| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0199/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/245 |
| Огноо | 2018-09-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004130217 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт *******гийн ******* / Регистрийн дугаар:******* /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Найман худаг гэх газарт байх эзэмшлийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 278 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Миний хувьд өмгөөлөгчийн хамтаар тогтоолтой танилцсан. Намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр эрүүгийн үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гэрээс бэлэн мөнгө 150,000 төгрөг архи пиво хромон гутал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Миний бие өмнө нь тааралдахад манайхаар орж цай уугаарай гэсэн байсан. Учир нь хурим болсон байсныг би мэдээгүй байсан юм. Ингээд 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрийн охин хамтаар өөрийн найзийн аав гэж хүний мотоциклтой гэрт очихоор явсан. Замдаа нэг айл тааралдахад нь гэрийг асуухад Батсайханы Номин-эрдэнэ гэж охин гарч ирж энүүхэн хонхорт байгаа гэхлээр нь заасан газарт нь ирэхэд нэг гэр байсан, гэр нь эзэнгүй байсан. Тэгэхээр нь би үүдэнд нь жоохон сууж байгаад охиноо мотоцикл дээр нь үлдээгээд гэрийнх нь хаалгыг татаад үзсэн чинь гэрийн цоож нь онгойсон. Тэгэхээр нь би гэрт нь ороод харахад авдрын нь дээр байсан зургийн жаазны араар 2 шилтэй ерөөл нэртэй архи байсныг авсан. Нэг шил нь задалчихсан дундуур байсан. Ингээд орны урд талд хромон гутал байхаар нь аваад шар өнгийн тавилгын шургуулгыг татаад үзэхэд 150,000 төгрөг байхаар нь аваад гэрээс гарсан. Тэгэхэд манай охин мотоциклынхоо хажууд зогсож байсан. Би авсан архи гутлаа өвөртөө хийсэн байсан учир манай охин мэдээгүй бөгөөд би гэрт орж байхыг манай охин хараагүй учир нь гэрийн ард сүүдэрт мотоциклынхоо хажууд сууж байсан юм. Ингээд би охиндоо гэрийн эзэд ирэхгүй юм байна явъя гээд явсан. Ингээд гэртээ ирээд авсан архи гутлаа орон доогуураа нуугаад тавьчихсан байсан чинь маргааш нь цагдаад баригдаж би хулгайлсан гутлаа буцааж өгсөн. Архийг нь уусан байсан учир сүүлд нь мөнгийг нь төлсөн. Бэлэн авсан мөнгийг нь буцаагаад өгсөн.Миний хувьд хулгай хийх санаатай гэрт нь очоогүй цай уух гэж очоод гэрт нь хүн байхгүй хүлээж байгаад ийм юм болчихлоо. Би Ш.Мөнх-эрдэнэд учруулсан байсан хохирол мөнгийг төлж Мөнх-эрдэнээс уучлалт гуйсан хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний хувьд эхнэрээсээ салсан охин Ховор-эрдэнэ өвлийн цагт аймгийн төвд сургуульд сурч ээж дээрээ байдаг бусад зуны цагт надтай хамт амьдардаг. Миний энэ байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулахыг шүүх прокуророос хүсэж байна. Өөр надад энэ хэргийн талаар мэдүүлэх зүйл байхгүй учир мэдүүлгийг үүгээр дуусгах саналтай байна. Энэ мотоцикл нь манай найзийн аав гэж хүний мотоцикл байгаа юм. Би ааваас нь хэд хоног унаад өгье гэж авсан байснаа буцаагаад өгчихсөн. Намайг өөрийнх нь мотоциклтой явж байгаад гэрээс юм хулгайлсан талаар мэдээгүй байгаа. Ш.Мөнх-эрдэнэ нь манай хадам байсан хүн байгаа юм. Өмгөөлөгч Ц.Мөнгөн-давалгаа байхгүй гэв. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл алга. гэх мэдүүлэг. /хх-ийн 47-50/,
2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би өмгөөлөгч авахгүй байцаалт өгнө. Манай гэр Баянхонгор аймгийн Богд сумын 5 дугаар багийн нутаг “Найман худаг” гэх газарт ганц гэрээр байдаг. Ингээд миний бие эхнэрийн хамтаар 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр аймгийн төв рүү яваад 2018 оны 07 дугаар сарын 11 -ны өдөр гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожны цүүг хажуу тийш нь болгосон гэрийн хаалга онгорхой гэр дотор эд зүйл эмх замбараагүй болсон байхаар нь хулгай орсон байна гэж сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Ингээд хэсгийн төлөөлөгч ирж гэрт байсан эд зүйлээ бүртгэж үзэхэд гэрээс доорх эд зүйл бэлэн мөнгө алга болсон байсан. Үүнд 1. Гэрийн баруун талд байсан миний хромон гутал нэг хос 180,000 төгрөгийн үнэтэй, 2. Ерөөл нэртэй 0,75гр-тай 2 шил архи нэг шил нь 17,000 төгрөг нийт 34,000 төгрөг, 3. Ерөөл нэртэй дөнгөж задалсан 0,5-тай архи нэг шил 9000 төгрөг, 4. Сэнгүр пиво 2 лааз нэг ширхэг нь 2000 төгрөг нийт 4000 төгрөг, 5. Бэлэн мөнгө 150,000 төгрөг гэсэн зүйлүүд алдагдсан байсан...Миний хувьд алдагдсан эд зүйлээс хромон гутлаа бүрэн бүтэн буцаан авсан. Бусад зүйлийн хувьд үнэлгээгээр тогтоогдсон үнийн дагуу буюу 188,500 төгрөгийг бэлнээр авсан бас нааш цааш явсан унааны мөнгө гэж 40,000 төгрөг гээд нийт 228,500 төгрөгийн хохирлыг *******оос авсан. Би алдагдсан эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17-20/
4. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 02-03 цагийн нэг мотоциклтой 07-08-н насны охин сундалсан эрэгтэй хүн ахын гэрийг сураад би зааж өгсөн тухайн хүнийг би өмнө харж байгаагүй одоо харвал танина. *******гийн Цагаанаа гэдэг хүнтэй их адилхан хүн байсан. Манайд хулгай орчихсон байна. Танай урдуур хойгуур хүн амьтан явсан уу гэсэн би явсан тэр хүнийг Баянмөнх гэдэг гэсэн гэтэл ах танихгүй байхаар нь би Цагаанаа гэдэг хүнтэй адилхан юм билээ гэхэд Болдоо юм байна гээд явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 10-12/
5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Миний хувьд *******той 2001 онд танилцаж 2002 онд гэр бүл болж хамт амьдарч байгаад 2010 онд гэрлэлтээ цуцлуулсан. Одоо бид 2 тусдаа амьдарч байгаа. Бид 2-н дундаас 2 хүүхэд гарсан том нь охин 2004 онд төрсөн гэдэг, бага нь хүү 2007 онд төрсөн гэдэг. Миний хувьд *******ыг архи уугаад байхаар нь гэрлэлтээ цуцлуулсан. Манай хүү охин 2 надтай байдаг. *******ын хувьд хөдөө аавтайгаа хамт амьдардаг. Хүүхдүүдийн хувьд зуны цагт аав дээрээ хаяа очдог. *******ын зан ашийн хувьд архи уудаг ууртай хүн байгаа юм. Надад өөр энэ хүний талаар хэлэх зүйл алга.гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/
6. Арван найман насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
...Би уншиж бичиж тоо бодож чадна. Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар 10-н жилийн 9 дүгээр ангид сурдаг. Надад тайлбарлаж өгсөн эрх үүргийг ойлгож мэдлээ. Би эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27/,
7. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Надад тайлбарлаж өгсөн эрх үүргээ ойлгож мэдсэн надад асуух зүйл
алга. Миний хувьд *******ыг өөрийнхөө хүүийн найз гэдгээр нь таньж мэддэг. Надад БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг маркийн улсын дугаар бичиг баримт байхгүй хуучин мотоцикл байдаг байсан. ******* нь миний мотоциклыг нэг удаа гуйж авч яваад ирсэн. Хаашаа явсан юунд явсан талаар нь мэдэхгүй өдрийг нь би санахгүй байна ямар байсан энэ зун буюу 2018 оны 6 дугаар сарын сүүл юм уу 7 дугаар сарын эхээр авч яваад 10 орчим хоноод буцааж авч ирж өгсөн. Би уг мотоциклыг зах дээр хөдөөгийн нэг танихгүй хүнд 50,000 төгрөгөөр сэлбэгт зарчихсан одоо байхгүй. Надад тийшээ ийшээ явна гэж хэлээгүй. Би хүүгийнхээ найз болохоор мотоциклоо өгч явуулаад буцаагаад авсан Надад өөр нэмж хэлэх зүйл алга байна.гэх мэдүүлэг. /хх-ийн 29-31/,
8. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаарт шинжээчийн
1. Хромон гутал нэг ширхэг 90.000 төгрөг
2. Ерөөл архи 0.75 гр 2 ширхэг нэг ширхэг нь 9000 төгрөг нийт 18000 төгрөг.
3. Ерөөл архи 0.250 гр 4500 төгрөг
4. Сэнгүр пиво 2 ширхэг нэг ширхэг нь 2000 төгрөг нийт 4000 төгрөг
5. Мөнгө 15000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/ хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын Өлзийт сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, хавтас хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавалгаа, шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн тухай хуудас, хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан улсын бүртгэлийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Найман худаг гэх газарт байх эзэмшлийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдад 278 500 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, *******, арван найман насанд хүрээгүй гэрч *******, *******ын нарын мэдүүлэг, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаарт шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс түүнийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалтаа орон байранд нэвтэрч хугайлах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах тухай дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч *******од зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хорих ялын хугацаатай адил хугацаагаар хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч *******ыг энэ хэргийн учир цагдан 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ний Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүргэгдсэн бөгөөд түүний энэ хэргийн учир хорин нэг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч овогт *******гийн *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар ялтан *******од нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон хорин нэг / 21 / хоногийг эдлэх элд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан *******од нэг / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж түүний эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 26-ний өдрөөс эхлэн тоолсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ