Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 00087

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

           

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Г.Мэндбаяр

Улсын яллагч Э.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Энхбаярд холбогдох 201618020155 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, илчит тэрэгний машинч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, энэ хэрэгт холбогдох үедээ УБТЗ-ын Зүүнхараа дахь ачааны вагон засварын депод машинч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Зоригтын Энхбаяр.  /РД: МЗ89122691/

 

           Шүүгдэгч З.Энхбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Хараа голын эрэг дээр хохирогч Т.Алтанхуягтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар ташуураар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Мөнхбаярын өгсөн…... 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр оройн 20 цагийн үед Хэрх тосгоны Холбоо толгойн дор Сэлэнгээс ирсэн найзынхаа морийг машинд нь ачилцаж өгөөд зогсож байхад Мөнхбаяр буюу миний ихэр дүү ирээд намайг Шивэрийн нэг залуу морьтой хүрч ирээд нуруу луу 2-3 удаа ташуурдлаа гэж хэлэхээр нь цамцыг нь сөхөөд нурууг нь харахад 2-3 гөвдрүү үүсээд улайсан байсан. Яагаад чамайг ташуурдаж байгаа юм бэ чи яасан юм гэхэд голын эрэг дээр архи уугаад сууж байсан залуучууд намайг дуудахаар нь таньдаг хүн байхгүй байхаар нь очоогүй давхиад явахад араас нэг залуу хүрч ирээд том ташуураар учир зүггүй цохисон гэж хэлсэн. Мөн чи дуудаад байхад яагаад ирдэггүй юм эргэж ирж уулзаарай гэж хэлсэн байсан. Би морио ачиж дуусаад ихэр Мөнхбаяр болон Энхбаатар гэх залуугийн хамт гурвуулаа эхнэр хүүхэд дээрээ очихоор морьтой явж байсан чинь Хараа голын эрэг дээр 3 залуу архи уугаад сууж байснаа биднийг хараад нөгөө пизда чинь энэ байна гээд архины шил бариад босоод ирсэн. Би яваад очиход тэр залуу чамайг эргэж ирж уулз гэж байхад чи яагаад яваад өгөв гээд морины цулбуураас барьж авсан. Тэгэхээр нь би чи яагаад миний ихрийг зодож байгаа юм бэ гэхэд зодохоор яадаг юм би Эрхмээ прокурорын дүү нь байна та нар яаж ч чадахгүй хоёуланг чинь ална гээд байсан. Тэгээд архины шилээр цохихоор нь би бултаад зөрүүлээд ташуураар нуруу луу нь ороолгосон чинь ямар овоо пизда вэ гээд дахиад шилээ далайгаад цохих гэхээр нь архины шил барьсан гарыг нь ташуураар хаах гэхдээ нүд хөмсгийг нь шүргүүлээд цохисон байсан. Хамар хөмсөг хоёроос нь цус гараад морины цулбуураас тавихаар нь эмнэлэг явж үзүүлье гэж хохирогч Алтанхуягт хэлээд машин авчрахаар явсан. Машин аваад ирэхэд хохирогч морио унаад гэр лүүгээ яваад өгсөн. Тэгэхээр нь Түмэнбаяраас гэрийг нь асуугаад араас нь очиход пронтер машин унаж гарч ирээд дайрах гэж хөөсөн. Би зугатаж холдоход машинаа зогсоосон. Би очиж уулзаад эмнэлэг явъя гэхэд чам шиг юмтай харьцахгүй маргааш надтай уулзаарай гээд машинаа унаад яваад өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Т.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн…… Тэгтэл Балдангомбо намайг наадмын талбай руу яваад хуушуур аваад ир гэхээр нь би мориндоо мордоод байж байтал бид нарын сууж байсан газрын хажуугаар морьтой хоёр залуу давхиж өнгөрөх үед Бааяа ах Ээлээ хөөе гэж дуудахад тэр хоёр залуу сонсохгүй явчихсан юм. Тэгэхээр нь би тэр хоёр залуугийн араас давхиж очоод хөөе чамайг дуудаад байна шүү дээ гэж хэлээд нуруу руу нь ташуураар хүрсэн юм. Тэгтэл нөгөө хоёр залуугийн нэг нь би Ээлээ биш Мөөлөө байна би Холбоо толгой руу морь ачих гээд явж байна гэж хэлээд явчихсан юм. Тэр хоёрыг явчихаар нь би наадмын талбай орж хуушуур аваад Хараа голын эрэг дээр нөгөө хэд дээрээ ирээд хуушуураа идчихээд байж байтал Бааяа ах миний морийг унаад наадмын талбайн урагшаа гол руу гараад явсан. Мөнхөө ах болохоор намайг хуушуур авч ирэхээс өмнө явчихсан байсан. Ингээд хараа голын эрэг дээр Балдангомбо, Түмэнбаяр бид гурав үлдээд ахиад нэг шил архи уугаад би архийг нь аягалж  өгсөн. Би тэр архинаас нь ерөөсөө уугаагүй байж байтал цаанаас 3 морьтой залуучууд хар хурдаараа давхиж ирээд Ээлээ буюу Энхбаяр нь миний нүүр лүү ташуурдаад  би тонгойсон чинь нуруун дээр нэг удаа дахиад ташуурдсан. Нийт хоёр удаа намайг ташуурдсан. Тэгтэл миний зүүн талын хөмсөг язарч хамар бас язарсан юм. Би тэр үед чи намайг яаж байгаа юм  бэ би чамд ямар ч гэмтэл учруулаагүй шүү дээ гэж хэлсэн юм. Би Улаанбаатар хот руу эмнэлэгт явж үзүүлэхэд зүүн нүдний угийн шар бүрхүүл цоорсон гэж оношилсон юм. Тэгээд нүдний хагалгаанд орно гэж хэлсэн. Одоо миний биеийн байдал гайгүй хэвийн байна.. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 12-13 дугаар хуудас/

Гэрч Б.Балдангомбын мөрдөн байцаалтад өгсөн…. Тухайн өдрийн сумын наадам дуусч морь цоллож байх үеэр би Хараа голын ард Бааяа, Алтанхуяг, Мөнхөө бид дөрөв ганц шил архи задлаад сууж байтал 2 морьтой залуу хажуугаар давхиад өнгөрсөн. Алтанхуяг мориндоо мордож араас нь давхиад хар зам дээр гүйцэж очоод хоёуланг нь ташуурдах шиг болсон. Нөгөө 2 морьтой залуу цааш зугатаагаад давхиад явсан. Алтанхуяг ч араас нь давхиж байгаа харагдсан. Иймл зүйл болохыг харсан… Намайг утсаар яриад жаахан зайтай зогсож байгаад эргээд ирэхэд Алтанхуяг нүүрээ дарчихсан нүүрнээс нь цус гараад байгаа бололтой байсан. Түүний хажууд хоёр ихэр Ээлээ, Мөөлөө нар нэг залуугийн хамт морьтой ирчихсэн байсан. Алтанхуяг өөрөө хүнтэй аятайхан харьцалгүй ийм асуудалд орсон доо. Ээлээ, Мөөлөө хоёрын араас оччихоод ирэхэд түүний ташуур бяцарчихсан, өөрөө энэ муу хоёрыг алнаа энэ тэр гээд байсан шүү дээ гэх мэдүүлэг /Хх-н 14 дүгээр хуудас/

Гэрч Б.Түмэнбаярын мөрдөн байцаалтад өгсөн…… Би 2016.07.24-ний орой 20 цагийн орчим наадмын талбайн арын Хараа голын эрэг дээр Балдангомбо, Алтанхуяг, Хурцаа нарын хамт архи уугаад байж байтал Ээлээ, Мөөлөө хоёр нэг танихгүй залуугийн хамт гурвуулаа морьтой ирээд ээлээ нь Алтанхуягт Мөөлөөг яагаад ташуурдаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь Алтанхуяг нь ууж байсан архины шилээ барьж босч ирээд Ээлээ рүү би Эрхмээ прокурорын дүү нь байна та нар намайг яаж чадах юм бэ гэж хэлсэн чинь Ээлээ нь морин дээрээсээ Алтанхуягийн нуруу луу нэг удаа ташуурдсан. Тэгтэл Алтанхуяг Ээлээгийн морины жолооноос зуураад байсан чинь Ээлээ нүүр рүү нь дахиад нэг удаа ташуурдсан юм. Тэгтэл Алтанхуяг Ээлээгийн цулбуурыг тавьсан. Алтанхуягийн хамарны орчим жижигхэн газарт язарчихсан байсан. Алтанхуяг утсаа гаргаж ирээд би Эрхмээ прокурор руу ярина гээд байсан. Тэгээд Алтанхуягийг гэрт нь хүргэж өгөхөөр Хурцаа морьтой нь хамт аваад явсан. Би араас нь нь ээлээ, Мөөлөө нарыг дагуулаад Алтанхуягийн гэрт нь яваад очиход Алтанхуяг гэрээсээ пронтер машинаа унаад гарч ирээд Ээлээг мөргөх гэж давхиж ирэхэд Ээлээ бултаж гарсан гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/

Гэрч О.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн…… Би 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон баяр наадмын орой Хараа голын эргээр Мөнхбаяр /Мөөлөө/ ахтай хамт нэг нэг морь уначихсан Хэрхийн Холбоо толгой руу давхиж явтал голын эрэг дээр сууж байсан ах нар бид хоёрыг дуудаад байхаар нь яарч явсан учраас Мөнхбаяр ах бид хоёр шууд давхиад явчихсан юм. Тэгээд Мөнхбаяр ах бид хоёр яг Хараа голын гүүрэн дээгүүр явж байтал араас алаг морьтой ах хар хурдаараа давхиж ирээд Мөнхбаяр ахыг учир зүггүй ташуурдаад эхэлсэн. Тэр үед Мөнхбаяр ах надад миний дүү зугатаарай гэж хэлэхээр нь би мориндоо ташуур өгөөд зугатсан. Тэгтэл алаг морьтой ах Мөнхбаяр ахыг ташуурдахаа болиод миний араас намайг хөөж ирээд миний нуруу руу нэг удаа ташуурдсан. Би морио улам эрчтэй хурдан давхиулаад тэр ахаас зугатчихсан юм гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 197…….. Дүгнэлт:

1.Т.Алтанхуягийн биед зүүн нүдний хараагүйдэл, хамар ясны хугарал, зүүн хөмсөг, хамарт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун даланд тавшсан зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхийхөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 25% нөлөөлнө гэх /Хх-н 24 дүгээр хуудас/

З.Энхбаяр нь ам бүл 3, Нарангийн ¹ 78 тоотод оршин суудаг гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 44 дүгээр хуудас/

З.Энхбаяр нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 46 дугаар хуудас/

Хохирогч Т.Алтансүхийн З.Энхбаяраас 4650000 төгрөгийг хүлээн авлаа, одоо түүнээс дахин нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, тооцоо бүрэн дууссан, бид хоёр эвлэрсэн, надад ямар ч гомдол байхгүй, түүний хэргийг хэрэгсэхгүй болгох буюу хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 51 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

           Шүүгдэгч З.Энхбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Хараа голын эрэг дээр хохирогч Т.Алтанхуягтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нуруу болон нүүрэн тус газар ташуураар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь  шүүх хуралдаанаар хянан  хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

           

Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан, тэднийг байцаахдаа хууль зөрчөөгүй, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, мөн шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий эргэлзээгүй байна гэж үзэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч З.Энхбаяр нь тодорхой сэдэлттэй буюу хохирогч Т.Алтанхуягийг “өөрийн ихэр З.Мөнхбаярыг ташуураар яагаад цохисон юм бэ” гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болж өөр хоорондоо маргалдан хохирогч Т.Алтанхуягийн нуруу болон нүүрэн тус газарт нь ташуураар цохиж түүний биед зүүн нүдний хараагүйдэл, хамар ясны хугарал, зүүн хөмсөг, хамарт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун даланд тавшсан зулгаралт бүхий гэмтэл учруулж удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан хүндэвтэр гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч З.Мөнхбаярд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч З.Энхбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг болон хохирогчийн хууль бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэнийг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзэв.

 

Хохирогч Т.Алтанхуяг нь шүүгдэгч З.Энхбаяраас дахин нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, тооцоо бүрэн дууссан гэсэн ба З.Энхбаяр нь түүнд нийт 8650000 төгрөг төлсөн гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч З.Энхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад :

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                    

 

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Зоригтын Энхбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Энхбаярыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан З.Энхбаярд оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүзгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, З.Энхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан З.Энхбаярд оногдуулсан 01 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Хохирогч Т.Алтансүх нь цаашид дахин нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Энхбаярд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.