| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0255/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/264 |
| Огноо | 2018-10-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Богд сумын Соёлын төвд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004230230 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ******* овогт . / Регистрийн дугаар: /
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч: ******* нь 2017 оны 12 дугаар сарын 17-ноос 2017 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багийн нутаг Бунхан сайрын бригад гэх газраас *******ийн эзэмшлийн 3 тооны монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ц. ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Миний бие өмгөөлөгчөөр Г.Доржготов гэж хүнийг авсан одоо мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчөө байлцуулан мэдүүлэг өгнө. Миний хувьд өмгөөлөгчийн хамтаар тогтоолтой танилцсан. Намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би *******ийн 3 тооны монголын үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд өмнө нь хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгт болсон явдлыг бүгдийг үнэн зөвөөр нь ярьсан. Миний бие 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цэнхэр өнгийн найзынхаа портер машинтай ганцаараа Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багийн нутаг Бунхан сайрын бригад гэх газарт очиж айлын өвс буулгах гэж явсан. Ингээд өвсөө буулгаад орой нь аймаг руу явахад 3 тооны монголын үхэр зам дээр тааралдсан. Уг 3 тооны монголын үхэр нь шар тарлан шүдлэн үхэр, улаан бяруу, ягаан бяруу байсан бөгөөд би машинаа зогсооход даарсан бололтой машины нөмөр бараадаад хүрээд ирэхлээр нь би эзэнгүй үхэр байна авчихъя гэж бодоод машиныхаа тэвшинд эхлээд 2 бярууг нь өргөж тавиад дараа нь шар тарлан шүдлэн үхрийг нь машиныхаа хойд порчикийг онгойлгож байгаад түлхээд гаргачхаад шөнөдөө аймгийн төвд ирж хашаандаа байлгаж байгаад Батжаргал гэж хүнд .улаан бярууг нь 100,000 төгрөгөөр зарсан. Үлдсэн 2 үхэр нь шөнө машин дээр бээрсэн юм байлгүй аймагт ирээд үхсэн. Миний бие бусдын 3 тооны монголын үхэр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа мөн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна. Өөр надад энэ хэргийн талаар мэдүүлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 56-59/
... Надад өмнөх мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэхэд би бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгасан хохирлыг бүгдийг нь барагдуулсан. Асуусан асуултад хариулахад татгалзах зүйл байхгүй. Би тэр үед өөрийнхөө улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинтай явсан. Би энэ машиныг2018 оны 3 дугаар сарын 20-ны үед гэсэн байх нэрийг нь сайн санахгүй байна. Би нэрийг мартаад байна. Машины зөрүү мөнгөнд буюу 1 сая төгрөгт бодож өгсөн. Одоо энэ машин хаана байгааг нь мэдэхгүй. Би тэр хүнээс РЕХТОМ нэртэй улсын дугаартай суудлын машин худалдаж авч зөрүүнд нь өөрийнхөө портер машиныг өгсөн. Энэ худалдаж авсан машиныг “Гялс төгрөг” нэртэй хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавьсан байгаа. Би гэрчилгээний хуулбарыг мэдүүлэгт хавсаргая. Өөр надад нэмж ярих зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 60-62/
... Надад өмнөх мэдүүлэг дээрээ хэргийн талаар нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгасан хохирлыг бүгдийг нь барагдуулсан. Асуусан асуултад хариулахад татгалзах зүйл байхгүй. Би тэр үед еөрийнхөө улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинтай явсан. Би энэ машиныг 2018 оны 3 дугаар сард ийн Бямбадорж хүнд машины зөрүү мөнгөнд буюу 1 сая төгрөгт бодож өгсөн. Одоо энэ машин хаана байгааг нь мэдэхгүй. Би тэр хүнээс RЕХТОН нэртэй улсын дугаартай суудлын машин худалдаж авч зөрүүнд нь өөрийнхөө портер машиныг өгсөн. Энэ машин нь солонгос улсад 1999 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол улсад орж ирсэн хуучин муухан машин байсан. Намайг 1 сая төгрөгт бодож машинаа өгсөн талаар ******* гэрчилнэ. Би уг машиныг 1 сая төгрөгөөр үнэлж байна. Надад 5 ханатай монгол гэр байгаа өөр өмч хөрөнгө байхгүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 120-122/
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.
4. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үед хадам талынхаа Батсуурь гэж хүнд нийт 26 тооны монголын үхэр маллуулахаар өгсөн байсан. Энэ 26 тооны үхрээс 11 тооны монголын үхэр нь миний үхэр байсан. Ингээд миний бие 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг Бунхан сайрын бригад гэх газарт өөрийнхөө үхрээс мууг нь авах санаатай Батсуурийн гэрт очиход 2-3 хоногийн өмнө шар тарлан шүдлэн үхэр, улаан бяруу , ягаан бяруу гэсэн 3 тооны үхэр алга болсон талаар хэлсэн. Ингээд үхрээ олохгүй сураг тавиад байсан. Тэгтэл 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр Баянхонгор аймгийн Баян-овоо сумын иргэн Хосбаяр гэж хүний малд миний алдагдсан 3 тооны үхрийн улаан бяруу нь байгаа сурагтай байхаар нь очиж үзэхэд миний бяруу зүсээрээ байсан. Ингээд би Хосбаяраас энэ миний алдагдсан бяруу байна хаанаас ирсэн яагаад танай үхэрт байгаа юм гэж асуухад 2018 оны 1 дүгээр сарын дундуур манай үхэрт нийлсэн байсан хааснаас ирсэн яагаад манай үхэрт нийлснийг нь мэдэхгүй гэж байсан. Миний хувьд уг улаан бярууг 2018 оны 05 дугаар сарын дундуур Хосбаяраас авсан. Тэгэхэд Баянхонгор сумын 1-р багийн засаг дарга ажилтай Батжаргал гэж хүн би бяруу алдсан байсан чинь чи ирээд авсан сурагтай байна гэхлээр нь өөрийнхөө бярууг үзүүлэхэд гэх залуугаас өвөл 100,000 төгрөгөөр худалдаж авсан бяруу мөн байна гэж хэлээд явсан. Энэ гэх залуу нь манайхтай саахалт айл явдаг нэг сум, нэг багийн хүмүүс байгаа юм. Миний хувьд хулгайд алдсан 3 тооны монголын үхрийнхээ 1 тооны улаан бярууг зүсээр нь буцаан авсан одоо буцааж аваагүй байгаа 2 тооны монголын үхэр буюу шар тарлан шүдлэн үхэр, ягаан бярууны үнэ болох 500,000 төгрөг, мөн үхрийг үнэлэхэд үнэлгээчинд 300.0 төгрөг төлсөн гээд нийт 530,000 төгрөгийг буруутай этгээд болох *******аас нэхэмжилж авна. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан тохиолдолд надад гомдол санал байхгүй. Би алдагдсан 3 тооны монголын үхрийнхээ үнэлсэн үнэлгээтэй танилцлаа надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний алдсан 3 тооны үхрийн хувьд шар тарлан шүдлэн үхэр нь зөв талын чих гол хагалуур имтэй тамгагүй, харин 2 бярууны хувьд им тамга байхгүй хондлой дээрээ цагаан будагтай байсан. Намайг улаан бяруугаа Хосбаярынхаас авахад зөв талын чих хойноосоо ухам имтэй болсон хондлой дээрх цагаан будгийг нь хяргаад улаан будаг түрхсэн байсан. Надад нэмж хэлэх зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 11-14/
... Өмнөх мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэхэд ******* нь надад 530.000 төгрөг төлсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие энэ хэрэгтээ холбоотой цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй. Мөн шүүх хуралд оролцохгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Мөн миний үхрийг маллаж байсан Батсуурь нь отроор явсан гэсэн. Одоо хаана байгаа болон ямар утастай болох талаар нь мэдэхгүй байна. Сураг нь одоо байгаа газар нь утасны сүлжээ байхгүй газарт байгаа гэсэн. Хэрэгт ямар нэгэн маргаан байхгүй учир Батсууриас заавал гэрчийн мэдүүлэг авах шаардлага байхгүй байх гэж бодож байна. Хөдөөгийн хүмүүс нааш цааш явах хүндрэлтэй байна. Надад нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Миний бие 2017 оны12дугаар сүүлээр өдрийг нь мэдэхгүй байна. ******* гэж залуугаас 100,000 төгрөгөөр нэг улаан зүсмийн монголын охин бярууг худалдаж аваад айлд шохойн буланд тавьж байсан чинь алга болчихсон байсан тэгсэн чинь Хосбаяр гэж хүний мал нийлж тэр хүн тэжээж байсныг нь эзэн нь гээд Идэрмөнх гэж хүн авсан сураг гараад би очиж үзэхэд миний худалдаж авсан улаан бяруу мөн байсан бөгөөд Идэрмөнх нь эх нь гээд эхийг нь үзүүлсэн. Тэгээд би дараа нь т чиний надад зарсан бяруу хулгайн бяруу байсан байна гэхэд би хүнээс худалдаж авсан юм би таны хохирлыг барагдуулж өгнө гээд явсаар байгаад 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Надад одоо энэ хүнтэй холбоотой гомдол санал иргэний нэхэмжлэл гаргах, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад нэмж ярих зүйл алга байна. гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/
6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай гэр Баянхонгор аймгийн Баян-овоо сумын 2 дугаар багийн нутаг Овоот хар гэх газарт 2018 оны 1 дүгээр сард нутаглаж байхад манай үхэрт улаан бяруу 2018 оны 01 дүгээр сарын 20-ны үед ирсэн байсан. Уг бяруу нь имтэй л харагдаж байсан ямар имтэй байсныг сайн ажиглаж хараагүй шинээр им хийсэн юм байна даа гэж бодож байсан. Ингээд уг бяруу нь их тааруу болохоор нь хивэг тэжээл өгч тэжээж онд оруулсан байсан чинь 2018 оны 05 дугаар сард өдрийг нь мэдэхгүй байна. ******* гэж хүн миний бяруу байна гээд аваад явсан. Би уг бярууг хаанаас ирсэн яагаад манай үхэрт нийлсэн талаар нь мэдэхгүй байна. Миний сүүлд сонсож мэдсэнээр *******ийн 3 тооны үхрийг ******* нь хулгайлж манай үхэрт уг бяруу ирсэн гэж байсан. Би нарийн учрыг нь сайн мэдэхгүй. Надад ******* нь уг бярууг тэжээж онд оруулсан гээд хивэг тэжээлийн мөнгө гэж 150,000 төгрөг өгснийг нь би авсан. Надад энэ хүнтэй холбоотой гомдол санал иргэний нэхэмжлэл гаргах нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга. /хх-ийн 28-30/
7. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Миний хувьд *******тай 2004 онд танилцаж 2005 онд гэрлэлтээ батлуулж эхнэр нөхөр болсон. Бид 2-н дундаас 4 хүүхэд гарсан. Хамгийн бага нь 2014 онд төрсөн хүү Г.Билэгтөгөлдөр, 2011 онд 2 ихэр хүү төрсөн нэр нь Төгс- эрдэнэ, Төгстөгөлдөр гэдэг, 2006 онд том хүү Зандан төрсөн. Манайх 2014 он хүртэл хөдөө мал маллаж амьдардаг байсан. Одоо аймгийн төвд амьдарч байгаа. *******ын хувьд хөдөө байхдаа мал малладаг байсан сүүлийн 2 жил уурхайд ажиллаж байгаа миний хувьд гэртээ хүүхдүүдээ харж байгаад энэ жилээс Гантиг худалдааны төвд худалдагчаар ажиллаж байгаа. Манайх хөдөөгөөс аймгийн төвд орж ирдэг нь хүүхдүүдээ сургуульд сургах гэж орж ирсэн. Манайх 90 гаран тооны бог малтай. Одоо аймгийн төвд эгчийнхээ хашаанд 5 ханатай гэрт өөрийнхөө гэрт амьдарч байгаа. *******ын зан аашны хувьд архи тамхи хүргэлдэггүй өмнө гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргаж байгаагүй сайн эр нөхөр сайн эцэг хүн байгаа юм. Надад өөр нэмж хэлэх зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/
8. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Миний хувьд 6 хүүхэдтэй. ******* нь дээрээ нэг ах доороо 4 дүүтэй. *******ын хувьд сургуульд сурч байгаагүй цэргийн алба хаасан, бага байхаас нь мал дээр гаргасан. Одоо эхнэр 4 хүүхдийн хамтаар амьдардаг. Мал цөөнтэй болохоор аймгийн төвд эгчийнхээ хашаанд эхнэр хүүхдийнхээ хамтаар амьдардаг. Сүүлийн 2 жил уурхайд ажиллаж байгаа. Миний хувьд хүүгээ эхнэр авахад нь 5 ханатай гэр барьж өгч цөөхөн тооны мал өгсөн. Зан ашийн хувьд хүний урдаас юм хэлж чадахгүй тайван зантай, машин техникт сайн, ажилч хөдөлмөрч, өмнө нь гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй, томоотой, архи тамхи хүргэлдэггүй хүн.. гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/
9. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..Миний бие 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдөр ******* гэж хүнд улсын дугаартай Рехtоn маркийн тээврийн хэрэгслийг зарж мөнгөнийх нь үлдэгдэл зөрүүнд 1 сая төгрөгт бодож улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг авсан. Би энэ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн ах ын нэр дээр болгож банкны барьцаанд тавьсан байгаа. Машины үлдэгдэл төлбөрийн зөрүүнд авсан портер нь 1998 оны хуучин муухан машин байсан. Миний ярьсан бүгд үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 39-41/
10. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 146 дугаарт шинжээчийн:
1. Шар тарлан шүдлэн үхэр 300.000 төгрөг
2. Улаан бяруу 200.000 төгрөг
3. Ягаан бяруу 200.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/
11. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 230 дугаарт шинжээчийн:
1. Porter маркийн ачааны улсын дугаартай авто машин 1000.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 116-117/ хавтаст хэргийн 124-127 дугаар хуудсанд авагдсан 5-н ханатай гэр битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 71-76 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн биеийн байцаалт бичиг баримтын хуулбар, хавтаст хэргийн 77 дугаар хуудсанд авагдсан ял шалгах хуудас шүүгдэгчийн өмгөөлөгч 4 хуудас нотлох баримт шинээр гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 17-ноос 2017 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багийн нутаг Бунхан сайрын бригад гэх газраас *******ийн эзэмшлийн 3 тооны монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад долоон зуун мянган / 700 000 / төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст авагдсан хохирогч *******, гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь үнэлгээний “Энх-Нахиа” ХХК-ийн 146, 230 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1.-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Доржготов гаргасан дүгнэлтдээ: “шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ авч тэнсэх” дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...ийг цээрлүүлэх...д оршино” гэсэн зарчмуудыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасан “Шүүх гэмт үйлдсэн нөхцөл байдал, ...хор уршгийн шинж чанар”...ийг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч *******т зан үйлээ засах сургалтад хорих ялыг хугацаатай адил хугацаагаар хамрагдах үүргийг хүлээлгэж хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч *******ын тав хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.
Уг хэрэгт шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ нэг сая / 1000.000 / төгрөгийг хураан улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч *******ын эзэмшлийн таван ханатай гэрийг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан авто машины үнэ нэг сая / 1000.000 / төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхэд худалдан борлуулж зарцуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж ялтан ******* дээрх төгрөгийг төлсөн тохиолдолд Прокурорын тогтоолыг хүчингүй болгож гэрийг эзэмшигч *******т буцаан олгохоор шийдвэрлэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой ыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан *******т нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан *******т нэг / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон тав / 05 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэргийн учир ******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар уг хэрэгт ялтан *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ нэг сая / 1000.000 / төгрөгийг хураан улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн таван ханатай гэрийг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан авто машины үнэ нэг сая / 1000.000 / төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхэд худалдан борлуулж зарцуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж ялтан ******* дээрх төгрөгийг төлсөн тохиолдолд Прокурорын тогтоолыг хүчингүй болгож гэрийг эзэмшигч *******т буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 23-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ