Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/236

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч:Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1- дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814002380179 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / Регистрийн дугаар: ******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дэлгэрэх захад байрлах *******ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах болох дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 365 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Урьд өмнө өгч байсан мэдүүлгүүд бүгд үнэн зөв. 2018 оны 04 .тээр сарын 22-ны өдөр би Дэлгэрэх зах дээр өдрийн 35.000 төгрөгөөр ажилд авч байгаа 7 хоногоор цалин 2 өгдөг гэж дуулдахаар нь Дэлгэрэх зах дээр баригдаж байгаа барилгын хариуцаж байгаа хүнтэй уулзах гээд орох гэтэл хаалгыг олж чадаагүй буцаад Дэлгэрэх захаас гараад явж байхад манай эхнэр над руу утсаар яриад мөнгө байвал хүүхдэд байрны шилтэй жижиг тараг аваад аваарай гэхээр нь би тараг авахаар болоод Дэлгэрэх зах руу буцаж орж захын урд хэсэгт байх цагаан идээний дэлгүүр онгорхой байхаар нь тараг авах гээд орсон чинь лангуун дээр нь хүн байгаагүй би тараг авъя гээд дуудсан хариу өгөхгүй байхаар нь би буцаад дэлгүүрээс гарч яваад хойшоо алхаад төв зам дээрээс такси бариад тойргийн хажуу талын цагаан идээний захаас тараг аваад гэр лүүгээ явсан. Би тухайн цагаан идээний дэлгүүр ямар нэгэн эд зүйлс болон мөнгө төгрөг хулгайлсан зүйл байхгүй. Би тухайн цагаан идээний дэлгүүрээс тараг авах гэж орох үед дэлгүүрт хүн байгаагүй би дэлгүүрийн арын өрөөнд хүн байгаа байх гарч ирэхгүй байна гэж бодсон. Би энэ хэргийн үйлдээгүй хүлээн зөвшөөрөхгүй үнэн зөвийг олж өгнө үү гэж хүсэж байна мөн нэр төрөө сэргээх хүсэлтэй байна. Би цагийг нь сайн мэдэхгүй багцаагаар 17 цаг өнгөрч байсан байх би яг цагийг нь санахгүй байна. Уг цагаан идээний дэлгүүр онгорхой байсан. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49/,

2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хэргийг хийгээгүй. Би дунд зах дээр явж байхад манай эхнэр варены шилтэй тараг аваад ир гэсэн тэгээд цагаан идээний дэлгүүрт ороод гарсан. Ороод гарсны төлөө гэмт хэрэгтэн болоод зогсож байна. Би тэр хэргийг үйлдээгүй гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Манай хажуугийн дэлгүүрийн нэр нь Таван эрдэнэ нэртэй цагаан идээний дэлгүүрийг гэдэг эмэгтэй дэлгүүрийг ажиллуулдаг. Дэлгүүрт ороод 5 орчим минут болсон байх. Хурдан дэлгүүрээс гарсан шиг санагдсан чинь бичлэг үзэж байхад удсан байна лээ. Нөхрийгөө хаанаас ирсэн талаар асуух шаардлагагүй. Бид 2 хамт байж байгаад би түрүүлээд дэлгүүр лүү орсон араас манай нөхөр орж ирсэн. Уг үйл явдал 5 минут орчим хугацаанд болж өнгөрсөн 2018 оны 04 сарын 21, 21- ний өдрийн орлого 1 өдөрт цагаан сараас хойш хаврын улиралд 100.000 төгрөгөөс 250000 төгрөгийн орлоготой. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 21-23/,

...Тухайн өдрийн 18 цагийн үед цагаан идээний дэлгүүрийн гадаа манай нөхөр үлдсэн би эгчийн цагаан идээний дэлгүүрт ороод юм ярьж байтал араас нөхөр орж ирээд 5-10 минут орчим болсон бөгөөд эгчийн дэлгүүрийн цонхоор харж байхад ямар нэгэн хүн манай дэлгүүрт орж харагдаагүй тэгтэл сүүлд нь хяналтын камер үзэж байтал нэг залуу буюу ******* гэх залуу манай дэлгүүрт ороод гарсан байсан нь хяналтын камерт бичигдсэн байсан. Тухайн үед дэлгүүрт хүн байгаагүй. манай дэлгүүр хаалга хаалттай байсан харин цоожгүй байсан. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/

4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... 2018 оны 04 сарын 22 ний өдөр 18 цаг өнгөрч байхад дэлгүүр дээрээ сууж байсан чинь манай таньдаг хүн согтуу ирээд архины мөнгө нэхээд байхаар нь зугтаад хажуу дэлгүүрт орсон байсан. Манай нөхөр согтуу хүмүүсийг явуулчхаад миний араас хажуугийн дэлгүүрт орж ирэхдээ дэлгүүрийнхээ хаалгыг цоожлоогүй орхиод ороод ирсэн. Би нөхрөөсөө зөрөөд гарсан. Лангуун доороос түрийвчтэй мөнгөө гаргаж аваад гэр лүгээ явсан гэртээ ирээд мөнгөө гаргатал түрийвч хоосон байхаар нь цагдаад хандсан. Миний түрийвчинд 365000 төгрөг бүхэл дэвсгэрт байсан. Би мөнгөн тэмдэгтийнхээ дугаарыг мэдэхгүй 20000,10000,5000 төгрөгийн дэвсгэртээр байсан, Гэр лүгээ явахдаа орлогоо эмхлүүлээд түрийвчиндээ хийсэн байсан юм. Надад нэмж ярих зүйл байхгүй..гэх 3 мэдүүлэг /хх-ийн 26-27/

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би 2018 оны 04 сарын 22 ний өдөр Дэлгэрэх захад байрлах өөрийн сүү цагаан идээний дэлгүүрт эхнэр Бадарчийн хамт байж байсан чинь , нар дэлгүүрийн гадаа согтуу ирээд бид нараас мөнгө нэхээд байхаар нь явуулах гээд дэлгүүрээс гарж ирсэн. Тэгээд , нарыг явуулаад манай эхнэр надаас түрүүлээд хажуугийн дэлгүүр лүү орсон би жаахан байж байгаад араас нь дэлгүүр лүү орсон. Тэгээд хажуугийн дэлгүүрийн цонхоор хана налж байгаад харахад манай дэлгүүр лүү хүн орж байгаа нь харагддаг юм тэгтэл хүн орж байгаа нь харагдаагүй. Дараа нь камер шүүж байхад байшингийн хана дагаж яваад манай дэлгүүрт орсон байна лээ. Намайг өөр дэлгүүр лүү орж байхыг тэр хар хувцастай эрэгтэй хүн миний урдаас алхаж яваад харсан, тэгээд хана дагаад алхаж яваад манай дэлгүүрт орсон байна лээ. Эхнэр бид 2 дэлгүүрээс гараад өөрийн дэлгүүр луүгээ орж ирээд лангууны араас цүнхээ аваад явсан. Гэртээ очсон хойноо мөнгө байхгүй байгаа талаар мэдсэн. Манай хажуугийн дэлгүүр Таван эрдэнэ нэртэй дэлгүүр. Эзнийг нь гэдэг. Дэлгүүрээ 5 минут орчим хугацаанд эзэнгүй орхисон. эгчийн хүүхэд нь надаас мөнгө нэхээд байсан 2 залуугийн нэг нь болох гэдэг юм. эгч хүүхдээ согтуу ирээд мөнгө нэхэх байх гээд дэлгүүрээ цоожлоод нуугдчихдаг юм. Хүүхдийг чинь аргалаад явуулчихлаа гэж хэлэх гэж хажуугийн дэлгүүрт орсон. Миний хэлсэн ярьсан зүйлгэх мэдүүлэг. /ххийн 28-29/,

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би энэ залууг зүсээр нь танина нэрийг нь мэдэхгүй. 2 жилийн өмнө байх Соната 2 маркийн машинаар таксинд явдаг байсан. Одоо ямар машинтай байгааг нь мэдэхгүй байна. Энэ залуу 2018 оны 04 сарын 22 ний орой би машин руугаа орох гээд байж байхад дэлгүүрийн хажууд талд буланд зогсож байсан. / тэр өдөр энэ залууг зогсож байхыг нь би харсан./ Зогсож байсан хэсэг нь камерт харагдахгүй байна лээ. гэх мэдүүлэг. / хх-ийн 30-31 /,

...Миний зогсож байсан дэлгүүрийн хажууд дахиад 1 сендвич дэлгүүр батэрний хажуугийн буланд зогсож байсан хэр удсан талаар санахгүй байна. Намайг дэлгүүрт ачаа буулгах гээд урд машинаа хөдлөхийг хүлээгээд байж байхдаа нэг харахад л зогсож байгаа харагдсан. Бадарчийн дэлгүүрт орсон эсэх талаар хараагүй. Дараа нь харин камер дээрээс миний хажуугаар гараад явсаар байгаад бараг хашааны хаалган дээр ирэх алдаад огцом эргээд хана дагах маягтай алхаад дэлгүүрт орж харагдсан. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн зөв. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

7. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн орой 18 цагийн үед манай хажуу талын цагаан идээний дэлгүүрийн Бадарч манай цагаан идээний дэлгүүрт орж ирээд надтай уулзаад байж байсан Бадарчийн нөхөр нь болох орж ирээд надтай юм ярьсан бөгөөд цагаан идээний дэлгүүрээ онгорхой орхисон цонхоор хүн дэлгүүр лүү хүн орчих байх гээд хараад зогсож байгаад манай дэлгүүрт Бадарч, нар нь 10 минут орчим болоод гарсан би хаах цаг болсон учир цагаан идээний дэлгүүрээ хаагаад явсан. Тэгтэл маргааш өглөө буюу 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө цагаан идээний дэлгүүрээ онгойлгосон чинь хажуугийн цагаан идээний Бадарчийн дэлгүүрийн тухайн өдрийн орлого болох 365.000 төгрөг түрийвч дотроос алга болсон байна гэж надад хэлэхээр нь би мэдсэн юм. Тухайн үед 18 цагийн үед Бадарч орж ирээд 2-3 минутын дараа нөхөр болох нь орж ирсэн. Манай цагаан идээний дэлгүүрт Бадарч, нар ойролцоогоор 10 минут орчим болсон.Манай хажуу талын Бадарч нь надад 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө түрийвч доторх мөнгө алдчихлаа гэж надад хэлсэн. Надад Бадарч өөрөө хэлсэн юм. Тухайн өдөр манай цагаан идээний дэлгүүрт 200.000-300 000 төгрөгийн орлого орсон байх гэж бодож байна харин би 4 Бадарчийн цагаан идээний дэлгүүрт хэдэн төгрөгийн орлого орсон эсэх талаар мэдэхгүй байна ойролцоол орох байх гэж бодож байна. Би яагаад ийм үйлдэл хийснээ мэдэхгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 34- 35/,

8. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: оны 04 дүгээр сарын 22-ний өдөр ганцаараа Есөн-эрдэнэ зах орж билльярд тоглож байгаад орой 18-19 цагийн орчим дунд зах дээр барилгын ажилд ажилчин авч байна гэхээр нь очиж уулзах гээд барилгын хаалгыг нь олж орж чадаагүй юм.Буцаж явахдаа элгэн тараг авах гээд дэлгүүрт орсон. Дэлгүүрт хүн байхгүй байхаар нь дэлгүүрээс гараад “Уран-хайрхан” барны урдуур гараад зам дагаж алхаад гэртээ ирсэн. ...Миний орсон дэлгүүрийн нэрийг мэдэхгүй, дунд захын том хаалгаар орхажуу талд нь хашааныхаа баруун талд байрлалтай зүүн тийш харсан хаалгатай байшин байсан. ...Дэлгүүр ороод “хүн байна уу” гэхэд хүн дуугараагүй тэгээд дэлгүүрээс гараад явсан...Би дэлгүүрээс ямар нэгэн эд зүйл аваагүй гарч явсан. ...Би дэлгүүрт ороод гарахад 1 минут хүрээгүй байх гэж бодож байна гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /,

9. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...******* нь манай төрсөн дүү *******гийн төрсөн хүү байгаа******* нь ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Баянхонгор аймагт оршин суудаг эрхэлсэн тодорхой ажилгүй хувиараа наймаа хийж амьдардаг юм. ******* нь төлөв даруу зантай хүнтэй зөв боловсон харьцаатай хүний үгэнд оромтгой гэр бүлдээ халамж сайтай сайхан сэтгэлтэй архи дарс уугаад байдаггүй төлөв түвшин зантай төрөл садан гэр бүлдээ нэр хүнд сайтай хүүхэд байгаа юм. /хх-ийн 39-40/

9. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дэлгэрэх зах руу тараг аваад ир гээд явуулсан тэгтэл уг хэрэгт холбогдсон байна уг цагаан идээний захаас мөнгө төгрөг хулгайлсан зүйл байхгүй. Манай нөхөр ******* нь 1990 оны 10 дугаар сарын 29-өдөр Баянхонгор аймаг Баянхонгор суманд төрсөн эхээсээ 5 уулаа айлын том доороо 4 эмэгтэй дүүтэй бүрэн бус дунд боловсролтой, ямар нэгэн мэргэжилгүй, одоогоор хувиараа Баруун бүс худалдааны төв бараа зарж наймаа хийдэг юм одоо 2 хүүхэдтэй том хүү 13 настай 9 дүгээр ангид суралдаг бага нь охин 4 настай цэцэрлэгт явдаг юм. ******* нь төлөв даруу зантай ажилсаг цэвэрч нямбай гэр бүлээ авч явах гэж хувиараа машин барьж таксинд явдаг гэр бүлдээ халамж сайтай хүнтэй зөв боловсон харьцаатай гэр орны ажилдаа сайн хүний сайн хань байгаа юм. Манай нөхөр ******* нь архи уухгүй тамхи татдаг ямар нэгэн илүү дутуу зан болон гаж буруу зуршил байхгүй хүн байгаа юм. гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/ болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хх-ийн 52 урьд ял шийтгэгдсэн тухай хуудас хх-ийн 50-51, хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан хэргийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг нь гэм буруу эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр шаттай явагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Дэлгэрэх” зах дээр үйл ажиллагаа явуулах Бадарчийн эзэмшлийн цагаан идээний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдож хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж яллагдагчаар татан шалгахад хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна.

Хохирогч “тухайн өдөр 5 дэлгүүр хаах цаг болж байсан. Бүхэл мөнгөө түрийвчиндээ хийгээд 1000 төгрөгөөс доош төгрөгийг хайрцагт хийсэн байсан. Хажуу талд үйл ажиллагаа явуулдаг хүний хүүхэд нь ирээд мөнгө нэхэхээр нь тэр хүмүүсийг явуулчхаад хажуу талын дэлгүүр рүү орсон. Дэлгүүр рүүгээ хүн орчих байх гээд хараад байсан. Харж байх явцад хүн орж байх нь харагдаагүй боловч камерын бичлэг дээрээс хүн орсон нь харагдсан. Мөнгөө алга болсныг мэдээд цагдаад хандсан. Цагдаа камерын бичлэгийг үзэх гэсэн боловч үзэж чадаагүй. Маргааш нь камерын бичлэгийг үзсэн. ******* гэдэг хүнийг танихгүй. Өмнө нь манай дэлгүүрт орж ирээд юм авахгүй, юмны үнэ асуучхаад гараад явдаг залуу мөн байна” гэж мэдүүлдэг. Цаг хугацааны хувьд хохирогч, гэрч нарын мэдүүлгээр богино хугацаанд гэмт хэрэг үйлдэгдсэн.

Гэрч “ камерын бичлэг дээр байгаа , хоёрыг явуулчхаад хажуу талын ын дэлгүүр рүү ороход надтай зөрж байсан хар хувцастай залуу мөн байна” гэж мэдүүлдэг. Эд мөрийн баримт шинжлэн судлахад дэлгүүрийн үүдэн байсан хүмүүс явсны дараа ******* дэлгүүр рүү орж байгаа нь харагдаж байна. Шүүгдэгч дэлгүүрээс өнгөрөөд хаалга руу явж байснаа буцаад дэлгүүр рүү орсон. Энэ байдлаа шүүгдэгч “эхнэр тараг аваад ир гэж гар утсаар ярьсан. Гэнэт тараг авах гэж байгаагаа санаад дэлгүүр рүү орсон гэж тайлбарлаж байна. Шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргээ нотлох үүрэг байхгүй.

Гэрч Батбаяр “ ******* буланд зогсоод байсан. Хэдий хугацаанд орсныг мэдэхгүй байна. Сүүлд камерын бичлэгээс харахад дэлгүүр рүү орсон байна” гэж мэдүүлсэн. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн. Дэлгүүр дотроо жижигхэн зайтай байгаа. Эдгээр нотлох баримтуудаас харахад шүүгдэгч нь дэлгүүр дотор орсон. Тухайн орсон цаг хугацаанд хохирогчийн эд зүйл алдагдсан. Шүүгдэгчийг бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэж шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах агуулах байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан байна гэж үзэж гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах агуулах байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан байна гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. , Батбаяр гэдэг гэрчүүдээс мэдүүлэг авахаас өмнө энэ камерын бичлэгийг үзүүлж сануулах байдлаар мэдүүлэг авсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн дэлгүүр рүү ороод гарсан үйлдэлд үзлэг харьцуулалт хийгээгүй. Сүүлд хүсэлт өгч байж дэлгүүрийн зургийг авхуулсан. Эд мөрийн баримт шинжлэн судлахад шүүгдэгч 2 минут 24 секундэд ороод 2 минут 46 секундэд гарч ирсэн. Дэлгүүр рүү ороод гарахад 22 секунд болсон. Камерын бичлэгийн цагаар 18 цаг 47 минутад тухайн дэлгүүрийн үүдэнд хүмүүс байж байгаад 18 цаг 50 минутад явсан. Үүний дараа шүүгдэгч дэлгүүр рүү ороод гар гарч ирсэн нь харагдаж байна. Тухайн өдөр хэдэн төгрөгийн орлого дэлгүүрт орсон гэдэг нь нотлогддоггүй. Тухайн өдөр дэлгүүр хэдэн хүн орж гарсан гэдгийг тогтоогоогүй. Хохирогч түрийвчнээсээ мөнгө алдсан юм бол хохирогчийн түрийвчинд үзлэг хийгээгүй. Шүүгдэгчийн дэлгүүр рүү орсон бичлэгийг үндэслэж шүүгдэгчийг буруутгаж байгаа нь хууль зүйн 6 үндэслэлгүй байна. Эргэлзээтэй нөхцөл байдал байна гэж үзэж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Шүүгдэгч ******* нь нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дэлгэрэх захад байрлах *******ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах болох дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 365 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч *******г уг гэмт хэрэг үйлдсэн үйл баримтад холбогдолгүй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр иргэн *******ийн дэлгүүрт тараг авах зорилгоор орсон бөгөөд уг дэлгүүрт ороод 26 секунд болоод дэлгүүрээс гарсан нь хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгээр нотлогдож байна. Хохирогч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт түрийвчнээс мөнгөө алдсан талаар бичгээр гомдол гаргаж мөн өдөр гомдлыг 11 цаг 30 минутад хүлээн авч *******аас гэрчээр мэдүүлэг авчээ. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 7, 23.3 дугаар зүйлийн 3.7, 3.8, 3.10 дугаар зүйлүүдэд заасан “үзлэгийн үед ...хураан авах ажиллагааг даруй хийх, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж бэхжүүлэх,...хураан авах, хэргийн газарт байгаа..эд зүйлээс дээж авах, хэргийн газар түүний дотор байгаа зүйлийн байр байдлыг бэхжүүлэхийн тулд дуу-дүрсний бичлэг хийх” зэрэг ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар “хойшлуулшгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулах ажиллагаа” хийгээгүйгээс уг гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотолж чадаагүй байна гэж шүүх үзлээ.

Тухайлбал хяналтын камерт үзлэгийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр хийсэн байх бөгөөд уг камерт гэмт хэрэг гарсан гэх дэлгүүрийн орчимд бичигдсэн хүмүүсийг хэн болохыг нэг бүрчлэн тогтоож шалгах ажиллагаа хийгээгүй, хэргийн газрын үзлэгийг 2018 оны 08 дугаар сарын 18-ний өдөр хийсэн нь уг хэргийг илрүүлэхэд ямар нэг байдлаар ач холбогдлоо алдсаны дараа хийсэн байна гэж үзэхээр байна. Мөн хэргийн газрын үзлэг хийх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 1-д зааснаар дэлгүүрт ороод түрийвчнээс мөнгө авахад ямар хугацаа орохыг тогтоох зорилгоор мөрдөн шалгах туршилт хийгээгүй зэрэг ажиллагааг хийгээгээс уг гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотолж чадаагүй байна гэж үзлээ. Хяналтын камерын бичлэгт яллагдагч ******* нь дэлгүүрт орсон нь бичигдсэн боловч энэ нь түрийвчнээс мөнгө авсныг нотлох баримт гэж үзэхээргүй байна. Мөн яллагдагчийн хувийн байдал урьд нь шийтгүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч энэ нь яллагдагчийг яллах үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг нь яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэнийг шууд зааж нотлоогүй байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүний гэрч гэнэ” заасан бөгөөд гэрчүүд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдүүлээгүй байна гэж үзлээ. Уг эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгт дэлгүүрийн орчимд тодорхой тооны хүмүүс явж байгаа бичигдсэн бөгөөд нэг тэдгээрийг нэг бүрчлэн шалгалгүй 7 дан ганц *******г дэлгүүрт орсон, гарсан, болон урьд нь хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж байсан гэх үндэслэлээр яллах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотлоогүй байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч *******г уг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “ эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн түүнд холбогдуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон, түүний хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгчийг цагаатгах хүсэлтийг хүлээн авахаар шийдвэрлэв.

Харин уг хэрэгт СД-ийг эд мөрийн баримтаар хураасан тогтоолыг хэвээр үлдээж СД-ийг шүүхийн шийдвэрийг давж заалдах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас эд хөрөнгөнд учирсан хохирол, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах эрхээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дөчин тавдугаар бүлэгт заасны дагуу нөхөн сэргээлгэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр 1.1, 36.2, 36.3, 36.6, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан түүний хувьд ноогдох эд хөрөнгө битүүмжилсэн болон таслан сэргийлэх арга хэмжээ авсан прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож эрүүгийн 1814002380179 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн S-5 маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг цагаатгах 8 тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.9 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар СД-ийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг шийдвэрийг давж заалдах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.6, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6, 38.2 дугаар зүйлийн 1, 36.9 дүгээр зүйлийн 5-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах болон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах, прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ