Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 350

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Б.Батцэцэгийн нэхэмжлэлтэй “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу хамтын амьдралтай байсныг тогтоолгох”-ыг хүссэн хэргийг   хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1970 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Суварга 2 дугаар баг, 25-03 тоотод оршин суух,эрхэлсэн тодорхой ажилгүй

                          Боржигон овгийн Батсүхийн Батцэцэг

                                 регистрийн дугаар        МА-70091126

           Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Би Жалбуугийн Эрдэнэбаатартай 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр танилцаж, 2001 оны 04 дүгээр сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин Э.Мичидмааг төрүүлсэн. Тэр цагаас хойш бид 2 нэг гэрт амьдарч байгаад нөхөр Ж.Эрдэнэбаатар маань 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан. Бид хоёр энэ хугацаанд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга 2 дугаар багийн 25 дугаар гудамж, 03 тоотод амьдарч байсан. Охин Э.Мичидмаад тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул биднийг 2001 оноос эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү!...гэжээ.   

           Нэхэмжлэгч Б.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            ... Би нөхөр Жалбуугийн Эрдэнэбаатартай 2000 онд танилцаж, 2001 оны 10 дугаар сараас нэг гэрт орон хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин Э.Мичидмаа төрсөн. Сүүлийн 4-5 жилийн турш Ж.Эрдэнэбаатарын биеийн байдал сайнгүй байж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр нас барсан. Охин төрөх үед  өмнөх гэрлэлтээ цуцлаагүй байсан тул охин маань надаар овоглож гэрчилгээ авсан байсан. Нөхөр бид хоёрын хамтын амьдралтай байсныг гэрчилж, миний төрсөн дүү Б.Батноров, бэр эгч Д.Эрдэнхишиг, манай нөхрийн төрсөн ах Ж.Дорж нар нь шүүхэд тодорхойлолт гаргаж өгсөн байгаа. Иймд биднийг хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү!... гэжээ.            

                 Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                            ҮНДЭСЛЭХ  нь:

          Б.Батцэцэг нь Ж.Эрдэнэбаатартай 2001 оны 04 дүгээр сараас эхлэн хамтран амьдарсан боловч гэрлэлтээ хуулийн дагуу батлуулаагүй байснаар 2018 оны 04 дүгээр сард Ж.Эрдэнэбаатар нь нас барсны улмаас хамтын амьдралтай байсан гэх эрх зүйн  ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохооор шүүхэд хүсэлт гаргажээ.      

           Б.Батцэцэг, Ж.Эрдэнэбаатар нар нь 2000 онд танилцан улмаар 2001 оны 04 дүгээр сараас эхлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суврага 2 дугаар баг, 25 дугаар гудамжны 03 тоотод хамтран амьдарч байсан ба хамт амьдарч байх хугацаанд 2010 оны 11 дүгээр сард охин Б.Мичидмаа төрсөн, нөхөр Ж.Эрдэнэбаатар нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өвний учир  нас барсан   зэрэг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлууд нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИГБББ төрсний бүртгэлд охин “Батцэцэгийн Мичидмаа 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн” гэх гэрчилгээний хуулбар,  мөн байгууллагаас олгосон “Ж.Эрдэнэбатарын нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд, тэдний хамтын амьдралтай байсныг гэрчилсэн талийгаач Ж.Эрдэнбаатарын төрсөн ах Ж.Дорж, нэхэмжлэгчийн төрсөн дүү Б.Батноров, бэр эгч Д.Эрдэнэхишиг нарын тодорхойлолтууд, тэдэнд хууль сануулан гэрчээр асууж авсан Ж.Доржийн “...Миний төрсөн дүү Эрдэнэбаатар нь ... 2001 оноос Батсүхийн Батцэцэгтэй гэр бүл болж, 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөөрхөн охинтой болсон...” гэх,  нэхэмжлэгчийн төрсөн дүү Б.Батноров, бэр эгч Д.Эрдэнэхишиг нарын “...Б.Батцэцэг нь 2001 оноос Ж.Эрдэнэбаатартай гэр бүл болж, 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин Э.Мичидмаа төрсөн. Алтанбулаг сумын суврага 2 дугаар багийн 25-03 тоотод амьдарч байсан...” гэх  мэдүүлгүүд зэрэг  бичгийн нотлох баримтуудаар нотлогдож  байна.   

        Иймд Боржигон овгийн Батсүхийн Батцэцэг, Боржигон овгийн Жалбуугийн Эрдэнэбаатар нарыг 2001 оны 04 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Б.Б, Боржигон овгийн Жалбуугийн Эрдэнэбаатар нарыг 2001 оны 04 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй   болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.4 дэх хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал энэ  хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх  хугацаа  өнгөрснөөс  7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг  гардан   авсанд  тооцсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргах  эрхтэй.                         

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ