Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2514

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “И” ХХК -ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Т” СӨХ-нд холбогдох,

“4,324,192 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Даваадорж, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Батчимэг, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал Х.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“И” ХХК-нь 2017-оны 04-р сарын 24-ний өдрийн №15 тоот гэрээг “Гэрээт харуул хамгаалалт”-ын тухай хуулийн 8-р зүйлийг үндэслэн БЗД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт орших “Т” СӨХ-тэй хамгаалалтын гэрээ байгуулан ажилласан болно. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 15-ныг хүртэлх нийт хамгаалалтын төлбөр 6,924,192 төгрөгөөс 2,600,000 төгрөгийг "Т" СӨХ-нь төлсөн ба хамгаалалтын үйлчилгээний төлбөрийг цаг тухай бүрт өгөхгүй дутуу өгч төлбөрөө шаардахаар удахгүй өгнө гэдэг боловч өгөхгүй хамгаалагч нарын цалин тавихад хүндрэл үүсэж байсан тул манай компани 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон арга буюу хамгаалалтаа буулгаж гэрээг цуцалсан билээ. Бид СӨХ-ийн захирал Б.Батчимэгтэй удаа дараа уулзаж төлбөр барагдуулах тухай хэлцэл хийсэн боловч удахгүй өгнө, дараа сараас өгнө гэж хэлдэг боловч төлбөр барагдуулах тухай санаачилга гаргахгүй байгаа ба бид төлбөрийн нэхэмжлэх, төлбөр барагдуулах график гаргаж хүргүүлсэн боловч тодорхой хариу өгөхгүй байгаа тул манай байгууллагын 2017 оны 04-р сарын 24-нөөс 2017 оны 09-р сарын 15-ны хүртэлх хамгаалалтын үйлчилгээний хөлсний үлдэгдэл болох  4,324,192 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэв.

            Хариуцагч “Т” СӨХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал Б.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017.04.01-ний өдрөөс 2017.10.01-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Баярцэнгэл нь 2017.04.15-наас “И” ХХК-тай оршин суугчид болон ТУЗ-ийн гишүүддээ танилцуулахгүй бие даан гэрээ хийсэн байдаг. “И” ХХК ажиллах хугацаандаа унадаг дугуй 1ш, унадаг дугуйны суудал 1ш, тоглоомын талбайн зөөлөвч резин 90 ш, нийтийн эзэмшлийн гэрлүүд, талбайн  зогсоолд байрласан машин шүргүүлсэн, хулгайд эд  зүйлсээ алдсан гэх оршин суугчдын өргөдөл гомдлыг цаг тухайд  нь шийдэж өгдөггүй, эдгээр хэргүүдийг баримтжуулан  хяналтын  камер шүүлгэх тохиолдолд мэдлэг чадваргүйн улмаас хариуцсан төхөөрөмжөө  ажиллуулж чадахгүйн улмаас иргэд хохирч үлдсэн байдаг. Гараашид байрлах “В1” байр руу орох домофон системийг /3 ш/ хулгайд алдсан. Гараашийн хаалганы домофон алга болох хугацаанд 21 дүгээр зогсоолын оршин суугчийн хайрцагтай эд зүйл нь алдагдаж хохирол учирсан. Баярцэнгэл нь гэрээгээр хүлээсэн төлбөр тооцоогоо цаг хугацаанд нь төлөлгүй хойшлуулж, өдийг хүрлээ. Энэхүү хугацаанд санхүү нь тогтвортой ажиллаж байсан атлаа гэрээт байгууллагууддаа төлбөр тооцоогоо хагас дутуу төлж ирсэн байна. Оршин суугчиддаа мэдэгдэлгүй ТУЗ-ын гишүүддээ цаашид ажиллах боломжгүй хэмээн өргөдөл бичиж өгөн хяналтын зөвлөлийн гишүүн Сайханбилэгт “Т” СӨХ-нд хамааралтай бичиг баримтуудыг хүлээлгэн өгсөн байдаг. Энэхүү хугацаанаас эхлэн СӨХ-ны ажиллагаа тасалдан хамтран ажиллаж буй байгууллагууддаа төлбөр тооцоогоо цаг хугацаанд нь  төлж барагдуулалгүй өр төлбөрт орж эхэлсэн  учраас оршин суугчдын хүсэлтээр миний бие Б.Батчимэг нь “Т” СӨХ-ны үйл ажиллагааг хяналтын зөвлөлийн гишүүн Сайнбилэгээс тодорхой бичиг баримтуудыг хүлээн авсан. Ажил хүлээн авахад “Хүрээ хаус” ус дулаан  хариуцсан конторт  13,000,000  төгрөг, Лифт хариуцсан “Сигма” ХХК-д 2,800,000 төгрөг, хот тохижилтод 2,000,000 төгрөг, “Их тугч  секьюрити” ХХК-д 4,324,000 төгрөгийн өртэй гэж ямар  ч тодорхойлох баримт бичиггүй аман хэлбэрээр хүлээлгэж өгсөн. Энэ талаар оршин суугчиддаа тайлагнантодорхой болсон өр төлбөрийг барагдуулж эхэлсэн. Алдагдсан эд зүйлсээс 3 орцны В-1-д байрлах домофон 3 ширхгийг Б.Батчимэг надад хүлээлгэж өгсөн. Дээрх нэхэмжлэл нь Баярцэнгэлийн үеийн СӨХ-ны үед болон одоогийн СӨХ-ны төсөв тайланд төлөвлөгдөөгүй зардал гарч буй  тул оршин суугчид болох  СӨХ-нд нөхөн төлөх  санхүүгийн боломж бололцоо байхгүй байдлыг  харгалзан үзэж асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэв.

           

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “И” ХХК хариуцагч “Т” СӨХ-нд холбогдуулан “харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний хөлсөнд 4,324,192 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал “оршин суугчдаас гэрээ байгуулах зөвшөөрөл аваагүй, төлөх мөнгө байхгүй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

“И” ХХК “Гэрээт харуул хамгаалалтын тухай” Монгол Улсын хуульд заасны дагуу Нийслэлийн цагдаагийн газарт бүртгүүлэн гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2017 оны 6 сарын 16-ны өдрөөс авч, 2018.07.16-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь 20170700000152 дугаартай бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 15 дугаартай “хамгаалалтын” гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан байх бөгөөд ажиллагч болох “И” ХХК хамгаалагч ажиллуулах, ажиллуулагч болох “Т” СӨХ хөлс төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 359.2-т “энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.” гэж заажээ.

Гэрээний дагуу ажиллагч тал болох “И” ХХК-ийн хамгаалагчид 2017.04.24-ны өдрөөс “Т” СӨХ-ны хариуцан ажилладаг Баянзүрх дүүрэг 1-р хороо Денверийн гудамж, 79-р байранд 24 цагт 1 хамгаалагчтай, 3 ээлжээр буюу 3 хамгаалагчийг 2017.09.16-ны өдрийг хүртэл ажиллуулсан, ажиллуулагч тал болох “Т” СӨХ бэлнээр 400,000 төгрөг, дансаар 2,200,000 төгрөг, нийт 2,600,000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, тооцоо хийсэн баримт, харуул хамгаалалтын ажилчдын цагийн бүртгэсэн бүртгэлийн баримт зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 “Т” СӨХ сар бүр гэрээгээр хүлээсэн буюу хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй, өр төлбөр үүссэнээс шалтгаалж ажиллагч тал 2017.9.16-ны өдрөөр тасалбар болгон гэрээгээ дуусгавар болгосон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй.

2017.09.16-ны өдрөөр гэрээ дуусгавар болох үед хариуцагч “Т” СӨХ нэхэмжлэгч “И” ХХК-д 4,324,192 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ дүнгийн талаар хэн аль нь маргаагүй тул хариуцагчаас 4,324,192 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ... оршин суугчдаас гэрээ байгуулах зөвшөөрөл аваагүй, төлөх мөнгө байхгүй... гэж тайлбарлаж байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.4.2-т “холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөнд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах” гэж заасны дагуу  “Т” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Д.Баярцэнгэл  2017 оны 4 сарын 24-ний өдөр оршин суугчдаас зөвшөөрөл авахгүйгээр гэрээ байгуулах эрхтэй байсан байх тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй ба СӨХ-нд мөнгө байхгүй гэх тайлбараар гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагчийн .... харуул хамгаалалтын үүргээ муу биелүүлсэн, хулгайд эд зүйлүүд алдагдсан... гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч “Т” СӨХ-ноос 4,324,192 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” СӨХ-ноос 4,324,192 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 84,137 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.БАТЦЭЦЭГ