Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 00086

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Г.Мэндбаяр

Улсын яллагч Э.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Энхтүвшинд холбогдох 201618020086 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1970 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 11-280 тоотод оршин суух, энэ хэргийг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Балдангийн Энхтүвшин.  /РД:ТЗ70020419/

 

Шүүгдэгч Б.Энхтүвшин нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Арцатын ¹ 19 тоотод байрлах иргэн Ц.Улам-Өрнөхийн байшингийн цоожийг лоом хэлбэрийн махир төмрөөр эвдэн нэвтрэн орж 40 литрийн цагаан бидон 2 ширхэг, тоолуур 1 ширхэг, унадаг дугуй 1 ширхэг, пронтер маркийн машины дугуй 1 ширхэг, бөгс 2 ширхэг, хагас гол 1 ширхэг, аппартур 1 ширхэг, 50 литрийн хөнгөн цагаан сав 1 ширхэг, мотоциклийн дугуй 2 ширхэг, 25 литрийн хуванцар сав 2 ширхэг, тракторын аппартур 1 ширхэг, 2.2 квт-ын мотор 1 ширхэг, 1.8 квт-ын мотор 1 ширхэг, багажны хайрцаг 1 ширхэг, пийшингийн халаалтын цамцтай бэлдэц 1 ширхэг, даралтын шланк 1 ширхэг, Бонго машины бөгс 1 ширхэг, өвсний сэрээ 1 ширхэг, татлагын трос 4 метр, 20 литрийн лаазтай будаг 2 ширхэг зэрэг 20 нэр төрлийн эд зүйл хулгайлж 3239000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхтүвшингийн өгсөн...... 2016 оны 04 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед Спиртийн байрны урд талын гудамжинд байдаг дэлгүүр лүү хүнсний зүйл авахаар орсон юм. Дэлгүүрт ороод хүнсний зүйлээ цуглуулаад явж байхдаа Баатар гэдэг залуутай таарч дэлгүүрээс нэг шил архи аваад манайх руу хамт явсан. Гэртээ очоод Баатартай архиа хувааж уусан. Архи ууж дуусахад шөнийн 23 цаг болж байсан. Баатарыг гаргаж өгч гэр лүү нь явуулчаад гэртээ орж цай ууж сууж байгаад буцаж гараад хөрш айл болох Улам-Өрнөх эгчийн хашаа руу ногооныхоо хашаагаар дамжиж ороод амбаарынх нь цоожийг эвдэж дотогш ороод 40 литрийн бидон 2 ширхэг, мотоциклийн хуучин 2 ширхэг дугуй, бонго машины бөгс, хагас гол, унадаг дугуй зэрэг хориод тооны зүйлүүдийг хулгай хийж гэртээ аваачаад унтсан байсан. Өглөө 07 цагт босоод малаа янзлах гэж байхдаа хулгай хийснээ ойлгож мэдсэн. Тэгээд яахаа мэдэхгүй байж байхад мөрдөн байцаагч Б.Мөнхсүх, Улам-Өрнөх эгчийн охин Дэлгэрмаа, хүргэн Батмягмар нар орж ирсэн. Тэгээд би үнэнээ хүлээж уучлалт гуйсан. Хулгайлсан эд зүйлсийг буцааж өгсөн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

           Хохирогч Ц.Улам-Өрнөхийн мөрдөн байцаалтад өгсөн…...... Би 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 07 цагийн үед хашаан дотроо явж байсан чинь манай хуучин байшингийн хаалга онгорхой байсан юм. Тэгэхээр нь цоожтой байдаг байшин яагаад онгорхой байгаа юм бол гэж бодоод очоод цоож нь яасан юм бол гэж бодсон ч үгүй шууд байшин руу яваад орсон чинь дотроос нь юм алга болчихсон ч юм шиг шинжтэй байхаар нь сайн нягтлаад үзсэн чинь байшингийн том өрөөнд байсан автомашины бөгс хагас гол хажууд нь тавьчихсан байсан төмөр хайрцаг алга болчихсон байсан. Би хөгшин хүн болохоор тухайн үед чухам өөр юу юу алга болсныг анзааралгүй гараад охин Дээгийг нөхөр Батмягмарынх нь хамт дуудаж үзүүлсэн… Манай хойд айлд Балдан гэдэг хүний хүүхдүүд л амьдардаг байх. Ер нь нилээн хөл хөдөлгөөнтэй байх шиг байдаг айл. Балдан гэж аав нь мундаг сайн хүн байж байгаад насан өөд болсон юм. Энхтүвшин гээд хүүхэд нь архи дарс уудаг жаахан бүтэлгүй талдаа гэмээр болов уу залуу байдаг. Манай юмнуудыг шөнөжин нохой хуцуулж байгаад л зөөсөн байх. Учир нь урд шөнө нь Энхтүвшингийн хашааны зүгт манай нохой учиргүй хуцаад дайраад байсан. Алдагдсан эд зүйлээ олж авмаар байна гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/

Гэрч Б.Батмягмарын мөрдөн байцаалтад өгсөн……. Цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийж тухайн байшингийн хаалганы ойролцоогоос гутлын бүдэг мөр илрүүлээд тухайн гутлын мөрийг мөрдөж явахад хадам ээжийн хойд талын хашаа руу орж тухайн хашаан дотор уг гутлын мөр олон удаа үзэгдэж талхлагдсан мөн хадам ээжийн хашаанд байсан нойтон банзнууд тухайн айлын хашаан дотор байсан хүнсний ногооны хүлэмжний хажууд хураагаад тавьсан байдалтай байж байсан. Мөн тухайн айлын хашаанд байрлах амбаарын сараалжин цонхоор нь харахад хадмын байшин дотор байсан машины татлага трос, 40 литрийн хөнгөн цагаан бидон, цаашлаад нөгөө талын амбаар дотроос манай хадам ээжийн унадаг дугуй, пронтер машиных нь запас дугуй, мөн тухайн айлын байшингийн урд талын цонхны доод хэсэгт алдагдсан гэх цахилгаан мотор зэрэг зүйл байгааг олж авсан. Тэгээд тухайн айлын Энхтүвшин гэдэг хүнтэй уулзахад тэр хүн согтуу халамцуухан байдалтай байсан бөгөөд би юм хулгайлаагүй ш дээ гээд байсан гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-09 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Улам-Өрнөхийн алдагдсан эд зүйлсийн үнэлгээ /Хх-н 18, 47 дугаар хуудас/

Б.Энхтүвшин нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 25 дугаар хуудас/

Хохирогч Ц.Улам-Өрнөхийн хохирлыг барагдуулсан учир гомдол байхгүй гэсэн тодорхойлолт зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Энхтүвшин нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Арцатын ¹ 19 тоотод байрлах иргэн Ц.Улам-Өрнөхийн байшингийн цоожийг лоом хэлбэрийн махир төмрөөр эвдэн нэвтрэн орж 40 литрийн цагаан бидон 2 ширхэг, тоолуур 1 ширхэг, унадаг дугуй 1 ширхэг, пронтер маркийн машины дугуй 1 ширхэг, бөгс 2 ширхэг, хагас гол 1 ширхэг, аппартур 1 ширхэг, 50 литрийн хөнгөн цагаан сав 1 ширхэг, мотоциклийн дугуй 2 ширхэг, 25 литрийн хуванцар сав 2 ширхэг, тракторын аппартур 1 ширхэг, 2.2 квт-ын мотор 1 ширхэг, 1.8 квт-ын мотор 1 ширхэг, багажны хайрцаг 1 ширхэг, пийшингийн халаалтын цамцтай бэлдэц 1 ширхэг, даралтын шланк 1 ширхэг, Бонго машины бөгс 1 ширхэг, өвсний сэрээ 1 ширхэг, татлагын трос 4 метр, 20 литрийн лаазтай будаг 2 ширхэг зэрэг 20 нэр төрлийн эд зүйл хулгайлж 3239000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ. 

Шүүгдэгч Б.Энхтүвшин нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулахдаа орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасныг баримтлан Б.Энхтүвшинд ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах ба анх удаа хүндлэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг нь  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна.

Хохирогч Ц.Улам-Өрнөх нь хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жижиг төмөр цоож 1 ширхэг, 50 см-ийн урттай төмөр 1 ширхэг, 135 см-ийн урттай лоом хэлбэрийн махир төмөр 1 ширхэг, хагас түрийтэй арзгар ултай хар өнгийн 2 ширхэг буюу 1 хос гутал зэргийг устгах, цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

            1. Шүүгдэгч Хотгойд овогт Балдангийн Энхтүвшинг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасныг баримтлан эд хөрөнгө хураахгүйгээр Б.Энхтүвшинг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Энхтүвшинд оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жижиг төмөр цоож 1 ширхэг, 50 см-ийн урттай төмөр 1 ширхэг, 135 см-ийн урттай лоом хэлбэрийн махир төмөр 1 ширхэг, хагас түрийтэй арзгар ултай хар өнгийн 2 ширхэг буюу 1 хос гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Энхтүвшингийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, Б.Энхтүвшин нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Энхтүвшинд оногдуулсан 02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр Б.Энхтүвшинд өмнө авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                    Б.ХЭРЛЭН.