| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2018/02797/И |
| Дугаар | 2395 |
| Огноо | 2018-07-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2395
| 2018 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2018/02395 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х” -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Т” ХХК -д холбогдох,
6,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өсөхбаяр, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус газрын харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн зан нь Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай” 151 дүгээр тогтоол, Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээ болон дээрх хууль тогтоомжуудтай холбогдон гарсан бусад дүрэм, журам, тогтоол, шийдвэрийг удирдлага болгон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс тус санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажилладаг. Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь албан татварт ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг, үүнээс шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүсэд үйл ажиллагаа явуулсан бол дараах хувь хэмжээгээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Шуудангийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс, бүх нийтийн үйлчилгээний төрлийг шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоохоор хуульчилсан байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр захирамжаар Шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүсийг тогтоосон байдаг. Мөн хуулийн 9.1.2-д заасан эрх хэмжээний хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо хуралдаанаараа давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч этгээдээс Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг жил бүр тогтоодог болно. “Т” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны (Под PS) шуудангийн илгээмж тусгай зөвшөөрөл 2010 оны 01 дүгээр сарын 21 өдрийн 02 тоот тогтоолоор эзэмшдэг бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүсэд үйлчилгээ үзүүлэгч этгээдийн төвлөрүүлэх хөрөнгийг 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 тоот тогтоолоор 2011, 2012, 2013 онуудад Улаанбаатар хотод 1.500.000 төгрөг, 2013 оны 12дугаар сарын 20-ны өдрийн 65 тоот тогтоолоор 2014 онд Улаанбаатар хотод 1.000.000 төгрөг байхаар тус тус баталсан байх тул “Т” ХХК-ийн 2010-2014 онд Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх авлага 6 300 000 төгрөг болсон байна. Тус газраас дээрх хууль болон тогтоолоор хүлээсэн төлбөрийг барагдуулах талаар 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9/347 тоот, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 7/849 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж байсан боловч өнөөг хүртэл тус компани нь хууль, гэрээгээр хүлээсэн албан татвар ногдуулах үүргээ биелүүлээгүй байна.“Т” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 41 дүгээр тогтоолоор цуцлагдсан байдаг. Иймд “Т” ХХК-аас хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн 2010 оны 800,000 төгрөг, 2011 оны 1,500,000 төгрөг, 2012 оны 1,500,000 төгрөг, 2013 оны 1,500,000 төгрөг, 2014 оны 1,000,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.
Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өсөхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Т” ХХК нь 2009 онд тээвэр зуучлалын үйлчилгээ эрхлэхээр байгуулагдсан. 2009 онд Зам Тээврийн Яамнаас төмөр замын тээвэр зуучлалын тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулсан ирсэн. Тус компани нь 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 236 тоот албан хүсэлтээ өгч 2010 онд Шуудангийн логистик үйлчилгээний “Б” ангиллын буюу БНХАУ-аас Монгол улсын хооронд жижиг илгээлтийн ачаа тээвэрлэх эрхтэй эрхлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос авсан. Манай компанийн тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд жижиг илгээлтийн ачааг БНХАУ-ын Бээжин, Эрээн хотуудаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэхээр заагдсан ба бид бүхэн зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл нь бүрдээгүй байгааг удаа дараа албан бичиг явуулж мөн уулзалт хүртэл зохион байгуулж байсан болно. 2011.02.07-ны өдрийн 146/2 тоот бичигт мөн нөхцөл байдлыг дурдан үйл ажиллагаа явуулаагүй байгаа тухайгаа бичсэн ба 2012.12.03-ны 997/2 тоот албан бичгийг Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд хандан олгосон зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаа явуулах зөвлөмж заавар мөн Монгол Улсын Гааль болон Татварын байгууллагатай дээрх чиглэлээр ямар гэрээ байгуулсан, ямар журам зааврыг мөрдөн ажиллах талаар тодорхой зөвлөмж зааварчилгаа өгөхийг хүссэн албан бичгүүдийг удаа дараа явуулж байсан. Тус зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаа явуулах зорилгоор 2011.01.01-ны өдөр УБТЗ-ын харьяа АБТЭМ Ангид 242,5 м.кв агуулахын байрыг нэг жилийн хугацаатай сарын 485000 төгрөг түрээсэлсэн болно. Түрээсийн гэрээний хугацаа дуусаж бид дахин нэг жилийн хугацаатай сарын 606250 төгрөгөөр түрээслэхээр гэрээ хийсэн .Бид энэхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулахын тулд нилээд их зардал , цаг хугацааг зарцуулан ажилласан ч тусыг эс олсон. Манай компани нь тус зөвшөөрлийнхөө дагуу ямар ч үйл ажиллагаа явуулж чадаагүй учраас Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд 2013.02.15-ны 40/1 өдөр тус зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай албан хүсэлтээ өгсөн болно. Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.2.1. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг тул тус гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул тус нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан “бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хураамжид 2010 оны 800,000 төгрөг, 2011 оны 1,500,000 төгрөг, 2012 оны 1,500,000 төгрөг, 2013 оны 1,500,000 төгрөг, 2014 оны 1,000,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Т” ХХК “үйл ажиллагаа явуулаагүй, ашиг олоогүй, хүсэлтээ өгсөөр байтал тусгай зөвшөөрлийг цуцлаагүй, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг болох “Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар”-ын нэр “Х” болж өөрчлөгдсөн талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хэрэгт авагджээ.
Шуудангийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Шуудангийн тухай хууль тогтоомж нь Харилцаа холбооны тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”,
Харилцаа холбооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3-т ”Засгийн газар бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах ба Засгийн газраас баталсан “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам”-ын 2.1-д “Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар хариуцна” гэж заасны дагуу “Х” шаардах эрхтэй байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2010 оны 01 сарын 21-ний өдрийн 02 тоот “Тусгай зөвшөөрөл олгох, нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор “Транс гайд” ХХК-д 2010 оны 01 дүгээр сараас 2013 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацаанд “Монгол Улс-БНХАУ-ын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэх” зөвшөөрөл олгосон, “Транс гайд” ХХК төлбөр хураамжийг төлөөгүй үндэслэлээр уг зөвшөөрлийг тус хорооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 41 тоот “Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай” тогтоолоор хүчингүй болгожээ.
Хариуцагч “Транс гайд” ХХК нь 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулах боломжгүй тул уг зөвшөөрлийг цуцлах хүсэлтээ өгсөн гэж тайлбарлаж, “Транс гайд” ХХК-ийн 2013.02.15-ны өдрийн 40/01 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан боловч уг албан бичгийг Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн болох нь тогтоогдохгүй, 2013 оны 1 дүгээр сард хугацаа нь дуусахад хүсэлтээ өгсний улмаас сунгагдсан болох нь хэрэгт авагдсан 2013.01.21-ний өдөр сунгаж олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх ба ...цуцлах хүсэлтээ өгсөн... гэх тайлбар нь Харилцаа холбооны зохицуулах хороо болон Транс гайд ХХК-ийн хооронд байгуулагдсан Б/ILogPS/01 дугаартай 2013 оны 1 сарын 21-ний өдрийн тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулсан үйл баримтаар няцаагдаж байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “Транс гайд” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр, 2010 оны 01 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй ба хариуцагч тал эзэмшиж байсан талаар маргаагүй.
Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт: “Зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх зорилгоор шуудангийн болон цахилгаан холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг тус тус бүрдүүлж, зарцуулна” гэж заажээ.
Монгол Улсын Ерөнхий Сайдын 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн “Шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс, бүх нийтийн үйлчилгээний төрлийг шинэчлэн тогтоох тухай” 24 дүгээр захирамжаар зохицуулсан талаар зохигч маргаагүй.
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн албан татвар ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх орлогоос төвлөрүүлэх, давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч үйлчлэгч этгээдээс төвлөрүүлэх мөнгөн хөрөнгө гэсэн хоёр төрөлтэй байхаар байна.
Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т зааснаар давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх эрх хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчилсан.
Дээрх хуулийн заалтыг зохицуулсан шинжтэй Засгийн газрын 2009 оны 151 дүгээр тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам”-ын 4.2-т “...давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ эрхлэгчдээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2-т зааснаас гадна Шуудангийн тухай хуулийн 9.1.2-т заасны дагуу хөрөнгө төвлөрүүлнэ” гэжээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 2010 онд 1,000,000 төгрөг, 2011 онд 1,500,000 төгрөг, 2014 онд 1,000,000 төгрөг байхаар тус тус тогтоосон болох нь хэрэгт авагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2009.12.14-ний 57 тоот тогтоол, хавсралт, 2010.12.23-ны 48 тоот тогтоол, 2013.12.20-ны 65 тоот тогтоолоор тус тус тогтоогдож байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 2012, 2013 онд тогтоосон тогтоол Харилцаа холбооны зохицуулах хорооноос гараагүй, 2010 оны 12 сарын 23-ны өдрийн 48-р тогтоолд уг тогтоолоор тогтоосон хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 2012, 2013 онд мөрдөх талаар заагаагүй байх тул Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017.01.11-ний өдрийн 02/36 тоот албан бичгийг үндэслэн 2012, 2013 онд 1,500,000 төгрөгөөр тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагч талын “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна, учир нь хариуцагчийн хуулиар хүлээсэн төлбөр төлөх үүрэгт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалт хамаарахгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасанд хамаарч байна.
“Транс гайд” ХХК-ийн зүгээс Гаалийн ерөнхий газарт “хамтран ажиллах, асуудал шийдвэрлүүлэх” талаар албан бичгүүдийг илгээж байсан нь хэрэгт авагдсан “Транс гайд” ХХК-ийн албан бичгүүдээр тогтоогдож байх боловч хариуцагч талын ...тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, ашиг олоогүй, Гаалийн Ерөнхий газар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй... гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй, уг албан бичиг болон хариуцагч талын тайлбар нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуульд зааснаар үүссэн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын нэхэмжлэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх” иргэний эрх зүйн хамгаалалтад нийцэж байх тул дээрх үндэслэлүүдээр, “Транс гайд” ХХК–иас бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2010 онд төвлөрүүлэх 800,000 төгрөг, 2011 онд төвлөрүүлэх 1,500,000 төгрөг, 2014 онд төвлөрүүлэх 750,000 төгрөг /2014.09.25-нд тусгай зөвшөөрлийг цуцалсан тул ашигласан хугацааны 9 сарын төлбөр 1,000,000төгрөг:12сар*ашигласан 9 сар/, нийт 3,050,000 төгрөгийг гаргуулж Хт олгож, Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 2012, 2013 онд тогтоосон нь нотлогдохгүй үндэслэлээр 3,000,000 төгрөгт холбогдох, 2014 оны 10, 11, 12 сард тусгай зөвшөөрөл ашиглаагүй хугацааны төлбөр илүү нэхэмжилсэн үндэслэлээр 250,000 /2014.09.25-нд тусгай зөвшөөрлийг цуцалсан тул ашиглаагүй хугацааны 3 сарын төлбөр 1,000,000:12*3сар/ төгрөг, нийт 3,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хуваарилах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан хариуцагч “Транс гайд” ХХК-иас 3,050,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Транс гайд” ХХК-иас 63,750 төгрөг гаргуулан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ