| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/01234/И |
| Дугаар | 155/ШШ2018/01274 |
| Огноо | 2018-07-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2018/01274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *************** тоотод оршин суух, Ц овогт Р.Ө /**************/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хєвсгєл аймгийн *************** оршин суух хаягтай Б овогт Б.Э /****************/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, нэхэмжлэгч Р.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Ө шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.Ө нь Б.Э-тэй 2004 онд танилцаж үерхэж байгаад 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдарлын явцад охин Ө.Н 2005 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Бидний хамт амьдарч байх хугацаанд эхнэр Б.Э маань өөр хүнтэй болж 2014 оноос гэрээсээ явсан бөгөөд бид тусдаа амьдраад 5 жил болж байна. Охин Н нь энэ хугацаанд миний асрамжинд байсан бөгөөд бидний хувьд хүүхдийн асрамж тэтгэлэг болон эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй, Охин Нг миний асрамжинд үлдэхийг эхнэр Б.Э зөвшөөрч байгаа тул 2004 оны 0007356/24 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Р.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сургуульд галчаар ажилладаг бөгөөд одоо охинтойгоо хоёулаа амьдардаг. Эхнэр бид цуг хотод ажил хийж амьдрахаар явсан боловч эхнэр маань хотод очоод нөхөртэй болсон. Тийм учраас би охиноо аваад 2014 онд нутагтаа эргээд ирсэн. Одоо түүнээс хойш 5 жил шахуу болж байна. Миний охин одоо 8 дугаар ангид сурдаг. Ээж нь охиныг миний асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн бөгөөд тэр хүнээс охиндоо тэтгэлэг гаргуулахгүй. ... гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э нь Р.Ө ын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь Р.Ө тай 2004 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж нэг гэрт орсон ба улмаар бидний дундаас охин Н нь 2005 оны 02 дугаар сарын 14-нд төрсөн юм. Бид хоёр хамт амьдарч байгаад зан аашны хувьд таарамжгүй байснаас 2013 оноос хойш тусдаа амьдарч байна. Миний хувьд өөр хүнтэй суусан цаашид Р.Ө тай хамт амьдрах ямар ч боломжгүй.
Миний хувьд охин Нг нөхөр Р.Ө ын асрамжинд үлдээхийг зөвшөөрч байгаа ба бидний хооронд эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэгийн талаар ямар ч маргаан байхгүй болно. Иймд Р.Ө ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Ө нь хариуцагч Б.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Р.Ө , хариуцагч Б.Э нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Ө.Н төрсөн болох нь:
Бүртгэлийн 0007356/24 дугаартай ************** Монгол улсын иргэн 1979 оны 12 дугаар сарын 11-нд төрсөн Ц овогт Рагчаагийн Ө , **************** Монгол улсын иргэн 1981 оны 9 дүгээр сарын 26-нд төрсөн Т овогт Б.Э нар 2004 оны 12-р сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2004 оны 12-р сарын 15-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 24-рт бүртгэж гэрчилгээ олгов гэх Гэрлэлтийн гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Овог Ц, Эцгийн нэр Ө , нэр Н, охин 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрснийг эмнэлэгт төрснийг Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төрсний бүртгэлд 2005 оны 3 сарын 01-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй Төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Р.Ө нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28.1.2-д заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгов гэх 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүхийн албан бичиг хэрэгт авагдсан байна.
Шүүх нэхэмжлэгч Р.Ө ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Р.Ө , хариуцагч Б.Э нарын хувьд гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан, баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй хариуцагч нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа сүүлийн 5 жил гэрлэгчид хамт амьдраагүй байна.
Хариуцагч Б.Э нь охин Ө.Нг эцэг Р.Ө ын асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн, мөн охин Ө.Н нь сүүлийн 5 жил эцэг Р.Ө ын асрамжинд байж эрүүл өсөж бойжиж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар болон Өрхийн их эмчийн тодорхойлолт, Ө.Нгаас 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр авсан санал зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.
Иймд нэхэмжлэгч Р.Ө , хариуцагч Б.Э нарын гэрлэлтийг цуцалж, охин Ө.Нг эцэг Р.Ө ын асрамжинд үлдээн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадахгүй учир өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн ба түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Р.Ө нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Ө т олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ц овогт Р.Ө /**************/, Б овогт Б.Э /****************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Ө ын Н /************/-г эцэг Р.Ө ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэрийн хувийг явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эээс 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Ө т олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА