Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 191

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч П.Болормаа, хохирогч П.Мягмаржав, шүүгдэгч Л.Даваацэрэн, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0-192) нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ямаа ус овогт Лагийн Даваацэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 0962 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Ямаа ус овогт Лагийн Даваацэрэн, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Дарви суманд 1979 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Хаш чулуун сувилалын газарт эмчлэгч эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 8-17 тоотод оршин суудаг, ДД79042312 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Л.Даваацэрэн нь согтуурсан үедээ 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 22 тоотод П.Мягмаржавыг бага хоол хийлээ гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодод нь эрүү ясны хугарал, баруун хөмсөгний шарх, баруун, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Л.Даваацэрэн нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр эмч нарын баяр тэмдэглэн хоёр найзтайгаа хамт 1 литрийн хэмжээтэй нэг шил Болор нэрийн архи хувааж уун согтууржээ. Улмаар тэрээр гэртээ ирж, согтуурсан үедээ өөрийн 1 нас 10 сартай нялх хүүхдийг асран халамжилж байсан хадам дүү П.Мягмаржавыг бага хоол хийлээ гэх үл ялих, хүүхэд зодлоо гэх үндэслэлгүй зүйлээр шалтаглан зодож, өрөөсөн гэрийн углааштай нь гэрээсээ хөөн гаргажээ. Шүүгдэгч Л.Даваацэрэнд зодуулсны улмаас хохирогч П.Мягмаржавын бие махбодод эрүү ясны хугарал, баруун хөмсөгний шарх, баруун, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Л.Даваацэрэн: Мөрдөн байцаалтын үед хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Улсын яллагчийн яллаж буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Мөн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, харамсаж байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хохирогч П.Мягмаржав: 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн өглөө эгчийндээ хүүхдийг нь харах зорилгоор эхнэртэйгээ цуг очсон. Манай эхнэр бууз хийгээд, гэртээ харьж хоолоо хийнэ гээд түрүүлж явсан. Би эгчийнхээ хүүхдийг хараад зурагт үзээд байж байхад 00-ын өрөөнөөс ус алдсан, тухайн усыг арчаад байж байтал хаалга нүдсэн. Хаалга тайлтал Л.Даваацэрэн согтуу орж ирсэн. Надаас хоол асуугаад байсан би бууз хийсэн байгаа гэж хэлсэн. Хаана, хаана байна гэж асуугаад байсан. Намайг 00-ын өрөөнд зодож, цохиод байхаар нь би хүн аллаа гэж хэлсэн чинь чамайг алсан ч яадаг юм бэ гэж хэлсэн. Би зугтаад үүд рүү очиж гутлаа өмсөх гэхэд нүүр рүү дахин цохисон. Би зугтааж гараад 1 давхарт байдаг айлын залуу цагдаа дуудаж өгсөн. Тухайн өдрөө ах Лхагвасүрэн, эгч Оюун-Эрдэний хамт гэмтлийн эмнэлэг дээр очоод баруун талын хөмсөг дээрээ оёдол тавиулсан. Маргааш нь томографийн зураг авахуулсан. Зураг авахуулахад эрүү хугарсан байна гэж хэлсэн. Би эрүүгээ хадуулсан нэг сар юм идэж болохгүй гэж хэлсэн. Би сар юм идээгүй шингэн юм ууж байсан. Хохирол төлбөрөө бүрэн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Мөрдөн байцаалтад: (Эрүүгийн 2016 2601 0962 дугаартай хэргээс)

Хохирогч П.Мягмаржавын өгсөн: Би 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг төрсөн эгч Баасансүрэнгийн гэрт 2 нас хүрэх гэж байсан хүүхдийг нь хараад байж байтал манай эгчийн нөхөр Даваацэрэн согтуу орж ирээд хоол байна уу гэсэн. Тэгэхээр нь би шүүгээн дээр байгаа  гэж хэлтэл яасан бага хоол хийдэг юм бэ гээд уурлаад байсан. Энэ үед угаалгын өрөөнд ус алдсан байсан тул би шал арчаад зогсож байтал намайг зайл гээд байсан. Тэгэхээр нь угаалгын өрөөнөөс гарах гэтэл миний нүүр рүү цохисон. Тэгээд би нойтон шалан дээр хальтраад унатал дээрээс дахин нэг удаа цохисон. Би түүнээс салаад үүдэнд гутлаа өмсөх гээд байж байтал араас хүрч ирээд дээрээс дахин цохиод байсан. Тэгэхээр нь би өрөөсөн гутлаа өмсөлгүй гараад зугтаасан. Тэгтэл доод давхарын айлаас хүн гарч ирэхээр нь гуйж, цагдаа дуудуулсан. Би Даваацэрэнтэй маргалдаж муудалцаагүй, хоол бага байна орой ямар хоол хийх юм бэ гэхээр нь хоол хийхгүй гэсэн чинь гэрээс зайл гээд намайг хөөхөөр нь ажил хийхгүй, архи ууж байхаар өөрөө хүүхдээ харахгүй юу гээд хэлчихсэн чинь намайг зодоод эхэлсэн. Миний баруун хөмсөг задраад 4 оёдол тавиулсан, эрүү хугарсан байна гэсэн. Одоо эрүү маань өвчтэй байна, шингэн зүйлээр хооллож байгаа, эрүүндээ чип суулгах шаардлагатай гэсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 18-19 дүгээр хуудас),

Гэрч П.Баасансүрэнгийн өгсөн: Би тэр өдөр гэртээ байгаагүй. Эмч нарын баяр гээд хүлээн авалтад явсан байсан. Тэр үед манай дүү Мягмаржав 1 нас 10 сартай хүүхдийг маань харж байсан. Яг юунаас болсныг нь мэдэхгүй, манай нөхөр дүүг маань зодсон байсан. Тэгээд би очоод дүүгээ хартал нүүр нь хавдсан, цус гоожсон байсан. Манай дүү бол оюуны хөнгөн хомсдолтой учир сэтгэцийн эмчийн хяналтад байдаг юм. Гэхдээ хүүхдийг маань хараад байдаг юм. Ердийн үед бол ааш зан нь зүгээр. Уур нь хүрсэн болон сэтгэл санаа нь давчидсан үедээ уурладаг... гэх мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас),

Гэрч Ө.Билгүүний өгсөн: Тэр өдөр намайг гадагш гартал орцонд намхан нуруутай майжиг залуу нүүр нь цус болсон хөмсөг нь задарсан байдалтай зогсож байсан. Тэр залуу намайг цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би цагдаа дуудсан. Тэр залуугаас юу болсон талаар асуухад хүргэн ахдаа зодуулсан гэж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 75 дугаар хуудас),

Гэрч П.Баярсайханы өгсөн (эргүүлийн офицер): Тэр өдөр хохирогч хүргэн ахдаа зодуулчихлаа гээд дуудлага өгөөд байрныхаа гадна зогсож байсан. Тэгээд гэрт нь орох гэтэл хаалгаа тайлахгүй байхаар нь нүдэж байгаад нээлгэсэн. Гэрт орж хүргэн ахтай нь уулзтал тийм сүртэй юм болоогүй, өөрөө эхлээд хэрүүл хийгээд байхаар нь ганц хоёр удаа цохисон гэж байсан. Тэр залуу тийм ч их согтуу харагдаагүй, өөрийн ухаантай байсан. Зодуулсан залуу нь эрүүл байсан нүүр нь хөхрөөд хавдчихсан өрөөсөн гэрийн углааштай явж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 84 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4583 дугаартай: Мягмаржавын биед эрүү ясны хугарал, баруун хөмсөгний шарх, баруун зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 27 дугаар хуудас),

Шинжээч эмч Б.Долгормаагийн өгсөн: Эрүү ясны хугарал нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл гэж үзсэн. Хэрэв эрүү ясны хуучин хугаралтай байсан бол компьютер томографийн зураг уншсан эмч хуучин гэдгийг тэмдэглэх ёстой. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн компьютер томографийн зургийн хариуд П.Мягмаржавын зүүн нүдний ухархайн хуучин хугаралыг хуучин гэж бичсэн байдаг. Тиймээс тухайн эмч хуучин хугаралыг бүрэн ялгах боломжтой... гэх мэдүүлэг (хх-ийн 72 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1146 дугаартай: Шинжээч эмч Б.Долгормаагийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан 4583 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Мягмаржавын биед эрүү ясны хугарал, баруун хөмсөгний шарх, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учиржээ. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн компьютер томографийн зурагт эрүүний хугарал нь шинэ байна гэх дүгнэлт (хх-ийн 112 дугаар хуудас),

Л.Даваацэрэнгийн сэжигтнээр өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр эмч нарын баяр болсон юм. Тэр өдөр 2 найзтайгаа уулзаад 2 шил 0,5 литрийн архи хувааж уугаад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ орж иртэл манай 1 нас 11 сартай хүүхэд уйлж байсан. Тэгсэн манай хүүхэд над руу хараад бай бай гээд байсан. Манай хүүхэд хэлд ороогүй юм. Манай хүүхдийг эхнэрийн дүү эхнэртэйгээ хамт хардаг юм. Тэр өдөр эхнэр нь байгаагүй. Тэгээд би Мягмаржаваас хүүхэд зодсон юм уу гэж асуутал тэгээд яах гээд байгаан гээд өөдөөс хэдэрлээд байсан. Тэгтэл угаалгын өрөөнд ус гоожоод Мягмаржав угаалгын өрөөнд орсон юм. Би хүүгээ том өрөөнд үлдээчихээд араас нь угаалгын өрөөнд ороод Мягмаржавыг зүүн гараараа нэг удаа шанаанд нь цохитол шалан дээр унасан юм. Тэгээд босож ирэхээр нь дахин нэг удаа нүүрэнд нь цохиод, нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Мягмаржав гэрээс гараад зугтаачихсан. Эрүүлжүүлэх байранд миний согтуурлыг шалгахад 1.2 хувь байсан. Би хийсэн үйлдлээ санаж байгаа, өөрийн гэсэн ухаантай байсан. Би тухайн үед хүүхдээ өмөөрөөд хүүхэд зодсон юм бол уу гэж бодоод өөдөөс хэдэрлээд байхаар нь түүнийг зодсон юм. Өөр ямар нэгэн санаа байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 36 дугаар хуудас),

Л.Даваацэрэнгийн яллагдагчаар өгсөн: Би урьд сэжигтний мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хохирогч П.Мягмаржавтай маргалдаж байгаагүй, хувийн таарамжгүй харилцаа гэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас), 

 Л.Даваацэрэнгийн яллагдагчаар дахин өгсөн: Би хоол хийсэнгүй гэх шалтгаанаар зодоогүй. Гэртээ орж иртэл хүүхэд уйлаад байж байсан. Тэгээд яагаад хүүхэд уйлуулаад байгаа юм гэхэд өөдөөс хэрэлдээд байсан тэгээд л маргаан болоод зодсон асуудал байгаа өөр ямар нэгэн шалтгаан байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 121 дүгээр хуудас),

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 692 дугаартай: Хохирогч П.Мягмаржав нь оюуны хөнгөн хомсдол хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. П.Мягмаржав нь өөрийн үйлдийг өөрийн сэтгэцийн түвшинд ухамсарлан ойлгох чадвартай байна. П.Мягмаржав нь өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна гэх дүгнэлт (хх-ийн 89 дүгээр хуудас), гэрч Г.Даваабаярын мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас), Л.Даваацэрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 43 дугаар хуудас), мөн түүний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ (хх-ийн 48 дугаар хуудас), төгсөлтийн дараах сургалтын гэрчилгээ (хх-ийн 49 дүгээр хуудас) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар шүүхээс тогтоосон үйл баримт нь бүрэн бодитой нотлогдон тогтоогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, прокурорын зүйлчлэл хэргийн жинхэнэ байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Даваацэрэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болгов.

Мөн шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт  байхгүй бөгөөд шүүх хуралдааны үед талуудын хооронд энэхүү үйл баримтаас зөрүүтэй мэтгэлцээн өрнөөгүй болно.

Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтаас нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Л.Даваацэрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 43 дугаар хуудаст авагдсан Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст шүүгдэгч Л.Даваацэрэн нь ЦЕГ-ын Мэдээлэл, судалгаа, технологийн төвийн санд бүртгэгдээгүй гэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Даваацэрэн нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус бүр тооцож түүнд хорих ял оногдуулав.

Шүүгдэгч Л.Даваацэрэн нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлснийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүхээс тогтоосон хугацаанд түүнийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн харьяалах хэлтэст хянан харгалзуулах нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын талаар:

Хохирогч П.Мягмаржав нь хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Л.Даваацэрэн нь түүний эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн болох нь хавтаст хэргийн 51 дүгээр хуудаст байх хохирогч Мягмаржав би эмчилгээний зардалд Л.Даваацэрэнгээс 200.000 төгрөгийг авлаа. Даваацэрэнд миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Л.Даваацэрэнг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Л.Даваацэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар 3 ширхэг томограффийн зураг хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус тогтоолд дурдав. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг томографийн зураг нь хохирогчийн эрүүл мэндийн буюу өвчний түүх болох баримт тул тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч П.Мягмаржавд буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Даваацэрэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан тул шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хууль зүйн үр дагаварыг тайлбарлаж өгөв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ямаа ус овогт Лагийн Даваацэрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Л.Даваацэрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Даваацэрэнд оногдуулсан 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Даваацэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Даваацэрэнд оногдуулсан 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн харьяалах хэлтэст даалгасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 (гурав) ширхэг томографийн зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч П.Мягмаржавд буцаан олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн харьяалах хэлтэст хүргүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Даваацэрэнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                               Б.БАТАА