Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/257

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуусан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1814004310250 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / *******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Аялгуу ресторанаас *******гийн эзэмшлийн самсунг эс-8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас би аав ээжийн хамт Баянхонгор аймагт ирээд 1 дүгээр багт байрлах “Аялгуу” ресторанд болсон ээжийн төрсөн ахын гавьяатын цайллагад 15 цагийн үед орсон. Би 16 номерын ширээнд сууж байсан. Тэгээд сууж байгаад 19 цагийн үед тэндээс гарах гэж байхад ширээний хажуу талын сандал дээр хар өнгийн цүнх онгорхой байсан харахад улаан гэртэй саарал өнгийн гар утас харагдсан. Тэгэхээр нь би цүнхнээс нь аваад гарч яваад машиндаа суугаад Өвөрхангай аймаг руу гэр лүүгээ явсан. Тэр утсанд 80650309 гэсэн дугаарын сим 2 картаа хийж барьсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ариунзаяа эгчид гар утсыг нь авчирч өгсөн. Би уг гар утсыг ямар нэгэн байдлаар гэмтээгээгүй доторх мэдээллийг устгаагүй. Би хүний эд зүйлийг зөвшөөрөлгүй авч байгаа талаар мэдэж байсан тухайн үед авчихмаар санагдаад гар утсыг авсан....гэх мэдүүлэг / хх-ийн 42-44 /

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ..2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Аялгуу” ресторанд ах дүү нарынхаа цайллагад ороод миний утас цэнэггүй болоод 15 цагийн үед унтарсан. Тэгээд цүнхэндээ хийгээд сандал дээр тавьсан. Шөнө 00 цагийн үед гэртээ очоод үзэхэд миний гар утас байхгүй цүнхний ам онгорхой байгаад унасан байж магадгүй гээд эргэж Аялгуу ресторан дээр очиж сууж байсан ширээ, цүнхээ тавьсан сандал, түүний ойр хавиар хайж үзэхэд байхгүй байхаар нь маргааш нь ирээд цагдаад бүртгүүлсэн. Миний гар утас намайг хүлээж авахад бүрэн бүтэн дотор нь байх мэдээлэл устгагдаагүй байсан… гэх мэдүүлэг / хх-ийн 16- 19 /

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед эхнэр бид 2 Аялгуу ресторанд хүлээн авалтанд ороод 16 цагийн үед манай эхнэрийн утасны цэнэг дуусаад утсаа цүнхэндээ хийгээд сандал дээр тавиад тэнд бүжиглэж байгаад орой 00 цагийн үед гарахад цүнхэнд байсан утас байхгүй байна гэж манай эхнэр надад хэлсэн. Уг утсыг 2018 оны 05 сард 1900000 төгрөгөөр худалдаж авч байсан.. гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /

“Энх-нахиа” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “ ... S-8 маркийн гар утсыг 1800000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 32- 33/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 40-41/, эд хөрөнгө битүүжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 09-13/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч *******н иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 59/, Өвөрхангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2018.10.02-ны өдрийн №139 тоот тодорхойлолт / хх-ийн 65/, шүүгдэгч *******н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 46/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Аялгуу ресторанаас *******гийн эзэмшлийн самсунг эс-8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******н... ширээний хажуу талын сандал дээр хар өнгийн цүнх онгорхой улаан гэртэй саарал өнгийн гар утас харагдахаар нь цүнхнээс авсан, …. тэр утсанд 80650309 гэсэн дугаарын сим картаа хийж барьсан....гэх мэдүүлэг / ххийн 42-44 / хохирогч *******гийн ...миний утас цэнэггүй болоод 15 цагийн үед

унтарсан, цүнхэндээ хийгээд сандал дээр тавьсан,… гэртээ очоод үзэхэд миний гар утас байхгүй байсан… гэх мэдүүлэг / хх-ийн 16- 19 / гэрч *******ын ... орой 00 цагийн үед гарахад цүнхэнд байсан утас байхгүй байна гэж манай эхнэр надад хэлсэн, уг утсыг 2018 оны 05 сард 1900000 төгрөгөөр худалдаж авч байсан.. гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 / “Энх-нахиа” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “ ... S-8 маркийн гар утсыг 1800000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 32- 33/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 багт үйл ажиллагаа явуулдаг Аялгуу ресторанаас *******гийн цүнхнээс самсунг эс-8 маркийн гар утас байсныг авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авсан нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч *******гийн самсунг эс-8 маркийн алдсан гар утсыг 1800000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******д Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч нь хохирогч *******д гар утасыг нь биет байдлаар буцаан өгч хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******д үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов.

4 Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Өвөрхангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд Барилгын цахилгаанчин мэргэжлийн 2-ын 7 ангид сургалцдаг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******н нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор түүний эзэмшлийн самсунг эс-2 маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт *******гийн *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******н эзэмшлийн “...самсунг эс-2 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Т.Намхад буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн 5 баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА