| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/00158/И |
| Дугаар | 00289 |
| Огноо | 2018-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 00289
| 2018 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 142/ШШ2018/00289 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, А-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Э-д холбогдох
970 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А , хариуцагч Ж.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.А би Ж.Э д авто машины үнэ 1 100 000 төгрөгийг сарын хугацаатай зээлдүүлэхээр болсон. Анх 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Ингээд өөрийнх нь утас руу залгахад миний данс болох 000тоот дансанд 100 000 төгрөг хийсэн. Бэлнээр 30 000 төгрөг гар дээр авсан. Түүнээс тогтоосон хугацаа өнгөрч одоо хүртэл мөнгийг минь өгөөгүй тул машины үлдэгдэл төлбөр 970 000 төгрөгийг гаргуулна. Машин авахдаа дүү Ж.Соёл-Эрдэнэтэй ирж хоёулаа төлнө гэсээр гэрээ хийгээд авсан. Нотариат дээр очиж учир байдлаа хэлэхэд зээлийн гэрээ байгуул гэсэн гэв.
Хариуцагч Ж.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Э нь дүү С-тай найз Д.А гаас авто машин 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр авсан нь үнэн. С өөрийн бичиг баримт байхгүй гээд миний үнэмлэхээр гэрээ хийж авсан боловч өөрөө одоог хүртэл байхгүй байна. Бид тухайн үед машинаар жимсэнд явж байсан. Тухайн үед машины эвдрэл гэмтэл гээд мөнгийг өгч чадаагүй нь үнэн. Одоо тэр машин манай хашаанд байгаа би энэ үнэтэй машиныг худалдаж авах боломжгүй. Соёлмаатай уулзаж учраа олох хэрэгтэй гэдгийг иргэн Д.А д хэлмээр байна. Би өөрөө ажилгүй, төлөх чадвар байхгүй тул машиныг засаж сэлбээд буцааж өгнө. Хэтэрхий үнэтэй эвдэрхий машиныг ийм үнээр авмааргүй байна. Би 600 000 төгрөгийг төлмөөр байна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Ж.Э д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 970 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ж.Э зээл аваагүй, муу машиныг хэт өндөр үнээр худалдан авсан 600 000 төгрөг төлнө эсвэл машиныг засч хуучин хэвэнд нь оруулан буцааж өгнө гэж мэтгэлцэж байна.
2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Д.А нь өөрийн эзэмшлийн 1783 УНЕ улсын дугаартай хундэй соната 2 маркын суудлын автомашиныг 1 100 000 төгрөгт тооцож Ж.Э д автомашин бусад бичиг баримтын хамт хүлээлгэн өгсөн бөгөөд мөн өдрөө иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээ, 01155708 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Дээрхи автомашины эзэмшигчийн талаар зохигчид маргаагүй. Төлбөрөө төлөөгүй тул эзэмшил шилжигдээгүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчийн үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.А автомашины үнэ 970 000 төгрөгийг хариуцагч Ж.Э аас шаардах эрхтэй.
Зохигчид нотариатчийн зөвлөсний дагуу зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдал дээр автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Худалдах худалдан авах гэрээний үнийг 1 100 000 төгрөг байхаар тохиролцож энэ талаар зээлийн гэрээнд зааж өгч хариуцагчаас нийт 130 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийнэ. Мөн хуулийн 263.4-т энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө гэж заасан байх тул хариуцагч Ж.Э аас 970 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А д олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан тул хариуцагч Ж.Э нь автомашин эвдэрхий, хэт өндөр үнэтэй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 27 830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ж.Э аас 27 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А д олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ