Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0168

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Н” ХХК

Хариуцагч Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б, Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б, Д.Б нарын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн НА-222300000** дугаар актаар ногдуулсан нийт 306,888,251.14 төгрөгийн төлбөрөөс үндэслэлгүйгээр ногдуулсан 229,065,872.79 төгрөгийг хасаж, нөхөн ногдуулалтын актын дүнг 77,822,378.35 төгрөг болгон бууруулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0971 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Б.Б

Хариуцагч Г.Б

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0720/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Н” ХХК нь Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б, Д.Б нарт холбогдуулж “Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б, Д.Б нарын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн НА-222300000** дугаар актаар ногдуулсан нийт 306,888,251.14 төгрөгийн төлбөрөөс үндэслэлгүйгээр ногдуулсан 229,065,872.79 төгрөгийг хасаж, нөхөн ногдуулалтын актын дүнг 77,822,378.35 төгрөг болгон бууруулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0971 дүгээр шийдвэрээр:

 Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 84 дүгээр зүйлийн 84.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 20 дугаар зүйлийн 20.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 28,741,832.25 төгрөгийн хэмжээгээр актаар тогтоосон төлбөрийг бууруулж шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б давж заалдах гомдолдоо:

“...Бид нүүрс экспортолсон үйл баримттай маргаагүй бөгөөд зөвхөн АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцохдоо гаалийн лабораторийн дүгнэлт дэх агуулга, түүний хувь хэмжээ, шинж чанарт үндэслээгүй, зөвхөн БТКУС кодын ангилалд үндэслэн тухайн ангиллын хамгийн өндөр үнэ буюу 145.22 ам долларын үнээр тонн тутмыг тооцоолж өндөр дүн бүхий АМНАТ ногдуулсан үнэ нь үндэслэлгүй байна гэж маргасан.

Экспортод гаргасан нүүрсэнд ногдох АМНАТ-ийг Засгийн газрын 2019 он 465 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын дагуу тооцох зохицуулалттай.

Тус журмын 2.1.2-т “тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлан, 2.4-т “Гадаад зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно, 2.7-д “Ашигт малтмалын бүтээгдэхүүний лабораторийн дүгнэлтэд үндэслэн ашигт малтмалд АМНАТ ногдуулна” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, гаалийн лабораторийн дүгнэлтээс 1-т агуулга, түүний хувийг, 2-т шинж чанарыг, 3-т ангиллыг үндэслэж ашигт малтмалд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцохоор зохицуулсан.

Гэтэл анхан шатны шүүхээс татварын улсын байцаагчийн актаар Гаалийн лабораторийн дүгнэлтээр тодорхойлсон коксжих чанаргүй нүүрс (БХ27011213)-аар зах зээлийн үнээр АМНАТ ногдуулсныг зөвтгөж шийдвэрлэсэн. Лабораторын дүгнэлт дэх эдгээр 3 үзүүлэлтээс зөвхөн аль нэгийг нь сонгож АМНАТ ногдуулах үнэлгээ тогтооно гэж заагаагүй бөгөөд энэ 3 үзүүлэлт тус бүрийг үндэслэж АМНАТ ногдуулах үнэлгээ тогтоох байсан.

2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-д экспортолсон 3353,2 тонн нүүрсэнд хийсэн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 0121007105 дугаар Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээгээр: “БТКУС-ын код 27011213, боловсруулаагүй, коксжих чанаргүй, 25,56%-ийн чийглэгтэй, эрдсийн зүйлгүй, чийгтэй жинд тооцсон илчлэг 7334 ккал/кг, бодит илчлэг 4187 ккал/кг, үнслэг 16,11%, дэгдэмхий 46,79%, хөөлтийн зэрэг 0, барьцалдах чанар 0 тус тус агууламжтай” гэж дүгнэсэн.

Мөн Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.2-т Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно гэж заасан нь АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээг тооцоход тухайн нүүрсний агуулгын чанар нь гол үзүүлэлт болохыг нотолж байхад шүүх түүнийг үнэлээгүй.

Анхан шатны шүүхээс нүүрсний агуулга, түүний хувь хэмжээ, шинж чанар үндэслэж АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох нь Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.2-д Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээ тооцно” гэсэн заалттай нийцэхгүй гэж үзэж байна.

 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.13-т “Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө”, 12.1.3-т “үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар” гэж заасны дагуу манай компанийн 2021 онд дансаар хүлээн авсан 1.0 сая юань буюу 440,377,500 төгрөгийг татвар ногдох орлогоор хүлээн зөвшөөрөх ёстой орлого дээр нэмж хэрэгжээгүй буюу бодитоор орж ирээгүй орлого дээр акт тогтоосныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар татварын улсын байцаа нар нь татварын хяналт шалгалтыг хийхдээ бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл татварын улсын байцаагч нар бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр гаалийн байгууллага болон Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн гэх мэдээнд үндэслэн нүүрс экспортолсон гэж үзэж төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй байхад актын холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн.

Манай компани нүүрс экспортлох үйл ажиллагаанд зөвхөн зуучлах үүрэг гүйцэтгэж өөрийн компанийн нэрээр нүүрс худалдан авч, экспортод гаргасан үйл баримтыг шүүх үнэлээгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0971 дүгээр шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т давж заалдах гомдолдоо:

“...Тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хангаж, нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг хүчингүй болгож тухайн актыг 28.741.832,25 төгрөгөөр бууруулсан нь хуульд нийцэхгүй байна. Үүнд 2021 онд 205.298.801,83 төгрөгийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцож тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно”, 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6.3-д “Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг зөрчсөн тул төлбөр ногдуулсан.

Татвар төлөгч гомдолдоо “...НӨАТ-ын дүн хэсэгт тайлагнасан санаатай бус алдаа гаргасан. Энэ буруу тайлагнасан 20.530.137,66 төгрөгийг ... төсвөөс буцаан аваагүй бөгөөд татварын цахим тайлангийн системд илүү төлөлтөөр харагдаж байна” гэжээ. Татварын улсын байцаагчийн шийдвэрээр гарсан дээрх төлбөрийг татвар төлөгч төлөхгүй бөгөөд илүү үлдэгдлээсээ суутган тооцуулж цахим системд өөрчлөлт хийлгэж үлдэгдлээ тохируулах боломжтой.

Иймд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0971 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхив.

          2. Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б, Д.Б нь “Н” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2223100489 тоот томилолт, Эрсдэлд суурилсан шалгалтыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хийж, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн НА-222300000** дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 83 дугаар зүйлийн 83.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, 84.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 201.831.745,34 төгрөгийн нөхөн татвар, 76.065.810,3 төгрөгийн торгууль, 28.990.695,5 төгрөгийн алданги, нийт 306.888.251,14 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

          3.  Дээрх актыг хэсэгчлэн эс зөвшөөрч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоолоор хянаад маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн НА-222300000** дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

          4. Актын Нэг-д “Н” ХХК нь 2021 оны 11 дүгээр сард 3353.2 тонн боловсруулаагүй, коксжих чанаргүй /БК:27011213/ нүүрсийг БНХАУ-д экспортлон борлуулсан болох нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл болох гаалийн мэдээгээр нотлогдсон байх бөгөөд хяналт шалгалтын явцад ирүүлсэн Нүүрс тээврийн гэрээг үндэслэн 779.512.602,96 төгрөгийн орлогоос 2021 онд тайлагнасан 442.447.370,00 төгрөгийг хасаж, 337.065.232,96 төгрөгийн зөрчилд хариуцлага тооцсон нь үндэслэлтэй байна.

          4.1 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно”, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 20 дугаар зүйлийн 20.1-д заасантай актын холбогдох хэсэг нийцсэн байх тул “...бодитоор хэрэгжээгүй орлого буюу нүүрс худалдан авахад зуучилсан орлогыг худалдан борлуулсан мэтээр, дарамт үзүүлж татвар ногдуулсныг зөвшөөрөхгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

          4.2 Өөрөөр хэлбэл “М” ХХК болон БНХАУ-ын Inner Mongolia Yunze Trading Ltd компанитай тус тус байгуулсан 10.000 тонн Нүүрс худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгийн зөрүү, гаалийн мэдээ зэргийг үндэслэн татвар ногдуулсан нь хууль тогтоомжид нийцсэн, анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.   

          5. Актын Дөрөв-т 2021 онд 205.298.801,83 төгрөгийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцож тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, 14.6.3-т заасныг зөрчсөн тухайд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

          5.1 “Н” ХХК нь 2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа 20.529.880,18 төгрөгийг хасагдах НӨАТ-н дүн хэсэгт тайлагнасан байх бөгөөд “... энэ төлбөрийг татвар төлөгч төлөхгүй бөгөөд илүү үлдэгдлээсээ суутган тооцуулж ... үлдэгдлээ тохируулах боломжтой” гэх хариуцагчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн “13 дугаар зүйл Албан татвараас чөлөөлөх, 13.1.13-т энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн” гэж заасанд хамаарч байгаа” гэх тайлбар зэргээс үзвэл худалдан авсан бараа буюу нүүрс худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг дахин төлүүлэхээр акт тогтоосон нь хуулийн холбогдох заалтыг зөрчжээ.    

          5.2 Тодруулбал энэ нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа худалдан авсан бараанд төлсөн НӨАТ-ыг татварын удирдлагын нэгдсэн систем дэх тооцоололд үлдэгдлийг бууруулж 00.00 үлдэгдэлтэй болгов гэсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоогоор нотлогдох бөгөөд ийнхүү суутгуулаад төлсөн татварыг дахин төлүүлэхээр зөрчилд тооцон акт тогтоосон нь үндэслэлгүй байх тул шүүхээс төлбөрийн хэмжээг актын холбогдох хэсгээр бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

          6. Актын Зургаа, 2021 оны 11 дүгээр сард 3353,2 тонн боловсруулаагүй, коксжих чанаргүй /БК:27011213/ нүүрсийг БНХАУ-д экспортлон борлуулахдаа 1.387.447.142,62 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /69.372.357,13 төгрөгийн үндсэн төлбөр, 69.372.357,13 төгрөгийн нэмэлт төлбөр/ ногдуулж тайлагнаагүй зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй байна.

          6.1 Гаалийн төв лабораторийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр  нэхэмжлэгч хуулийн этгээдийн БНХАУ-д экспортолсон 3353,2 тонн нүүрсэнд хийсэн магадлан шинжилгээгээр “БТКУС-ын код 27011213, боловсруулаагүй, коксжих чанаргүй, 25,56%-ийн чийглэгтэй, эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсон илчлэг 7334 ккал/кг, бодит илчлэг 4187 ккал/кг, үнслэг 16.11%, дэгдэмхий 40.79%, хөөлтийн зэрэг 0, барьцалдах чанар 0 тус тус агууламжтай” гэж дүгнэжээ.            

          6.2 Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал тооцох үндсэн зарчим, аргачлалд заасантай нийцсэн, тухайн Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, БТКУС-ын код 27011213-аар гаалийн мэдүүлгийг экспортлогч мэдүүлсэн байх тул гаргасан зөрчил нь холбогдох эдгээр баримтаар нотлогдож байна.

          6.3 Ийнхүү нөхөн татвар ногдуулсан нь Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1.2, 2.4, 2.7, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2-т заасантай нийцсэн байх тул “...АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээг тооцоход тухайн нүүрсний агуулгын чанар нь гол үзүүлэлт болохыг нотолж байхад шүүх үнэлээгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.    

       Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулж Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0971 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                              Г.БИЛГҮҮН

 

                         ШҮҮГЧ                                              О.ОЮУНГЭРЭЛ

 

 ШҮҮГЧ                                              Ц.САЙХАНТУЯА