Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0153/Э/ Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, шүүгч Т.Энхжаргал, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг Иргэдийн төлөөлөгч Н.Цэцэгнавч Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, Шүүгдэгч бөгөөд хохирогч М.Батболдын өмгөөлөгч Д.Оюунчимэг, Шүүгдэгч бөгөөд хохирогч А.Цэрэнпилийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, С.Сувдмаа, Шинжээч эмч Д.Туяа, С.Бүрэнжаргал, Гэрч Б.Эрдэнэбилэг, М.Билгүүнтамир, Д.Отгонтуул, Шүүгдэгч бөгөөд хохирогч А.Цэрэнпил, М.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт Халтар овогт Мягмарын Батболд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан хэрэгт Боржигин овогт Агваандугарын Цэрэнпилд холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000090 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Боржигин овогт Агваандугарын Цэрэнпил 1966 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын, 1 дүгээр баг Бараат гэдэг газар оршин суух хувиараа мал аж ахуй эрхэлж байгаа улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, НЮ66031218 регистрийн дугаартай, Монгол Улсын иргэн, Халтар овогт Мягмарын Батболд 1965 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дархан Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт Дархан сумын Өргөө баг “Ариг” ХХК-ийн хашаанд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх, ТЯ65093010 регистрийн дугаартай. Урьд: -2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. -2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2006 оны 02 дугаар сарын 14-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдаж байсан. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Батболд нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны орой Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Ариг” ХХК-ийн аж ахуйн байшинд оршин сууж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Цэрэнпилтэй үл ялих урианаас шалтгаалан маргалдан улмаар А.Цэрэнпилийн хэвлийн зүүн хэсэгт хутгаар хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан, Шүүгдэгч А.Цэрэнпил нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны орой Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Ариг” ХХК-ийн аж ахуйн байшинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэсэн үедээ М.Батболдтой маргалдан улмаар М.Батболдын бие мах бодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч бөгөөд хохирогч М.Батболдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 1984-1987 Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгт байрлах хуучнаар их бууны 120 дугаар ангид цэргийн алба хааж байсан юм аа. Тэр үед би цэргийн алба хааж байхдаа жагсаалын дарга албан тушаалтай, ахлах түрүүч цолтой цэргийн алба хааж байсан. Би Эрдэнэбилэг гэдэг хүнтэй нэг салаанд 3 жил цэргийн алба хааж байсан. Харин Цэрэнпилийн хувьд миний дараа орж ирсэн, 1985 оны байлдагч байсан. Ингээд би цэргийн алба хааснаас хойш одоог хүртэл нийт 30 жил болсон байна. Тэгээд би цэргийн албанаас халагдаснаас хойш надтай хамт цэргийн алба хааж байсан Эрдэнэбилэгтэй холбоогүй байж байгаад одооноос 2 сарын өмнө миний таньдаг Ариунболд гэж залуу надтай таараад - тантай хамт цэргийн алба хааж байсан Эрдэнэбилэг гэж залуу таныг таньдаг юм байна тэгээд би түүнд утсыг чинь асуугаад байхаар нь таны дугаарыг чинь өгчихлөө гэж байсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа Эрдэнэбилэг над руу утсаар залгаад би түүнтэй анх холбогдож байсан. Түүнээс хойш би Эрдэнбилэгтэй холбоогүй байж байгаад Эрдэнэбилэг саяхан над руу утсаар залгаад - энэ тэндхийн сонин сайхан ярьж байгаад Цэрэнпил Төв аймагт байдаг гэж хэлж байсан. Түүнээс хойш Цэрэнпил Эрдэнэбилгээс миний гар утасны дугаарыг аваад би түүнтэй холбогдсон. Тэгээд би түүнтэй энэ тэндхийн сонин ярьж байгаад би түүнд надад хэдэн зарах автомашин байгаа, чи хөдөө байгаа юм чинь хүн амьтанд хэлж байгаарай гэж байсан. Саяхнаас Эрдэнэбилэг над руу утсаар залгаад - аав маань хойно Сэлэнгэ аймгийн Шаамар суманд амьдарч байгаад нас барсан юм аа тэгээд би аавынхаа эд хогшлыг авах гэж Цэрэнпилийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум явах замдаа уулзаад явъя гэж байсан тэр үедээ би түүнд - тэгье тэгье гэж байсан. Ингээд 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн орчимд намайг гэртээ байж байгаад гар утсаа анзаараагүй байхад Эрдэнэбилэг миний гар утас руу 2-3 удаа запгасан байсан. Тэгээд би Эрдэнэбилгийг над руу залгасан байна гэж мэдээд түүн рүү тэр даруй залгахад Эрдэнэбилэг надад Цэрэнпил бид хоёр 22-ын товчоо өнгөрөөд явж байна гэж байсан. Тэгээд Эрдэнэбилэг, Цэрэнпил хоёр Дарханд ирэх гэж байгааг мэдээд мөн өдрийн 16 цагийн орчимд эхнэрийнхээ хамт авто вокзал дээр Эрдэнэбилэг, Цэрэнпил хоёрыг тосож авсан. Тэгээд бид нар манай гэрт очоод цэргийн алба хааснаас хойш 30-н жилийн дараа уулзлаа гээд баярлаж хөөрөөд манай гэрт хоол, цай идээд Эрдэнэбилэг, Цэрэнпил нарын хамт архи уусан. Тэр үед манай эхнэр Отгонтуул бид нартай хамт байж байгаад 19 цагийн орчимд нөгөө гэртээ харилаа гээд яваад өгсөн. Ингээд Эрдэнэбилэг, Цэрэнпип бид гурав манай гэрт үлдээд бид нар дахин архи уусан хэсэг байж байгаад Эрдэнэбилэг, Цэрэнпил нар хоорондоо архи уугаад согтсондоо маргалдаад Цэрэнпил Эрдэнэбилэгт хандаж - чи намайг Сэлэнгэ рүү миний машинтай намайг үнэгүй авч явж байна гэсэн утагтай юм яриад маргалдаад Цэрэнпил нь Эрдэнэбилэгт агсраад байсан мөн Цэрэнпил агсрахдаа манай гэрт байсан модон сандлыг над руу шидээд миний биед гэмтэл учруулсан. Тэгээд би уурлаад над руу юм шидлээ, айл хүндлэхгүй ширээн дээр байсан идээ шүүс асгаж цутгалаа манай гэрээс гар зайл гэж хөөсөн. Тэгсэн чинь Цэрэнпил надад хандаж чиний цэрэгт жагсаалын дарга байсан чинь хамаагүй шүү гэсэн утагтай юм яриад ширээн дээр байсан архи асгаад махан дээр байсан хутгыг аваад над руу дайрсан. Тэгээд Цэрэнпил над руу хутга бариад дайрахаар нь би хутганаас зайлаад түүнийг араас нь тэвэрч авсан чинь шалан дээр асгарсан цай, архи дээр халтирч унасан. Түүнээс хойш би юу болсон талаар санахгүй байна. Тэр үед би Цэрэнпилтэй хамт шалан дээр халтирч унахад толгойгоороо шал юм уу хана мөргөж унаад ухаан алдсан юм шиг байсан. Түүнээс хойш би юу болсон талаар санахгүй байна. Миний хувьд Цэрэнпилийг хутгалаагүй харин Цэрэнпил над руу хутга бариад дайрахаар нь би түүний араас тэвэрч аваад халтирч унахад тэрээр өөрийн барьж байсан хутга дээрээ унаад өөрийгөө хутгалсан гэж бодож байна. Надад үнэхээр найз нөхдийгөө хутгалъя гэсэн санаа бодол байгаагүй. Би тэр үед хөөрөөд нилээн архи уусан байсан болохоор өөрийн үйлдэл, ухааныг хянах чадвар муутай байсан нэг мэдсэн цагдаагийн алба хаагч нар манай гэрт ирсэн байсан ухаан орсон чинь өглөө Цагдаагийн газрын Саатуулах байранд сэрсэн. Би тэр үед Цэрэнпил, Эрдэнэбилэг хоёрыг манай гэрт маргалдаад байхаар нь гэр орон хүндэлсэнгүй яв зайл гэсэн чинь Цэрэнпил надад хандаж чиний жагсаалын дарга мөн түрүү оны цэрэг байсан чинь хамаагүй шүү гээд ширээн дээр махан дээр байсан хутгыг аваад шууд над руу дайрсан. Би Эрдэнэбилэгийг манай гэрийн унтлагын өрөөнд унтаж байсан гэж хэлэхэд нь итгэхгүй байгаа тэр үед Эрдэнэбилэг унтаагүй, бид нартай хамт байсан. Эрдэнэбилэг гэрч өөрийгөө энэ хэргээс зайлуулж байна. Би үүнээс болоод сэтгэл санааны дарамтад байна. Гурав дөрвүүлээ ирээд зардал нэхдэг. Би шаналаад сэтгэл санааны дарамтад байна. Улаан цайм хийсэн бол хэргээ хүлээнэ. Ийм асуудал болсон. Цэрэнпилийг би эмнэлгийн хагалгаанд орсны дараагаар Дархан-Уул амгийн Нэгдсэн эмнэлэгт Цэрэнпилийн эмчилгээний зардал гэж 1.070.000 төгрөг төлсөн байгаа. Сая нэмж 3.700.000 төгрөг өгсөн. Надад сонсгож байгаа ялын зүйл ангийг өөрчилж өгөхийг хүсэж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/ Шүүгдэгч бөгөөд хохирогч А.Цэрэнпилийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 120-р ангид 1985-1988 оны хооронд цэргийн алба хааж халагдаж байсан. Батболд, Эрдэнэбилэг гэж хүмүүс миний дээд оны цэргүүд байдаг байсан. Тэгээд би түүнээс хойш анх Батболд, Эрдэнэбилэг нарыг таньдаг болсон. Тэгээд би цэргээс халагдсанаас хойш Батболд, Эрдэнэбилэг нартай огт холбоогүй байж байгаад 2015 оны 12 дугаар сард байсан санагдаж байна Эрдэнэбилэг миний гар утасны дугаар олоод би түүнээс хойш Эрдэнэбилэгтэй холбоотой байдаг болсон. Тэгээд би Эрдэнэбилэгтэй холбоотой байдаг болсноос хойш цагаан сарын өмнө Эрдэнэбилэг надад манай ээж, аав Сэлэнгэ аймгийн Шаамар суманд амьдарч байгаад аав маань нас бараад ээж минь Улаанбаатар хотод орж ирээд суурьшсан. Тэгээд аав, ээжийнхээ гэрийн эд хогшлыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас авчрах гэсэн юм гэж ярьж байсан. Тэгээд Эрдэнэбилэг намайг машинтайгаа хамт Сэлэнгэ аймаг руу яваад өгөөч гэж хэлж байсан. Тэр үедээ би Эрдэнэбилэгт хоёулаа тэгвэл цагаан сарын дараагаар Сэлэнгэ аймаг яваад ирье гэж байсан. Ингээд би цагаан сар өнгөрөөгөөд 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр миний портер машинтай Эрдэнэбилэгийн хамт Сэлэнгэ аймаг руу явсан. Сэлэнгэ аймаг руу явахаас өмнө нь Эрдэнэбилэг надад хамт цэргийн алба хааж байсан Батболд Дархан хотод амьдарч байгаа гэсэн. Тэгээд Эрдэнэбилэг надад Батболдын гар утасны дугаарыг нь өгөхөөр нь би Батболдтой 1 удаа ярьж байсан. Тэгээд би Эрдэнэбилэгийн хамт Улаанбаатар хотоос гараад Сэлэнгэ аймаг руу явж байхдаа Эрдэнэбилэг Батболдын гар утас руу залгасан чинь Батболдыг утсаа авахгүй байна гэж байсан. Тэгээд Эрдэнэбилэг бид хоёр 22-ын товчоо өнгөрөөд явж байхад Батболд Эрдэнэбилэг рүү залгасан байна гээд эргүүлээд залгасан. Тэгээд Эрдэнэбилэг Батболдод надтай хамт Сэлэнгэ аймаг руу явж байгаа талаараа хэлэхэд Батболд би Дарханд байна манай гэрээр ороод гараараа гэж хэлж байсан. Тэгээд би Эрдэнэбилэгийн хамт 16 цагийн орчимд Дархан хотод орж ирээд Батболд Дарханы авто вокзал гэх газраас Эрдэнэбилэг бид хоёрыг тосож аваад гэртээ аваачсан. Ингээд Батболд гэртээ Эрдэнэбилэг бид хоёрыг оруулаад гэртээ бууз жигнэж өгөөд мөн хоол, цай хийж өгөөд бид нар хоорондоо 30-н жилийн дараа уулзацгаалаа гээд хөөрөөд архи уусан. Тэр үед Батболдын гэрт түүний эхнэр, эхнэрийнх нь найз гэх эмэгтэй хэсэг байж байгаад гаднаас Батболдын эхнэрийн найз эмэгтэйн нөхөр нь гэх залуу ирээд Батболдын эхнэр, түүний найз эмэгтэй болон нөхөр нар нь хамт гурвуулаа харилаа гээд 19 цагийн орчимд гараад явцгаасан. Тэгээд Батболдын гэрт Батболд, би, Эрдэнэбилэг бид гурав үлдээд архи ууж байхдаа цэрэгт байсан үеийн зүйлийг хоорондоо ярьцгаасан. Ингээд хэсэг хугацааны дараа Эрдэнэбилэг унтаж амарлаа гээд Батболдын гэрийн жижиг өрөө рүү ороод орон дээр нь хэвтэж байсан. Түүний дараа би Батболдтой хамт юм яриад сууж байхдаа урьд өмнө чи, би цэрэгт ийм, тийм байсан гэж гэж ярьцгааж байгаад хоорондоо маргалдаад би Батболдтой нэг нэгнээ заамдаж аваад хоорондоо ноцолдоод бид хоёр хамт газар унасан тэгээд би босоод ирсэн чинь миний зүүн хэвлий хэсгээс цус гойжож байсан тэгсэн чинь Батболдын гарт хүрэн бор өнгийн иштэй том хутга гарт нь харагдсан. Тэгээд би Батболдыг намайг хутгалчихлаа гэж бодоод би Батболдод чи намайг хутгалчиж байгаа юм уу гэж дайрахад Батболд надад -би чамайг хутгалаагүй гэж байсан. Тэгэхээр нь би түүнд -чамаас өөр намайг хэн хутгалдаг юм гээд Эрдэнэбилэгийг унтаж байхад нь дуудаад -Батболд намайг хутгалчихлаа гэж Эрдэнэбилэгт хэлээд Эрдэнэбилэгийн хамт эмнэлэг явсан. Тэгээд би даруйдаа эмнэлэгт очоод яаралтай хагалгаанд орсон. Батболд намайг хутгаар хутгалсны дараагаар би Батболдод хандаж –чи намайг хутгалчиж байгаа юм уу гээд би Батболдыг цохисон асуудал байгаа. Гэхдээ би Батболдыг яаж хаана нь цохисон талаараа сайн санахгүй байна. Би Эрдэнэбилэгтэй маргалдаж, зодолдсон асуудал бол байхгүй. Эрдэнэбилэг бид гурав хэсэг юм ярьж сууж байгаад Эрдэнэбилэг унтлаа гээд Батболдын жижиг өрөө рүү ороод унтаад өгсөн. Би урьд өмнө Батболдтой өр авлага, өс хонзонгийн асуудалтай бол байгаагүй Миний зүгээс одоо бол ямар нэгэн гомдол санал байхгүй. Холбогдогч талаас миний эмчилгээний зардалд бүгдийг төлсөн учир одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64, 66 дугаар хуудас/ Гэрч Б.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Батболдынд хоол цай идэж уугаад бас ямар архи байсныг одоо санахгүй байна ямарч байсан 1 шил архи гаргаад түүнээс нь Батболд, Цэрэнпил нар мөн Батболдын эхнэр нь, эхнэрийнх нь хуурай дүү нь гээд эмэгтэйгийн хамт ууцгаасан. Би бие муутай архи уудаггүй болхоор тэд нар надад пиво авч өгснийг нь би уугаад сууж байсан. Тэгээд бид юм яриад архи, дарс ууж хоол идэж сууж байгаад орой цаг хэд болж байсныг санахгүй байна. Ямар ч байсан харанхуй болсон байхад Батболдын эхнэр нь найз эмэгтэйгийнхээ хамт өөр гэрт очиж хононо, бидний байсан байр зай багатай байсан болохоор Батболд, Цэрэнпил бид нарыг тэндээ унтаж амар гээд үлдээгээд явсан. Батболдын эхнэрийг явсны дараа Батболд, Цэрэнпил бид гурав хамт гадагшаа гараад дэлгүүрээс 1 шил архи, 2 ширхэг пиво аваад буцаж очоод Батболд, Цэрэнпил нар архиа уугаад харин би пивоо уугаад юм яриад сууцгаасан. Тэгэхэд би ядрахаараа юм ярьж чадахгүй болчихдог учир нөгөө хоёрт би амарлаа гэж хэлээд хажуугийнх нь өрөөнд ороод унтаж амрахаар хэвтсэн. Тэгэхэд Батболд, Цэрэнпил нар хоёул юм яриад инээлдээд суугаад үлдсэн. Тэр үед Батболд нилээд халсан харин Цэрэнпил арай бага согтолттой юм шиг байсан. Намайг нөгөө өрөөнд хэвтэж зүүрмэглээд байж байхад гэнэт Цэрэнпилийн гэдэс хэвлий орчимд нил цус болчихсон түүнийгээ гараараа дарж орж ирээд намайг дуудан эмнэлэг яаралтай явъя. Батболд миний энд хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд нь би босоод гутлаа өмсөөд нөгөө өрөөрүү ороход Батболд агсраад “Алаад өгнө, хядаад өгнө” гээд л бархираад байсан. Тэгэхэд нь би Батболдыг чи найзыгаа хутгалчихсан байна ш дээ гэхэд Батболд тоохгүй хашгичаад байхаар нь цагдаа дуудлаа гэхэд “Цагдаа яадаг юм” гээд бархираад хашгичаад Цэрэнпил бид хоёрыг хөөгөөд байхаар нь Цэрэнпилийг дагуулан гараад урд замаас такси барьж эмнэлэгт очсон. Тэгээд Цэрэнпилийг эмнэлэг дээр байхад Батболдын гэрт цагдаа нартай хамт очиход Батболд согтуу унтаж байгаад сэрээд архи нь гараагүй бас агсраад л байсан. Тэгээд цагдаа нар эрүүлжүүлэх рүү авч явсан. Цэрэнпил хэлэхдээ л Батболд намайг хутгалчихлаа эмнэлэг явъя гээд ирсэн. Би унтах гээд зүүрмэглэж байсан болохоор яг юу болсныг нь мэдээгүй. Батболд тухайн үед согтчихсон алаад өгнөө гээд л цамнаад агсраад байсан. Яг хутгалж байхыг нь би хараагүй. Сүүлд цагдаатай хамт буцаж очоод харж байхад Батболд, Цэрэнпил нарын байсан өрөөний ширээн доороос хүрэндүү бариултай, цагаан сар баяраар айл ууцан дээрээ тавьдаг шиг том хутга гаргаж хураан авч байх шиг байсан. Намайг харж байхад Цэрэнпил, Батболдын өмнөөс хэрүүл маргаан хийж, зодож цохилцсон зүйл болоогүй. Цэрэнпил, Батболд бид нар 30 гаруй жилийн өмнө хамт цэргийн алба хааж байсан. Цэрэнпил 1985 онд, Батболд 1984 онд цэргийн албанд татагдан Ардын армийн 120 дугаар ангид цэргийн алба хааж байсан юм. Миний мэдэхийн тэдний дунд өс хонзон, маргаан гэхээр зүйл байгаагүй. Цэргийн албанд байснаас хойш уулзалдаагүй. Сар гаруйн өмнөөсл бид бие биеийнхээ утсыг мэдэлцэж, хааяа нэг утсаар ярьдаг байж байгаад уулзаж байгаа нь л тэр байсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/ Гэрч Д. Отгонтуулын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай нөхөр надад ярихдаа хамт цэргийн алба хааж байсан Эрдэнэбилэг гэж хүнтэй холбогддог болсон. 2016 оны 02-р сарын 16-ны өдрийн өглөөний 07 цаг өнгрөөгөөд миний гар утас руу Эрдэнэбилэг залгасан байсан. Тэр үед би Эрдэнэбилэгийг миний утас руу залгасан байсаныг нь би мэдээгүй тэгээд би мөн өдрийн өглөөний 10 цагийн орчимд гар утасаа анзаарч харсан чинь Эрдэнэбилэг миний гар утас руу залгасан байна гэхэд Батболд Эрдэнэбилэгрүү тэр даруй залгасан тэгсэн чинь Эрдэнэбилэг Батболдод – Улаанбаатар хотоос гараад 22-ын товчоо өнгөрөөд явж байна гэж хэлсэн. Тэгээд би Батболдын хамт Эрдэнэбилэгийг манай гэрт ирэх гэж байгааг мэдсэн. Тэгээд би Батболдын хамт Эрдэнэбилэг, Цэрэнпил гэж хүмүүсийг авто вокзал дээр тосож авсан. Тэгээд бид нар манай гэрт ирээд би тухайн хүмүүст хоол, цай хийж өгөөд 1 шил архи гаргаж өгсөн тэгээд би гэртээ Эрдэнэбилэг, Батболд, Цэрэнпил нартай хэсэг байж байгаад 19 цагийн орчимд охинийхоо гэрт очих гээд яваад өгсөн тэр үед Эрдэнэбилэг, Батболд, Цэрэнпил нар манай гэрийн гал тогоонд архи уугаад үлдсэн. Миний хувьд Эрдэнэбилэг, Цэрэнпил гэх хүмүүсийг огт танихгүй 2016 оны 02 сарын 16-ны өдөр Дарханд ирэх үед нь л тухайн хүмүүсийг харсан. Эрдэнэбилэг, Цэрэнпил нар манай гэрт ирээд Батболдтой намайг гэртээ байх үе хүртэл маргаж муудсан асуудал бол байхгүй тэр үед Цэрэнпил манай гэрт орж ирээд би Эрдэнэбилэгийн төлөө Төв аймгаас Улаанбаатар хот очоод Улаанбаатар хотоосоо Сэлэнгэ хүртэл үнэгүй энэ нөхрийн төлөө явж байна гээд Эрдэнэбилэгт үг хаяаад байсан. Түүнээс манай нөхөртэй маргаж муудсан асуудлыг би лав мэдэхгүй. Би Батболд гэж хүнтэй анх 1984 онд гэр бүл болж байсан юм түүнээс хойш бид 2 өөрийн төрсөн 2 хүүхэдтэй болсон хүүхдүүд маань том болж нас биед гүйцсэн хүмүүс байдаг гэхдээ хүүхдүүд маань бид 2 той хамт амьдардаг. Миний нөхөр 1982-1994 он хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын уурхайд хүнд машин механизмын жолооч хийж байсан түүнээс хойш дандаа хувиараа ажил хийж амьдрах болсон. Миний нөхөр өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Манай гэр бүлийг миний нөхөр л авч явдаг манай гэр бүлийн дундаж түвшний амьдралтай айл байдаг. Нөхөрийн минь зан байдлын хувьд гэвэл төлөв даруу зантай, баяр ёслолын үеэр хааяаал нэг архи ууна харин тамхи татдаггүй. Миний нөхрийн өөрийн эзэмшилд нь цагаан өнгийн Хонда маркийн 76-03 ДАР улсын дугаартай суудалын автомашин байдаг өөр түүнд ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. Мөн манай хашаан дотор эвдэрхий Хюьндай аксент маркийн суудлын авто машин байдаг. Дээрхи авто машинууд бүгд банкны барьцаанд байдаг автомашинууд байгаа. Миний хувьд би нөхрийгөө хүн хутгалсан гэх үйлдэлд итгэхгүй байгаа яагаад гэвэл би түүнийг хүн хутгалах зориг зүрхтэй хүн гэж бодохгүй байна. Мөн Цэрэнпилийг хутгалсан гэх хутгаар Батболд яагаад ч хүн хутгалахгүй яагаад гэвэл тухайн хутга Батболдын аав Мягмар гэж хүнээс хүүдээ өвлүүлж үлдээсэн хутга байдаг юм аа. Батболд тухайн хутгандаа маш их хайртай манайх ганцхан тухайн хутгыг цагаан сараар л гаргаж тавьдаг бусад үед манай тухайн хутгыг далд хийдэг гэх мэдүүлэг /ХХ-н 26 дахь тал/ Цэрэнпил, Эрдэнэбилэг 2016 оны 02-р сарын 16-ны өдөр манай гэрт ирэхэд манай нөхрийн биед дээрхи гэмтлүүд бол байгаагүй маргааш өдөр нь 2016 оны 02-р сарын 17-ны өдөр би нөхрийнгөө Цагдаагийн газрын саатуулах байрнаас гаргаж авахад нүд нь хөхрөөд, хүзүү ам нь илт зулгарсан байдалтай байсан гэх мэдүүлэг нь /хэргийн 27 дугаар хуудас/ Гэрч М. Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд байсан санагдаж байна. Намайг Улаанбаатар хотод ажил дээрээ байж байхад Цэрэнпил, Эрдэнэбилэг нар Сэлэнгэ аймаг руу явж байна тэгээд Цэрэнпил намайг Сэлэнгэ аймаг хамт явах уу гэхээр нь би завгүй байна гээд үлдэж байсан юм. Тэгээд Цэрэнпил, Эрдэнэбилэг хоёр манай ажлаар хальт орчоод Сэлэнгэ явлаа гээд яваад өгсөн. Ингээд мөн өдрийн үдээс хойш нь байсан санагдаж байна Цэрэнпил над руу залгаад Дарханд ирчихлээ тэгээд цэргийн он жав Батболд гэж найзтайгаа уулзаад гэрт нь хонохоор боллоо гэж байсан. Ингээд мөн өдрийн 23 цагаас 00 цагийн орчимд байсан санагдаж байна намайг гэртээ байж байхад Цэрэнпил над руу залгаад - чи намайг Дарханаас ирээд ав болохоо байлаа гэхээр нь би түүнээс юу болсон талаар асуухад - Батболд намайг хутгалчихлаа би үхлээ гэхээр нь Цэрэнпилийн над руу ярьсан яриаг нь би утсан дээрээ бичиж авч байсан. Тэгээд Цэрэнпилийн цаана нь Батболд согтуу гэмээр цагдаа надад хамаагүй би нэг удаа шаачдаг хүн гээд орилж чарлаад байгаа нь надад сонсогдож байсан. Цэрэнпилийн над руу ярьсан ярианы бичлэг миний утсан дээр хадгалаастай байгаа. Би Цэрэнпил, Эрдэнэбилэг, Батболд нартай хамт цэргийн алба хааж байсан тэгээд би түүнээс хойш Цэрэнпилтэй найз нөхдийн харилцаа холбоотой байх болсон юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 136 дугаар хуудас/ Гэрч М.Билгүүнтамирын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт харуулын цагдаа хийдэг юм аа. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байсан санагдаж байна. Би эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тэр өдөр 00 цагийн орчим Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах Ариг ХХК-ийн аж ахуйн байшин дотор хутгатай хүн агсам согтуу тавиад байна гэх мэдээллийн дагуу хэргийн газарт очсон. Ингээд намайг хэргийн газар очиход 40-50 орчим насны Батболд гэж эрэгтэй хүн агсам согтуу тавиад орилж чарлаад цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд байсан. Тэгээд би тухайн этгээдийг цагдаагийн газрын саатуулах байранд хүргэн өгч саатуулсан. Би хэрэг болсон газрын дотогш бол ороогүй. Батболд гэж хүнтэй гэрийн үүдэнд нь таараад цааш цагдаагийн газрын саатуулах байранд хүргэж өгсөн. Тэр үед удаагүй миний араас бүрэлдэхүүн ирсэн. Батболдын биед гэмтэл учирсан байсан эсэхийг тухайн үед анзаараагүй. Ямарч байсан 2 гар нь цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх 138 дугаар хуудас/ Гэрч Б.Болортуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Батболд гэж хүний том охин нь байгаа юм. Би эхээс хоёулаа миний доод талд Төрболд гэж эрэгтэй дүү байдаг. Намайг бага байхад аав маань Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нүүрсний уурхайд хүнд машин механизмын жолооч хийдэг байж байгаад ажлаасаа гараад намайг 2 дугаар ангид байхад манайх Дархан-Уул аймагт нүүж ирж байсан. Ингээд түүнээс хойш аав маань хувиараа жижиг дунд бизнес хийдэг байсан. Миний эцгийн хувьд гэр бүлдээ анхаарал халамж тавьдаг мөн аав намайг нэг ч удаа загнаж үзээгүй, төлөв даруу зантай, хөдөлмөрч хүн байдаг. Миний эцэгт ямар нэгэн хорт зуршил байхгүй. Миний сонсож байснаар эцэг минь намайг төрж байхад цэргийн албанд яваад албаа 3 жил хаагаад ирж байсан гэсэн. Өөр би аавынхаа талаар мэдэх зүйл байхгүй. Аавд миний мэдэхийн хөдлөх үл хөдлөх ямар нэгэн эд хөрөнгө байхгүй. Миний зүгээс хохирогч талын хүмүүсийг маш сайн шалгаж өгөхийг хүсэж байна. Би аавыгаа хүн хутгалсан гэхэд нь итгэхгүй байгаа мөн би аавийгаа ямар нэгэн муухай авир зан гаргаж байхыг огт харж байгаагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дахь тал/ Гэрч Б. Төрболдын мөрдөн байцаалтад өгсөн: Би аавынхаа хамгийн бага хүү нь байгаа юм миний дээд талд Болортуяа гэж эгч минь байдаг. Миний мэдэхийн аав минь Шарын гол сумын уурхайд ажиллаж байгаад ажлаасаа гараад Дархан хотод нүүж ирж байсан гэж сонсож байсан түүнээс хойш аав минь Дархан зах дээр гутлын лангуу дээр гутал зарж байгаад түүнийгээ болиод одоо Оросын холбооны улсаас хүнсний бараа бүтээгдэхүүн авчирч Дархандаа зарж борлуулж байгаа. Миний аавын хувьд хэр барагтаа уурлаад байдаггүй, цэвэрч нямбай гэрийнхээ бүх ажлыг өөрөө хийдэг. Аав минь тамхи татдаггүй жаахан архи уух гээд байдаг. Манайх гэр бүлээрээ одоохондоо гэрт түр амьдарч байгаа. Гэхдээ би аавийгаа тэр болгон архи уугаад байгааг нь харж байгаагүй. Гэр бүлээ гэсэн сэтгэлтэй хүн байдаг. Би аавыгаа хүн хутгалсан гэхэд нь огт итгэхгүй байгаа гэх мэдүүлэг нь /хэргийн 30 дугаар хуудас/ Шинжээчийн эмч С.Бүрэнжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмтэл нь тухайн үед үзэхэд шинэ гэмтэл байсан. Байрлал нь болохоор хүзүү бугалга, зовхи, шилбэ гээд олон газар гэмтсэн байсан. ...Нэг удаагийн үйлдлээр олон давтамжтайгаар үүсэх боломжтой. ...Өмсөж явсан хувцасны мөрөөр үүсгэгдсэн боолт байсан гэв. ...Гэмтэл нь их бага хэмжээгээр ялгагдана. Сараас дээш хоногт эдгэнэ. ...Одоо бүрэн эдгэрсэн” гэх мэдүүлэг, Шинжээчийн эмч Д.Туяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ нь нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэж болно. Цээжний хөндий дээрээс доошоо, гаднаас дотогшоо гэсэн шарх байгаа. ...Хутга нь ямар байдалтай байснаас шалтгаалаад хүний гараар үүсгэгдэж болно. Цээж хэвлийн хөндийг заагласан эрхтэн өрц байдаг. Цээжний хөндийгөөр ороод өрцийг нэвтрээд цаашаа бүдүүн гэдэс рүү нэвтэрсэн тийм шарх байгаа. ...Доороос хутгалагдсан бол шархны нүхээр нарийн бүдүүн гэдэс, сэмж цухуйдаг. Анх үзэхэд эрхтэн цухуйсан зүйл байхгүй. Хэвлийн хөндийд цусан хураа үүссэн байсан гэв. ...Гэмтлийн зэрэг тогтоох заавар дээр заасан байдаг. Хэрвээ яаралтай эмнэлгийн тусламж үзүүлээгүй бол амь насаа алдах боломжтой байсан гэсэн үг” гэх мэдүүлэг Монгол Улс Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04-р сарын 04-ний “Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг хутган дээрээс 1 гарын цусан мөр илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс илэрсэн 1 ширхэг гарын цусан мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс илэрсэн 1 ширхэг гарын цусан мөр Мягмар овогтой Батболдын гарын хээний дардастай тохирохгүй” гэх 2227 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/ Монгол Улс Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04-р сарын 18-ний “Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан гэх хутганы ажлын хэсэг болон бариулын хэсэгт цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус байна. ДНХ-ийн тогтоц тогтоосон тул бүлгийн харъяалал тогтоогдоогүй болно. Хэргийн газраас хураан авсан гэх хутганы ажлын хэсэгт болон бариулын хэсэгт D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA, гэсэн локусын аллелиар хохирогч А. Цэрэнпилын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх 2903 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас/ Өвчтөний түүх /хавтаст хэргийн 69-93 дугаар хуудас тал/ Монгол Улс Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04-р сарын 20-ний “Хэргийн газрын үзлэгээс хурааж авсан хутган дээрээс илэрсэн 1 ширхэг гарын цусан мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байх тул А. Цэрэнпилийн гарын дардастай адилтгах боломжгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 123 дугаар хуудас/ Шүүхийн шилжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 249 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “А.Цэрэнпилийн биед цээж хэвлийн хөндийд нэвтэрч өрц болон бүдүүн гэдэс гэмтсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, цус алдалтын дараахи хурц цус багадалт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 ба 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. А.Цэрэнпилд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. /хх 32 дугаар хуудас/, Шүүхийн шилжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлтэд М.Батболдын биед хүзүүнд зулгаралт, зовхи, бугалга, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх 32 дугаар хуудас/, Шүүхийн шилжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтүүд /хх 37, 42 дугаар хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тухай хуудас /хх 89, 111 дүгээр хуудас/ зэрэг болно. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч бөгөөд хохирогч М.Батболд, А.Цэрэнпил нарын өгсөн мэдүүлгээр А.Цэрэнпил нь М.Батболдоос өөрийгөө хамгаалахын тулд М.Батболдод хутгалагдсаны дараа ноцолдож байгаад М.Батболдын бие мах бодид хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Харин шүүгдэгч М.Батболд нь А.Цэрэнпилийг хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч гэрч Б.Эрдэнэбилэгийн өгсөн “...Намайг нөгөө өрөөнд хэвтэж зүүрмэглээд байж байхад гэнэт Цэрэнпилийн гэдэс хэвлий орчимд нил цус болчихсон түүнийгээ гараараа дарж орж ирээд намайг дуудан эмнэлэг яаралтай явъя. Батболд миний энд хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд нь би босоод гутлаа өмсөөд нөгөө өрөө рүү ороход Батболд агсраад “Алаад өгнө, хядаад өгнө” гээд л бархираад байсан. Тэгэхэд нь би Батболдыг чи найзыгаа хутгалчихсан байна шүү дээ гэхэд Батболд тоохгүй хашгичаад байхаар нь цагдаа дуудлаа гэхэд “Цагдаа яадаг юм” гээд бархираад хашгичаад Цэрэнпил бид хоёрыг хөөгөөд байхаар нь Цэрэнпилийг дагуулан гараад урд замаас такси барьж эмнэлэгт очсон. Тэгээд Цэрэнпилийг эмнэлэг дээр байхад Батболдын гэрт цагдаа нартай хамт очиход Батболд согтуу унтаж байгаад сэрээд архи нь гараагүй бас агсраад л байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шилжилгээний Үндэсний хүрээлэнгийн “А.Цэрэнпилийн биед цээж хэвлийн хөндийд нэвтэрч өрц болон бүдүүн гэдэс гэмтсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, цус алдалтын дараахи хурц цус багадалт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 ба 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно...” гэх 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 249 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Батболд нь А.Цэрэнпилийг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож байна. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Цэрэнпилийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, шүүгдэгч М.Батболдын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч А.Цэрэнпилийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч М.Батболдын бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Цэрэнпил нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Цэрэнпил нь эмчилгээний зардал гэм хорын хохиролд 4.770.000 төгрөгийг шүүгдэгч М.Батболдоос хүлээн авч цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шүүгдэгч М.Батболдыг төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч М.Батболдод ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, эмчилгээний зардал хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч М.Батболдод ял оногдуулахдаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд хэргийн хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, хэрэг үйлдэлд хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн зэрэг нөхцөл байдал, үйлдсэн хэргийн шинжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, мөн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх үзэв. Шүүгдэгч М.Батболдын цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч А.Цэрэнпил нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд зүйлгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, ажлын хэсэг нь 15 см урттай, хар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.