Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0222

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХГМ” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаар шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Гомдол гаргагч “ХГМ” ХХК

Хариуцагч Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.О

Шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мд

Хариуцагч Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.

 

Хэргийн индекс: 128/2023/1104/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дугаар зүйлийн 8.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т тус тус заасныг баримтлан “ХГМ” ХХК-ийн гомдолтой Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Од холбогдох “Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Огийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0068966 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... “ХГМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын Ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн ТУБ Г.Од холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0126 дугаар шийдвэрийг 2024 оны 03 сарын 06-ны өдөр гардан авч нэхэмжлэгч талын зүгээс дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

2.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт мөн хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Тодруулбал: Гомдол гаргагчийн голомт банкны дансаар зөвхөн хуулийн этгээдүүдийн үйлчилгээний хөлс хийгдсэн байх бөгөөд бусад иргэн, аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх боломжтой, үйлчилгээний хөлсийг бэлэн болон дансаар авах боломжтой тул орлогыг тодорхойлох боломжгүй гэж үзсэн хариуцагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.” /Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 хуудасны 5, 6/ гэж дүгнэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “ХГМ” ХХК-ийг орлогоо нуусан, нуусан орлогыг нь тодорхойлох боломжгүй гэдгийг нотолсон нотлох баримт огтхон ч байхгүй ба харин ч нэхэмжлэгчийн зүгээс санхүү; татварын тайлангуудаа хуульд заасан хугацаанд тайлагнаж явдаг татвар төлөгч; хуулийн этгээд бөгөөд санхүү, татварын тайлангууд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх орлогоо нуусан, нуусан орлогыг нь тодорхойлох боломжгүй гэдгийг нотолсон нотлох баримт байхгүй байхад сэжиг, таамаглалд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2.2. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар татварын төлөгч нь орлогоо нуусан эсэхийг татварын хяналт шалгалт хийж, хяналт шалгалтын үр дүнгээр орлогоо нуусан нь тогтоогдсон тохиолдолд хяналт шалгалт хийсэн татварын хяналт шалгалтын газар хэлтсийн ТУБ нар нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан нөхөн ногдуулалтын актыг үйлддэг ба нөхөн ногдуулалтын акт үйлдсэн тохиолдолд орлогоо нуусан гэдэг нь тогтоогдсон гэж үзэх хуулийн зохицуулалттай юм. Өөрөөр хэлбэл татвар төлөгчийг орлогоо нуусан, нуусан орлогыг нь тодорхойлох боломжгүй гэдгийг тогтоодог субъект нь хариуцагч ТУБ Г.О биш бөгөөд хариуцагч нь хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгааг буюу хуулийн хэрэгжилтийг шалгах субъект болохоос Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасан хяналт шалгалт хийх эрх бүхий субъект биш юм.

2.3. Татварын байгууллагаас нөхөн ногдуулалтын акт үйлдэж, үйлдсэн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан хариуцлагыг ногдуулсан бол анхан шатны шүүхийн шийдвэр зөв байж болох юм. Гэтэл ийм нотлох баримт хэрэгт байхгүй юм.

2.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “.... Гомдол гаргагчийг иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэхдээ төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасанд тооцож, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ. Учир нь гомдол гаргагч нь авто угаалга болон засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд түүний голомт банкны дансны хуулгаар ХХК, ХХК, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар зэргээс үйлчилгээний хөлс төлөгдсөн, 2023 оны 11 сарын 17-ны өдрийн холбогдогчоос авсан мэдүүлгээр зөрчлөө хүлээн зөвшөөрчээ /шүүхийн шийдвэрийн 7-р талын 3, 4/ гэж дүгнэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийн баримт шаардаагүй зарим нэг үйлчлүүлэгч нарт төлбөрийн баримт олгоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч шалгалт хийсэн ТУБ Г.Од ч үнэн зөвөөр нь хэлсэн байдаг. Гэхдээ манай компанийн хувьд үнийн дүн зөрүүтэй төлбөрийн баримт олгосон асуудал огт байхгүй, мөн цөөхөн тохиолдолд төлбөрийн баримт олгоогүй байхад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн хамгийн өндөр дүнтэй санкцыг хэрэглэж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэсэн хэсгийг зөрчсөн гэж үзэж маргасан ба манай компанийн 2022 оны жилийн нийт борлуулалт нь 34,925,000 төгрөг байхад хариуцагч нь 15,000,000 төгрөг буюу жилийн борлуулалтын орлогын 45 орчим хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулсан нь нэхэмжлэгч компанийг цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болгохоор байна.

2.5. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь хуулийн хэрэгжилтийн шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу удирдамжтайгаар шалгалт хийх ёстой байтал удирдамжгүйгээр шалгалт хийсэн нь хууль зөрчсөн гэж маргасан ба хариуцагчийн зүгээс удирдамжгүй шалгалт хийсэн болох нь тайлбар болон холбогдох баримтаар тогтоогддог, Анхан шатны шүүх нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн байх тул удирдамжгүй хянапт шалгалт хийснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх процөсс нь зөрчил шалган шийдвэрлэхэд шаардлагатай зарим процессыг товчилж өгөх зохицуулалт болохоос анх шалгалтыг хийхдээ удирдамжгүйгээр хийж болохыг зөвшөөрсөн зохицуулалт байхгүй юм. Захиргаань байгууллага, албан тушаалтан төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ түүнийг нарийвчилж зохицуулсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг заавал мөрдөж ажиллах ёстой буюу удирдамжтай шалгалт хийх ёстой болохоос дураараа хяналт шалгалт хийгээд явах хуулийн зохицуулалтгүй юм.

2.6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтад заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0126 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:                                                          

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

1. “ХГМ” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Огийн гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0068966 дугаар шийтгэлийн хуудсаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус компанийг “төлбөрийн баримт олгоогүй” зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-д заасны дагуу 15.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

2. Анхан шатны шүүх “... Гомдол гаргагчийн Голомт банкны дансаар зөвхөн хуулийн этгээдүүдийн үйлчилгээний хөлс хийгдсэн байх бөгөөд бусад иргэн, аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх боломжтой, үйлчилгээний хөлсийг бэлэн болон дансаар авах боломжтой тул орлогыг тодорхойлох боломжгүй гэж үзсэн хариуцагчийн дүгнэлт үндэслэлтэй” гэж дүгнэж, гомдлыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

3. “ХГМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийн баримт шаардаагүй зарим нэг үйлчлүүлэгч нарт төлбөрийн баримт олгоогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, ...  Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсгийн хамгийн өндөр дүнтэй санкцыг хэрэглэсэн, ... мөн жилийн борлуулалтын орлогын 45 хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулсан нь нэхэмжлэгч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болохоор байна. ... Анхан шатны шүүх орлогоо нуусан, нуусан орлогыг нь тодорхойлох боломжгүй гэдгийг нотолсон нотлох баримт байхгүй байхад сэжиг, таамаглалд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэжээ.

4. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт:

8.Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:

8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь;

… 8.3.энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан. 

5. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл “ХГМ” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “төлбөрийн баримт олгоогүй” буюу дээрх хуулийн 8.1-д заасан зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч хяналт шалгалтын ажиллагааг саадгүй явуулж, үнэн зөв, тайлбар мэдүүлгээ өгсөн байна.

6. Харин татварын улсын байцаагч нь уг зөрчилд шийтгэл ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 2-д “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж тус тус заасныг зөрчжээ.

6.1. Учир нь тус компани нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хялбаршуулсан тайланг гаргасан, уг 2022 оны тайланд борлуулалтын орлогоо 34,925,000.0 төгрөг” гэж тодорхой заасан байхад “орлогыг тодорхойлох боломжгүй” гэж үзэж, дээрх зүйлийн 8.3-т заасан хамгийн хүнд шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлгүй.

6.2. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан уг тайланг үнэлэлгүй, зөвхөн “дансаар болон бэлнээр төлбөрийг авах боломжтой” тул “орлогыг тодорхойлох боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй, мөн дээр дурдсан Зөрчлийн тухай хуулийн  1.3 дугаар зүйлийн 1-д заасныг хэрэглээгүй, шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохирсон эсэхэд дүгнэлт өгөөгүй байна. Энэ талаарх гомдол үндэслэлтэй.

7. Татварын улсын байцаагчаас давж заалдах шатны шүүх хуралдаанд “... өмнөх сарын тайлан байхгүй учраас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх заалтад “өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын 2 хувиар торгох” гэснийг шууд хэрэглэх боломжгүй, өмнөх сарын орлогыг дансны хуулга, төлбөрийн баримт, системд бүртгэгдсэн байдал зэргээс тогтоох гэхээр хоорондоо зөрүүтэй дансны хуулгаар олон удаагийн гүйлгээгээр 3,7 сая болон төлбөрийн баримтын системд орсон нь 9 удаагийн 5,03 сая гээд хэмжээ болон он сар зөрүүтэй байсан учраас тодорхойлох боломжгүй гэж үзсэн” гэж тайлбар гаргасан.

7.1. Тухайн аж ахуйн нэгж нь сар бүр тайлан гаргах үүрэг бүхий татварыг төлөгч, суутгагч биш тул  дээрх хуулийн заалтын “тайлант сарын орлого” гэснийг зөвхөн тайлан гаргасан тохиолдолд хэрэглэнэ гэж ойлгохооргүй байна. Харин өмнөх сарын орлогыг тодорхойлохдоо татвар төлөгчийн дансны гүйлгээ, системийн мэдээлэл зэргээр тодорхойлох үндэслэлгүй, өөрөөр хэлбэл татвар төлөгч сайн дураараа татвараа тайлагнах хугацаа болоогүй буюу анхан шатны баримт, бусад бүртгэлийн хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын тайланд тусгах ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнг тодорхойлж тайлагнаагүй байхад /авлага, өглөг гэх мэт/ өмнөх сарын дансны хуулга, системийн мэдээллийн зөрүүтэй байгаагаар орлогыг тодорхойлох “боломжгүй”, эсхүл “боломжтой” гэж үзэх үндэслэлгүй. Үүнээс дүгнэвэл татварын улсын байцаагч нь тухайн компанийн гаргасан зөрчилд “өмнөх сарын орлого” буюу сар бүр тайлан гаргах үүрэг хүлээгээгүй этгээдийн хувьд шууд тодорхойлох боломжгүй тохиолдолд аль санхүүгийн баримт, тайланг үндэслэж, орлогыг тооцох талаар тодруулж, зөрчлийн шинж байдалд тохирсон шийтгэл ногдуулж, шийтгэлийн хуудсыг дахин гаргах шаардлагатай, энэ нь  шүүхийн боломжоос хэтэрсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар шийтгэлийн хуудсыг дахин акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Огийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0068966 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарлалтыг “3”, 3 дахь заалтын дугаарлалтыг “4” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгч “ХГМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболдын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагч “ХГМ” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ