| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 188/2019/0224/Э |
| Дугаар | 352 |
| Огноо | 2019-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 352
Б.Мад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Мөнхтулга,
шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ц.Амар,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Мад холбогдох .................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Их тугт овгийн Б.М, 1989 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................... тоотод оршин суух,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 17-ны 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 5 сарыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 12 хоногийн хорих ялыг 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэлтрүүлсэн,
Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 5 сар 13 хоногийн хорих ялыг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн, /РД:....................../;
Б.М нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны шөнө 01-02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний” дэлгүүрийн баруун талд иргэн У.Нямлхагвын нүүрэн тус газар 2 удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 177,200 төгрөгийг нэг сарын дотор гаргуулан хохирогч У.Нямлхагвад олгож, хохирогч У.Нямлхагва нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч У.Нямлхагва нь анх өргөдөл гаргахдаа үл таних хүнд зодуулсан гэж, гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөн адил үл таних хүнд зодуулсан, намайг зодуулж байгааг өөр хүн хараагүй гэж, хохирогчоор мэдүүлэг өгөхдөө би Б.М гэж хүнд зодуулсан, тухайн хүнийг хараад таньсан, “Вест” баарны эзэн надад тухайн хүнийг хар Мөөгий гэж хэлсэн гэж, шүүх хуралдаанд намайг эхлээд цохиод, дахиад цохиход нь харахад хар Мөөгий байсан гэж удаа, дараа өөр өөрөөр тогтворгүй мэдүүлдэг.
Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мыг гэм буруутайд тооцохдоо дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт болох хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл, гэрчээр өгсөн мэдүүлэг, хохирогчоор өгсөн мэдүүлэг нь харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Эсрэгээрээ шүүгдэгч Б.М нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд хэргийн талаар тогтвортой мэдүүлдэг бөгөөд энэ нөхцөл байдал нь хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл, гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогддог.
Эдгээр эргэлзээ бүхий байдлыг нэг мөр эргэлзээгүйгээр тогтоохоор шүүгдэгч Б.Мтай тухайн үед хамт явсан Балжинням, “Вест” баарны эзэн гэх зэрэг хүнийг гэрчээр байцаах тухай хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар гаргасан боловч шүүх хүлээж аваагүй болно. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад шүүгдэгч Б.Мыг цагдан хоригдсон хоноггүй гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.М 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл шүүхээс цагдан хоригдсон байдаг. Үүнийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан болох нь илэрхий байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү...” гэв.
Прокурор С.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.Мын үйлдсэн хэрэг тогтоогдсон, шүүхээс оногдуулсан ял шийтгэл, гэм буруу нь тохирсон. Б.Мын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцоод, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй. Шийтгэх тогтоол үндэслэлтэй гэв ...”.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Б.М нь 2018 оны 8 дугаар сарын 3-ны шөнө 01-02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний” дэлгүүрийн баруун талд иргэн У.Нямлхагвын нүүрэн тус газар 2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч У.Нямлхагва /хх 4-8, 9-10/, гэрч Д.Алтантүлхүүр /хх 17-18/ нарын мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 9513 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 22-23/, болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирчээ.
Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ц.Амар нь “...хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй, ...шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ...Б.Мын цагдан хоригдсон хоногийг шүүхээс анхаарч үзээгүй.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх шаардлагатай хохирогч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, тэдэнд хууль сануулан авсан, хохирогч У.Нямлхагвын: “...гурван залуугийн нэг нь намайг шууд цохиж унагасан. Би хэсэг манараад босоод иртэл тэр хүн нь урьд зүс мэдэх буюу одоо шүүгдэгч болсон Б.М байсан бөгөөд тэрээр намайг өндийхөд дээрээс дахин цохьсон...” гэх,
гэрч Д.Алтантүлхүүрийн: “...Нямлхагва нөгөө хүмүүсийн араас очих гэтэл урдаас нь 3 залуу гарч ирээд нэг нь буюу одоо шүүгдэгчийн суудалд сууж буй Б.М гэгч энэ залуу түүнийг цохиж унагаасан, Б.М У.Нямлхагвыг нүүрэнд нь цохиод унагааж байсан ...” гэх мэдүүлгүүд болон “... У.Нямлхагвын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь хохирогч У.Нямлхагвыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж хэргийн үйл баримтыг тогтоогдсон нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Харин шүүгдэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон /хх 75-76/ байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Мыг “...цагдан хоригдсон хоноггүй...”-г дурдаж шийдвэрлэсэн нь буруу байх тул түүний цагдан хоригдсон 3 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт ялаас 24 цагийг хасаж, үлдэх 576 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр өөрчилж зөвтгөх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Б.М нь цагдан хоригдсон хоноггүй...” гэснийг “...3 хоног цагдан хоригдсон...” гэж өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Б.Мын цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүний эдлэх ялыг 576 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай”. гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ