| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0034/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/52 |
| Огноо | 2020-02-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга:О.Сувд-эрдэнэ,
Хохирогч:*******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул,
Шүүгдэгч:*******, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1- дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914008110011 тоот хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* / Регистрийн дугаар: ************* /,
2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,******* / Регистрийн дугаар: ***************/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 16-аас 30-ны хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 3-3-23 тоотод оршин суух иргэн*******ын байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн бүс, Могул маркийн зурагт, тархи мана хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 6.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр / ТОДОРХОЙЛОХ нь: Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Би Дугарсанжаатай Цагаан цахирын алтны чулуун дээр танилцаж байсан 2019 оны 07 дугаар сарын 28-ны үед өглөө доод захын биллиард дээр Дугарсанжаатай таарсан тэгтэл маргааш би Галуут явлаа гэж байсан тэгээд тухайн өдрийн үдээс хойш дахин зах дээр таарахаар нь би Улаанбаатар хот руу явж ажил хийх гэж байгаа гэж хэлсэн Дугарсанжаа цуг явж ажил хийе гэж хэлээд тэр өдөр манай дүү Сувдмаагийн бид хоёр хоноод маргааш орой хот руу явах истанад суугаад хот ороод хүргэн ах Төмөрбаатарынд очсон очоод нэг хоноод байж байтал үдээс хойш Дугарсанжаа цүнхнээс цагаан өнгийн улан толгойтой чулуун сүүлийн үеийн хөөрөг байсан тэгээд миний хөөрөг байгаа юм үүнийг зарчихъя гэж хэлэхээр хүргэн ах Төмөрбаатар, Дугарсанжаа бид гурав Хар хорин зах ороод гадуур хөөрөг авдаг хүнд 10000 төгрөгөөр зарсан тэгээд маргааш нь Дугарсанжаа бид хоёр байгаа айлынхаа хажууд барилгын ажилд ороод доод тал нь 10 хоног ажилсан 2019 оны 08 дугаар сарын 16-ны үед манай дүү над руу залгаад амбаар дотор зурагт байна гэхээр нь би надтай цуг байгаа Жагаа буюу Дугарсанжаагийнх гэж хэлтэл Дугарсанжаа хот руу аваад ир гэхээр нь би дүү Сувдмаагаар 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хот руу авхуулсан тэгээд дүү Сувдмааг ирэхээр би түүнтэй хамт айлын гэр барих гээд яваад орой иртэл хүргэн ах Төмөрбаатар надад Дугарсанжаа зурагтаа 150.000 төгрөгөөр зараад аймаг руу явсан зурагт зараад өг гэхээр нь зарж өгсөн талаар ярьж байсан тэгээд Дугарсанжааг явсны 3 хоногийн дараа дүү Сувдмаагийн хамт Баянхонгор аймагт ирээд сум явсан. Дугарсанжаа хот руу явдаг өдрийн өглөө данснаасаа авлаа гээд 70.000 төгрөг гаргаад ирсэн тэгээд төгрөгөөр нь хот явах замын зардлаа хийгээд 10.000 төгрөгөөр нь хоолонд орсон. Улаанбаатар хот руу явахын урд орой Дугарсанжаа гэрээс авч ирсэн юм маргааш сум авч явах гэж байгаа юм гээд бүтээлэг шиг юманд зурагтаа боосон авч ирэхээр нь би амбаарын түлхүүрийг Дугарсанжаад өгсөн тэгтэл тэр амбаар онгойлгоод зурагтаа хийсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 103-105/, 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв. 3. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: .......2019 оны 07 дугаар сард Амгаланбаатартай зах дээр таараад хоёулаа гол явж 2 шил архи уугаад юм яриад байж байтал би маргааш сум руугаа явна гэтэл хоёулаа хот явж ажил хийх үү гэсэн тэгэхээр нь би гайгүй ажил байвал хийе гээд яаж хот руу явах юм мөнгө байхгүй гэтэл Амгаланбаатар мөнгө болчихмоор юм олноо гэсэн тэгээд Амгаланбаатар намайг дагуулаад Арван мянгат ороод нэг айлын гадаа очтол тэр айл нь миний таньдаг айл болох Оюунбаатар ахын байсан тэгэхээр нь би Амгаланбаатарт миний таньдаг айл байна гэхэд Амгаланбаатар би аргалчих нь би таньдаг айл байгаа юм гэсэн тэгээд байшингийн ар хашааг нь давж ороод байшингийн хажууд байх дугуйнуудыг давхарлаад эхлээд Амгаланбаатар байшингийн чардак дээр гараад намайг татаад байшингийн чардак руу орсон тэр дотор нарийхан төмөр байсан. Амгаланбаатар аваад байшингийн таазыг гаднаас нь цоолоод нүх гаргаад би багтахгүй байна чи ороод мөнгө болчихмоор юм байвал аваад ир гэсэн тэгэхээр нь би ороод телевизор байна гэхэд аваад ир гэсэн тэгээд түүнийг Амгаланбаатарт авч өгчхөөд дараа нь байшин дотор байх мөлхөө тавилгыг онгойлготол мөнгөн бүс, хөөрөг хоёр байсан түүнийг нь аваад нэг модон орон дээр гишгээд буцаад орж ирсэн таазаар гарсан ингэхдээ дээрээс Амгаланбаатар намайг татаж гаргасан тэндээс гараад амьчуул руу манай дүүгийнд очъё гэсэн тэгээд нөгөө юмнуудаа аваад хамт алхаж байгаад Амгаланбаатарт би Хөх толгой гарч найзындаа хонолоо гээд түүнээс салсан салахад Амгаланбаатар надад маргааш өглөө зах дээр уулзъя гэсэн тэгээд тэндээс би Хөх толгой орж 9-2-22 тоотод хашаанд байх тухайн хулгай хийдэг өдрийн урд өдөр үсээ засуулж байгаад танилцсан надад нэрээ хэлэхдээ Мягаа гэх хүүхэн дээр шөнийн 02 цагаас 03 цагийн үед очиж хоноод өглөө 10 цагийн үед гараад зах ороод Амгаланбаатартай биллиард дээр уулзсан уулзахад Амгаланбаатар нөгөө айлаас авсан мөнгөн бүсийг куртикнийхээ дотуур бүсэлсэн байсан тэгээд чи энийг ломбардад оруулаад өгчих тэр мөнгөөр хот явъя гэсэн тэгээд би нэг зах дотор байх ломбардад 120.000 төгрөгөөр өгөөд хот руу Истана машинд суугаад 2019 оны 07 дугаар сарын сүүлээр хулгай хийсний маргааш өдөр хот ороод Амгаланбаатарын эгчийнд очоод Амгаланбаатар нөгөө хөөргөө гаргаж ирээд энэ хөөргийг заръя гээд түүний эгчийн нөхөр Төмөрбаатар бид гурав хамт явж нэг зах руу ороод би Төмөрбаатарын хамт гадаа нь байж байтал Амгаланбаатар тав таван мянган төгрөг болж байна гээд гараад ирсэн тэгээд Төмөрбаатар гуайн гэрт очоод маргаашаас нь барилгын ажилд орсон тэгээд байж байтал Амгаланбаатар манай дүү удахгүй ирэх гэж байгаа зурагтаа захичихлаа ирэхээр нь ломбардад тавьчихъя гэсэн тэгээд зурагт ирсэн би гэрт нь хашаан дахь шарилж түүгээд үлдсэн тэгээд Амгаланбаатар Төмөрбаатар нар явж зурагтыг зарчхаад ирлээ гээд надад 10.000 төгрөг өгсөн ломбардад тавьсан гэж хэлж байсан надад бол зурагт зарснаас 10.000 төгрөг өгсөн өөр мөнгө өгөөгүй зурагт зарснаас хойш 3-4 хоноод Төмөрбаатараар Драгон дээр газар мэдэхгүй гэж хүргүүлээд бас нэг истана машинд суугаад Баянхонгор аймагт ирсэн миний авсан хөөрөг цагаан шаргал дуу хөөрөг улаан чулуун толгойтой байсан би шүдээрээ мэрж үзсэн нуухыг нь бол анзаараагүй. Амгаланбаатар, Төмөрбаатар нар намайг Жагаа гэж дууддаг би Жагаа гэдэг нэрээр танилцаж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 114-116/
4. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ярих зүйл байхгүй гэв. 5. Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ..2019 оны 07 дугаар сарын 16 д орхиж яваад 2019 оны 08 дугаар сарын 30-нд гэртээ ирсэн, ирэхэд манай байшинд хулгай орсон байсан. Би харлаа манай гэрт ирж байгаагүй би харж байгаагүй хүн байна Дугарсанжаа бол манайд ирж байсан яг хэзээ ирж байсныг санахгүй байна. Миний хувьд зурагт яах вэ хөөрөг олоод өгчих юм бол гомдол санал байхгүй.Миний хөөрөг бор өнгийн тархи мана хөөрөг толгой нь улаан чулуун толгойтой хуучны хөөрөг байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 10-16/
6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч******* мэдүүлэхдээ: Надад учирсан хохирол болох 6.650.000 төгрөгийг шүүгдэгч*******, ******* нар нь адил тэнцүү хэмжээгээр төлж барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна гэв.
7. Гэрч Б.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Дугарсанжаагийн хулгайлж ломбардад тавьсан байсан мөнгөн бүсийг дэлгүүрийн эзэнд 120.000 төгрөг өгч авч бүсний эзэн болох Оюунбаатарт авч өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
8. Гэрч Э.Сувдмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө Улаанбаатар хот руу явах гээд амбаартаа яваад ортол боодлоостой нимгэн телевизор байхаар нь Амгаланбаатар ах руу залгаад энэ манай түлшний амбаарт юун телевизор байгаа юм гэтэл надтай яваа хүний Юм байгаа хот руу аваад ир гэсэн тэгээд би хот руу авч яваад шөнөдөө ороод Төмөрбаатар гэх ахынд очоод нөгөө зурагтаа таамбарт нь оруулаад тавьсан. Амгаланбаатар ах намхан дуу муутай Жагаа гэх бандитай манайд ирж 2 хоносон хэдэн сарыг нь санахгүй байна. Харанхуй шөнө л орж ирсэн орж ирээд шууд хойд өрөө рүү яваад унтаж байгаа харагдсан архи уусан талаар бол анзаараагүй тэгээд дараалаад 2 хоносны дараа маргааш өглөө нь хот явж ажил хийнэ гээд Жаргал буюу Дугарсанжаа нь түрүүлж гараад араас нь Амгаланбаатар ах гарч явсан яг хэдэн сарын хэдний үеэр гэдгийг ёстой санахгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-39/
9. Гэрч Д.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дэлгүүр дээрээ сууж байхад улаан малгайтай намхан шар залуу орж ирээд мөнгөн бүс авах уу гэж хэлсэн тэгэхээр нь үзье гэж хэлээд үзээд 120.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон би худалдаж авахдаа хулгайн зүйл биш биз бүстэй чинь цуг цагдаа руу зураг явууллаа зүгээр үү гэж хэлэхэд зүгээр гэсэн тэгэхээр нь би бүсийн хамт зургийг нь авч эрүүгийн мөрдөгч Алтангадас руу чатаар илгээсэн миний худалдаж авсан мөнгөн бүс нь тоноггүй мөнгөн тольтой ширэн бор шаргал бүс байсан худалдаж аваад тоноглоод заръя гэж бодсон. 2019 оны 09 дүгээр сарын эхээр хулгай хийсэн гзх залуугийн ах гээд зүс таних залуу ирээд надад 120.000 төгрөгийг маань буцааж өгөөд аваад явсан одоо надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад мөнгөн бүсээ зарах гэж орж ирэхдээ ганцаараа орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/
10. Гэрч Д.Төмөрбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...2019 оны 07 дугаар сарын 20-д гарчихсан байсан хэдэн гэдгийг би мэдэхгүй байна манай эхнэр есүсийн цуглаанд явчихсан байхад өдөр******* нь нэг залуугийн хамт аймгаас ирлээ хотод ажил хийнэ гэж ирсэн. Хамт ирсэн залууг Жагаа гээд байсан байх бүтэн нэрийг нь мэдэхгүй гэрт ирэхдээ ажлын хувцастай байсан ба жагаа гэх залуу нь цагаан өнгийн хөөрөг гаргаж ирээд энэ хөөрөг ямар гээч хөөрөг вэ гэхээр нь ах нь хөөрөг мэдэхгүй гэж байсан. өөр ямар нэгэн зүйл авчраагүй. Өөрийгөө Жагаа л гэснээс Дугарсанжаа гэж танилцуулаагүй дунд зэргийн нуруутай шөвгөрдүү туранхайвтар залуу байсан. гэр барилснаас хоёр хоногийн дараа Жагаа гэгч нь ах телевизор зармаар байна гэхээр нь юун телевизор юм бэ гэхэд минийх байгаа юм явахгүй бол зардал байхгүй хэцүү байна хүүхэд сургуульд орох дөхөж байна гэхээр нь хэдэн хүүхэдтэй юм бэ гэхэд хоёр охинтой гэж байсан. Телевизор чинь хаана байгаа юм гэхэд Баянхонгороос пургон машинд хүн дайгаад явуулсан гэж хэлсэн. Үүнээс хойш 1-2 хоногийн дараа хавтгай хар өнгийн зурагт авчраад би хот мэдэхгүй болохоор явж чадахгүй нь та хамт яваад заралцаад өгөөч гэхээр нь би чадахгүй гэхэд тэгвэл барьцаанд тавиад өгөөч гэхээр нь чи өөрөө тавьж болдоггүй юм уу гэхэд бичиг баримт байхгүй гэхээр нь хамт яваад 21 дүгээр хорооллын замын хажууд нэг ломбардад би өөрийнхөө иргэний үнэмлэхээр 150.000 төгрөгд тавьж өгөхөд Жагаа гээд байгаа залуууд 70.000 төгрөгд нь тэндээс гар утас авсан. Энэ зурагтаа хэзээ авах юм бэ гэхэд за яах вэ байж л байг гэж хэлсэн. Ломбардад зурагт тавьсан өдрөө тэндээс яваад драгон дээрээс фурган машинд суулгаж өгөөд явуулсан. Жагааг гэрт зурагт авчрахад гэрт хэн ч байгаагүй эхнэр,******* нар нь том хүүгийн хашаанд хөдөөгөөс хадам ээж нь нүүж ирж байгаа гээд гэрийн буйр янзлах гээд явчихсан байсан. Хөөрөг нь цагаан өнгийн дунд зэргийн дугуй улаан толгойтой хөөрөг байсан, зурагтын маркийг нь мэдэхгүй байна.******* Жагаа нартай ирснийх нь дараа хамт явж байхад тэр хоёр Хар хорин зах орсон тэгээд гарч ирэхдээ 20.000 төгрөгд зарлаа гэсэн юм ярьж байсан би хөөргийг хэнд хэдэн төгрөгөөр яаж зарсан талаар мэдэх зүйл байхгүй. Зурагтын хувьд дээр ярьсан Жагаа гэгчтэй хоёулаа явсан.******* байгаагүй.Би хулгайн зүйл гэдгийн мэдэхгүй. Хөөргийг нь би заралцаагүй, зурагтыг нь хамт барьцаанд тавиад өгөөч аймаг явах гэсэн юм гээд байхаар нь өөрийнхөө бичиг баримтаар ломбардад тавьж өгсөн. Уг ломбард нь Сонгинохайрхан дүүрэгт байсан юм. Би дараа нь нэг өдөр ломбард дээр очсон чинь тэр ломбард нь нүүчихсэн байна лээ. Одоо тэр газартаа байхгүй байна лээ. Хаана байгааг нь мэдэхгүй ээ...” гэх мэдүүлэг /ххийн 42-43/
11.Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 449 дугаартай “...хохирогч*******ын хулгайд алдсан гэх 32 инчийн телевизорын зах зээлийн үнэ ханш нь 350.000 төгрөг, тархи манан хөөрөг 5.200.000 төгрөг, мөнгөн бүс 800.000 төгрөгийн үнэтэй болохыг тус тус тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 66/,
12. Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 562 дугаартай “...хохирогч*******ын хулгайд алдсан гэх эслэг хавтан зах зээлийн үнэ ханш нь 30.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт/хх-ийн 70/, хавтаст хэрэгт 5-10 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэл шалгах хуудас, хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч нар гэмт хэргийг хамтран үйлдээгүй талаар мэдүүлж дүгнэлт гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг шүүгдэгч*******тай хамтран үйлдсэн талаар удаа дараа мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар шүүхээс шийдвэр гарсны дараа үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн тул шүүгдэгч*******ыг гэм буруугүй гэж үзэх, түүний үйлдлийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт аваагүй тул өмгөөлөгчийн гаргасан гэм буруугүй гэх дүгнэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Иймд Шүүхээс шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 16-аас 30-ны хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 3-3-23 тоотод оршин суух иргэн*******ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн бүс, Могул маркийн зурагт, тархи мана хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 6.380.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч*******, гэрч Б.Эрдэнэ-Очир, Э.Сувдмаа, Д.Бямбасүрэн, Д.Төмөрбаатар нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 449, 562 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ. Иймд шүүхээс шүүгдэгч *******,******* нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч *******,******* нарт тус бүр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...ийг цээрлүүлэх,...д оршино” гэснийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан хорих ялыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******,******* нар нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон гурав хоногийг эдлэх ялаас хасаж тооцож, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч *******,******* нарт урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. Шүүгдэгч *******,******* нар нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа ял шийтгэгдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******,******* нарыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч*******,******* нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан*******, ******* нарт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч*******, ******* нарын цагдан хоригдсон гурав хоногийг хорих ялын гурав хоногоор тооцож эдлэх ялаас тус тус хассугай.
5. Шүүгдэгч*******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч*******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тэдний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 07-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ