| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2018/00496/И |
| Дугаар | 2441 |
| Огноо | 2018-07-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ш” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.А- т холбогдох,
“2,674,248 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ш” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...”Ш” СӨХ нь 2011 онд байгуулагдсан бөгөөд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Дүнжингарав хорооллын 103, 104, 105, 106, 107, 108 гэсэн нийт 6 байрны 304 айл өрхийг хариуцан ажилладаг. А.А энэ хүн нь тус хорооллын 103 дугаар байрны 25 тоотод “Энхрий жаалууд” цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1 сарын СӨХ-н төлбөрт 298,472 төгрөг төлөх үүрэгтэй юм. Гэтэл тус төлбөрийг 2017 оны 06 дугаар сараас хойш огт төлөөгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр А.Аээс 2017 оны 06 дугаар сараас мөн оны 11 дүгээр сарыг дуустал 6-н сарын СӨХ-н төлбөр болох 1.790.832 төгрөг, шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш хугацаан дах СӨХ-ны төлбөр 2017 оны 12 сар, 2018 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын дуустал буюу нийт 3 сарын төлбөр болох 883,416 төгрөг, нийт 2,674,248 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав хороолол, 103-25 тоот орон сууцны өмчлөгч нь А.А биш бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлээд уг баримт ирэхэд нь танилцахад М.Халиунаагийн өмчлөлд бүртгэлтэй болох нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн албан бичгээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж заасан тул А.А тус СӨХ-ийн гишүүн биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ш” СӨХ хариуцагч А.Ат холбогдуулан “СӨХ-нд 2017 оны 6, 7, 8, 9, 10, 11 сарын төлбөрт 1,790,832 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “2017 оны 12, 2018 оны 1, 2 сарын төлбөр 883,416 төгрөг гаргуулах”-аар нэмэгдүүлж, нийт “2,674,248 төгрөг гаргуулах”-аар нэхэмжилж байна.
Хариуцагч тал “тус орон сууцны өмчлөгч нь А.А биш” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103, 104, 105, 106, 107, 108-р байрны оршин суугчид 2014 оны 1 сарын 15-ны өдөр “Ш” СӨХ байгуулж, Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авчээ6
Б.Цэрэнжаргал “Ш” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс ажиллаж байгаа болох нь зохигчийн тайлбар, “Ш” СӨХ-ны бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч тал Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав хороолол, 103-25 тоот орон сууцны өмчлөгчийг А.А хэмээн тодорхойлсон байх ба Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав хороолол, 103-25 тоот орон сууцны өмчлөгч нь А.А болох нь баримтаар тогтоогдохгүй, уг орон сууцны өмчлөгч нь М.Халиунаа болох нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018.07.05-ны өдрийн 8/1063 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна”, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө”, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т “Орон сууц өмчлөгч нь дараах үүрэг хүлээнэ”, 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаар орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрх нь баталгаажсан этгээд сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх, улмаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч А.А Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав хороолол, 103-25 тоот орон сууцны өмчлөгч биш тул “Ш” СӨХ-нд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэггүй гэж дүгнэн, хариуцагч А.Ат холбогдуулан гаргасан 2,674,248 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ш” СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэнжаргалд 2018.07.20-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2018.06.27-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн ба БЗД-ийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018.07.05-ны өдрийн 8/1063 дугаартай албан бичгийг шүүгчийн туслах утсаар танилцуулж тэмдэглэл үйлдсэн, шүүхэд ирж танилцах эрхийг нь хангаагүй гэх нөхцөл байдал байхгүй учир уг баримттай танилцсан хэмээн үзэж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдъя.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ат холбогдуулан гаргасан “2,674,248 төгрөгийг” гаргуулах тухай нэхэмжлэгч “Ш” СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ