Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 340

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Нарантуяад холбогдох “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээний үүргийн биелэлт 324.191 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Нарантуяа нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40710736 тоот гэрээ байгуулан 99302247 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан LG K4 /brown/ маркийн гар утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

    Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж, “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

    Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт нийт 324.191 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.. гэжээ.

    Хариуцагч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, Салхит 3 дугаар гудамж, 211 тоотод оршин суух, Боржигон овогт Дамдиндоржийн Нарантуяа, /РД:МЮ65021168/ 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

    Миний бие Д.Нарантуяа нь “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 324.191 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 108.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 108.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 108.191 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү!...гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК хариуцагч Д.Нарантуяад холбогдуулан “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээний үүргийн биелэлт 324.191 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Нарантуяа “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээний үүргийн биелэлт 324.191 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

    Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.376 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 5.188 төгрөгийг, Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос 5.188 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар МК ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Н холбогдох “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээний үүргийн биелэлт 324.191 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.376 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н улсын тэмдэгтийн хураамжид 5.188 төгрөгийг, Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос 5.188 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй дурдсугай.

                                ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ