Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0217

 

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0217

Улаанбаатар хот

 

 

 

 

“Ц***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэгч шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б***,

Нэхэмжлэгч: “Ц***” ХХК

Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б***,

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0025 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

Хэргийн индекс: 128/2023/0685/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ц***” ХХК нь Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б***д холбогдуулан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0025 дугаар шийдвэрээр: 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, 14.1.6 дахь заалт, 14.5 дахь хэсэг, 521 дугаар зүйлийн 521.1, 521.2.1 дэх хэсэг заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц***” ХХК-иас гаргасан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б***гийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж маргасан. Үүнд:

3.1 “...2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А-1/1489 дугаартай, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А-1/1526 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотууд Төрийн худалдан авах ажиллагааны газраас манай байгууллагад ирүүлсэн. Уг албан тоотуудад 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр зарласан, Эрүүл мэндийн төвийн барилга Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зарласан. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хорооны сургуулийн барилга 640 суудал гэсэн тендер шалгаруулалтад танай байгууллага оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дах хэсэгт заасны дагуу “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” гэх утгатай байсан. Тухайн үед үүссэн нөхцөл байдлыг тайлбарлавал, “Ц***” ХХК-ийн нягтлан бодогч албан тушаалтай тендерийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А*** овогтой С*** нь тендерийн материалыг бэлдэж явуулахдаа Голомт банк ирүүлсэн гэх тодорхойлолтыг санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байсан. “Ц***” ХХК-ийн зүгээс тухайн баримтыг хуурамчаар ирүүлсэн байсныг огт мэдээгүй. “Ц***” ХХК-ийн гүйцэтгэх захирал банкнаас ирсэн баримтыг хараад худал үнэнийг мэдэх боломжгүй байсан. Үүнд нягтлан бодогч А.С***ийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16-2022 дугаартай тушаалаар ажлаас халсан. А.С***ийн үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан.

3.2 “Ц***” ХХК-д 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 11/22199 дугаартай мэдэгдлээр 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр сонсох ажиллагаа хийхээр болсныг мэдэгдсэн. “Ц*** “ХХК-ийн захирал З.Баярсайхан эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас очих боломжгүй байсан. Хариуцагч, нэхэмжлэгчийг сонсох ажиллагаанд ороогүй гэж тайлбарладаг. 2022 оны 4 дүгээр сарын 12-ны мэдэгдэлд сонсох ажиллагааг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сангийн яамны 110 тоот болохыг мэдэгддэг. 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 11/3453 тоот мэдэгдлээр хяналт шалгалтын хугацааг 30 хоногоор сунгасныг мэдэгддэг. Сонсох ажиллагааг 30 хоногоор сунгасан байхад 10 хоногийн дараа “Ц***” ХХК-д мэдэгдсэн үйл баримт тогтоогддог. Сонсох ажиллагаа явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр байршлын талаар мэдээллийг “Ц***” ХХК-д мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл 27.3.1-т заасан сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн гэж харагдаж байна.

3.3 Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад гомдол гаргадаг. Сангийн яамны Төрийн бичгийн дарга “Ц***” ХХК тендер шалгаруулалт дуусахаас өмнө тухайн баримтыг нягталж шалгах үүрэг нь “Ц***” ХХК-д байгаа гэж хэлдэг боловч бодит байдалд компанийн гүйцэтгэх захирал Голомт банкны албан тодорхойлолтыг хуурамч үнэн гэж мэдэх боломжгүй байсан. Улсын байцаагч “Ц***” ХХК-ийн илт худал тендер ирүүлсэн гэж үздэг. Монгол хэлний тайлбар толиноос “илт” гэдэг үгний утга агуулгыг харах юм бол тодорхой зайлшгүй нөхцөл байдлыг хэлж байгаа.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

                                                       ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

3.1. Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын Улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” 01 дүгээр удирдамжаар төсвийн ерөнхийлөн захирагч, захиалагч болон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу тендерт оролцогч, гүйцэтгэгч нь худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэх, хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн эсэхийг шалгах хяналт шалгалтад хамрагдах этгээдийн жагсаалтыг баталсны 7 дугаарт нэхэмжлэгч “Ц***” ХХК багтсан.

3.2 Маргаан бүхий захиргааны акт болох Сангийн яамны худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр “Ц***” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 52¹ дүгээр зүйлийн 52¹.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Ц***” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

3.3. Улсын байцаагчийн дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Ц***” ХХК-иас “...тус компанийн нягтлан бодогч А.С*** тендерийн материал бэлдэж явуулахдаа банкны тодорхойлолтыг санаатай хуурамчаар үйлдсэнийг манай компани мэдээгүй, сонсох ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй” хэмээн тайлбарлан маргасан.

4. Маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, … хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 14.5 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, 521 дугаар зүйлийн 521.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: … 521.2.1 дэх заалтад энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” хэмээн зохицуулсан бөгөөд

Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7.4-д “Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” заасан.

Хууль болон журмын дээрх зохицуулалт нь тендерт оролцогч тендерт ирүүлсэн баримтыг үнэн зөв эсэхийг өөрөө хариуцах үүрэгтэй бөгөөд алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө залруулах боломжийг тендерт оролцогчид олгосон агуулгатай.

5. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “Ц***” ХХК-ийн  Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Эрүүл мэндийн төвийн барилга /Сэлэнгэ, Сүхбаатар сум/ ЭМЯ202212017 тендер шалгаруулалтад оролцохоор хүргүүлсэн тендерийн баримт бичигт хавсаргасан Голомт банкны 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 11/162 дугаартай “Эрүүл мэндийн төвийн барилга /Сэлэнгэ, Сүхбаатар сум/ ЭМЯ202212017 тендерт оролцож байгаа тул 3.300.000.000 төгрөгийг зээлийн санхүүжилт олгох боломжтой” гэх агуулга бүхий тодорхойлолт хуурамч болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А-1/1410 дугаар болон Голомт банкны 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 11/170 дугаар албан бичгээр тус тус тогтоогдсон.

Үүнтэй холбогдуулан хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” болохыг тогтоож, нэхэмжлэгч “Ц***” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ШҮҮГЧ                                                  Д.ОЮУМАА

 

                 ШҮҮГЧ                                                  З.ГАНЗОРИГ

 

                            ШҮҮГЧ                                                  Г.МӨНХТУЛГА