Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/284

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 1914005640360 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  ***************** тоот регистрийн дугаартай,*******

Холбогдсон хэргийн талаар :    

Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 3 дугаар баг Хавцгайн ам гэх газарт Д.Нямлхагвын дагзанд хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 3 дугаар баг Хавцгайн ам гэх газарт Д.Нямлхагвын дагзанд хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь 

Хохирогч Д.Нямлхагвын ... Би 2019 оны 08 сарын 08-ны өдрөөс 11-ний өдрүүдэд Богд сумын 3 дугаар баг Хавцгайн ам гэх газар рашаан дээр гэр бүлийн гишүүдийн хамт амарч байсан. 12-ны өдөр майхандаа амарч байхад шөнө согтуу хүн орилоод яваад байсан. Тэгээд удалгүй манай майханд манай аав, ээж амарч байсан гэрт эмэгтэй Сэргэлэн гэдэг хүн намайг хүн ална гээд байна гэж орж ирээд манай майхны зүүн талруу очоод хэвтсэн. Тэгээд араас нь танихгүй залуу ална гэж орилж орж ирээд янхан минь босоод ир гээд манай хүүхдийн хөнжлийг хуу татсан. Тэгэхэд ээж нь босож ирээд загнасан, тэгээд би босож ирээд барьж аваад нүүрэн тус газар нь нэг цохисон тэгээд майхнаас авч гараад хархад миний толгойноос цус байгаа бололтой миний цээж рүү цус урсаж байсан. Тэгээд би хавсарч унагаагаад дээр нь гарч мордож суугаад хутгатай гарыг нь дарж аваад хутгыг нь гараас нь салгах гэж ноцолдож байгаад зүүн гарын булчиндаа хутганы үзүүр оруулсан. Тэгээд хажуу талын майханд байсан хүмүүс гарч ирээд дараад авахаар нь би хутгатай гарыг нь би тэр хүмүүст бариулаад өөрөө дээрээс нь буугаад манай аав ээж амарч байсан гэр лүү орж толгойноос гарч байсан цусаа тоггоосон. Надад гомдож нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/,

Гэрч О.Сэргэлэнгийн ... 03 цагийн үед танихгүй залуу орж ирээд дүүгээ яасан олж өг гээд намайг гэрээс дагуулаад гарсан. Олж өгөхгүй бол та нарыг бүгдийг чинь ална шүү гээд орилоод байсан. Тэгэхээр нь зугтаагаад хүмүүс унтаж байсан майхан руу орж нуугдсан. Тэгээд би зүүн талын захад хэвтэж байсан хүний хажуугаар ороод хэвтэхэд араас майхан руу орж ирээд майхны баруун захад унтаж байсан хүний хөнжлийг хуу татахад хүүхдүүд унтаж байсан. Тэгээд нэг хүн босож ирээд ноцолдоод майхнаас гараад явсан. Шөнө намайг дагуулж явж байхад гарт нь хутга байсан. Намайг гэрийн үүдэнд гаргаж ирээд дүүгээ олж ирэхгүй бол ална гээд хутга гаргаж ирээд дэлгэх гэж байгаад болиод буцаагаад далд хийхэд нь би зугтаад майханд унтаж байсан хүмүүс рүү орсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13/,

Гэрч Ц.Алтанхуягийн ... тэгээд орилоод яваад байсан. Тэгээд манай майхны гадаа хүмүүс маргалдаад байхаар нь майхнаас гараад харахад Ням-Лхагва майхныхаа үүдэнд түрүүлгийг нь харуулаад нэг гарыг нь ар дээр дарсан байсан. Тэгээд хартал сул гарт нь асаагуур хутга хоёр байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/,

Гэрч Б.Болормаагийн ... Би 2019 оны 08 дугаар сарын 12-ны шөнө амарч байсан хүмүүсийн хамт гэр болон майхандаа хуваагдан амарч байсан. Тэгэхэд шөнө 03 цагийн үед мотоцикльтой согтуу хүн майхны урдуур мотоциклио чанга дуугаар хаазалж хүмүүс сэрээж хүүхдүүд айлгаад байсан. Тэгээд бид эхэндээ хэсэг зуур чагнаж хүлээцтэй хандсан боловч чангаар орилж хашгичиж айлын хүнийг янхан гичий гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд манай майхны хажууд байсан майхан руу орж янхан гичий гээд дүүгийн маань хөнжлийг сөхөхөд нь аав нь юу бэ хэн бэ гэх нь бидэнд сонсогдсон. Тэгээд майхнаас нөхөр бид хоёр гарч харахад манай хүргэний толгойноос цус гарсан, нөгөө хүн нь гартаа асаагуур хутга 2 хамт барьсан байхыг би гэрэл тусгаж харсан. Тэгээд манай нөхөр очоод хутгатай гарын барьж авах гэтэл хүчрэгдэхгүй байсан. Тэгээд гэрт унтаж байсан дүүгээ дуудахад тэр 3 нийлээд хутганаас нь салгасан, хутга газар унахад би хутгыг нь аваад шидсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22/,

Шүүгдэгч *******ын ... тэгэхээр би Отгонтуяагийн эгч Сэргэлэнтэй урд гэрт нь ороход гэрт нь 2 хөгшин хүн унтаж байхаар нь би за сайхан амраарай гэж хэлээд буцаж гэрээс гарахад надтай хамт явж байсан Сэргэлэн гэдэг эгч байхгүй байсан. Тэгэхээр нь би майхан руу ороод хархад Отгонтуяатай адилхан эмэгтэй унтаж байсан. Тэгэхээр нь би хүүе гээд хөнжлөөс нь татаад асаагуурын гэрэл тусгаж харахад Отгонтуяа биш байхаар нь өө за уучлаарай гэсэн. Тэгэхэд хажуу талаас нь нэг эгч босож ирээд намайг загнасан, бас нэг эрэгтэй босож ирээд миний уруул руу цохисон тэгэхээр нь би зөрүүлээд барьж авах гэсэн толгойн ар дагз хэсэгт хутгаар зүссэн байсан. Би өөрөө сайн мэдэхгүй байна. Тэгээд майхны гадаа гаргаж ирээд намайг газар унагаасан, нэг харсан 2, 3 том биетэй залуучууд байсан. Тухайн гэмт хэрэг үйлдсэн хутга нь миний хутга байгаа юм. Би тухайн үед хүн зүссэндээ айгаад тэгж хэлсэн. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэргийн хор уршиг хохирол гомдлоо бүрэн барагдуулсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 сарын 14-ний өдрийн 499 тоот шинжээчийн ... Д.Нямлхагвын биед дагзанд шарх, зүүн бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 33/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 33-35/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-8/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.  

Хохирогч Д.Нямлхагва шүүгдэгч ******* нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.  

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн бариултай хутга 1 ширхэг, тамхины асаагуур 1 ширхэг зэргийг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн бариултай хутга 1 ширхэг, тамхины асаагуур 1 ширхэг зэргийг устгаж, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧБ.ГЭРЭЛМАА