Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 00286

 

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2018/00286

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х банк нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Б

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Б нарт холбогдох

            13 850 537.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т , хариуцагч Ж.Б , Д.Б  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Орхон салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ201742982042 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрт нийт 13 850 537.79 төгрөг гаргуулах тухай.

Зээлдэгч Ж.Б , хамтран зээлдэгч Д.Б  нар нь Х Банкны Орхон салбар, Хороолол тооцооны төвөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ЗГ тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр авсан. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт зээл 5 049 670.67 төгрөг, нийт 13 700 000 төгрөгийг 48 сарын хугацаатай авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд гэрийн эд хогшилоо барьцаалуулсан. Зээлдэгчид 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй ба банкны зүгээс удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Зээл буцаан дуудах мэдэгдэл”, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталгаат шуудангаар “Зээл буцаан дуудах мэдэгдэл”-үүдийг удаа дараа хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Зээлдэгч Ж.Б тай байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ201742982042 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, дараахь зээлийн төлбөрийг гаргуулах. Зээлийн ЗГ201742982042 тоот гэрээний төлбөр, үндсэн зээлийн төлбөр 12 974 433.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 865 892.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8 561.82 төгрөг, шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн төлбөр 1 650 төгрөг нийт 13 850 537.79 төгрөг гаргуулна. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 227 200 төгрөг, Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулна гэв.

Хариуцагч Ж.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Жасрай овогтой Б  нь 2017 оны 03 дугаар сард хороололын Х банкнаас 13 700 000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Сард 485 000 төгрөгийн үндсэн цалинтай ажил эрхэлж цалингаас зээлээ хугацаанд нь төлж байгаад 2017 оны 05 дугаар сард засгийн газрын тогтоолоор бүтцийн өөрчлөлтөд орж ажлаас чөлөөлөгдсөн. Үүнээс хойш 9 сар хүртэлх хугацаанд зээлийг ажилгүйдлийн тэтгэмжээр сар сард нь төлсөн. Үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Одоо ажилдаа эргэн орж байгаа тул үндсэн зээлээ төлөөд явна. Хүү, алдангийн төлбөрийг төлөхгүй гэв.

Хариуцагч Д.Б  2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мөнгө авсан нь үнэн учир банкны шаардсан мөнгийг төлөх ёстой гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банкны Орхон салбар нь хариуцагч Ж.Б , Д.Б  нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.Б-с  татгалзаж, хариуцагч Ж.Б д холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 13 850 537.79 төгрөг гаргуулах, төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч Ж.Б  үндсэн зээлийн төлбөрийг төлнө, хүү алдангийг төлөх үндэслэлгүй. Ажлаас халагдсан учраас зээлийн төлбөрөө төлөх боломжгүй болсон гэж, хариуцагч Д.Б  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн тайлбар гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч Ж.Б , хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Б  нар нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Х банкны Орхон салбар, хороолол дахь тооцооны төвөөс 0 дугаартай зээлийн гэрээ байгуулж 12 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ЗГ дугаартай хэрэглээний зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 8 650 329.33 төгрөг дээр 5 049 670.67 төгрөгийг нэмж нийт 13 700 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, 22.8 хувийн хүүтэй авсан бөгөөд  барьцааны гэрээгээр гэрийн доторхи эд зүйлс 32 инчийн телевизор, хөргөгч, угаалгын машин, шарах шүүгээ, хөлдөөгч барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн барьцаат зээлийн гэрээнүүдээр нотлогдож байна./хх 7-15/

Зээлийн гэрээ байгуулагдсан хийгээд нийт 13 700 000 төгрөг авсан эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгч Х банкны Орхон салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.Б-с  татгалзаж, хариуцагч Ж.Б аас зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Х банк шаардах эрхтэй. 

Хариуцагч Ж.Б  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бүтцийн өөрчлөлтөнд орж, ажлаас халагдсан гэж тайлбарлаж байгаа боловч ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд банк эрсдэл хүлээх хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй байна.

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч байгууллагаас хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлтэй гэж үзлээ. /хх 21-23/

Иймд хариуцагч Ж.Б аас үндсэн зээлийн төлбөрт 12 974 433.34 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 865 892.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 8 561.82 төгрөг, шуудангийн төлбөрт 1 650 төгрөг нийт 13 850 537.79 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Орхон салбарт олгож, хариуцагч Д.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.Б  үүргээ сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох 32 инчийн телевизор, хөргөгч, угаалгын машин, шарах шүүгээ, хөлдөөгч зэрэг хөдлөх хөрөнгөөр хангуулах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 227 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б аас 227 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Орхон салбарт олгохоор заалаа.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн  204 дүгээр зүйлийн 204.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Х банк Ж.Б , Д.Б  нарын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ж.Б аас үндсэн зээлийн төлбөр 12 974 433.34 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 865 892.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 8 561.82 төгрөг, шуудангийн төлбөрт 1 650 төгрөг нийт 13 850 537.79 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банкны Орхон салбарт олгож, хариуцагч Д.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б  шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний барьцаа хөрөнгө 32 инчийн телевизор, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин, шарах шүүгээ зэрэг хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б аас 227 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банкны Орхон салбарт олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ