлогдож байгаа бөгөөд Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг гаргуулсан тухай тэмдэглэл дээр Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаар тогтоолыг Нийслэлийн Татварын газрын 401 тоот өрөөнд гардуулав гэсэн 70 дугаар тогтоолыг 66 дугаар тогтоол гэж бичсэн нь НТГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн магадлагчийн техникийн алдаа ба энэхүү техникийн алдаа нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй, мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 70 дугаар тогтоолыг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гардан авсан ба шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоног нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусах байсан. Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлээ 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ковид-19 Короновируст цар тахлын энэ цаг үед танай шүүхээс гаргасан удирдамж, чиглэлийн дагуу шуудангаар хүргүүлсэн болно. /Монгол Шуудан ХК-ийн төлбөрийн баримтыг хавсаргав./ Энэ нь бид хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан, хугацаа хожимдуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр уг дүгнэлт нь үгүйсгэгдэж байгаа тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Б нарын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ****** дугаартай Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагч нь гомдлын нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Нэхэмжлэгч “С” ХХК нь 2015 оны 3 дугаар улиралд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 29,580,000 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үндэслэл бүрдсэн.

Компанийн зүгээс татварын хууль тогтоомжийн мэдлэггүйгээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 2015 оны 4 дүгээр улирал буюу жилийн эцсээр 38,451,600 төгрөг, 2016 оны 1 дүгээр улиралд үйл ажиллагаа явуулаагүй х тайлан, 2016 оны 2 дугаар улиралд 10,230,000 төгрөгийн борлуулалтын орлого, 2016 оны 3 дугаар улиралд 24,560,450 төгрөгийн борлуулалтын орлого, 2016 оны 4 дүгээр улиралд 28,682,450 төгрөгийн борлуулалтын орлого, 2017 оны 1, 2, 3 дугаар улиралд үйл ажиллагаа явуулаагүй х тайлан, 2017 оны 4 дүгээр улиралд 120,501,020 төгрөгийн борлуулалтын орлоготойгоор татварын тайлангаа тайлагнасан байдаг.

2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босго 10,000,000 төгрөг байсан бол 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлэх босго 50,000,000 болсон ба уг хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Манай компанийн борлуулалтын орлого нь 2015 оны 3 дугаар улирлаар 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн НӨАТ суутган төлөгчийн босго давсан хэдий ч үүнээс хойшхи тайлангууд нь 2017 оны 4 дүгээр улирал хүртэлх тайлангуудын борлуулалтын орлого нь 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлэх босго болох 50,000,000 төгрөгт хүрэхгүй байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл манай компани нь 2015 оны 3 дугаар улирлын тайлангаар НӨАТ төлөгч болох болзлоо хангасан хэдий ч 2016 оны 3 дугаар улирал буюу 2016 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт заасны дагуу НӨАТ суутган төлөгчийн бүртгэлээс хасагдах болзлоо хангаж, 2017 оны 4 дүгээр улирлын тайлангаар буцаад НӨАТ төлөгчийн босго болзлыг хангасан гэж үзэж байна.

Энэхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь заалтад заасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох, хүлээн зөвшөөрөх тухай нэхэмжлэлийн шаардлага бөгөөд тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь заалтад заасан шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа болно. Энэхүү нэмэгдүүлсэн шаардлага хангагдсан тохиолдолд нэхэмжлэгч “С” ХХК-ийн 2017 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын буюу 120,501,020 төгрөгийн борлуулалтын орлогоос НӨАТ ногдохгүй байх хууль зүйн үндэслэл бүрдэж байгаа ба мөн энэхүү нэмэгдүүлсэн шаардлага нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа дэмжсэн шаардлага болно гэжээ.

 Хариуцагч нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Татварын улсын байцаагч Л.Б, Э.Н бид Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний А/124 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх 35190800369 тоот томилолтын дагуу, ******** улсын бүртгэлийн дугаартай, ***** регистрийн дугаартай "С" ХХК-ийн 2014-2018 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн төлөвлөгөөт, бүрэн шалгалт хийж 0295204 тоот шийтгэлийн хуудас үйлдсэн.

"С" ХХК нь 2018 оны 11 сард нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн. Татварын хяналт шалгалтаар нийт 178,486,230.00 төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнд:

1. 2015 оны 3 дугаар улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар борлуулалтын орлого 10,0 сая ба түүнээс дээш /29,580,000.00 төгрөг/ төгрөг хүрсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, бүртгүүлбэл зохих хугацаанд олсон 163,486,310.00 төгрөг (2015 оны 4 дүгээр улирал 8,871,600.00 төгрөг, 2016 он 34,113,690.00 төгрөг, 2017 он 120,501,020.00 төгрөг)-ийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, төсөвт төлөөгүй.

Энэ нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10-т Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ... иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг, 6 дугаар зүйлийн 6.1-д Энэ хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 2.3.11-т Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлого нь 10.0 сая төгрөгт хүрсэн боловч татвар төлөгчөөр бүртгэгдээгүй, бүртгүүлэхээр татварын албанд хандаагүй байсан аливаа этгээдийг татварын алба нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасныг зөрчсөн.

2. 2016 онд цахим төлбөрийн баримтын системд 34,113,690 төгрөгийн и-баримт олгосон бүртгэлтэйгээс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 28,682,450.00 төгрөгийн борлуулалтын орлоготой тайлагнаж 5,431,240.00 төгрөгийн и-баримтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй;

3.2016 онд 674,655.00 төгрөг, 2017 онд 1,089,404.00 төгрөг, 2018 онд 1,223,371.00 төгрөгийн, нийт 2,987,430.00 төгрөгийн тайлангаар ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй;

3.    2016 онд 2,010,150.00 төгрөг, 2017 онд 2,240,550.00 төгрөг, 2018 онд 2,330,550.00 төгрөг, нийт 6,581,250.00 төгрөгийн тайлангаар ногдуулсан хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй;

С ХХК-ийн нийт 178,486,230.00 төгрөгийн зөрчилд 16,891,755.00 төгрөгийн нөхөн татвар, 8,039,852.50 төгрөгийн төлбөр оногдуулж 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ****** тоот шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн.

Мөн С ХХК-ийн зөрчил нь 2016 оны 7 сард татварын нэгдсэн системд бүртгэгдсэн 5,431,240.00 төгрөгийн дүн бүхий цахим төлбөрийн баримт, цахим татварын https://e-tax.mta.mn/ системд баталгаажсан 2015-2017 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, татварын албаны Татварын тооцооллын программ-ын Татварын өрийн бүртгэл, Татварын орлогын бүртгэлийн программ цэсүүдээс хэвлэж нотлох баримтын бүрдэл хангаж баримтжуулсан тооцоолол, төлөлт, холбогдогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон ба захирал Х.Өлзийням нь зөрчил шийдвэртэй танилцаж, зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн ****** тоот шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байтал хожимдуулж гаргасан нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар нь гомдлын нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: ...Татварын улсын байцаагч Л.Б, Э.Н нарт холбогдох захиргааны хэрэгт С ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2008 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.10. нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10,0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг; мөн 6 дугаар зүйлийн 6.1. Энэ хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана гэж тус тус заасан.

С ХХК нь 2015 оны 3 дугаар улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар борлуулалтын орлого 10,0 сая ба түүнээс дээш /29,580,000.00 төгрөг/ төгрөгт хүрсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй, энэ үйлдлээ ч хүлээн зөвшөөрсөн байгаагаа нэхэмжлэлдээ дурдсан байна.

С ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсний дараагаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 6 дугаар зүйлийн 6.8-д Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс хасагдах юм.

Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2009 оны 13 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журам-ын 7 дугаар зүйлд татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах талаар тодорхой заасан байгаа болно.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй, хууль мэдэхгүй хуулийг хэрэгжүүлээгүйгээс болж хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Иймд Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Б нар гомдол гаргагч “С” ХХК-ийн 2014-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж, татварын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0295204 тоот шийтгэлийн хуудсаар 178,486,230 төгрөгийн зөрчилд 16,891,755 төгрөгийн нөхөн татвар, 8,039,852 төгрөгийн торгууль, 4,934,942 төгрөгийн алданги ногдуулсан байна.

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл “С” ХХК-ийн гомдлоор 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцээд 70 дугаартай тогтоолоор татварын улсын байцаагчийн 2019 оны 0295204 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр баталжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/ 4 дүгээр зүйлийн 4.1.10-т нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг гэж заасан байна.

Уг хуулийн дагуу гомдол гаргагч нь 2015 оны 3 дугаар улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 29,580,000 төгрөгийн орлого тайлагнаж 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох болзлыг хангасан гэж үзэхээр байна.

Харин тус компани 2015 оны 4 дүгээр улирал буюу жилийн эцсээр 38,451.600 төгрөгийн, 2016 оны 1 дүгээр улиралд үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан, 2016 оны 2 дугаар улиралд 10,230,000 төгрөгийн, 2016 оны 3 дугаар улиралд 24,560,450 төгрөгийн, 2016 оны 4 дүгээр улиралд 28,682,450 төгрөгийн борлуулалтын орлоготой, 2017 оны 1-3 дугаар улиралд үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан, 2017 оны 4 дүгээр улиралд 120,501,020 төгрөгийн борлуулалтын орлоготойгоор тайлан гаргасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/ хуульд зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босго 10 сая төгрөг байсан бөгөөд 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босго 50 сая төгрөг болж нэмэгдсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015/ 6 дугаар зүйлийн 6.8-д Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасны дагуу гомдол гаргагч “С” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр улирлаас 2017 оны 4 дүгээр улирал хүртэлх хугацаанд албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй байна.

Харин гомдол гаргагч нь 2017 оны 4 дүгээр улирлын татварын тайлангаар 120,501,020 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015/ дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх болзлоо эргэн хангасан байна.

Гэтэл хариуцагчийн зүгээс дээрх нөхцлийг шалган тогтоолгүйгээр татварын албанд бүртгүүлээгүй, гэрчилгээ олгогдоогүй учраас бүртгэлээс хасах боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагч 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10-д заасны дагуу гомдол гаргагч нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсныг татварын албанд бүртгүүлэх шаардлага тавилгүйгээр даган мөрдөж хэрэглэсэн атлаа 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар 6.8-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасагдах шаардлага хангасныг заавал бүртгүүлэх шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй байна.

Харин гомдол гаргагч “С” ХХК нь 2016 онд цахим төлбөрийн баримтын системд 34,113,690 төгрөгийн ибаримт олгосон бүртгэлтэй боловч аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 28,682,450 төгрөгийн борлуулалтын орлоготой тайлагнаж 5,431,240 төгрөгийн ибаримтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй, 2016 онд 674,655 төгрөг, 2017 онд 1,089,404 төгрөг, 2018 онд 1,223,371 төгрөгийн тайлангаар ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хуулийн хугацаанд төлөөгүй, 2016 онд 2,010,150 төгрөг, 2017 онд 2,240,550 төгрөг, 2018 онд 2,330,550 төгрөгийн тайлангаар ногдуулсан хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зөрчлийн хэрэг, гомдол гаргагчийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан зэргээр тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн гомдол гаргагчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах-аар маргасан атлаа энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд энэ талаар мэтгэлцээгүй бөгөөд урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахдаа шийтгэлийн хуудаст хэсэгчлэн гомдол гаргасныг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, “С” ХХК нь 2016 оны 4 дүгээр улирал буюу 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн бүртгэлээс хасах болзол хангасан болохыг тогтоон хүлээн зөвшөөрч, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Б нарын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0295204 дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоосон 178,486,230 төгрөгийн зөрчилд 16,891,755 төгрөгийн нөхөн татвар, 8,039,852 төгрөгийн торгууль, 4,934,942 төгрөгийн алдангиас 120,501,020 төгрөгийн зөрчилд ногдуулсан 12,050,102 төгрөгийн нөхөн татвар, 3,615,030.60 төгрөгийн торгууль 2,410,020.40 төгрөгийн алданги буюу шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 29,866,549 төгрөгийн төлбөрийг 18,075,153 төгрөгөөр бууруулж, гомдлын шаардлагаас үлдэх 11,791,396 төгрөгийн төлбөрийн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.5, 106.3.6, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “С” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, “С” ХХК нь 2016 оны 4 дүгээр улирал буюу 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн бүртгэлээс хасах болзол хангасан болохыг тогтоон хүлээн зөвшөөрч, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Б нарын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0295204 дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоосон 178,486,230 төгрөгийн зөрчилд 16,891,755 төгрөгийн нөхөн татвар, 8,039,852 төгрөгийн торгууль, 4,934,942 төгрөгийн алдангиас 120,501,020 төгрөгийн зөрчилд ногдуулсан 12,050,102 төгрөгийн нөхөн татвар, 3,615,030.60 төгрөгийн торгууль 2,410,020.40 төгрөгийн алданги буюу шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 29,866,549 төгрөгийн төлбөрийг 18,075,153 төгрөгөөр бууруулж, гомдлын шаардлагаас үлдэх 11,791,396 төгрөгийн төлбөрийн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ОДМАА