Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 354

 

 

 

 

 

 

 

 

 

А.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Б.Чимгээ,

          шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч У.Сайнбилэг,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 668 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаартай эсэргүүцлийг үндэслэн А.Бд холбогдох ...................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Зуу ван овгийн Алтангэрэлийн А.Б, 1985 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй,  “Хафт” ХХК-д камер хянагч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй; /РД:................./;

         

          А.Б нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 101 тоотод оршин суух Б.Мөнхзулын гэрт орж ирэн тагтнаас ууттай ус асгалаа гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн, түүний “Айфоне 6 плас” загварын гар утсыг шалан дээр шидэж гэмтээсний улмаас 544,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хавтаст хэргийн 46 дугаар талд яллагдагч А.Бээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгч байлцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөгжлийн бэрхшээлтэй яллагдагчийг өмгөөлөгчөөр хангах гэснийг зөрчсөн,

Хавтаст хэргийн 13 дугаар талд насанд хүрээгүй гэрч Б.Ганхөлөгөөс мэдүүлэг авахдаа хөгжлийн бэрхшээлтэй эцэг Ө.Мөнхтулгыг байлцуулж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар ашиг сонирхол нь зөрчилдвөл хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтан хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох гэснийг зөрчсөн,

Тухайн хэрэг болох үед хажууд байсан гэх яллагдагчийн гэр бүлийн хүн болох Ө.Мөнхтулгыг гэрчээр асуух нь зүйтэй. Мөн тухайн үед дуудлагаар хэн гэх цагдаагийн албан хаагч нар ирсэн болон ямар дугаар дуудлага өгч ирснийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

Дээрх ажиллагааг гэм буруугийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD болон гар утсыг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.  

 

Прокурор Б.Эрдэнэбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...Яллагдагч А.Бд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас өмнө хэрэг бүртгэлтийн явцад гэрчээр байцаахдаа өмгөөлөгчгүйгээр зөвхөн хэлмэрчийг оролцуулан байцаасан боловч хөгжлийн бэрхшээлтэй болохыг нотолсон бичгийн баримтыг ирүүлж, яллагдагч болсноос хойш өмгөөлөгч томилон оролцуулж түүнийг байцаасан, хэргийн материалыг өмгөөлөгчтэй танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл энэ зүйл нь гэрчид бус зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамаарахаар заасан ба хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж бэхжүүлсэн, цуглуулсан нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлэхгүй байж болохоос бус тухайн цаг хугацаанд нэгэнт хийгдсэн ажиллагааны зөрчлийг арилгахаар нэмэх, хасах, засварлах, нөхөж гарын үсэг зурах боломжгүй тул уг ажиллагааг дахин хуульд заасан үндэслэл журмын дагуу хийснээр зөрчил арилсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар мөн хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзвэл яллагдагчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг оролцогч нарын хүсэлтийг үндэслэн бүхэлд нь буюу зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай асуудлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан ба прокурор яллах дүгнэлтдээ яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар оруулаагүй болно.

Хавтаст хэргийн 13 дугаар талд насанд хүрээгүй гэрч Б.Ганхөлөгөөс мэдүүлэг авахдаа хөгжлийн бэрхшээлтэй эцэг Ө.Мөнхтулгыг байлцуулж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашиг сонирхол нь зөрчилдвөл хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтан хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох гэснийг зөрчсөн гэжээ. Гэвч энэ зүйлийн 1.1-д заасны дагуу ... ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно гэж заасан ба 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, 18 насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн асуудлыг зохицуулсан байхад насанд хүрээгүй гэрчид уг заалтыг хамааруулсан нь үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлд 18 насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгчийг оролцуулна гэснээс бус хууль ёсны төлөөлөгч нь хөгжлийн бэрхшээлтэй байж болохгүй тухай ямар нэг зохицуулалт байхгүй байна.

Тухайн хэрэг болох үед хажууд байсан гэх яллагдагчийн гэр бүлийн хүн болох Ө.Мөнхтулгыг гэрчээр асуух нь зүйтэй. Тухайн үед дуудлагаар хэн гэх цагдаагийн албан хаагч нар ирсэн болон ямар дугаар дуудлага өгч ирснийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна гэжээ. Гэвч шүүгчийн захирамжийн 3, 4 дэх заалтад заасан ажиллагааг хийх нь хэрэгт ач холбогдолтой гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шүүгч ямар ач холбогдолтой талаар тодорхой заагаагүй байна. Яллагдагчийн гэр бүлийн хүнээс гадна хэрэг болох үед байсан хамаарал бус бүх хүмүүсийг гэрчээр байцаасан ба хэрэг болсны дараа дуудлагаар ирж албан үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн албан хаагч нарыг байцаах нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход ач холбогдолтой гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 668 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Миний бие уг хэргийн яллах дүгнэлтийг бичсэн, шүүх хуралдаанд Б.Эрдэнэбаатар прокурор оролцсон. Хэргийн хувьд шалгуулахаар гаргасан хүсэлт болгоныг шалгасан, үнэлгээг 2 удаа хийлгэсэн, зөрүүгүй байдлаар үнэлгээ гарсан, гэрч нарыг бүгдийг нь асуусан, гар утсыг криминалистикийн шинжилгээнд явуулж шинжлүүлсэн, эд мөрийн баримттай, бичлэгтэй хэрэг байхад шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй. Иймд шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан захирамжид эсэргүүцэл бичсэн байгаа. Б.Эрдэнэбаатар прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, “хөгжлийн бэрхшээлтэй яллагдагчаас мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй, насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа зохих хууль ёсны төлөөлөгчийг оролцуулаагүй, тухайн хэрэг болох үед гэрт байсан хүнээс болон дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч нарыг гэрчээр асуугаагүй” гэсэн үндэслэлүүд зааж, эдгээр ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж хэргийг прокурорт буцаасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч А.Б нь хэл ярианы хувьд өөрийгөө ойлгуулах чадваргүй болох нь тогтоогдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй” яллагдагч, шүүгдэгч оролцох ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тухай заажээ.

 

Гэтэл А.Бээс яллагдагчаар мэдүүлэг авах болон яллах дүгнэлтийг гардуулах зэрэг ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй нь дээрх хууль зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаарх шүүгчийн захирамжийн заалт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Харин шүүгчийн захирамжийн бусад заалт буюу насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа хөгжлийн бэрхшээлтэй эцэг Ө.Мөнхтулгыг байлцуулж, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй, мөн тухайн үед гэрт нь байсан Ө.Мөнхтулгаас гэрчийн мэдүүлэг авах, дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийг олж, гэрчээр асуух зэрэг ажиллагааг хөндлөнгийн байр сууринаас хандах шүүх зааж чиглүүлж байгаа нь учир дутагдалтай байх тул эдгээр заалтыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, 2, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай прокурорын эсэргүүцлийн заримыг хүлээн авч заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 668 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаартай “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ