Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00550

 

 Э.Өлзийсайханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/01942 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2006 дугаар магадлалтай,

Э.Өлзийсайханы нэхэмжлэлтэй,

Б.Мөнх-Эрдэнэд холбогдох,

Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол 10,680,383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Өлзийсайхан, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мөнх-Эрдэнэ нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, баруун турууны замд Тоёота приус маркийн 16-69 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийг гүйцэд түрүүлэх үйлдэл хийсний улмаас эсрэг урсгалд явж байсан нэхэмжлэгч Э.Өлзийсайхан миний барьж явсан Тоёота РАV-4 маркийн 17- 84 УВХ улсын дугаартай автомашиныг мөргөн замын хажууруу унагаж, машин дотор сууж явсан Б.Содбилэгийн /6 настай/ эрүүл мэндэд хүнд, Э.Өлзийсайхан, Б.Эрдэнэ, Б.Тодбилэг/4 настай/ нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдэн, Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Б.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас буюу 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гарсан гэмт үйлдлээс хойш манай гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд болон эдийн засагт ихээхэн хохирол учирч байгаа бөгөөд түүн дотроо миний бага насны 2 хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн хохирол учраад байна.

Хохирогч Э.Өлзийсайханы эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл болон гэмтлийн улмаас үүссэн хохирлын тухайд: Миний бие Санхүүгийн зохицуулах хороонд референтээр ажилладаг бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч миний эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018.09.24-ний өдрийн 11357 тоот дүгнэлтээр Хүндэвтэр зэргийн гэмтэлтэй гэж тогтоогдсон. Эрүүл мэндийн эмчилгээний зардалд 2,780,643 төгрөг, цалин хөлс 2,018,875 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал болох Хайрын билэг" сувилалд эмчлүүлэх зардал 1,300,000 нийт 6,099,518 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

Хохирогч Б.Содбилэгийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл болон гэмтлийн улмаас үүссэн хохирлын тухайд: Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018.09.25-ны өдрийн 11356 тоот дүгнэлтээр /ХХ-85 хуудас/ миний хүү Б.Содбилэгийн эрүүл мэндэд Хүнд зэргийн гэмтэлтэй гэж тогтоогдсон.

Уг хэргийн улмаас миний хүү Б.Содбилэг нь эрүүл мэндийн хувьд ихээхэн хохирохоос гадна хичээл сурлагаараа үе тэнгийхнээс хоцрогдолтой, энэ байдлаасаа болж сэтгэл зүйн хувьд маш их дарамттай байгаа нөхцөл байдал үүсээд байна. Б.Содбилэгийг ...цаашид эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай..., мөн ...хичээлд хамрагдаагүй.. байгааг гэдэг нь нотлогддог. Иймд эмчилгээ хийлгэсэн зардалд 1.034.150 төгрөг, хичээл сургууль завсардаж хичээлийг нөхөх зорилгоор өдөр өнжүүлэх төвд сургасан сургалтын зардал 1.002.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал болох Хайрын билэг сувилалд эмчлүүлэх зардал 250,000 нийт 2.286.150 төгрөгийг нэхэмжилж байна.

Хохирогч Б.Тодбилэгийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл болон гэмтлийн улмаас үүссэн хохирлын тухайд: Миний охин ..цаашид асаргаа сувилгаа зайлшгүй шаардлагатай, мөн сургуулийн өмнөх боловсрол эзэмших сургалт завсардсан гэдэг нь тус тус нотлогддог. Одоо охин маань ээрч ярьдаг болсон бөгөөд цаашид гарах эмчилгээний зардал болох Хайрын билэг сувилалд эмчлүүлэх зардал 200,000 төгрөг эмчилгээнд 704,815 нийт 904,815 төгрөгийг нэхэмжилж байна.

Бусад зардалд: Осол гарсны дараа тухайн газраас иргэн Х.Ганбаатар нь бидний тээвэрлэн гэмтлийн эмнэлэгт авчирч өгсөн, түүний унааны зардал 100,000 төгрөг, эмнэлэгт үзүүлэхэд унаанд хийсэн шатахууны зардал 190,000 төгрөг, гэмтлийн улмаас хүүхдүүд маань агаарт гарах боломжгүй байдалтай гэртээ байсан тул ханиад хүндэрч хатгалгаа болсон. Иймд бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодож 1,099,900 төгрөгөөр агаар шүүгч авсны зардал, мөн цаашид гарах зардал болох Нийт 1.389.900 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, эрүүгийн хэргийн улмаас хохирол нийт 10,680,383 төгрөгийг Б.Мөнх-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нэхсэн 551,975 төгрөг бүрэн төлөгдсөн 3,925,619 төгрөгт орж төлөгдсөн. Нотлогдохгүй байгаа 7,117,178 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Харин үлдэгдэл 3,011,230 төгрөгөөс 1,371,000 төгрөгийг шүүх хурлаас хойш 1,640,230 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/01942 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б.Мөнх-Эрдэнээс гэм хорын хохиролд 7,743,355 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Өлзийсайханд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 2,937,028 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б.Мөнх-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 138,844 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2006 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/01942 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 7,743,355 төгрөг гэснийг 5,993,355 төгрөг гэж, 2,937,028 төгрөгийн гэснийг 4,687,028 төгрөгийн гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 138,844 төгрөгийг гэснийг 110,843 төгрөгийг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 78,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.29-ны 2006 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Д.Бат-Хишиг гэх хүн рүү юунд зориулж шилжүүлсэн болох нь тодорхойгүй 2018.09.27-ны өдрийн 135.000, 2018.12.07ны 91.400 төгрөг 2018.12.7ны 41.500төгрөг 2019.10.04-ны 87.200 төгрөг буюу нийт 355.100 төгрөг /хх.28.37.38.42тал/

СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.12-ны өдрийн Шийтгэх тогтоолд хохирогч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон Э.Өлзийсайхан нь хохиролд 15.750.299 төгрөг нэхэмжлэхдээ 2019.02.12-ны хүртэлх бүх баримтаа нотлох баримтаар өгч байна гэсэн гэтэл иргэний хэрэгт 2018.10.14-ны өдрөөс 2019.12.14-ны өдөр хүртэлх хугацаанд авсан баримтаа үлдээчихсэн байна гэж тайлбарлаж 551.975 төгрөгийн Е баримт гаргаж нотлох баримтаар өгснийг зөвшөөрөхгүй 13, 15-ны баримтыг нотлох баримтаар эрүүгийн хэрэгт өгчхөөд 14-ны баримтыг нь авч үлдсэн гэдэгт юугаар нотлов утасны дугаараар хийсэн Е баримтаа холбогдох татварын газраараа шүүлгэж баримтаа нотолж баталгаажуулж чадаагүй байна гэж хариуцагчийн өмгөөлөгчөөс маргаж мэтгэлцэхэд нэхэмжлэгч өөрөө 551.975 төгрөгөө нэхэмжлэлээсээ хасуулъя гэж шүүх хурал дээр хэлж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа атал 551.975 төгрөгийг нэхэмжилсэн дүнгээс хасаагүйд гомдолтой байна.

Өдөр өнжүүлэхийн төлбөрт "Good push" гэх хүүхдийн мэдрэлийн эмч ажигладаг газарт 1.322.000 төгрөг төлсөн гэх Ганбаярын Зол-Эрдэнэ гэсэн хүн рүү дансаар шилжүүлсэн зориулалт нь тодорхойгүй 2018.12.28-ны өдөр 160.000 төгрөг, 2019.01.17-ны өдөр 140.000 төгрөг, 2019.02.18-ны өдөр 320.000 төгрөг , 2019.02.25-ны өдөр 245.000 төгрөг, нийт 865.000 төгрөгийг төлсөн баримт авагдсан атал ямар нэг баримтгүйгээр 457.000 төгрөг нэмж нийт 1.322.000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэлийг хангасанд гомдолтой. /хх 40,43,53,71тал/

Гэтэл ийм байгууллага хаана үйл ажиллагаа явуулдаг тэнд Г. Зол-Эрдэнэ гэх хүн ямар ажил эрхэлж ажилладаг нь нотлогдоогүй байдаг. Ядаж огт баримтгүй 457.000 төгрөгийг юунд үндэслэж нэмж тооцсон нь ойлгогдохгүй байна.

Хохирогч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Өлзийсайхан нь бага насны 2 хүүхдээ арын суудал дээрээ унтуулан хамгаалах бүс хэрэглээгүй зориулалтын сандалд суулгаагүй нь эрүүл мэндэд нь учирсан хохирлыг нэмэгдэхэд шууд нөлөөлсөн тул Иргэний Хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1дэх заалтаар гэм хорын хэмжээг багасган тогтоож өгнө үү.

Иймд магадлалаар тогтоосон 5.993.355 төгрөгөөс дээрх 355.100 төгрөг 551.975 төгрөг 1.322.000 төгрөг нийт 2.229.075 төгрөгийг хасч тооцож өгнө үү. Үлдэгдэл 3.764.280 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна гэжээ.

 ХЯНАВАЛ

Э.Өлзийсайхан нь Б.Мөнх-Эрдэнээс 10,680,383 төгрөг нэхэмжлэхдээ үндэслэлээ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор гэж тайлбарлажээ. Хариуцагч нэхэмжлэлийн заримыг эс зөвшөөрч маргахдаа ...зарим төлбөр нотлогдоогүй,...хамааралгүй, ...өмнө төлөгдсөн төлбөрийг дахин нэхэмжилсэн, ...хүүхдүүддээ зориулалтын суудалд суулгаагүй, бүс зүүлгээгүй нь гэм хорыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хэргийн баримтаас үзвэл, Б.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас  Б.Содбилэгт хүнд, Б.Тодбилэг, Э.Өлзийсайхан, Б.Эрдэнэ нарт хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.12-ны өдрийн 174 дугаар шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсон нь тогтоогдсон тул нэхэмжлэгч өөрт болон насанд хүрээгүй хүү Б.Содбилэг, Б.Тодбилэг нарт учирсан гэмтэлтэй холбоотой зардлыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1-т эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлээс эмчилгээ, сувиллын зардал 3,120,700 төгрөг, эмийн үнэ 971,780 төгрөг, Б.Содбилэгийн өдөр өнжүүлэхийн төлбөр 1,322,000 төгрөг, ослын газраас гэмтлийн эмнэлэг хүргэсэн жолоочийн төлбөр 100,000 төгрөг, шатахуун 210,000 төгрөг, Э.Өлзийсайханы цалингийн зөрүү 2,018,875 төгрөг нийт 7,743,355 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх сувиллын 1,750,000 төгрөгийн зардал бодит биш гэж үзэж, энэ хэмжээгээр анхан шатны шүүхийн хангасан хэмжээг багасгаж шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах боломжгүй байна.

Шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан эмчилгээний зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй бөгөөд эмчилгээний зардлыг давхардуулан шаардсан, 1,322,000 төгрөгийн зориулалт тодорхойгүй, хохирогч гэм буруутай тул гэм хорыг багасгах талаарх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2006 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 50,615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ