Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 349

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би ХААН банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Ц.Мөнхболд, Ц.Мөнхцацрал нарт холбогдох “Зээлийн төлбөр нийт 1.436.131 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн  төлбөр нийт 1.436.131 төгрөг гаргуулах

         Нэхэмжлэлийн утга: Зээлдэгч Ц.Мөнхболд, Ц.Мөнхцацрал  нар нь тус банкны Зүүнхараа салбарын Спирт бал бурам тооцооны төвөөс 2015 оны 02-р сарын 12-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулан 4.800.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай өрхийн хэрэгцээндээ зарцуулах зорилгоор зээлсэн бөгөөд тус зээлийн барьцаанд 1/ Хөргөгч 140.000 төгрөг, Зурагт 280.000 төгрөг, нөүтбүүк 183.600 төгрөг, угаалгын машин 80.000 төгрөг, мөлхөө стенк 60.000 төгрөгөөр тус тус үнэлж барьцаалуулан зээлийг авсан юм.

 Зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу цалингийн зээлийн үндсэн зээлд 3.622.833 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.713.679 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4.887 төгрөг, нийт 5.341.399 төгрөг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 348 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

 Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлд заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

      Үүнд:

  1. 2018 оны 06-р сарын 19-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах

                           2.  Үндсэн зээлийн үлдэгдэл                        1.177.167 төгрөг

                           3.  Зээлийн хүүгийн төлбөр                          216.085    төгрөг

                           4.  Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт               32.879      төгрөг

нийт 1.436.131  төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.                                    

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Ц.Мөнхболд, Ц.Мөнхцацрал нарт холбогдох “Зээлийн төлбөр нийт 1.436.131 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хариуцагч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг, Боргүвээ 2 дугаар хэсэг, гудамж, 017 тоотод оршин суух Боржигин овогт Цагаантогтохын Мөнхболд, /РД-МЭ:82103131/, хариуцагч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Боргүвээ 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг, гудамж, 003 тоотод оршин суух, Боржигон овогт Цагаантогтохын Мөнхцацрал /РД:МЮ90031281/ нар 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

   Цагаантогтох овогтой Мөнхболд, Мөнхцацрал нар нь ХААН банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ХААН банк ХХК-ийн нэхэмжилсэн 1.436.131 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг төлөхийг ойлгосон. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү!... гэжээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Мөнхболд, Ц.Мөнхцацрал нар  нь “Зээлийн төлбөр нийт 1.436.131 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

   Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мөнхболд, Ц.Мөнхцацрал нараас улсын тэмдэгтийн хураамжид 18.664 төгрөгийг, Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос 18.664 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар  ХБ Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Ц.М холбогдох “Зээлийн төлбөр нийт 1.436.131 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М, Ц.Мөнхцацрал нараас улсын тэмдэгтийн хураамжид 18.664 төгрөгийг, Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос 18.664 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.М, Ц.Мөнхцацрал нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй дурдсугай.             

                                ШҮҮГЧ                                Д.МӨНХЦЭЦЭГ