Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 341

 

     Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮ газрын нэхэмжлэлтэй “Дүү трейд” ХХК-д холбогдох “Дулааны төлбөр, алданги нийт 14.504.628 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                        

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ-ын захирал Э.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

    Нэхэмжлэлийн утга: Сүхбаатар сумын 3 дугаар багт байрлах “Дүү трейд” ХХК-ийн “Ноёд” худалдааны төвийн захирал Б.Үүрцайх нь тус объектын 2016-2018 оны дулааны төлбөр 10.003.192 төгрөгийг төлөөгүйгээс манай байгууллагын санхүүд хүндрэл учруулж байна. Бидний зүгээс өр төлбөр барагдуулах шаардлага хүргүүлсэн боловч төлөгдөөгүй өдийг хүрлээ. Иймд  “Ноёд” худалдааны төвийн захирал Б.Үүрцайхаас объектийн дулааны төлбөр 10.003.192 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 4.501.436 төгрөг, нийт 14.504.628 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү!...гэжээ.

      2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд:

      Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг, “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮ газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга, хариуцагч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Салхит 4 дүгээр хэсэгт үйл ажиллагаа явуулдаг “Дүү трейд” ХХК /РД:2632373/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрцайх нар дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэгч “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮ газар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас алданги 4.501.436 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 10.003.192 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 5.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 5.003.192 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрч эвлэрсэн тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү!...гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮ газар “Дүү трейд” ХХК-д холбогдуулан “Дулааны төлбөр, алданги нийт 14.504.628 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

   Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй, нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230.473 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дүү трейд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 87.500 төгрөг 50 мөнгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос 87.500 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

    1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар СЭ ОНӨААТҮ газрын нэхэмжлэлтэй ДТ ХХК-д холбогдох “Дулааны төлбөр, алданги нийт 14.504.628 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230.473 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 87.500 төгрөг 50 мөнгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос 87.500 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй дурдсугай.

                                ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ