Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/263

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 1814004570245 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /*******/ Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын 6-6-1 тоотод үйл ажиллагаа явуулах *******гийн эзэмшлийн “Хонгор нутаг” гэх дэлгүүрт 2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 1850000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт .... мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.*******ы мөрдөн байцаалтад өгсөн ...2012-2016 онд эхнэр *******ийн хамтаар *******гийн дэлгүүрт ажиллах болж 2012 оноос хашаанд манайх амьдардаг байсан бөгөөд Т.******* нь худалдагч 2 хийдэг, би галч, манаач, сахиул, дэлгүүрийн бараа зөөж өгөх зэрэг ажлыг хийдэг бйасан. 2017 оны 10 дугаар сараас эхнэр Т.******* өөр ажил хийх болж, би үргэлжлүүлэн ажлаа хийсээр байсан. 2018 оны 07 дугаар сарын 19-нөөс эхлэн худалдагч *******гийн хамтаар ажиллаж байгаад орой 21 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хамт хаагаад явсан. Энэ өдөр сумын тог тасарсан байсан бөгөөд би дэлгүүр хаагаад ээжийндээ очиж байгаад 22 цагийн үед гэр лүгээ гар утасныхаа цэнэглэгчийг авахаар гарсан. Тэгээд гудамж уруудаад явж байсал *******гийн дэлгүүрийн гадаа 2-3 машин зогсож байгаад яваад өгөхөөр нь дэлгүүрийг шалгаж хаалгануудыг нь татаж үзэхэд дэлгүүрийн хойд талын хашааны гадна талын хаалганы зүүдэг шар өнгийн цоож зүүлттэй мөртлөө татахад онгорхой байхаар нь дэлгүүр лүү орж дэлгүүрийн доторх зүйлийг шалгаж үзэхэд зүгээр байсан. Тэгээд худалдагч *******гийн мөнгөө хадгалдаг лангуун доогуур мөнгө хийдэг газрыг нь шалгаж үзэхэд дотор нь их хэмжээний мөнгө байсан, мөнгө төгрөгийн хэрэгтэй байсан учир авъя гэж бодсон. Манай бага хүү Ж.Цэвээнсүрэн эмнэлэгт хэвтсэн байсан учир мөнгө хэрэг болно гэж бодоод авсан юм. Ингээд би уг мөнгийг аваад дэлгүүрээс гарахдаа хулгай орсон юм шиг харагдуулах санаатай дэлгүүр лүү ордог хаалганы хажуу талын порчикийг онгойлгоод орж ирсэн хаалгаараа гарч хаалганы цоожлоод явсан. Ингээд би гэртэй ирээд авсан мөнгөө амбаарт шалан доогуур хийчихээд ээжийнхээ гэрт очиж хоносон. Маргааш өглөө гэрээс гараад явж байхад Болормаатай тааралдахад дэлгүүрт порчикоор нь хулгай ороод орлогын бэлэн мөнгө аваад явсан байна гэж байсан. Миний хувьд авсан мөнгөө тоолж үзээгүй бөгөөд 300,000 төгрөг аваад өртэй байсан 2 хүнд өрөө өгсөн үлдэгдэл мөнгөөр аймгийн төв орж ирээд ээждээ эм тариа авсан. Хүүхдийнхээ эмчилгээнд ямар нэгэн мөнгө төгрөг зарцуулаагүй. Би мөнгөтэй болсон талаараа эхнэр хүүхдэдээ хэлээгүй бөгөөд сүүлд барагдаад цагдаад үлдэгдэл мөнгийг нь гаргаж өгсөн. Миний хувьд авсан 1,850,000 төгрөгийг буцааж өгч *******гаас уйлчлалт гуйсан . Миний хувьд өөрийн ажилладаг газраасаа харуул манаа хийж байх хугацаандаа 1,850,000 төгрөг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 63-66/

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... “Хонгор нутаг” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2018 оны 07 сарын 18- ны өдөр Эрдэнэт хот руу гэр бүлээрээ явсан. Манай дэлгүүрийг худалдагч ******* хариуцаж үлдсэн. 2018 оны 07 сарын 20-ны өдрийн 08 цаг 50 минутын үед ээж Бямбаа над руу залгаад дэлгүүрт хулгай ороод 1850000 төгрөг алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хулгай гарсан талаар мэдээлж цагдаагийн алба хаагч нар манай дэлгүүрт нөхөн үзлэг хийж хэргийг шалгасан. Манай дэлгүүрээс 1850000 хулгайлсан хүн нь манай дэлгүүрийн галч, манаач сахиул хийдэг Б.******* нь авсан байна гэж хэлсэн. Б.******* нь өвлийн цагт манай дэлгүүрийн галыг түлж манаач хийдэг, зуны цагт дэлгүүрийг эргэж тойрч харуул манааны ажил хийдэг хүн байгаа юм. Манай дэлгүүрийн хашаан дотроос ордог хаалганы түлхүүр Б.*******д байж магадгүй. Тийшээ ачаа буулгаж өгдөг байсан юм. Б.******* нь дэлгүүрийг гадна талаас нь харж хандаж байх ёстой гэхдээ шаардлага гарвал дэлгүүрт нэвтэрч болно. Манай дэлгүүр гаднаасаа 2, хашаан дотроосоо 1 хаалгаар ордог. Хашаан дотроос дэлгүүр лүү ордог хаалганы түлхүүр Б.*******д байдаг. Б.******* нь 1850,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 24-27 /

Гэрч С.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн 3 ... манай дэлгүүрт галч, ачаа зөөгч буюу туслах ажилтан хийдэг Б.******* нь хулгайлсан болох нь тогтоогдсон. Б.*******ы хувьд манайд 2011 оноос эхлээд эхнэр Т.*******ийн хамтаар ажиллах болсон бөгөөд эхнэр нь худалдагч өөрөө болохоор туслах ажилтан хийж манай хашаанд гэрээрээ амьдарч байгаад 2016 оны 9 дүгээр сард өөрөө хашаатай болоод нүүсэн. 2017 онд 8,9 сарын үед эхнэр ******* нь аймагт очиж эмчлүүлнэ гээд ажлаасаа гарсан. Б.******* нь сарын 350,000 төгрөгийн цалин авдаг боловч энэ цалин нь нийгмийн даатгал төлдөггүй гар дээр нь бэлэн өгдөг. Хаалганы цоож түлхүүр эвдэрсэн зүйл байхгүй байсан. Агуулахын хаалганы цоож гараар онгойдог байсан эсэхийг нь мэдэхгүй худалдагч ******* болон Б.******* нар ачаа бараа зөөх гэж ордог байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 /

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Дэлгүүрт орлогын мөнгөө үлдээсэн банкинд тог тасарснаас болж мөнгөө тушааж чадаагүй талаар дэлгүүрийн эзэд болон Б.******* гэсэн хүмүүс мэднэ. Тэр өдөр дэлгүүрт Б.******* нь орж гараад хамт байгаад байсан. Учир нь дэлгүүрт агуулахаас бараа гурил элсэн чихэр оруулж ирж өгч байсан. Мөн намайг дэлгүүрийн орлого банкинд тушааж чадаагүй болохыг мэдэж байсан. Би дэлгүүрийн орлогоо нэг л газарт хийдэг юм. Миний хувьд маргааш нь хулгай орж мөнгө алга болсныг мэдээд хамгийн түрүүнд Б.*******ыг сэжиглэж байсан. Өөр сэжиглэх хүн байхгүй байсан. Учир нь дэлгүүрээс ганцхан лангуун доор байсан мөнгийг аваад гарсан өөр зүйлд гар хүрээгүй байсан. Тэгэхээр мөнгө байгаа газрыг сайн мэддэг хүн авсан нь тодорхой байсан.

Манай дэлгүүр 3 хаалгатай хашаан дотроос ордог нэг хаалга хашааны гаднаас ордог 2 хаалга байдаг. Агуулахад хашаан доторх хаалгаар дамжиж орж болно бас дэлгүүрээр дамжиж орж болно. Тэр өдөр агуулах онгорхой байсан. Б.******* нь өвөл гал түлдэг бас дэлгүүрийн бараа зөөж өгөх зэрэг ажил хийдэг. Өмнө нь эхнэртэйгээ хамт худалдагч хийдэг байсан. Намайг худалдагчаар ороход ажилдаг байсан.

Хэдэн жил ажиллаж байгааг нь мэдэхгүй байна. Тухайн өдөр нь Б.******* нь агуулахын түлхүүрийг надаас аваад ачаа оруулаад надад буцааж түлхүүр өгсөн. Миний хувьд Б.******* нь байнга бараа оруулаад хаалга цоожлоод түлхүүрийг надад буцаагаад өгдөг байсан учир тэр өдөр нягталж үзээгүй хаалганы цоож дутуу эсвэл цоож нь гараар татаад онгойдог байсан эсэхийг мэдэхгүй байна.

Сүүлд хулгай орсны дараа уг цоожийг сольсон…гэх мэдүүлэг / хх-ийн 32-40 / -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, хураан авах тогтоол, тэмдэглэл / хх-ийн 19- 22/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7- 18/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч Б.*******ы иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 76/, тэтгэврийн дэвтэрийн хуулбар / хх-ийн 46/, Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018.08.13-ны өдрийн 126 тоот тодорхойлолт /хх-ийн 73/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 79/, шүүгдэгч Б.*******ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 80/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

4 Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хэрэгт авагдсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжаар магадлах зэргээр шинжлэн судалж, шалгахад шүүгдэгчийн үйлдлийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх биш харин бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үзсэн нь үндэслэлтэй байна. 2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 6-6-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хонгор нутаг” дэлгүүрт байсан бэлэн байсан орлогын мөнгө 1850000 төгрөг хулгайлагдаж, иргэн *******д 1850000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Б.******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын 6-6-1 тоотод үйл ажиллагаа явуулах *******гийн эзэмшлийн “Хонгор нутаг” гэх дэлгүүрт 2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1850000 төгрөгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******гийн... Манай дэлгүүрээс 1850000 хулгайлсан хүн нь манай дэлгүүрийн галч, манаа сахиул хийдэг Б.******* нь авсан байна гэ сэн. Энэ хүн болохоор өвлийн цагт манай дэлгүүрийн галыг түлж манаа хийдэг, зуны цагт болохоор дэлгүүрийг эргэж тойрч харуул манааны ажил хийдэг хүн байгаа юм. Манай дэлгүүрийн хашаан дотроос ордог хаалганы түлхүүр Б.*******д байж магадгүй. Тийшээ ачаа буулгаж өгдөг байсан юм.. Б.******* нь 1850,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 24-27 /

гэрч С.Баттулгын ...2018 оны 08 дугаар сарын 08- ны өдөр цагдаад хулгай орсон талаар хэлсэн. Тэгээд цагдаад шалгагдаад байж байтал манай дэлгүүрт галч, ачаа зөөгч буюу туслах ажилтан хийдэг Б.******* нь хулгайлсан болох нь тогтоогдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 /

гэрч *******гийн ... маргааш нь хулгай орж мөнгө алга болсныг мэдээд хамгийн түрүүнд Б.*******ыг сэжиглэж байсан. Өөр сэжиглэх хүн байхгүй байсан. Учир нь дэлгүүрээс ганцхан лангуун доор байсан мөнгийг аваад гарсан өөр зүйлд гар хүрээгүй байсан. Тэгэхээр мөнгө байгаа газрыг сайн мэддэг хүн авсан нь тодорхой байсан. Манай дэлгүүр 3 хаалгатай хашаан дотроос ордог нэг хаалга хашааны гаднаас ордог 2 хаалга байдаг. Агуулахад хашаан доторх хаалгаар дамжиж орж болно бас дэлгүүрээр дамжиж орж болно. Тэр өдөр агуулах онгорхой байсан. Б.******* нь өвөл гал түлдэг бас дэлгүүрийн бараа зөөж өгөх зэрэг ажил хийдэг. Өмнө нь эхнэртэйгээ хамт худалдагч хийдэг байсан. Намайг худалдагчаар ороход ажилдаг байсан. Хэдэн жил ажиллаж байгааг нь мэдэхгүй байна. Тухайн өдөр нь Б.******* нь агуулахын түлхүүрийг надаас аваад ачаа оруулаад надад буцааж түлхүүр өгсөн …гэх мэдүүлэг / хх-ийн 32-40 / зэргээс үзэхэд Б.******* нь тухайн дэлгүүрийн хаалганы түгжээг эвдэх, зөвшөөрөлгүй орох зэрэг үйлдлийг гаргаагүй, тухайн дэлгүүрийн манаачаар ажилладаг нь түүнийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч орох эрхтэй бөгөөд хохирогчийг зөвшөөрлийн дагуу дэлгүүрт хууль ёсоор нэвтэрч орсныг бусдын эд хөрөнгийг хүч 5 хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдэлд тооцно.

Шүүгдэгч Б.*******д Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс Б.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.*******ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.*******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.*******ы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч Б.*******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Хохирогч *******гийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Уг хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА