Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2423

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “М” ТӨҮГазрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХанд холбогдох,

16,392,151.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дэлгэрмаа, хариуцагчийн төлөөлөгч Б.Цэнд, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.   

 

              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ТӨҮГазрыг татан буулгах ажлын хэсгийн дарга Ц.Баяр-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 9 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/34 дүгээр тушаалын дагуу “М” төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгахаар ажлын хэсэгт томилогдон ажиллаж байна. Уг ажлын хэсгээс татан буугдаж буй үйлдвэрийн газрын өр, авлагыг барагдуулахаар ажиллаж байгаа бөгөөд санхүүгийн тайлан балансад нь ХХнаас 16,392,151.2 төгрөгийн авлага авахаар тусгагдсан байсныг судлан үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. ХХны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “М” ТӨҮГ-ын хооронд 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Малчин өрхийн баталгааны тэмдэг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ”-г байгуулсан байна. Тус гэрээний дагуу 160200 ширхэг малчин өрхийн баталгааны тэмдгийг 830,000,000 төгрөгийн үнэтэйгээр үйлдвэрлэхээр гэрээ хийсэн боловч гэрээг хэрэгжүүлэх явцад аймаг, сумдаас малчин өрхийн бүртгэлийг нэмж ирүүлснээс үүдэн 163364 ширхэг тэмдгийг хүлээлгэн өгсөн. Гэрээнд тусгагдсанаар нэг малчин өрхийн баталгааны тэмдгийн өөрийн өртөг нь 5181.02 төгрөгийн үнэтэй. Иймд 163364 ширхэг тэмдгийн үнэ 846,392,151.02 төгрөг болж, гэрээнд зааснаас 16,392,151.2 төгрөгөөр нэмэгдсэнийг төлж барагдуулахаар гэрээний талууд 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр акт үйлдэн баталгаажуулсан байна. “М” ТӨҮГ-аас ХХанд удаа дараа хандаж, өр, авлага барагдуулахыг шаардаж байсан боловч төлж барагдуулаагүй байна. Татан буулгах ажлын хэсгээс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 06 дугаар албан бичгээр өр, авлага барагдуулахыг хүссэн боловч 2018 оны төсөвт батлагдаагүй тул төлөх боломжгүй гэсэн хариуг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 01/1127 дугаар албан бичгээр ирүүллээ. Иймд ХХны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “М” ТӨҮГ-ын хооронд 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Малчин өрхийн баталгааны тэмдэг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ”-г дүгнэсэн актын дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 16,392,151.20 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хэрэгт өгсөн гэрээг батлуулж өгөх боломжгүй учраас хуулбар хувийг өгсөн. Хариуцагч тал гэрээ байгуулсан, 163364 ширхэг тэмдгийг хүлээн авсан талаар маргадаггүй тул тайлбараар нь хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэв.

Хариуцагч ХХ шүүхэд ирүүлсэн хариу  тайлбар болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдөр гаргасан “М” төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах ажлын хэсгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2012 онд Малчин өрхийн баталгааны тэмдэг нийлүүлэгчийг сонгох хязгаарлагдмал тендерийг зарлаж “М” ТӨҮГ-тай гэрээ байгуулах эрхийг 2012 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн А/99 тоот тушаалаар олгосон байна. 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Малчин өрхийн баталгааны тэмдэг” үйлдвэрлэн нийлүүлэх ТГ/12/03/06/ММҮХ дугаартай гэрээг байгуулсан байна. Гэрээнд захиалагчаас 160200 ширхэг “малчин өрхийн баталгааны тэмдэг”- ийг 830,000,000 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээг байгуулсан байна. Гэвч гэрээг хэрэгжүүлэх явцад аймаг, сумдаас малчин өрхийн бүртгэлийг нэмж ирүүлснээс үүдэн 163365 ширхэг “малчин өрхийн баталгааны тэмдэг”-ийг хүлээлгэн өгсөн байна. Иймд гүйцэтгэгчийн үйлдвэрлэн нийлүүлсэн 163364 ширхэг “малчин өрхийн баталгааны тэмдэг”-ний үнэ 846,392,151.2 төгрөг болж, гэрээнд зааснаас 16,392,151.2 төгрөгөөр нэмэгдсэн байна. Иймд “М” ТӨҮГ-тай №ТГ712/03/06ММҮХ тоот гэрээ байгуулан гэрээний дагуу санхүүжилтээр батлагдсан төсвийн хүрээнд төлбөрийг олгосон. Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дах хэсэгт заалтын дагуу тухайн жилийн батлагдсан төсвийг төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх дуусгавар болдог тул гэрээний нэмэлт зардал болох 16,392,151.2 төгрөгийг төлөх боломжгүй байна ...” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ыг татан буулгах ажлын хэсгийн дарга Ц.Баяр-Эрдэнэ хариуцагч ХХанд холбогдуулан “малчин өрхийн баталгааны тэмдэг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ”-гээр нийлүүлсэн тэмдгийн төлбөрт дутуу төлсөн 16,392,151.20 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

Хариуцагч Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яам “М” Төрийн өмчийн үйлдвэрийн газартай гэрээ байгуулсан талаар, мөн 163,364 ширхэг малчин өрхийн баталгааны тэмдгийг хүлээн авсан талаар маргаагүй боловч  “тухайн жилийн батлагдсан төсөвт уг төлбөрийг  төлөх төсөв батлагдаагүй тул гэрээний нэмэлт зардлыг шилжүүлэх боломжгүй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 9 дугаартай тогтоолоор “М” ТӨҮГ-ыг татан буулгахаар шийдвэрлэжээ.

Дээрх тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тушаал гарч “М” ТӨҮГ-ын татан буулгах комиссын бүрэлдэхүүнийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Ц.Баяр-Эрдэнийг томилсон болох нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2018 оны 1 сарын 30-ны өдрийн А/34 дугаартай тушаал, түүний хавсралтаар тогтоогдож байх тул Ц.Баяр-Эрдэнэ “М” ТӨҮГ-ыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Зохигчдын хооронд 2012.04.13-ны өдөр байгуулагдсан Малчин өрхийн баталгааны тэмдэг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ”-гээр нийлүүлэгч нь 160,200 ширхэг малчин өрхийн баталгааны тэмдгийг нийлүүлэх, захиалагч нь 830,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсоноос дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

Захиалагч тал малчин өрхийн баталгааны тэмдгийг захиалсан хэмжээгээ нэмэгдүүлж, нэмж 3,164 ширхгийг захиалан, нийт 163,364 ширхэг тэмдгийг хүлээн авсан, улмаар 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Малчин өрхийн баталгааны тэмдэг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж, 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Гэрээ дүгнэсэн акт” гэсэн баримтыг үйлдэж, баталгаажуулсан байна.

Захиалагч тал нэмж 16,392,151.20 төгрөгийн үнэ бүхий 3,164 ширхэг тэмдгийг гэрээ байгуулахгүйгээр захиалсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараах нөхцөлд хэрэглэж болно”,

34.1.3.нэмэлт нийлүүлэлт нь анхны гэрээний үнийн 20 хувиас хэтрэхгүй нөхцөлд анхны гэрээний дагуу нийлүүлсэн бараа, тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах болон нэмж нийлүүлэх үед нийлүүлэгчийг өөрчлөх нь захиалагч өөр төрлийн техникийн үзүүлэлттэй материал авахад хүргэх, энэ нь ашиглалт болон засвар үйлчилгээнд техникийн хүндрэл учруулах, эсхүл үргүй зардал гаргахаар бол;

34.1.4.нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол; гэж заасанд нийцэж байна.

Талууд 2012.06.18-ны өдөр ...гэрээний дагуу 160,200 ширхэг “Малчин өрхийн баталгааны тэмдгийг 830,000,000 төгрөгийн үнэтэйгээр үйлдвэрлэхээр гэрээ хийсэн боловч гэрээг хэрэгжүүлэх явцад аймаг, сумдаас малчин өрхийн бүртгэлийг нэмж ирүүлснээс үүдэн 3,164 ширхэг тэмдэг нэмж, нийт 163,364 ширхэг тэмдгийг хүлээлгэн өгсөн, гэрээнд тусгагдсанаар нэг малчин өрхийн баталгааны тэмдгийн өөрийн өртөг нь 5181,02 төгрөг байх, гүйцэтгэгчийн үйлдвэрлэн нийлүүлсэн 163,364 ширхэг тэмдгийн нийт үнэ 846,392,151.20 төгрөг болсон, гэрээнд зааснаас 16,392,151.20 төгрөгөөр нэмэгдсэн, гүйцэтгэгч нь гэрээний захиалгыг бүрэн гүйцэтгэсэн тул гэрээний үнийн санхүүжилт болох 830,000,000 төгрөг, гэрээний үнийн дүнгийн 2 хувь буюу 16,392,151.20 төгрөгийг нэмж бүгд 846,392,151.20 төгрөгийг М ТӨҮГ-ийн дансанд шилүүлэх нь зүйтэй” гэж тодорхойлсныг баталгаажуулан  гэрээг дүгнэсэн болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд хийсэн 2012.06.18-ны өдрийн 4 дугаартай актаар нотлогдож байна. 

Талууд ажил гүйцэтгэх гэрээний үүргийг дүгнэж, төлбөр тооцооны асуудлаар харилцан тохиролцож, акт үйлдсэн 2012 оны 6 сарын 18-ны өдрөөс хойш захиалагч тал 830,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч болох М” ТӨҮГ-т төлж, 2018.04.02-ны өдрийн байдлаар 16,392,151.20 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан “Авлага барагдуулахыг хүсэх тухай” “М” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2018.04.02-ны өдрийн 06 тоот албан бичиг, ХХны 2018.04.10-ны өдрийн 01/1127 дугаар албан бичиг болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, бусад баримтаар тогтоогдож байх байна.

Хариуцагч тал гэрээ байгуулсан, 1 ширхэг нь 5181.02 төгрөгийн үнэтэй, нийт 163,364 ширхэг тэмдгийг хүлээн авсан, 846,392,151.20 төгрөг төлөх үүрэгтэй байсан, 830,000,000 төгрөгийг төлсөн, ажлын үр дүнгийн талаар маргаагүй зэргээс захиалагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй буруутай гэж үзэхээр байна.

Хариуцагч тал ... яамны төсөвт уг  төлбөрийг төлөх хөрөнгө батлагдаагүй... гэсэн үндэслэл зааж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байгааг хүлээн авах боломжгүй, уг тайлбар гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу биелүүлэх учиртай.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу 3,164 тэмдгийн үнэ болох 16,392,151.20 төгрөгийг “М” Төрийн өмчийн үйлдвэрийн газарт захиалагч төлөх үүрэгтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16,392,151.20 төгрөгийг ХХнаас гаргуулж “М” Төрийн өмчит үйлдвэрийн газарт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХнаас 16,392,151.20 /арван зургаан сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавин нэгэн төгрөг хорин мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨҮГ-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,910.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХнаас улсын тэмдэгтийн хураамжид 239,910.76 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ТӨҮГ-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.БАТЦЭЦЭГ