Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0322

 

 

 

 

 

 

2021 05 14 128/ШШ2021/0322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц,

Гуравдагч этгээд “М” ХХК, иргэн В.М,

Прокурорын дүгнэлт: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Цийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Б.Б, хариуцагч Ц.Ц, гуравдагч этгээд “М” ХХК-ийн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б нь шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б би, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Цийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн 05 дугаартай материалыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянав.

Материалд авагдсан баримтаар “М” ХХК нь 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаад, улмаар тус компанийн нягтлан бодогч В.Маас холбогдогчоор мэдүүлэг авч, түүнд Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.24-т зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Эрх бүхий албан тушаалтны дээрх шийдвэр нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн байна Тухайлбал:

1. В.М нь “М” ХХК-ийг төлөөлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий этгээд мөн эсэхийг тус компаниас тодруулаагүй, түүнийг “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож мэдүүлэг аваагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн,

2. Зөрчилд холбогдогч В.Мыг Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан "аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн хэсгийн 1.24-т заасан "нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй" гэсэн зөрчлүүдийг үйлдсэн гэж шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, холбогдогч В.М нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх ямар үүргээ биелүүлээгүй болохыг тогтоогоогүй байна. Түүнчлэн дээрх зөрчлийг хэрэв нэг үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдсэн гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд шийтгэл оногдуулах хуулийн заалтыг зөрчсөн байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "мэргэжлийн нягтлан бодогч" гэж их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг, 3.1.7-д "мэргэшсэн нягтлан бодогч" гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчийг ойлгохоор тайлбарласан байна. Хэрвээ В.М нь нягтлан бодогчийн мэргэжлээр бакалаврын зэрэггүй, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орж эрх авалгүйгээр нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах ажлыг эрхэлж байсан бол Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.24-т заасан "нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй" зөрчил үйлдсэн гэж үзнэ. Гэтэл бүртгэлийн 05 дугаартай материалын 11 дэх хуудсанд В.Мын нягтлан бодох бүртгэлээр мэргэжсэн бизнесийн удирдлагын бакалаврын дипломын хуулбар авагджээ.

Харин санхүүгийн тайланг хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэсэн байна.

Иймд "М*********" XХК-ийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар “М” ХХК-д 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах байтал тус компанийн нягтлан бодогч В.Мыг Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.24-т зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Цийн В.Мт шийтгэл оногдуулсан 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, “М” ХХК-ийн "2020 оны жилийн эцсийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй" гэх зөрчилд нэмэлт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаар прокурорын дүгнэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч танилцлаа.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д мэргэжлийн нягтлан бодогч гэж их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг, 3.1.7-д мэргэшсэн нягтлан бодогч гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч эдийн засагчийг гэж тайлбарласан ба М ******* ХХК-ийн нягтлан бодогч нь мэргэжлийн бакалаврын дипломын хуулбараа хавсаргасан байгаа болно.

Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.24-д нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайлан гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нягтлан бодогчид хариуцлага хүлээлгэсэн.

Тухайн байгууллагатай хийсэн нягтлан бодогчийн гэрээ, ажилд авсан тушаал, тухайн байгууллагын гэрчилгээний хуулбар, нягтлан бодогчийн иргэний үнэмлэхийн хуулбар, нягтлан бодогч буруутайгаа хүлээн зөвшөөрч мэдүүлэгт гарын үсэг зурсан баримтууд, хүлээн зөвшөөрч торгуулийн төлбөрийг дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн төрийн сан банкны 100200700956 тоот дансанд тушаасан баримт зэргээр нягтлан бодогчид хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ байгууллагын нягтлан бодогч өөрсдийн мэдүүлэгтээ нягтлан бодогч нь гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан.

2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дүүргийн прокурорын газарт Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн нийт 120 баримтыг холбогдох материалын хамт хянуулж, ажиллаж ирсэн.

Мөн 2020 оноос хойш дэлхий даяар коронавирус COVID-19 цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор ялангуяа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ард иргэдийн амьжиргааны төвшинд болон улс орны эдийн засагт хүндээр тусч байгаа энэ цаг үед аж ахуйн нэгж, байгууллагыг 4000 нэгжээр торгох нь тухайн байгууллагын эдийн засгийн байдалд хүндээр тусна гэж үзэж байгаа болно гэжээ.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн төлөөлөгч С.О нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Манай байгууллагад ерөнхий нягтлан бодогчоор 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан Ва******* овогтой М*******тай холбоотой Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 26 тоот дүгнэлттэй танилцлаа.

В.М нь ажиллах хугацаандаа компанийн тайлан балансыг цаг хугацаанд нь гаргаагүй, 2019, 2020 оны жилийн эцсийн тайланг хуулийн хугацаанд тайлагнаж танилцуулаагүй, удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй үйлдэл удаа дараа гарган Хөдөлмөрийн гэрээний 4.2.2, 4.2.3, 4.2.6 дахь заалт, Ажлын байрны тодорхойлтод заасан ажил үүргийн хуваарь, ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй тул удаа дараа анхааруулан мэдэгдэл өгч үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Тайлан мэдээг хуулийн хугацаанд гаргаж танилцуулахыг тухай бүр шаардаж ажилласан боловч тайлангаа илгээсэн шалгагдаж байгаа, программ гацаад байна, ачаалал ихтэй байна гэсэн тайлбар өгч байсан гэжээ.

Гуравдагч этгээд В.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ва******* овогтой М******* миний бие “М” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд 2021 оны санхүүгийн тайланг өөрийн буруугаас болж хохироосон.

Тухайн үед Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн байцаагч Ц.Ц нь дуудаж аж ахуй нэгжид 4000 нэгж, хувь хүн буруутай бол 400 нэгжээр торгох тухай танилцуулан дараах баримт бичгийг бүрдүүлж ирэхийг хүссэн. (Үүнд: төгссөн сургуулийн диплом, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал, байгууллагын албан бичиг тус тус болно.)

Дээрх баримт бичгийг бүрдүүлж өгсөн бөгөөд тухайн алдааг хувь хүний буруу гэж үзэн Зөрчлийн тухай хуулиар торгосон гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх прокурор, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц нь М************ ХХК-ийн нягтлан бодогч В******ш овогтой М*******рын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлээ e-balance.mof.gov.mn цахим санхүүгийн програмд хуулийн хугацаанд шивж илгээгээгүй зөрчлөө илчилж ирсэн мэдээлэлтэй танилцаад Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.24-д заасан шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзэж 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23******* дугаар шийтгэлийн хуудсаар В.Мыг 400,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д Аж ахуйн нэгж, байгууллага: аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, 1.24-д нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заажээ.

М************** ХХК болон тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан В**********ш овогтой М************р нарыг шүүх гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд В.М нь 2016 онд Мандах дээд сургуулийг нягтлан бодох бүртгэлээр мэргэжсэн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгссөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: мэргэжлийн нягтлан бодогч гэж их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг гэж, 18 дугаар зүйлийн 18.3-д Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна гэж зааснаас үзэхэд гуравдагч этгээд В.М нь хуулийн дээрх шаардлагыг хангасан байхад Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.24-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д Аж ахуйн нэгж, байгууллага: аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан хэдий ч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ, 20 дугаар зүйлийн 20.2.3-д Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ: холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах гэж заасны дагуу санхүүгийн тайлан гаргах үүргийг байгууллагын нягтлан бодогч хүлээсэн байна.

Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй гэж заасан хэдий ч хэрэгт авагдсан гуравдагч этгээд М******* ХХК-ийн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтоор нягтлан бодогч нь санхүүгийн тайлан балансыг үнэн зөв гаргах үүрэг хүлээсэн байна.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна. гэж тус тус заасныг зөрчсөн талаар прокурор дүгнэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д Аж ахуйн нэгж, байгууллага:ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, 1.6-д аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй аль зөрчлийг гаргасан болохыг , эсхүл аль алиныг давхар гаргасан болохыг хариуцагч эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар шалгаж шийдвэрлэсний үндсэн дээр Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн эсэх дээр прокурорын зүгээс дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бийн ...шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэмэлт шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах... дүгнэлтийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.24, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 18 дугаар зүйлийн 18.3-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаар дүгнэлтийг хангаж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Цийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА