Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2023/0526/З |
Дугаар | 221/МА2024/0170 |
Огноо | 2024-03-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2024/0170
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/638 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус координат бүхий улсын тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх авахаар гаргасан “Э” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.У, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, Э.П
Гуравдагч этгээд “Н з” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г
Гуравдагч этгээд “Ш е п” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2023/0526/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/638 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус координат бүхий улсын тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх авахаар гаргасан “Э” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/638 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус координат бүхий улсын тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх авахаар гаргасан “Э” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдээс гаргасан хүсэлтийн он цагийн дараалал зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, үүнээс болж шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж гомдол гаргалаа.
3.1. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн гаргасан хүсэлтийн талаар: Гуравдагч этгээд “Ш е п” ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, “Н з” ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр газар ашиглах тухай, нэхэмжлэгч “Э” ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “... газрын хэмжээ нэмүүлэх” тухай хүсэлтүүдийг тус тус Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани “...газрын хэмжээ нэмүүлэх” хүсэлтийг гуравдагч этгээдүүдээс цаг хугацааны хувьд хожим буюу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гаргасан.
Тус хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдээс гаргасан хүсэлтийг судлаад, цаг хугацааны хувьд хамгийн сүүлд хүсэлт гаргасан нэхэмжлэгч компанид 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22/917 дугаар албан бичгээр “координат бүхий газар нь санал өгсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай байгаа тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно” гэх хариуг хүргүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “Харин нэг байршилд олон иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргасан тохиолдолд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж зааснаар шийдвэрлэх нь хуулийн зохицуулалтад нийцэх байжээ” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээдүүд нь маргаан бүхий газарт газар ашиглах хүсэлтээ нэхэмжлэгчээс урьтаж буюу цаг хугацааны хувьд эхэнд гаргасан байхад уг маргааны үйл баримтад шууд хамааралгүй хуулийн дээрх зохицуулалтыг баримталж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
3.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, Дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж зааснаар төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн газар ашиглах эрх олгодог. Тодруулбал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 22/968 дугаартай албан бичгээр “Н з” ХХК-д, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22/974 дугаар албан бичгээр “Ш е п” ХХК-д тус тус газар ашиглуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт ирүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд маргаан бүхий газарт газар ашиглах эрх олгохдоо дээрх саналууд, мөн хуулийн этгээдүүдээс гаргасан хүсэлтийг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А/638 дугаар тушаалыг гаргасан. Уг тушаал холбогдох хууль тогтоомжид нийцсэн, эрхийн зөрчилгүй захиргааны акт болно.
3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон боловч шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтэд Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргаанаас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22/917 дугаар албан бичгээр хариу өгсөн байх тул хариуцагчийн газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэв” гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч нь хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22/917 дугаар албан бичгийн талаар Захиргааны ерөнхий хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаагүй. Харин 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд маргаан бүхий асуудлаар гомдол гаргасан.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйтэй маргаж нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэх үндэслэл байгаа эсэхийг нягтлах ажиллагааг хийлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч, шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/638 дугаар тушаал хуульд нийцсэн эсэх, тус координат бүхий улсын тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх авахаар гаргасан “Э” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйл 2023 оны өөрчлөлт орохоос өмнөх, манай хүсэлт гаргах үед үйлчилж байсан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцалтай байх нь татгалзах үндэслэл болохоос биш эрх аваагүй зүгээр санал, хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн газрын байршилтай давхцах нь татгалзах үндэслэл болохгүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хуульд заасны дагуу хамгийн сайн, байгаль орчинд ээлтэй, хэрэгжих боломжтой төсөлд уг газрыг ойлгох зохицуулалттай” гэж тайлбарлан маргажээ.
2.2. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хувьд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Чингисийн өвөлжөө нэртэй газарт 2 га газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд талбайн хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гаргасан байх ба Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22/917 дугаар албан бичгээр “... тус компаниас ирүүлсэн 570572 м.кв байршлыг шалгаж үзэхэд заагдсан координат бүхий газар нь санал өгсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай байгаа тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгсөн байна.
2.3. Гуравдагч этгээд “Ш е п” ХХК-ийн хувьд анх 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр газар ашиглах тухай хүсэлт гаргасан, уг хүсэлтийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22/861 дүгээр албан бичгээр хүлээн авч боломжгүй талаар хариу мэдэгдсэний дагуу дахин 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дахин хүсэлт гаргажээ. Харин гуравдагч этгээд “Н з” ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр газар ашиглах хүсэлтийг тус тус гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх боловч маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/638 дугаар тушаалаар гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгож шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө мөрдөгдөж байсан/-ийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3-д заасантай нийцээгүй байна.
2.4. Тодруулбал, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийг газар ашиглах тухай хүсэлт гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 36.2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ, 36.3-д “Аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ” гэж хуульчилсан байна.
2.5. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас дээрх хуульд заасан ажиллагааг огт хийхгүйгээр цаг хугацааны хувьд түрүүлж хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр гуравдагч этгээд “Ш е п” ХХК болон “Н з” ХХК-иудад газар ашиглах эрх олгож шийдвэрлэсэн нь буруу байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нөгөөтээгүүр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан зохицуулалт нь эзэмшиж, ашиглахаар хүсэлт гаргасан газар нь эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр, хууль ёсоор эзэмшиж, ашиглаж буй өөр бусад хүн, хуулийн этгээдийн газартай давхцаагүй байх тухай ойлголт юм.
2.6. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Э” ХХК нь газар ашиглах тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаарх Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22/917 дугаар албан бичгийг хүлээн авснаас хойш Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд удаа дараа гомдол, хүсэлт гаргаж, холбогдох хариуг авч байсан болох нь тогтоогдож байх төдийгүй Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 290 дүгээр албан бичгээр тухайн хүсэлт гаргасан байршилд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/638 дугаар тушаалаар гуравдагч этгээдүүдэд газар ашиглуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч компани мэдсэн байх ба үүнээс хойш шүүхэд гомдол гаргах хугацааг тооцож 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
Хэдийгээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч хууль хэрэглээний болон найруулгын алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө мөрдөгдөж байсан/-ийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/638 дугаар тушаалын гуравдагч этгээд “Н з” ХХК болон “Ш е п” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн улсын тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын татгалзал хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН