Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0224

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 25 өдөр Дугаар 128/ШШ2021/0224 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.С /РД:.../

Хариуцагч: ... НДХ

Нэхэмжлэлийн шаардлага: ...... ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...... ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгах.

Миний бие Х.С нь Монгол Улсын Ерөнхий прокурорын 1993 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/2... дугаар тушаалаар анх ... ... дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдон ажил хөдөлмөрийн гараагаа эхлэн 1993-2001 онд ... ... дүүргийн Прокурорын газарт хяналтын прокурор, 2005-2010 онд ... Прокурорын газарт хяналтын прокурор, 210-2014 онд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, 2015-2020 оны 9 дүгээр сар хүртэл ... дүүргийн Прокурорын газарт Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөхөөр тус тус томилогдон ажиллаж байгаа бөгөөд прокурорын байгууллагад тасралтгүй 27 жил 1 сар ажиллаа.

Одоо миний бие 53 настай бөгөөд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн 46.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.5, 60 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын ерөнхий прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/2... дугаартай тушаалаар прокурорын ажлаас чөлөөлөгдөн өндөр насны тэтгэвэрт гарсан болно.

Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалыг бүрдүүлэн нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан боловч тус хэлтсээс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн архивын лавлагаа, Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтуудыг тус тус гарган, тус хэлтсээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд прокуророор ажилласан нөхцөлд нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоох заалт байхгүй, таны ажилласан хугацаагаар 55 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу амаар өгсөн.

Уг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зорилтоос үзэхэд өндөр насны тэтгэвэр тогтоох насны ерөнхий болзлыг 65 насаар, зарим тохиолдолд иргэн өөрөө хүсвэл 60 нас, 50 наснаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт даатгуулагч өөрөө хүссэн тохиолдолд нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хуульчилсан боловч энэ оны 9 сараас хойш миний бие өндөр насны тэтгэвэр тогтоогдохгүй, амьжиргааны эх үүсвэргүй 4 сар эрх зөрчигдсөн хохирч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заажээ.

Иймд Прокурорын эрх зүйн байдлын харилцааг зохицуулсан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдөж хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.5, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн заалт Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Тус ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Х.С миний өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, мөн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойших тэтгэвэр тогтоогоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбараа: Х.С нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт ирүүлсэн боловч Улсын Их Хурлаас 2017 оны 65 дугаар сарын 09-ний өдөр баталсан Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Прокурорын тэтгэвэр гарах дээд насны хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасан боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар үүнтэй холбоотой зохицуулалт байхгүй тул Прокурорын тухай хуулийн дээрх заалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Х.С-аас ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Х.С-ийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[1].

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, нэхэмжлэгч Х.С нь Монгол Улсын Ерөнхий прокурорын 1993 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/245 дугаар тушаалаар анх ... ... дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдон ажил хөдөлмөрийн гараагаа эхлэн 1993-2001 онд ... ... дүүргийн Прокурорын газарт хяналтын прокурор, 2005-2010 онд ... Прокурорын газарт хяналтын прокурор, 2010-2014 онд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, 2015-2020 оны 9 дүгээр сар хүртэл ... дүүргийн Прокурорын газарт Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөхөөр тус тус ажиллаж байгаад Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д ... 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасныг баримтлан тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг нь харгалзан түүнийг Монгол Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/273 тоот тушаалаар[2] 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ... ... дүүргийн Прокурорын газрын ахлах прокурорын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

... дүүргийн Прокурорын газраар дамжуулж Х.С нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад тэтгэвэр тогтоолгон авах өргөдлийг холбогдох материалын хамт гаргахад Нийгмийн даатгалын хэлтсээс ...Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.5, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт ... прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасан боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн заалтад прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул таны ажилласан хугацаагаар 60 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэх хариуг амаар болон 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаар албан тоотоор[3] өгчээ.

Нэхэмжлэгчээс Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор ... өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор заасан байхад тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хууль бус гэж, хариуцагч өнөөдөр дагаж мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд энэ талаар заагаагүй тул татгалзсан нь хуульд нийцсэн гэж маргасан.

Харин нэхэмжлэгч Х.С нь ... прокуророор 27 жил 1 сар ажилласан, үүнээс 20-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 60 нас хүрээгүй гэх үйл баримтуудтай талууд маргаагүй болохыг дурдах зүйтэй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж хуулийн зорилтыг тодорхойлжээ.

Хуулийн зорилтоос үзвэл уг хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, журмыг хуульчилсан процессын шинжтэй хууль бөгөөд энэ хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоох насны ерөнхий болзлыг 65 насаар зарим тохиолдолд иргэн өөрөө хүсвэл 60 нас, 55 нас, 50 наснаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр хуульчилжээ.

Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий болзлыг тогтоожээ.

Дээрх хуульд заасан 65 нас хүрсэн бол гэх нөхцөл нь хуульд заасан зарим тохиолдолд өөр байж болохоор заасан, даатгуулагч өөрөө хүссэн тохиолдолд 60 нас, 55 нас, 50 наснаас эсхүл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоох хуулийн заалтын агуулга нь даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай байх тул материаллаг бусад хуулиар эрх нь нээгдсэн даатгуулагчийн өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар хориглогдсон гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессын хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх боломжгүй юм.

Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр..., 3-т газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч ... /нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол/ ... тэтгэвэр тогтоолгох авах-аар, 6-д гоцлол дуучин, бүжигчин хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах-аар тус тус заасан байна.

Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино гэж заажээ.

Прокурор, түүний эрх зүйн байдлын талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/ байх бөгөөд хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж прокурорын нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан зохицуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан нь төр түүний төлөөллийн байгууллага нь хуулийг дээдлэн хэрэгжүүлэхдээ хүн, түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарлахгүй байх зарчим, үүрэг юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгуулагчийн нас нь Прокурорын тухай хуульд зааснаас өөрөөр буюу хуулийн эдгээр зохицуулалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Прокурорын тухай хуулийг хэрэглэхээр байна.

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө ..., хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, .... олгоно гэж зааснаар ... ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ... дүүргийн Прокурорын газраар дамжуулж өргөдөл өгсөн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоон олгохыг ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 6 дахь хэсэг, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Х.С тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг хариуцагч ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               С.ГАНБАТ

 

 


 

 

[1] Хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас

[2] Хэргийн 90 дүгээр хуудас

[3] Хэргийн 3 дугаар хуудас.