| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2019/0080/Э |
| Дугаар | 353 |
| Огноо | 2019-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 353
Ц.Мд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Соёлмаа,
шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Мд холбогдох .................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Авирмэд овгийн Ц.М, 1986 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт .................. тоотод оршин суух,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан “Хохирогчтой сайн дураар эвлэрсэн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, /регистрийн дугаар:.................../.
Ц.М нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн гадна Ц.Цэрэндуламын халааснаас “Самсунг Галакси эс-7 эдже” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Ц.Цэрэндуламд 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Мг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар камерийн бичлэгтэй СД 1 ширхгийг хавтаст хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж ял эдлэх хугацааг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан” ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Цэрэндуламын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 350,000 төгрөг гэж үнэлж тогтоосон нь мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дэх хэсэгт зааснаар бага хэмжээний хохиролд хамаарч байна.
Анхан шатны шүүхийн энэхүү тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэж заасан нөхцөл байдлыг бий болгож байгаа тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна хэмээн өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзана...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид, учруулсан хохирлыг төлсөн...” гэж, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...”, гэж тус тус заасныг анхан шатны шүүх хэрэглэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн тогтоосонд оршино гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч миний зүгээс дээр дурьдсан Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн үндэслэл, журмуудыг бүрэн хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус заасны дагуу миний үйлчлүүлэгч Ц.Мд холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ц.Мгийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Шүүх хэргийг зөв зүйлчлэн, гэм буруу нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.
Ц.М нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн гадна Ц.Цэрэндуламын халааснаас “Самсунг галакси эс 7 эдже” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Цэрэндуламын /хх 12-13, 14/ мэдүүлэг,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ХУД006 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 19-25/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/, хохирогч Ц.Цэрэндуламын гар утсыг Ц.Мгаас эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх 10/, гар утсыг Ц.Цэрэндуламд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11/, Ц.Мгийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 35-41/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мгийн гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэлийг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн : “... Ц.Мд холбогдох эрүүгийн хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ