Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж 
Улсын яллагч: Н.Цогтбаяр
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бямбаагийн Энхбаатарт холбогдох 201603000275 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Дэмчиг овогт Бямбаагийн Энхбаатар /РД: АД78020730/

Шүүгдэгч Б.Энхбаатар нь 2016 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга баг, Ар хөтөл гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 6 метрийн урттай, 186 ширхэг буюу 8.9282 метр куб хэмжээтэй, хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 90-30 АРХ улсын дугаартай Хюндай Трак маркийн автомашинаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Төв аймгийн Өндөр ширээт сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 
     
    * Мөрдөн байцаалтын шатанд өсгөн хохирогч Э.Эрдэнэбаярын: “...би эрх үүргээ ойлголоо. Эрүүгийн 201603000275 тоот хэрэгт хохирогчоор оролцуулахад татгалзах зүйлгүй. Би аймгийн засаг даргыг төлөөлөн уг хэрэгт хохирогчоор оролцож байна. Б.Энхбаатар гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад энэ хэргийн талаар мэдээлэл байхгүй. Байгаль орчинд учруулсан хохирлоо төлчихвөл гомдолгүй. Мэргэжилийн байгууллагаас тогтоосон модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах хуулийн дагуу 3 дахин нугалж төлүүлэх саналтай байна. Нийт 1.880.277 төгрөгийг нэхэмжилнэ. Хохирлыг аймгийн Засаг даргын тамгын газрын “Төрийн сангийн 010000955” дансанд тушаана...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өсгөн гэрч С.Түмэнжаргалын: “...Б.Энхбаатар нь 2016 оны 06 сард гарал үүслийн гэрчилгээ авъя гэж асууж сурч байсан. Би тэр үед нь Энхбаатарт гарал үүслийн гэрчилгээ байхгүй 09 сард ирнэ гэсэн тэр үед нь авахгүй юу гэж хэлж байсан. Өмнө нь Энхбаатар нь Батсайхан гэх залуутай 2016 оны 04 сард манай байгаль хамгаалагч Амармэндээс гоожин авч шургааг бэлтгээд гарал үүслийн гэрчилгээ бичүүлээд над дээр орж ирж хянуулж байсан. Тийм асуудалд холбогдож байгаагүй. Энхбаатар нь энэ машинаа аваад жил болох гэж байгаа байх. Манай сумын Сайнжаргалын муу машиныг авсан юм шиг байна лээ. Энхбаатар нь 2016 оны 07 сард надтай сумын төвд таарчихаад аймгийн цагдаагаас дуудаж байна би Төв аймаг руу шургааг ачиж явж байгаад баригдчихсан, хэрэг шилжээд аймагт ирсэн юм шиг байна гэж хэлж байсан. Ингэж л би өөрөөс нь холбогдсон хэргийнх нь талаар сонссон. Ар хөтөл гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хамаарахгүй. Уг газар нь хортонд идэгдэж хуурайшилт явагдчихсан газар байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 50х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өсгөн гэрч Б.Амармэндийн: “...Азарга багийн иргэн Б.Энхбаатар нь надаас 2016 оны 04 сард 7 м3 шургааг мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан. Баянгол багийн Байдаг гэх газраас бэлтгэхээр эрхийн бичгийг авсан. Өөр эрхийн бичиг авч байгаагүй. Тухайн үед надаас Энхбаатартай хамт Батсайхан гэдэг манай нутгийн залуу шургааг мод бэлтгээд уг шургааг модоо Төв аймгийн Өндөр-Ширээт сум руу ачсан. Батсайхан, Энхбаатар хоёр тэр үед гарал үүслийн гэрчилгээ өөрсдөө олж ирээд надаар бичилт хийлгэж байсан. Би хяналтаа тавьсан. Энхбаатар, Батсайхан хоёр Байдас гэх газраас шургааг модоо бэлтгээд гарал үүслийн гэрчилгээгээр өөр аймаг руу тээвэрлэсэн. Б.Энхбаатар өмнө нь ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаар мэдэхгүй. Надтай таарч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өсгөн гэрч Ц.Сайнжаргалын: “...Би өөрийн эзэмшлийн Хюндай 5 тонны 90-30 АРХ улсын дугаартай машинаа 2015 онд зарна гэж байтал манай сумын иргэн Б.Энхбаатар авъя гээд манайд ирсэн. Тэгээд надаас худалдаж авахаар болоод 2015 оны 03 сард урьдчилгаа 5 сая төгрөг өгөөд аваад явсан. Үлдэгдэл 5 сая төгрөгийг нь тээвэрт явж байгаад мөнгөтэй болоод өгнө гэж хэлсэн. Би түүнд 5 сая төгрөгөө гүйцээж өгөхөөр нь машиныхаа бичиг баримтаа шилжүүлж өгье гэж хэлсэн. Одоо болтол миний мөнгийг өгч амжаагүй байгаа. Б.Энхбаатар нь надаас худалдаж авъя гэж тохироод авч яваад мөнгөө бүрэн өгөөгүй учраас миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Уг машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь миний нэр дээр байгаа. Би энэ талаар сонсоогүй байж байгаад сая таниас сонсож байна. Миний машин 1997 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн машин байгаа юм. Би өөрөө яг орж ирэхэд нь авч байсан юм. Аваад би 4 жил унаж хэрэглэсэн. Би машинаа Энхбаатарт 10 сая төгрөгөөр зарсан учир энэ үнээрээ үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өсгөн гэрч А.Оюунчимэгийн: “...би мэдүүлэг өгнө. Надад татгалзах зүйл байхгүй. Манай нөхөр Энхбаатар нь уг модыг 2016 оны 01 сард ганцаараа өөрийнхөө гэрийн ойролцоо Ар хөтөл гэх газраас бэлтгэсэн. Ар хөтөл гэх газар нь Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг байгаа юм. 2016 оны 01 сард шургааг модоо бэтлгэсэн байж байгаад 2016 оны 06 сарын эхээр Төв аймгийн Өндөрширээт сум руу зарах гэж яваад баригдчихлаа гээд буцаад ирсэн. Машин модоо хураалгасан байсан. 2016 оны 01 сарын дундуур бэлтгэж байсан гэж санагдаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 190 орчим ширхэг шургааг бэлтгэсэн гэж нөхөр маань өөрөө ярьж байсан. Би тэр шургааг модыг нь тоолж үзээгүй. Би нөхөртэйгөө 2001 онд гэр бүл болоод дундаасаа 12, 6, 1 насны 3 хүүхэдтэй болсон. Нөхөр маань зан ааш гайгүй даруухан, номхон дөлгөөн хүн. Нөхөр маань цөөхөн малаа хардаг. Өвөлд нь малаа айлд тавиад эргэж тойрч очдог. Нөхөр маань тамхи татдаг, архийг баяр ёслол, найз нөхөдтэйгөө таарсан үедээ ганц нэг уудаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өсгөн сэжигтэн, яллагдагч Б.Энхбаатарын: “...Би бичиг үсэг мэднэ 6 дугаар анги төгссөн. Уншиж бичиж чадна. Би модны хэрэгт шалгагдаж байгаа. Би өмгөөлөгч аваагүй байгаа. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би уг тээвэрлэсэн шургааг модыг 2016 оны 01 сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Ар хөтөл гэх газар бэлтгэсэн. Ингээд бэлтгэсэн шургааг модоо бөөгнүүлж байгаад 2016 оны 06 сарын 06-ны үед мод руу орж машиндаа ачсан. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 07-ны шөнө бэлтгэсэн шургааг модоо Төв аймгийн Өндөрширээт сум оруулж зарахаар явсан. Намайг Эрдэнэсант суман дээр явж байхад машины дугуй хагараад запас дугуйгаа тавьж цааш яваад 2016 оны 06 сарын 08-ны орой Өндөрширээт сум ороод машиныхаа дугуйг нөхүүлээд дугуй засвар дээр байж байтал цагдаа ирж шалгаад намайг гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэлээ гээд машиныг саатуулсан. Тэгээд шалгаад Архангай аймаг руу материалыг шилжүүлнэ гэж хэлсэн. Ачих болохоороо гоожингоо авъя гэж бодоод гоожингоо авалгүй модоо бэлтгэсэн. Тэгээд би гоожингоо нөхөж 2016 оны 04 сард авсан. Энэ гоожингоороо модоо тээвэрлэе гэж бодоод гарал үүслийн гэрчилгээ авах гэхэд гарал үүслийн гэрчилгээ байхгүй гэж манай сумын байгаль орчныхон хэлсэн. Тийм болохоор гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэчихсэн. Би 6 метрийн урттай 190 орчим ширхэг шургааг мод бэлтгэсэн. Би тухайн үедээ шургааг модоо нарийн тоолоогүй ачсан. Сүүлд нь цагдаад баригдаад тоолоход 186 ширхэг байсан мөн байгаль орчны хүн тоолоод 186 ширхэг байсан. Би энэ талаар мэднэ. Зарж борлуулж мөнгөтэй болъё гэж бодсон. Өндөрширээт суманд зарна гэж бодож байсан. Би ганцаараа өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн хятад хөрөөгөөр бэлтгэж байсан. Одоо энэ хөрөө эвдэрсэн байгаа. Өөр юм ашиглаагүй. Энэ машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ Сайнжаргал гэх хүний нэр дээр байгаа. Би машиныг худалдаж авахаар тохиролцоод одоо болтол мөнгийг нь бүрэн төлөөгүй байгаа. Тийм учраас Сайнжаргалын нэр дээр байгаа. 186 ширхэг шургааг мод бэлтгэсэн. Би  анх Төв аймгийн Өндөрширээт суманд тайлбар өгөхдөө ачиж явсан модоо тоолж үзээгүй байсан болохоор 190 орчим ширхэг байсан гэж мэдүүлсэн юм. 
    Би ял сонсгож байгаа зүйл ангийг ойлголоо. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, мэдүүлэг өгнө. Би хэргийнхээ талаа өмнөх мэдүүлэг дээрээ ярьсан байгаа. Тийм учраас хэргийн талаар одоо нэмж ярих зүйл байхгүй. Би Өндөрширээт сум руу дөнгөж ороод хагарсан дугуйгаа янзлуулахаар гудамжинд зогсож байгаад цагдаад баригдсан. Машин болон модоо журмын хашаанд хийснийхээ дараа би Орхонсэлэнгийнд очсон. Орхонсэлэнгэ намайг ямар хэмжээний ямар мод ачсаныг хараагүй. Би Сайнжаргалаас машиныг нь 10 сая төгрөгөөр авахаар ярилцаж 5 сая төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдэгдэл 5 сая төгрөгийг нь тээвэрт явж байгаад өгөөд машиныхаа гэрчилгээг шилжүүлнэ гэж тохирсон юм. Би энэ машиныг авсан даруйдаа унагачихсан юм тэгээд тээвэрт явж чадалгүй удсан юм. Би яг өдрийг нь мэдэхгүй 01 сарын дундуур 15-ны үед байх гэж бодож байна. Байгаль орчинд учруулсан хохирлоо би удалгүй төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65, 66-67х/
    * Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6х/
* Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 8, 9х/
* Түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14х/
* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18, 21-22, 25, 33х/
* Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20х/
* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24х/ 
* Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 26-28х/
* Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 29х/
* Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 39х/
* Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-37х/
* Архангай аймгийн БОАЖ-ын газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59х/
* Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн засаг даргын 2016 оны  7 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 68х/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-74х/
* Эмнэлгийн магадлагаа /хх-ийн 84х/, эд мөрийн баримт, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд зэрэг болно. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.Энхбаатар нь 2016 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга баг, Ар хөтөл гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 6 метрийн урттай, 186 ширхэг буюу 8.9282 метр куб хэмжээтэй, хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэн, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 90-30 АРХ улсын дугаартай Хюндай Трак маркийн автомашинаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Төв аймгийн Өндөр ширээт сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэн ойн санд бага бус хэмжээний хохирол учруулан Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Эрдэнэбаярын “...Байгаль орчинд учруулсан хохирлоо төлчихвөл гомдолгүй. Мэргэжилийн байгууллагаас тогтоосон модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах хуулийн дагуу 3 дахин нугалж төлүүлэх саналтай байна. Нийт 1.880.277 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, гэрч Б.Амармэндийн “...Б.Энхбаатар нь надаас 2016 оны 04 сард 7 м3 шургааг мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан. Баянгол багийн Байдаг гэх газраас бэлтгэхээр эрхийн бичгийг авсан. Өөр эрхийн бичиг авч байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч А.Оюунчимэгийн “...Манай нөхөр Энхбаатар нь уг модыг 2016 оны 01 сард ганцаараа өөрийнхөө гэрийн ойролцоо Ар хөтөл гэх газраас бэлтгэсэн. Ар хөтөл гэх газар нь Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг байгаа юм. 2016 оны 01 сард шургааг модоо бэтлгэсэн байж байгаад 2016 оны 06 сарын эхээр Төв аймгийн Өндөрширээт сум руу зарах гэж яваад баригдчихлаа гээд буцаад ирсэн. Машин модоо хураалгасан байсан. 2016 оны 01 сарын дундуур бэлтгэж байсан гэж санагдаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 190 орчим ширхэг шургааг бэлтгэсэн гэж нөхөр маань өөрөө ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18, 21-22, 25, 33х/ нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Б.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Энхбаатарыг ойн тухай хууль тогтоомж зөрчиж байгаль орчинд  1.880.277 /нэг сая найман зуун наян мянга хоёр зуун далан долоо/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Б.Энхбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж, мөн ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.  
2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 90-30 АРХ улсын дугаартай Хюндай трак маркийн авто машин нь Ц.Сайнжаргалын өмчлөлийн авто машин болох нь түүний мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 29х/ зэргээр нотлогдож байх тул мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Уран хорооллын 3-01 тоотод оршин суух Ц.Сайнжаргалд буцаан олгох үндэслэлтэй байна.     
Хэрэгт битүүмжлэгдсэн, зохих зөвшөөрөогүй бэлтгэсэн гэх 186 ширхэг шургааг мод болон шүүгдэгч Б.Энхбаатарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 10.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Энхбаатараас хураан улсын орлого болгож, эг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:
 
1. Шүүгдэгч Дэмчиг овогт Бямбаагийн Энхбаатарыг зохих зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Б.Энхбаатараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн авто машины үнэ 10.000.000 /арван сая/ төгрөг, хууль бусаар бэлтгэсэн 186 ширхэг хэрэглээний хуурай шургааг модыг тус тус хурааж улсын орлого болгосугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн “Хюндай Трак” маркийн 90-30 АРХ улсын дугаартай авто машиныг өмчлөгч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Уран хорооллын 3-01 тоотод оршин суух Ц.Сайнжаргалд буцаан олгосугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Энхбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

8. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхбаатарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй. 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

11. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж шүүгдэгч Б.Энхбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.ГАНДОЛГОР