Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/230

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч Д.Ганзориг, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814002530234 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  Тууварчин овогт Даваадоржийн Ганзориг, Регистрийн дугаар:ВК82102418,/

Холбогдсон хэргийн талаар

  Шүүгдэгч Д.Ганзориг нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан 1 дүгээр багт Жаргалантын гол гэх газар нутаглах өөрийн гэртээ Э.Гантулгыг хутгаар хөл, нүүрийг хутгаар зүсэх, хөл, нуруу, цээжинд гараар цохих, хөлөөр өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/  

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би уг зүйл хэсгийг ойлголоо. Хэргийн зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Монгол хэл, бичиг үсэг мэднэ. Би өмгөөлөгч авахгүй, одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би найз нөхдийн хамт архи уусан тэгээд би найз Батбилэг, Батжаргал хоёр гэртээ харих гэж явсны дараа Гантулгатай зодоон хийсэн би Гантулгын гуянд хутгаар нэг удаа баруун гуянд нь хатгаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан тэгээд манай гэрт Гантулга бид хоёр унтаад өгсөн өглөө нь босоод харахад эрүүний доор нэг шалбарч зулгарсан байдалтай харагдсан тэрний дараа Гантулга малдаа яваад өгсөн тэгсэн цагдаад өгчихсөн байсан. Баруун гуянд нь нэг удаа хутгаар хатгасан өөрөөр би цохиж зодсон зүйл байхгүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юу болсон талаар сайн санахгүй тухайн үед тасарсан байсан. Би Э.Гантулгад учирсан хохирол бүрэн барагдуулсан нэг сая төгрөг хохирогчид өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хялбаршуулах талаар ойлгосон. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганзоригт мэдүүлэхдээ:  гэв.

3. Хохирогч Э.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 04 сарын 30-ны орой би манай мал байдаг Д.Ганзоригийнд Ганзоригтой байж байхад М.Батжаргал, Ц.Батхүлэг гэдэг хүмүүс үхэр сурч ирэхдээ 1 шил ерөөл архи, 2 л-ийн пивотой ирээд бид 4 хувааж уугаад дууссан тэгтэл Ганзориг ах авдраас 1 шил ерөөл архи гаргаад тэрийг нь 4 үүлээ хувааж уучхаад Батжаргал, Батхүлэг 2 яваад өгсөн юмаа. Тэгээд Ганзориг бид 2 унтах гээд хэвтэж байхад Ганзориг нь гэнэтхэн л босож ирээд намайг дарж унагаад өшигчөөд дэвсээд жижиг улаан иштэй хутгаар гуя руу хатгаад эрүү нүүрэн дээр 1 гутгаар зүссэн юмаа. Ганзориг гайгүй байх шиг байсан би нэлээн согтуу байсан юмаа. Бид 2-оос өөр хүн байгаагүй юмаа.Би гомдолтой байгаа эмчилгээний мөнгөө нэхэмжилнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/

4. Гэрч Л.Алтанчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай хүү болох Э.Гантулга нь эмээгийнх малыг малладаг байсан Ганзориг гэдэг айлд байж байгаад ирсэн бөгөөд ирэхдээ зодуулсан байдалтай биеэ нь хөхөрсөн нүүрэндээ зүсэгдсэн байдалтай шархтай гуяндаа зүсэгдсэн шархтай ирсэн юмаа. Тэгэхээр нь би хүүгээ чи юу болов гэхэд Ганзориг намайг согтуугаараа зодсон гэж байсан юмаа. Юунаас болсон талаар бол хэлээгүй цуг архи ууж байгаад зодсон гэж хэлсэн. Ганзориг манай хүүг зодоход энэ хоёроос өөр хүн байгаагүй гэсэн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

5. Гэрч Ө.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                             

   …Миний 2018 оны 04-р сарын сүүлээр санаж байна Галуут сумын 1-р баг Жаргалантын голд бяруу шүдлэн хайгаад явж байхад Ганзоригийнд ороход туслах малчин Ганаа ,Ганзориг Батхүлэг бид 4 ,3 шил архи уугаад Батхүлэг бид гараад гэр гэр лүүгээ явсан Ганзориг ,Ганаа хоёр унтлаа гээд үлдсэн сүүлд нь сураг сонсоход хоорондоо муудалцаад Ганаа нь аймаг явсан гэж сонссон Ганзоригоос асуухад нэг их юм болоогүй муудалцаад аймаг яваад очоод ээждээ намайг зодлоо гэж ярьсан юм шиг байна гэж хэлсэн өөр надад мэдэх зүйлгүй. Үгүй тийм болоогүй. Унтлаа гээд үлдсэн гайгүй байх шиг байсан. Ганаа,Ганзориг хоёр архи хаяа уудаг ялангуяа Ганзориг ямар нэгэн  аашгүй намбагар байдаг өөр нэмж хэлэх зүйлгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

6. Гэрч П.Золбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Бид нар сүүлийн 10 гаруй жил нөхөрлөж байгаа юмаа энэ хугацаанд архи дарс уудаггүй байсан харин сүүлийн үед архи бага зэрэг уудаг гэж дуулдаж байгаа юмаа. Зан аашны хувьд миний найзаа, миний ахаа гээд ямар ч хүнтэй эвсэг байдаг юмаа. Нэмж хэлэх зүйл байхгүй .гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

07. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн:

 1. Э.Гантулгын биед баруун гуяын урд хэсэгт шарх, эрүү, хамар, зовхи зулгаралт, бугалга, шуу, гуя, шилбэ, нуруунд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй  болно.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5.  Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун гуяын урд хэсгийн шарх, эрүү, хамар, зовхины зулгаралт гэмтлүүд нь ир үзүүртэй, харин бугалга, шуу, гуя, шилбэ, нурууны цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 41-42/ болон хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан шүүгдэг Д.Ганзоригийн урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шалгах хуудас, болон хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэг Д.Ганзоригийн багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа,  хавтаст хэргийн 62-63 дугаар хуудсанд авагдсан банкны тодорхойлолт, хавтаст хэргийн 13-18 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Ганзоригийн эзэмшлийн  мотоцикл битүүмжилсэн тэмдэглэлүүд, хавтаст хэргийн 09-11 дүгээр хуудсанд авагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг хураан авсан тогтоол тэмдэглэлүүд  хавтаст хэргийн 64-67 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ганзориг нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр баг Жаргалантын гол хэмээх газар нутаглах өөрийн гэртээ  З.Гантулгыг  зодож, хутгаар гар хөл, нүүрийг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч З.Гантулга, гэрч Л.Алтанчимэг, Ө.Батжаргал нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 305 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Д.Ганзоригт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ганзоригийн үйлдсэн гэмт хэрэгт   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Д.Ганзоригт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч Д.Ганзоригийн эзэмшлийн мотоциклыг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 04 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх мотоциклыг эзэмшигч   Д.Ганзоригт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

 Уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Ганзориг нь энэ хэргийн  улмаас  цагдан  хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдав.       

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганзориг нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлснийг дурдаж шийдвэрлэв.                                                                    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                          

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тууварчин овогт Даваадоржийн Ганзоригийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Тууварчин овогт Даваадоржийн Ганзоригийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажид хийлгэх ялаар   шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Ганзоригт хоёр зуун дөчин / 240 /  цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Ганзориг нь хоёр зуун дөчин / 240 /  цагийн хугацаагаар оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт   тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Д.Ганзориг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан иштэй хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.          

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.1  36.8 дугаар зүйлийн  1.8-д  зааснаар шүүгдэгч Д.Ганзоригийн эзэмшлийн “мустанг” -5 маркийн мотоциклыг    битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын  04 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх мотоциклыг эзэмшигч Д.Ганзоригт  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан  олгосугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн   1.5-д   зааснаар шүүгдэгч Д.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.     

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                                               

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Д.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Д.БАТЦЭНГЭЛ